Category: Хөлбөмбөг

Манай залууст боломж бий

Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ий урьдчилсан шат Монголд болж байгаа юм. Өчигдөр нээлтээ хийсэн тус тэмцээнд зургаан баг хоёр хэсэгт хуваагдана өрсөлдөж буй. Тодруулбал, БНХАУ, Тайвань, Монгол “Б” хэсэгт, Макао, Япон, Хонконг “А” хэсэгт хуваагдсан аж.

Гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр Монголын шигшээ баг Тайванийн багтай өрсөлдлөө. Манай залуус эхний хагаст учраа олоогүйгээс  хоёр гоол дараалан алдаж, хүнд байдалд орсон юм. Завсарлагааны дараа алдсанаа нөхөх гэж довтолж эхэлсэн ч харамсалтай нь, энэ байдлыг эсрэг баг овжин ашиглаж, сөрөг довтолгооноор тооны харьцааг улам холдуулсан. Харин насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий бүрэлдэхүүнд багтаж байсан Б.Эрдэнэ-Ундрах эсрэг багийн хаалгыг мялааснаар тооны харьцааг 3:1 болгож ойртуулсан. Гэхдээ дахин гоол оруулах боломж гарсангүй.

Буянт-Ухаа спортын ордон

Өнөөдөр 13:00 цагаас Тайвань, БНХАУ-ын баг хоорондоо өрсөлдөнө. Энэ тоглолтод хятадууд ялвал маргааш буюу даваа гаригт 16:00 цагаас Монгол, БНХАУ-ын багийн хожсон нь эрхээ авах боломжтой юм.

Сонирхуулахад, ирэх жил зохиогдох футзалын 20 хүртэлх насны Азийн АШТ-д оролцогчдыг дөрвөн бүсэд хуваасан юм. Манай улсад Зүүн Азийн бүсийн багууд урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа билээ. Бусад буюу бүсэд ямар улсууд байгааг эндээс олж хараарай.

Неймар хамгийн олон гоол оруулсан Бразил тоглогч болов

Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Шөвгийн 16-д өрсөлдөх багийн 12 нь тодроод байна.


Шөвгийн 16-д шалгарсан: Аякс, Атлетико Мадрид, Барселона* Бавари Мюнхен, Борусси Дортмунд, Ювентус, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Порту*, Реал Мадрид*, Рома, Шальке

*хэсгийн аваргууд

Хасагдах шатанд өрсөлдөх боломжтой багууд: Интер Милан, Ливерпуль, Лион, Наполи, ПСЖ, Шахтёр Донецк, Тоттенхэм

Европа лигт өрсөлдөх нь тодорхой болсон багууд: Бенфика, Клуб Брюгге, Валенсиа

Европа лигт өрсөлдөх боломжтой багууд: ЦСКА Москва, Ред Стар Белград, Галатасарай, Хоффенхейм, Локомотив Москва, Викторья Пльзень

Хасагдсан: АЕК Афинс, Монако, ПСВ Эйндховен, Янг Бойс


ХЭСЭГ А

Атлетико Мадрид 2:0 Монако

Ердөө хоёр минутад л Коке эхний гоолыг оруулснаар “Атлетико Мадрид” багийн түүхэнд Аваргуудын лиг дэх хамгийн хурдан гоолын эзэн болсон юм. Ийнхүү Диего Симоны удирдсан зургаан жилийн хугацаанд тав дахь удаагаа хасагдах шатанд өрсөлдөх боллоо. Испанийн клуб 2013-14 оны улирлаас хойш хаалгандаа гоол алдаагүй тоглолтын тоо 32-т хүрчээ.

Борусси Дортмунд 0:0 Клуб Брюгге

Германы клуб сүүлийн зургаан жилийн хугацаанд тав дахь удаагаа Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарав. Хар шарууд Аваргуудын лигийн гэртээ хийсэн сүүлийн гурван тоглолтод хаалгандаа гоол алдсангүй. Харин “Клуб Брюгге”-гийн хувьд Германы багийн талбайд хийсэн 13 тоглолтод хожиж үзээгүй хар цувралаа үргэлжлүүлэв. Тэд гурав тэнцээд 10 хожигдсон үзүүлэлттэй.


ХЭСЭГ Б

“Барселона” хэсгээ тэргүүлэх нь тодорхой болов

ПСВ Эйндховен 1:2 Барселона

Каталаны клуб сүүлийн 12 жил дараалан хэсгээ тэргүүлж байна. Харин Нидерландын “ПСВ Эйндховен” Аваргуудын лигт хийсэн сүүлийн 13 тоглолтод хожиж чадаагүй хар цувралтай үлдлээ (5 тэнцэж, 8 хожигдсон). Тэд сүүлийн таван тоглолтод багадаа хоёр гоол хаалгандаа алдсан юм.

Тоттенхэм 1:0 Интер Милан

Кристиан Эриксений цор ганц гоолын ачаар “Тоттенхэм” өрсөлдөгчөө буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх боломжоо хадгалж үлдэв. Хэрвээ дараагийн тоглолтод тус хоёр баг ижил оноотой тоглолтоо дуусгавал “Тоттенхэм” цааш шалгарах боломжтой юм. Лондоны клуб 2017 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа Аваргуудын лигт дараалсан ялалт авч байна.


ХЭСЭГ С

ПСЖ 2:1 Ливерпуль

Францын аваргууд эхний хагаст хоёр гоол хийснийхээ ачаар хүссэн үр дүндээ хүрлээ. Бразил довтлогч Неймар энэ тоглолтод гоол оруулснаар Аваргуудын лигт 31 гоолтой болж, Какаг ардаа орхив. Мөн тэд 95 тоглолтод 50 дахь хожлоо авсан нь “Реал Мадрид” (88), “Барселона” (93)-гийн дараа орох үзүүлэлт. Харин тун хүнд байдалд орсон “Ливерпуль” Аваргуудын лигийн хэсгийн шатанд айлын талбайд хийсэн бүх тоглолтод хожигдсон. Энэ нь тус багийн хувьд анх удаа болж буй үзүүлэлт. Түүнчлэн Европын цом, Аваргуудын лигт айлын талбайд дөрөв дараалан ялагдсан нь тус клубийн түүхэнд анх удаа болж байгаа үзэгдэл ажээ.

Наполи 3:1 Ред Стар Белград

“Наполи” яллаа

Энэ хэсгийн эхний гурван багт бүгдэд нь хэсгээс шалгарах боломж бий. Марек Хамшикийн гайхалтай тоглолтын ачаар Италийн клуб ялалт байгуулсан. М.Хамшик энэ тоглолтод эхний гоолыг оруулж, дараа нь гоолын дамжуулалт өгсөн нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа болсон зүйл. “Наполи” хэсгийн шатанд гэртээ хийсэн сүүлийн 15 тоглолтод 10 ялж, гурав тэнцээд хоёр удаа хожигдсон байна.


ХЭСЭГ Д

Локомотив Москва 2:0 Галатасарай

ОХУ-ын “Локомотив Москва” клуб 2004 оны хоёрдугаар сард “Монако”-г ялснаас хойш Аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа. Тухайн үед одоогийн дасгалжуулагч Юри Семин бас удирдаж байв. Тус тоглолтын хоёр дахь гоолыг Владислав Игнатьев оруулсан юм. В.Игнатьев энэ гоолоо оруулахдаа 31 нас, 312 хоногтой байсан нь тус багаас Аваргуудын лигт гоол оруулсан хамгийн ахмад тоглогчийн нэг болжээ. Түүний өмнө 34 нас, 10 хоногтой гоолдсон Жефферсон Фарфан бий.

Порту 3:1 Шальке

“Порту” гурван жил дараалан Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарав. Түүнчлэн Аваргуудын лигт дөрөв дараалан ялалт байгуулсан нь 1996 оны аравдугаар сараас хойш анхных юм.

“Аякс” 13 жилийн дараа хасагдах шатанд өрсөлдөнө

Энэ долоо хоногт Аваргуудын лигийн хэсгийн шатны тав дахь тоглолтууд болж байна. Испанийн “Реал Мадрид”, Италийн “Ювентус” зэрэг шилдгүүд хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авсан юм.


ХЭСЭГ Е

АЕК Афинс 0:2 Аякс

Сербийн Душан Тадичийн таван минутын дотор оруулсан хоёр гоолын ачаар Нидерландын “Аякс” клуб 2005/06 оны улирлаас хойш анх удаа Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авлаа. Грекийн клубээс 68 дахь минутад хорват эр Марко Ливая бөмбөгийг гараараа хааж, улаан хуудас авснаар хүн дутуу үлдсэн тул тоог тэнцүүлэх боломж гарсангүй.

Бавари Мюнхен 5:1 Бенфика

“Аякс” өрсөлдөгчөө ялснаар “Бенфика” клуб Германы аваргуудыг хоёр гоолын зөрүүгээр ялах шаардлага тулгарсан. Гэхдээ Арьян Роббен, Роберт Левандовски, Фрэнк Рибери нар ийм боломж өгсөнгүй. Р.Левандовски Аваргуудын лигт 51 гоолтой болж, Ф.Рибери 2015 оны гуравдугаар сараас хойш Аваргуудын лигт анхны гоолоо оруулав. “Бенфика” Европа лигт өрсөлдөх юм.


ХЭСЭГ F

Лион 2:2 Манчестер Сити

“Манчестер Сити” энэ тоглолтод оноо авбал шөвгийн 16-д өрсөлдөх болзолоо хангах байв. Максвел Корне хоёр ч гоол оруулж, багаа тэргүүнд гаргасан ч Английн аваргууд барьц алдсангүй. Аргентин довтлогч Серхио Агуэро 83 дахь минутад тоог тэнцүүлсэн юм.

Хоффенхэйм 2:3 Шахтёр Донецк

Эхний 20 минутад гурван гоол орж, тун сонирхолтой эхэлсэн тус тоглолтод “Шахтёр”-ын бразил довтлогч Тайсоны нэмэлт цагт оруулсан гоолын ачаар Украины аваргууд ялалт байгууллаа. Энэ хэсгээс “Манчестер Сити” гарах нь тодорхой болсон. Харин тэдний араас “Лион” уу, “Шахтёр” уу гэдэг нь арванхоёрдугаар сарын 12-нд тодорхой болно. Сонирхолтой нь тэд хоорондоо өрсөлдөх юм.


ХЭСЭГ G

ЦСКА Москва 1:2 Виктория Пльзень

ОХУ-ын “ЦСКА Москва” клуб гэртээ ялагдал хүлээснээр хэсгийн сүүлийн байрт бичигдэж эхэллээ. Тус хоёр багийн хэн нь хэсэгтээ гуравдугаар байр эзлэхийг сүүлийн тоглолтоос л бид мэдэх боломжтой.

Рома 0:2 Реал Мадрид

Энэ хэсгийн нөгөө хос тоглолт аль хэдийнэ шийдэгдчихсэн тул тус хоёр баг хоёул хэсгээсээ гарах нь тодорхой болсон юм. Гарет Бэйл, Лукас Васкес нарын гоолын ачаар лигтээ тааруухан буй “Реал” хэсгээ тэргүүлэх нь тодорхой боллоо.


ХЭСЭГ H

Ювентус 1:0 Валенсиа

Криштиану Роналдугийн дамжуулалтаар Марио Манжукич энэ тоглолтын цор ганц гоолыг оруулснаар хэсгээсээ гарах нь тодорхой болсон юм. Испанийн клубийн хувьд “Европа лиг”-т өрсөлдөх нь ойлгомжтой болов.

Манчестер Юнайтед 1:0 Янг Бойс

“Улаан чөтгөрүүд” хэсгээ тэргүүлэх боломжоо хадгалж үлдлээ. М.Феллаинигийн 91 дэх минутад Люк Шавийн дамжуулалтаар оруулсан гоолын ачаар тэдэнд энэ ялалт ирсэн юм.

Роберт Левандовскигийн 50 дахь гоол

Германы “Бавари Мюнхен” клубийн довтлогч Роберт Левандовски “Бенфика” багийн эсрэг Аваргуудын лигийн 50 дахь гоолоо оруулжээ.

Германы аваргууд өрсөлдөгчөө 5:1-ээр илт давуу ялахад Арьян Роббен хоёр, Фрэнк Рибери нэг гоол хийж, польш довтлогч хоёр гоол оруулснаар Аваргуудын лигт 50, 51 дэх гоолоо бүртгүүлэв.

Ингэснээр Р.Левандовски тус тэмцээнд 50 ба түүнээс олон гоол оруулсан долоо дахь тоглогч болсон юм.

Польш эр нийт 77 тоглолтод 51 гоол оруулсан. Тэрбээр 2011 оноос хойш Аваргуудын лигт өрсөлдөж, 2014 онд “Бавари”-д нэгдэхээсээ өмнө “Борусси Дортмунд”-д эхний 17 гоолоо оруулж байв.

Аваргуудын лигт 50 ба түүнээс дээш гоол оруулсан тоглогчид:


  • 121 – Криштиану Роналду (Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус)
  • 105 – Лионель Месси (Барселона)
  • 71 – Раул Гонзалес (Реал Мадрид, Шальке)
  • 59 – Карим Бензема (Лион, Реал Мадрид)
  • 56 – Руд ван Нистелрой (ПСВ Эйндховен, Манчестер Юнайтед, Реал Мадрид)
  • 51 – Роберт Левандовски (Борусси Дортмунд, Бавари Мюнхен)
  • 50 – Терри Анри (Монако, Арсенал, Барселона)

“Борусси Дортмунд”-ын автобус руу халдсан этгээдэд ял оноов

2017 онд “Борусси Дортмунд” клубийн тоглогчдын автобус руу халдсан этгээдэд хүний амь нас хохироохыг завдсан хэргээр 14 жилийн ял оноолоо. 

Орос гаралтай герман залуу Сергей Венерголд тэсрэх бодис нууцаар автобус руу оруулж, хүний амь нас хохироохыг завдсан билээ. Үүний улмаас “Борусси Дортмунд” клубийн тоглогч, албаны хүмүүс нийт 28 хүний амь насанд халдахыг завдсан хэрэг болж байв.

Цагдаагийнхан анхандаа энэ хэргийг алан хядах байгууллага үйлдсэн гэж бодож байсан ч үнэндээ Сергейгээс өөр буруутан байгаагүй юм.

Тэрбээр энэ хэргийг мөнгө олох зорилгоор үйлдсэн. Халдлагын улмаас “Борусси Дортмунд” багийн хувьцаа унавал тэр хүссэндээ хүрэх байсан учраас өөр хэн нэгнийг гэмтээх зорилгоор халдлага үйлдээгүй гэж шүүх танхимд өчсөн юм.

Уг халдлагад испани хамгаалагч Марк Бартра болон цагдаагийн албан хаагч хөнгөн шарх авснаас өөр хохирол учраагүй юм. Гэхдээ сэжигтэнг 28 хүний амь насанд халдахыг завдсан хэргээр нь 14 жил торны цаана суулгах боллоо. Гэмт этгээд 29 настай юм.

Сол Кэмпбелл “Макклесфелд”-ийг удирдана

Английн хоёрдугаар дивизионы “Макклесфелд” клубийн шинэ менежерээр Сол Кэмпбелл томилогдлоо. Тэрбээр анхны ажлаа хүлээн авч, 18 сарын гэрээ байгуулжээ.

Английн “Арсенал” болон шигшээ багийн хамгаалагч байсан Сол Кэмпбелл 2012 онд хөлбөмбөгөө орхисноос хойш зургаан жилийн дараа менежерийн ажилд томилогдлоо. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн дасгалжуулагч Марк Йатесийг орлож, “Макклесфелд” клубийг удирдах юм.

Сол өмнө нь Английн 21 хүртэлх насны шигшээ багт тамирчдыг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, шигшээ багийн албанаас дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн ч одоо л жинхэнэ дасгалжуулагчаар томилогдож байгаа аж.

Өдгөө 44 настай англи эр өмнө нь “Оксфорд Юнайтед”, “Олдхэм”, “Гримсби” клубтэй нэр холбогдсон ч албан ёсоор томилогдоогүй.

С.Кэмпбелл 1992-2001 оны хооронд “Тоттенхэм”-д, 2001-2006 оны хооронд “Арсенал” клубт ид үеэ өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Английн Премьер лигийн аварга цолыг хоёр удаа (2001-02, 2003-04), Холбооны цомыг гурван удаа (2001-02, 2004-05, 2007-08) хүртсэн бол Лигийн цомыг 1998-99 онд авсан юм.

С.Кэмпбелл “Мосс Рөүс” цэнгэлдэхэд зочилж, шинэхэн шавь нарынхаа бэлтгэлийг ажигласан гэнэ.

“Барселона” клубийн тоглогчдын дундаж цалин 10 сая фунт хүрчээ

Испанийн хөлбөмбөгийн томоохон клуб болох “Барселона” клуб багийн спортын түүхэнд анх удаа цалингийн дундаж нь 10 сая фунтэд хүрсэн баг болжээ. 

Даваа гаригт олон нийтэд танилцуулсан “Global Sports Salaries”-ийн судалгаагаар Каталаны клубийн 23 тоглогчийн дундаж цалин 10.45 сая фунт (13.76 сая ам.доллар) хүрч, багийн спортын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

“Барселона” клуб аргентин довтлогч Лионель Месситэй шинэ гэрээ байгуулж, жилийн 60 сая ам.долларын цалин өгч байгаа бөгөөд Филиппе Коутиньо, Артур, Малком болон Артуро Видаль нарын тоглогчдод өндөр цалин өгөх болсон нь тэднийг рекорд амжилтад хүргэхэд тус болсон бололтой.

Хамгийн их цалин өгдөг ТОП 12 баг

Испанийн Ла лигийн өөр нэг төлөөлөл болсон “Реал Мадрид” клуб 8.1 сая фунт буюу 10.6 саяыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдсэн. Харин өнгөрсөн жил уг үзүүлэлтийг тэргүүлж байсан NBA-гийн “Оклахома Сити Тандер” 7.5 сая фунт (10.33 сая ам.доллар) зарцуулдаг үзүүлэлтээр гуравдугаарт жагссан юм. Тэдний араас “Голден Стэйт Уорриорс” 10.2 сая ам.доллар, “Вашингтон Визардс” 10.0 сая ам.долларыг цалинд өгдөг. Ингэснээр дээрх гурав АНУ-ын мэргэжлийн спортын түүхэнд 10 сая “ногоон” давсан цалин олгодог анхны багууд болсон аж. Харин NBA-гийн нийт багийн дундаж цалин 5.9 сая фунт буюу 7.8 сая ам.долларыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр бусад лигүүдийг тэргүүлдэг.

 

Италийн “Ювентус” клуб Криштиану Роналдуг багтаа авсан тул өнгөрсөн жил 32-т жагссан үзүүлэлтээс уг жагсаалтын есдүгээрт бичигдэх болов. Уг жагсаалтын аравдугаарт Английн “Манчестер Юнайтед” багтсан юм.

Мартин О’Нийл, Рой Кийн нар Ирландын шигшээг орхилоо

Ирландын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий менежер Мартин О’Нийл, түүний туслах Рой Кийн нар албан тушаалаа хүлээлгэн өглөө.

 2013 оноос хойш Ирландын шигшээ багт хамтарч ажилласан, “Евро 2016”-д багаа шөвгийн 16-д гарахад их үүрэг гүйцэтгэсэн эрхэмүүд болох багийн дасгалжуулагч Мартин О’Нийл, түүний туслах нэрт хөлбөмбөгчин асан Рой Кийн нар албан тушаалаасаа огцорлоо.

Энэ талаар Ирландын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жон Деланей мэдэгдсэн юм. Мартин ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан ч Үндэстнүүдийн лигт баг нь Уэйлс, Даниас ялалт авч чадаагүй. Данитай хоёр тоглолт дараалан тэнцэж, Уэйлсийг ялж чадаагүй аж. Түүнчлэн Ирландын шигшээ баг сүүлийн дөрвөн тоглолт дараалан гоол оруулж чадаагүй.

Мартин анх ажлаа авснаас хойш 55 тоглолт хийж, 19 хожиж, 20 тэнцээд 16 хожигдсон. Түүний удирдлага дор 65 тоглогч шигшээд дуудагдсан бөгөөд 28 нь анх удаа шигшээгийнхээ дуудлагыг хүлээн авч байв.

 

Монголын шигшээ баг гурав дараалан ялагдлаа

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан манай хөлбөмбөгчид чансаа илүү багуудтай эн тэнцүү тоглосон ч хожил авч чадсангүй.

Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийсэн ч 5:1-ээр дийлдлээ. Хэдийгээр нэр нь Хонконгийн шигшээ боловч бүх тивээс ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байв. Тодруулбал, өнөөдөрийн тоглолтын гараанд гэхэд Бразил, Испани, Нигери, Англиас ирсэн тоглогчид багтсан юм.

Легионер тоглогчид нь ч ирсэн хэргээ бүтээж, 24 дэх минутад бразил гаралтай довтлогч Сандро эхний гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Энэ гоолоос 12 минутын дараа Английн Бирмингем хотод төрсөн Жэймис МакКее хоёр дахь гоолыг оруулснаар хонконгчууд эхний хагаст 2:0-ээр тэргүүлэв.

Хонконгийн шигшээ багийн гарааны XI

Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Монголын шигшээ багийн хамгаалагч Артагийн Нармандах мөргөж гоол оруулснаар тооны харьцааг ойртуулсан ч эхний гоолын эзэн Сандро 57 дахь, нигери гаралтай хамгаалагч Фестус Байсе 83 дахь, мөн нигерид төрсөн довтлогч Алекс Аканде 87 дахь минутад тус бүр гоол оруулж, багаа хожилд хүргэлээ.

Хонконгийн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн 6 нь гадаадын легионерууд. Ингээд зогсохгүй камерун гаралтай довтлогч Пол Нгуег сэлгээнд суулгасан юм.

Мөн бүрэлдэхүүнд нь испани хамгаалагч Дани Канкела, англи төвийн хамгаалагч Энди Рассел нар байсан аж.

Ийнхүү Монголын шигшээ баг гурван тоглолтод бүгдэд нь гоол оруулсан ч нийт 11 бөмбөг хаалгандаа алдаж, хэсэгтээ хамгийн сүүлийн байрт бичигдлээ.

 

Фрэнк Рибери сэтгүүлчид гар хүрчээ

Германы “Бавари Мюнхен” клубийн 35 настай хагас хамгаалагч Фрэнк Рибери “Борусси Дортмунд” клубт ялагдсаныхаа дараа сэтгүүлчид гар хүрсэн гэдгийг багийн хэвлэлийн төлөөлөгч баталлаа.

Францын “beIN” телевизийн спортын нэвтрүүлэгч, германд төрсөн ч Францын иргэншилтэй, залуудаа хамгаалагчийн байрлалд тоглож байсан Патрик Гийу тоглолтын дараа түүнтэй ярилцлага хийсэн аж. Энэ үеэр сэтгүүлч, хөлбөмбөгчин хоёр хоорондоо муудалцаж, галзууртлаа уурласан Ф.Рибери сэтгүүлчид нэг бус удаа гар хүрээд зогсохгүй багалзуурдаж, багагүй бужигнуулжээ.

Патрик Гийу

Тэдний маргаан П.Гийу нутгийнхаа хөлбөмбөгчнийг хоёр гоол алдсанд буруутгаснаас эхэлсэн бололтой.

Энэ талаар тус клубийн спорт хариуцсан захирал Хасан Салихамижич хэвлэлийнхэнд мэдээлсэн бөгөөд “Тэд бие биенээ эртнээс мэднэ. Фрэнк энэ талаар бидэнд хэлсэн юм. Хохирогчтой бид хувийн уулзалт хийж, учирсан хохирлыг нь барагдуулах хүсэлтэй байгаа. Патрик ч бас асуудлыг ингээд шийдчих бодолтойгоо хэлсэн” хэмээн ярьжээ.

Монгол 1:4 Хойд солонгос

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард эхний шатыг эх орондоо зохион байгуулж, Макао, Умард Марианы арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцсэнээр хэсгээсээ шалгарсан манай хөлбөмбөгчид энэ сарын 11-16-ны хооронд Тайваньд болох хоёрдугаар шатанд анх удаа оролцов. Энд зохион байгуулагч Тайвань, Хойд Солонгос болон Хонконгийн багуудаас хамгийн өндөр оноотой нэг нь хэсгээсээ шалгарч, Зүүн Азийн АШТ-ий сүүлийн шатанд буюу БНСУ, БНХАУ, Японы багтай өрсөлдөх юм.

Шигшээгийн гарааны XI тоглогч

Монголын шигшээ баг эхний тоглолтоо хүчирхэг Хойд Солонгосын багтай хийлээ. Харамсалтай нь, эхний хагаст 2:0, сүүлийн хагаст 2:1 буюу 4:1-ээр ялагдсан. Манай талаас эхний бөгөөд эцсийн гоолыг сэлгээнээс талбайд гарсан, “Атлетик 220” багийн довтлогч Н.Наранболд 74 дахь минутад оруулсан юм. Түүний гоолын дамжуулалтыг өмнөх шатны үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Н.Цэдэнбал гүйцэтгэжээ.

Сонирхуулахад, энэ хэсэгт гуравдугаар байранд орсон баг дараа жил эхний шатнаас бус хоёрдугаар шатнаас шууд оролцох эрхтэй болно. Харин сүүлийн байр эзэлсэн баг эхний шатнаас бүхнийг эхлүүлэх юм.


Монголын шигшээ багийн хуваарь:

  • X/13 – Тайвань – Монгол – 19:10 цаг
  • X/16 – Хонконг – Монгол – 15:10 цаг

Хөлбөмбөг: Иран эмэгтэйчүүд 35 жилийн дараа цэнгэлдэхэд тоглолт үзэв

Ираны нийслэл Тегеран хотод болсон Азийн хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг олон зуун эмэгтэйчүүд үзэж сонирхсон юм. Энэ бол сүүлийн 35 жил харагдаагүй онцлог үйл явдал билээ.

Ираны хөлбөмбөгийн “Персеполис” клуб нутаг дээрээ Японы “Кашима Антлерс” багийг хүлээн авсан ч 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан. Улмаар өмнөх тоглолтод 2:0-ээр ялагдсан тул нийлбэр дүнгээр хожигдсон юм.

Исламын бүгд найрамдах Иран улсад охид бүсгүйчүүдийг 1979 оноос хойш эрэгтэйчүүдийн спортын төрлийг, 1981 оноос хойш Ираны хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтыг үзэхийг хориглосон юм.

Харин бусад орны эмэгтэй хөгжөөн дэмжигчид зөвхөн зөвшөөрөлтэй тэмцээн уралдааныг л үзэж сонирхдог байсан аж.

1981 оноос хойш хөлбөмбөгийн дээд лигийг үзэх эрхгүй өссөн охидууд эсэргүүцлээ илэрхийлсэн юм

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр энэ долоо хоногт Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 200 мянган хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, гарын үсэг зурсан юм. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх энэ тэмцэл өнгөрсөн гуравдугаар сард дээд цэгтээ хүрч, 35 эмэгтэйчүүд цэнгэлдэхэд хүчээр нэвтрэх оролдлого хийж байв.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны хүсэлтийн дагуу эмэгтэйчүүдийг цэнгэлдэхэд нэвтэрч, хөлбөмбөг үзэх эрхийг нь нээлттэй болгосон тус тоглолтыг FIFA-гийн тэргүүн Жианни Инфантино, Ираны спортын сайд Масоуд Солтанифар нар хамтдаа үзэж, сонирхсон юм.