Category: Хөлбөмбөг

Криштиану Роналду анхны бэлтгэлдээ оролцлоо

Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Испанийн “Реал Мадрид”-ыг орхисноос хойш Италийн “Ювентус” клубтэй анхны бэлтгэлээ хийлээ. Мөн “Хөгшин хадагтай”-гийн бусад шилдэг тоглогчид болох Гонсало Игуайн, Родриго Бентанкур, Пауло Дибала, Доуглас Кошта, Хуан Куадрадо зэрэг ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон тоглогчид багийнхаа бэлтгэлд эргэн нэгджээ.

Сонирхуулахад, “Ювентус” энэ долоо хоногийн сүүлээр “Реал Мадрид”-тай учраа таарсан ч тус тоглолтод К.Роналду оролцох боломжгүй аж. Харин тэр энэ сарын 18-нд болох Сери А-гийн нээлтийн тоглолтод “Кьево” клубийн эсрэг гараанд гарахаар төлөвлөж байгаа юм.

Өдгөө 33 настай португал эрийг Туринд эмнэлгийн үзлэгт орсны дараагаар түүний биологийн нас 20 настай залуу хүнийх шиг гэж эмч нар дүгнэсэн.

К.Роналду ирсэн тул энэ багт аргентин довтлогч Г.Игуайны орон зай байхгүй гэж хэлж болно. Ямартай ч түүнийг наймаанд явуулахаар бэлдэж байгаа юм. Английн “Челси”, Италийн “АС Милан” багууд түүнийг сонирхож буй.

 

Хуан Карлос Осорио ажлаа өгөв

Мексикийн шигшээ багийн менежер Хуан Карлос Осорио хөлбөмбөгийн холбооноос санал болгосон шинэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзлаа. Ингэснээр өдгөө 56 настай, колумб мэргэжилтэн өөр баг дасгалжуулахаар шийдсэн бололтой.

Тэрбээр Эл Триг удирдсан гурван жилийн хугацаанд 52 тоглолтод оролцож, 33 ялалт байгуулсан юм.

Х.Осорио ДАШТ-ий эхний тоглолтод Германыг 1:0-ээр илүүрхэх хүртэл хөгжөөн дэмжигчдээсээ дэмжлэг авдаггүй, нэр хүнд муутай байсан аж. Учир нь тэр бол мексик хүн бус колумб учраас нутгийн иргэд нь таагүй хүлээж авсан. Мексикийн тоглолтын үеэр “Осориог хал” гэж шаардаж байсан удаатай. Харин колумб эр багаа тун сайн бэлдэж, ДАШТ-д хэсгээсээ гарсан ч шөвгийн 16-д Бразилын багт 2:0-ээр хожигдсон билээ.

Свен-Горан Эрикссон Иракийн дасгалжуулагч болжээ

Английн шигшээ багийн дасгалжуулагч асан, швед мэргэжилтэн Свен-Горан Эрикссон Иракийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.

Хэдхэн хоногийн өмнө Туркийн Истанбул хотод С.Эрикссон Иракийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзсан юм. Ингээд хэд хэдэн ажлын саналыг бодож үзсэний эцэст Иракийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд зүтгэхээр шийдсэн гэнэ.

С.Эрикссон 2001-2006 оны хооронд Английн шигшээ багийг удирдсан туршлагатай. Хоёр дэлхийн аваргад багаа шөвгийн наймд хүргэсэн юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Лестер”, Мексикийн шигшээ баг болон Кот Д’Ивуарын шигшээг дасгалжуулсан. Харин 2013 оноос Хятадын “Шанхай”, “Шензен” хотын багт менежерийн ажил хийсэн юм.

Иракийн шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансаагаар 89-д бичигдэж буй. Тэд наймдугаар сарын 4-нд Палестиний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх бөгөөд нэгдүгээр сарын 8-нд Азийн АШТ-ий хэсгийн шатанд Вьетнамтай хүч үзэх аж.

 

Станислав Черчесов гэрээгээ сунгалаа

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг амжилттай удирдаж, ДАШТ-ий шөвгийн найм руу хөтөлсөн дасгалжуулагч Станислав Черчесов дахин хоёр жил шигшээгийн дасгалжуулагчаар ажиллахаар боллоо.

Түүний шавь нар хэсгээсээ Уругвайн ард бичигдэж, хоёроор шалгарсан ч шөвгийн 16-д Испанийг хожиж, дараагийн шатанд шалгарсан. Гэвч Хорватын шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдсан юм. Гэхдээ дээрх амжилт нь Зөвлөлтөөс салсан Оросын хөлбөмбөгийн хувьд хамгийн оргил амжилтаар бүртгэгдсэн юм.

Оросын хөлбөмбөгийн холбоо дээрх амжилтад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тун удахгүй Кремлинд шигшээ багийн дасгалжуулагч, тоглогчдыг урьж, шагнал гардуулахаар бэлдэж байгаа аж.

Леонил Мессид хугацаа хэрэгтэй

Аргентинийн хөлбөмбөгийн холбоо (AFA)-ийн ерөнхийлөгч Клаудио Тапиа хөгжөөн дэмжигчиддээ хандаж, шигшээ багийн лидер тоглогч Леонил Мессид бодох хугацаа өгөхийг хүслээ. “Бид түүнээс хэтэрхий их зүйл хүсч байна. Одоо түүнийг тайван орхиж, ирээдүйгийнхээ талаар бодох хугацаа өгөх хэрэгтэй” гэж “Radio Mitre”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

К.Тапиа хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт буюу Аргентинийн найзуудын баярын өдрөөр Л.Месситэй холбогдсон гэнэ. “Миний бодлоор бидний харилцаа сайн байгаа” гэж холбооны тэргүүн ярьсан юм. Л.Мессиг ДАШТ-ий дараа шигшээ багаасаа зодог тайлна хэмээх цуурхал тараад буй учир үүнд хариулт өгсөн бололтой.

Түүнчлэн Аргентинийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Хорхе Сампаолигийн оронд хэнийг томилох талаар одоогоор төлөвлөсөн зүйл үгүй, хэн нэгэн нь холбогдоогүй гэнэ. Аргентинийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл долдугаар сарын 31-нд хуралдана. Энэ үеэр ямар шийдвэр гаргах талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бололтой.

Өмнөх дасгалжуулагч Х.Сампаоли 15 тоглолтод багаа удирдаж, энэ хугацаанд 57 тоглогч шигшээд дуудсан. Үр дүнд нь долоон тоглолтод хожиж, дөрөв тэнцээд, дөрвөн удаа хожигдсон юм.

 

Андреа Пирло Италийн шигшээд ажиллана

Италийн шигшээ багийг Роберто Манчини удирдахаар болсонг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ. Тэгвэл түүний туслахаар нэгэн үед шигшээ багийн гол тоглогчдын нэг байсан Андреа Пирло ажиллахаар болжээ. Өдгөө 39 настай А.Пирло өнгөрсөн онд АНУ-ын “Нью Йорк Сити” клубт хүчин зүтгээд албан ёсоор зодог тайлсан.

Тэрбээр шигшээ багаа 2006 онд ДАШТ-д түрүүлэхэд гол тоглогчдын нэг байсан бол замналынхаа турш Италийн “АС Милан” болон “Ювентус” клубт зүтгэж, Сери А-д зургаан удаа түрүүлсэн төдийгүй Аваргуудын лигт хоёр удаа, Италийн цомд мөн хоёр удаа түрүүлж байв.

“Ansa” мэдээллийн агентын мэдээлснээр А.Пирло “Sky” телевизд аваргуудын лигийн тоймч, аналистаар ажилладаг. Хэдийгээр шинэ ажилд томилогдсон ч хуучин ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэнэ.

Марио Манжукичд “даруулсан” зурагчин Хорватад үнэгүй аялах эрхтэй болжээ

ДАШТ-ий хагас шигшээд учраа таарсан Англи, Хорватын тоглолтын үеэр нэмэлт цагт Марио Манжукич гоол оруулснаар хорватууд финалд шалгарсан билээ. Тэгвэл “Супер Марио” хожлын гоолын баяраа тэмдэглэх үеэр нэгэн гэрэл зурагчинг дайрч унагасан явдал болсон юм. Тэгвэл энэ зурагчин нь 53 настай, Эл Салвадор улсын иргэн Юри Кортес гэгч аж. Баярлаж хөөрсөн хорватуудаас санамсаргүй бэлэг авч, “хөлсөнд нь хүрч” хийморь нь сэргэсэн латин эрийг “анти орос” үзэлтэй Домагой Вида хүртэл үнсэлтээр бэлэг барьсан юм.

Хэдийгээр ажлаа хийж яваад гэнэтийн халдлагад өртсөн ч Ю.Кортес ажраагүй. Тэрбээр ялалтаа тэмдэглэж буй хорват тоглогчдын онцгой хормыг хамгийн ойроос, тод мэдэрсэн хүний хувьд түүхэн зураг авч, урын сандаа нэмэрлэсэн юм.

Сонирхолтой нь, Хорватын аялал жуулчалын яам түүнийг болон гэр бүлийнхэнийг нь эх орондоо урьсан байна. Зурагчин эр ч тэдний хүсэлтийг хүлээн авч, наймдугаар сарын сүүл эсвэл есдүгээр сарын эхээр гэр бүлийн хамт зочлохоор болжээ.

Энэ талаар тус яамны сайд Кристан Станичич “Ажлаа ямар ч нөхцөлд хийж чаддаг хүний төгс жишээг түүнээс харж болно. Манай хөлбөмбөгчдийн баяраа тэмдэглэж буй зураг дэлхий даяар түгсэн. Манай улс бол найрсаг, жуулчдад ээлтэй орон. Тиймээс ноён Ю.Кортесийг бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна” гэж ярьжээ.

Александр Головин “Монако”-г сонгов

ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головин “Монако”-гийн эмнэлгийн үзлэгээр орж, тун удахгүй гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов.

Түүнийг шигшээ багтаа гялалзсаных нь дараагаар Английн “Челси” клуб идэвхтэй сонирхож байсан ч А.Головин “Монако”-г илүүд үзсэн байна. Английн клуб бразил гаралтай итали тоглогч Жоржиньотой гэрээ байгуулсан тул орос залуу өөр сонголт хийхээр шийдсэн бололтой.

Одоогоор Францын клуб түүнийг ямар үнээр авсан нь эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ойролцоогоор 30 сая еврогийн үнэ хүрсэн гэнэ. Улмаар А.Головин шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон аж.

Хэрвээ гэрээ албан ёсоор баталгаажвал А.Головин ОХУ-аас тодорсон хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болох юм.

Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Тите гэрээгээ сунгав

Бразилын хөлбөмбөгийн холбоо (CBF) дасгалжуулагч Титетэй гэрээгээ дөрвөн жилээр сунгаж, 2022 оны ДАШТ хүртэл үргэллжлүүлэх тохиролцоонд хүрчээ.

Тите Бразилын шигшээ багийн дасгалжуулагчаар 2016 оны зургадугаар сард сонгогдсон.

Шигшээ багийн дасгалжуулагчид нэг багийн хамт хоёр дахь ДАШТ-д оролцохдоо тааруу байдаг үзүүлэлт бий. Уругвайн шигшээг 12 жил дасгалжуулж буй Оскар Табаресын шавь нар л тогтвортой амжилт үзүүлдэг гэхэд болно.

Испанийг Европын хошой аварга, ДАШТ-ий алтан медальд хүргэсэн Висен дел Боске 2014 оны ДАШТ-д хэсгийн шатандаа бүдэрсэн юм. Тэрбээр Евро 2016-д шөвгийн 16-гаас хэтрээгүй бөгөөд үүнийхээ дараа ажлаа өгсөн билээ.

Италийг 2006 онд дэлхийн аварга болгосон мэргэжилтэн Марсельо Липпи дөрвөн жилийн дараа хэсгийн шатнаас гэртээ харьсан тул ажлаасаа халагдсан. Тэр жил багаа финалд хүргэсэн Францын дасгалжуулагч Рэймонд Доменеч дөрвөн жилийн дараа Өмнөд Африкт багаа удирдсан ч амжилт олоогүй юм.

Харин одоо Тите багаа амжилтад хүргэх эсэхийг харах үлдэв.

 

Оны шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшигчид тодорлоо

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-гаас оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний төлөө тунаж үлдсэн 10 тамирчныг зарлав. Португалын шигшээ болон Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду гурав дахь жилээ дараалан авахаар шилдэг 10-т үлдлээ. Хэрвээ тэр зорилгодоо хүрвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаа дахь удаагаа тодрох юм.

Түүнтэй ижил үзүүлэлттэй байгаа Аргентинийн Леонил Месси, ДАШТ-ий алтан бөмбөгийн эзэн Хорватын Лука Модрич, шинэхэн дэлхийн аваргууд болох Кильян Мбаппе, Антоин Гриззман, Рафаэль Варене нар энэ жагсаалтад багтжээ. Түүнчлэн Английн Премьер лигийн шилдгүүд болох Мохамед Сала, Харри Кэйн, Кевин Де Бруин, Эдин Азер шилдэг 10-т нэрлэгдлээ.

Дэлхийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнийг тодруулахад хэвлэл мэдээлэл, шигшээ багийн дасгалжуулагчид болон ахлагчид, мөн олон нийтийн санал асуулгыг харгалзаж үздэг. Эдгээр санал бүрээс нийт саналын 25 хувийг бүрдүүлэх юм. Ямартай ч хоёр гаруй хугацаанд санал асуулга үргэлжилж, ирэх есдүгээр сарын 24-нд болох ёслолын ажиллагаанаас өмнө ялагчийг тодруулах журамтай.

Оны шилдэг хөлбөмбөгчнөөс гадна шилдэг дасгалжуулагчийн нэрсийг зарлав. Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгэйт, Премьер лигийн дээд амжилт тогтоосон “Манчестер Сити”-гийн испани мэргэжилтэн Пэп Гуардиола, “Реал Мадрид”-ыг Аваргуудын лигт түрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Зинедин Зидан, ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын Златко Далич, дэлхийн аварга Францын Дидье Дешам, ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Роберто Мартинес, ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов нар тунаж үлдлээ. Тэднээс гадна Италийн “Ювентус”-ыг Сери А-гийн аварга болгосон Массимилиано Аллегри, “Ливерпуль”-ийг Аваргуудын лигийн финал руу хөтөлсөн Юрген Клопп, Европа лигийн аварга “Атлетико Мадрид”-ын аргентин мэргэжилтэн Диего Симон, Ла лигийн аварга “Барселона”-г удирдсан Эрнесто Валверде нар санал асуулгад үлджээ.

Бичлэг: Аргентинийн хөлбөмбөгчид нэгнийхээ аминд хүрчээ

Аргентинийн хөлбөмбөгчин, 25 настай хаалгач Фасундо Эспиндола гудамжинд болсон зодооны үеэр хорвоог орхисон юм. Харамсалтай нь энэ хэрэгт хөлбөмбөгчин Нахуэл Овьедо тэргүүтэй хэсэг залуусыг саатуулсан нь тодорхой болжээ. Хэрэг явдал өнгөрсөн ням гаригт болсон бөгөөд Буенос Айрес хотод хэсэг залуус хоорондоо муудалцсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр Нахуэл Овьедо түүний парагвай найзуудыг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан гэнэ. Хохирогчийг хоолой тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн бололтой.



Испанийн “Marca” уг зодооны бичлэгийн зарим хэсгийг буюу гудамжны хянах камерт бичигдсэн хэсгийг олон нийтэд үзүүлжээ. Нас барсан хаалгачийн хувьд “Ривер Плэйт”-ийн хөлбөмбөгийн академид суралцаж, 2013 онд мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа “Алмагро” багаас эхэлж байв. Хамгийн сүүлд Уругвайн “Клуб Атлетико” багт данстай байжээ. Харин сэжигтэн Н.Овьедо 2011 онд дээрэм хийсэн хэргээр тоглох эрхээ хасуулж байсан аж.

Германы хөлбөмбөгийн холбоо М.Өзилийг гадуурхаагүй

Германы хөлбөмбөгийн холбоо (DFB) Мэсүт Өзилийг арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан гэх ярианд хариулт өгчээ. Тэд чухал тоглогчоо арьс өнгөөр ялгаварлаагүй, харин ч ийм зүйлээс түүнийг хамгаалахыг оролдож байсан гэдгээ мэдэгдсэн юм.

Өдгөө 29 настай М.Өзил дахин Германы шигшээ багт тоглохгүй гэдгээ зарласан. Учир нь арьс өнгөний үзэл газар авч, Германы шигшээ баг ДАШТ-ээс эрт хасагдсаны дараагаар түүний амь насанд халдах заналхийлал их ирэх болсон юм.

М.Өзил өнгөрсөн тавдугаар сард Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганыг Лондонд ирэх үеэр түүнтэй зурагаа авхуулсан нь олон хүнд таалагдаагүй. Үүний дараа Германы хөлбөмбөгийн холбоо болон хэвлэл мэдээллээр ялгаварлан гадуурхаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.

М.Өзил бол Турк гэр бүлээс гаралтай Германд төрсөн хөлбөмбөгчин. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Германы шигшээ багийг ДАШТ-д түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг. 

Германы шигшээд зүтгэдэг өөр нэг турк гаралтай тоглогч болох Илкай Гюндоган, Мэсүт Өзил нар Туркийн ерөнхийлөгчийг Лондонд ирэх үеэр дээрх зургийг авхуулсан бөгөөд тамирчид дараа нь хөлбөмбөгийн талаар ярилцсан гэж тайлбарласан билээ.