Category: Хөлбөмбөг

Эмэгтэй хүнтэй мэндэлсэн иран шүүгч шүүмжлүүлэв

Хөлбөмбөгийн ДАШТ-д улсаа төлөөлөн тоглолт дэнсэлсэн Ираны шүүгч Алиреза Фагханиг эмэгтэй хүнтэй гар барьж, тэврэлдсэн хэмээн шүүмжилжээ.

Иран шүүгч ДАШТ-д дөрвөн тоглолтод шүүсэн. Үүнээс Англи, Бельгийн хүрлийн төлөөх тоглолтод ажилласан нь түүнийг хэр шудрага шүүдэг болохыг нь харуулж буй хэрэг.

Гэхдээ Ираны Исламын хуулийн дагуу бол яаралтай тусламж үзүүлэхээс бусад үед эмэгтэй хүнд хүрэхийг ичгүүр, сонжуургүй үйлдэл гэж үздэг байна. Тиймээс шүүгч эрийн үйлдлийг зарим иранчууд шүүмжилж, шийтгэл хүлээлгэх ёстой хэмээн бухимдсан аж.

Харин шүүгч өөрийнхөө үйлдлийг өмгөөлсөн ярилцлага өгөхдөө “Тэр эмэгтэй бол коллежид хамт сурсан найз маань. Бас дотны найз өөр нэг шүүгчтэй гэрлэсэн бүсгүй. Энэ үйлдэл маань бусдын дургүйцлийг хүргэсэн бол уучлаарай. Гэхдээ яагаад намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би түүнийг 2013 оноос хойш мэднэ. Тэр надад ДАШТ-ийг шүүж байгаад минь баяр хүргэсэн юм. Хэрвээ энэ нь асуудал болж байгаа бол би гэр бүлээ аваад энэ улсаас явах хэрэгтэй юм байна” гэж ярьжээ.

 

Мэсүт Өзил гомдов

Германы шигшээ багийн хагас хамгаалагч, турк гаралтай Мэсүт Өзил гомдолтой байна. Өнгөрсөн тавдугаар сард М.Өзил болон “Манчестер Сити”-гийн Илкай Гюндоган нар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдогантай хамт зурагаа авхуулсан нь “цэвэр цусны германчуудад” огт таалагдаагүй юм. Улмаар ДАШТ-д оролцох шигшээ багаас тэднийг хасахыг шаардсан нь баг доторх уур амьсгалыг эвгүйтүүлж орхисон. Тэд тавдугаар сард Туркийн ерөнхий сонгуульд Т.Эрдоганы нам ялалт байгуулсны дараа энэ зургийг авхуулсан аж.

Үүнд Германы хэсэг улс төрчид дургүйцсэн. Германы улс төрийн бодлогыг эсэргүүцсэн зураг хэмээн цоллосон. Учир нь тэдгээр улс төрчид Т.Эрдоганыг зүй ёсны ерөнхийлөгч гэж үздэггүй, дарангуйлагч гэж хардагтай холбоотой юм.

Харин хэргийн эзэд болох И.Гюндоган, М.Өзил нар ерөнхийлөгчтэй уулзсан шалтгаанаа хөлбөмбөгтэй холбож тайлбарладаг.

Энэ явдлаас хойш М.Өзил арьс өнгөний эсрэг үзэлд багагүй өртөж, үзсэн ядсан утга бүхий емайл, заналхийлсэн утасны дуудлага цөөнгүй ирсэн хэмээсэн юм. Энэ бүхнээс улбаатайгаар М.Өзил шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргажээ. Тэрбээр “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ийм хүчтэй байгаа үед Германы өмсгөлтэй дахин талбайд гарахгүй. Энэ өмсгөлтэй талбайд ялалтын төлөө зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ одоо ийм мэдрэмж авч чадахгүй байх. Ялгаварлан гадуурхах үзлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй” гэж өөрийн твиттер хуудсандаа онцолжээ.

 

17 настай канад хүү рекорд тогтоов

Германы “Бавари Мюнхен” клуб 17 настай канад хөлбөмбөгчин Алфонсо Дэвиэсийг 12 сая “ногоон”-оор худалдаж авахад ойрхон ирлээ. Одоо “Ванкувер Уайткапс” багт зүтгэдэг Алфонсо энэ үнээр Германы аваргуудтай нэгдвэл Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лиг болох MLS-ийн хамгийн үнэтэй зарагдсан тоглогч болно.

“The Athletic” сонины сурвалжлагч Кристиан Дайерийн мэдээлснээр 17 настай хүүг Английн олон багууд сонирхож байгаа ч Их Британид ажиллах эрх авах зэрэг бичиг баримтын асуудалтай тулгарах учир Германы багийг сонгосон гэж үзэж байна.

А.Дэвиес 2016 оноос MLS-т данстай болсон юм.



Алфонсо 2018 оны улиралд хэдийнэ 20 тоглолтод оролцож, гурван гоол, зургаан гоолын дамжуулалт гүйцэтгээд буй. Тэрчлэн Канадын шигшээ багт зургаан тоглолт хийж, гурван гоол оруулжээ.

Тэрбээр энэ улиралд нийт 90 хууралт амжилттай гүйцэтгэснээр MLS-ийг тэргүүлж байгаа юм.

 

Никола Калинич ДАШТ-ий медалиас татгалзав

Хорватын шигшээ багийн довтлогч Никола Калинич ДАШТ-ий мөнгөн медалиас татгалзжээ. Италийн “Милан” багийн довтлогч Никола гарааны довтлогч Марио Манжукичийн сэлгээгээр дуудагдсан ч хэсгийн тоглолтод Нигерийн эсрэг сэлгээнээс талбайд гарахаас татгалзсан учир дасгалжуулагч Златко Далич багаасаа хөөсөн юм. Өдгөө 30 настай Н.Калинич нуруу нь өвдөж байна гэж баашилсан ч үүнд нь З.Далич болон шигшээ багийн эмч нар итгээгүй. Тиймээс туршлагатай довтлогчийг гэр лүү нь буцаасан юм.

Хэдийгээр хүн дутуу болсон ч гайхалтай тоглолт үзүүлсээр ДАШТ-ий шигшээд шалгарсан ч финалд Францын багт дийлдсэн билээ.

Гэхдээ нэгэнт шигшээгийн албан ёсны бүртгэлд багтсан учир түүнд медаль, шагналын мөнгө зэргийг олгох ёстой. Хорватын хөлбөмбөгийн холбоо ч түүнд медалийг нь өгөх хүсэлтэй байсан ч Н.Калинич өөрөө татгалзжээ. Тэрбээр “Сайхан санал тавьсанд баярлалаа. Гэхдээ би ДАШТ-д оролцоогүй. Тиймээс уг шагналыг хүлээн авч чадахгүй” гэж тайлбарлажээ.

 

 

Хорватын хөлбөмбөгийн холбоо үерийн усанд автсан Тайланд хөвгүүдэд өмсгөл бэлэглэжээ

Хорватын хөлбөмбөгийн холбоо (HNS) ширүүн борооны улмаас агуйд үерийн усанд хоёр долоо хоног гацсан тай хөвгүүдэд өмсгөл бэлэглэжээ. Нийт 11-16 насны 12 хөлбөмбөгчин хөвгүүд туслах дасгалжуулагчийн хамтаар бэлтгэлээ тараад буцаж явахдаа агуйд төөрсөн юм. Ширүүн борооны улирал эхэлсэн тул хөвгүүдийн явах зам усанд автсан байжээ. Ийм үед зөвхөн туршлагатай шумбагчид л аюулгүй гарах боломжтой тул аврагчид ус багасахыг хүлээхээс өөр арга байгаагүй. Ингээд л 13 хүн хоёр долоо хоногийн турш агуйд хонохоос өөр сонголтгүй үлдсэн билээ.

Тэгвэл Хорватын хөлбөмбөгийн холбооноос ДАШТ-ий финалд өмссөн өмсгөлөө бэлэг болгож явуулж байгаагаа мэдэгджээ.

Хөвгүүд өнгөрсөн зургадугаар сарын 23-нд алга болсон. Аврагчид тэдний байршилыг долдугаар сарын 2-нд олсон юм. Тэднийг аврах ажиллагааг явуулах үеэр 38 настай тэнгисийн цэрэг Саман Кунан амиа алдсан юм.

 

Сон Хын Мин Азийн наадамд оролцоно

БНСУ-ын шигшээ болон Английн “Тоттенхэм” клубийн довтлогч Сон Хын Мин улсаа төлөөлөн Азийн наадамд оролцохоор болжээ. Индонезийн Жакарта хотод болох шар тивийн олимпод улс тус бүрээс 20 хөлбөмбөгчин дуудагдаж, эх орноо төлөөлөх юм. Гэхдээ энд 23-аас дээш насны гурван хөлбөмбөгчин багтах боломжтой. Өдгөө 26 настай Сон Хын Мин дээрх гурван тоглогчийн нэг болсон аж. “Тоттенхэм” клубийн зүгээс ДАШТ-д оролцсон тоглогчоо явуулахгүй үлдээх боломжтой, учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн биш ч БНСУ-ын баг түрүүлчихвэл Сонд цэргээс мултрах боломж үүсэх тул хориглож чадаагүй юм.

БНСУ-ын хуулиар тус улсын эрэгтэй хүн бүр 28 нас хүрэхээсээ өмнө 21 сар цэргийн алба хаах шаардлагатай тулгардаг. Харин шигшээ багтайгаа онцгой амжилт үзүүлсэн тохиолдолд энэ хууль хэрэгжихгүй юм. Соны хувьд Азийн наадамд заавал түрүүлэх ёстой аж.

Дөрвөн жилийн өмнө Инчёнд болсон Азийн наадамд Өмнөд Солонгосын баг нутаг дээрээ түрүүлсэн ч Сон Хын Миний хувьд тэр шигшээд багтаж чадаагүй юм.

Азийн наадамд оролцох болсноор солонгос эр “Тоттенхэм”-ийн улирлын эхний дөрвөн тоглолтод оролцохгүй байх бололтой. Учир нь тус тэмцээн есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж тооцвол “Ньюкастл”, “Фүлхэм”, “Манчестер Юнайтед”, “Уатфорд” зэрэг дөрвөн тоглолтод оролцохгүй гэнэ.

 

Усайн Болт Австралийн лигт тоглох уу

Ямайкийн нэрт гүйгч, олимпийн найман удаагийн аварга Усайн Болт гүйлтээс гадна өөр олон спортод авьяастай нэгэн. Түүний хувьд №1 спорт нь крикет аж. Пакистаны шигшээ багийг үнэн сэтгэлээсээ дэмждэг У.Болт хэрвээ хөнгөн атлетикаар хичээллээгүй бол крикетийн тамирчин болох байсан гэж ярьсан удаатай. Түүнчлэн 2013 онд сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтод оролцож, хөлбөмбөгөөр нөхөрсөг тоглолтод оролцоод амжсан.

Өдгөө 31 настай нэрт гүйгч Английн “Манчестер Юнайтед” багийг дэмждэг. Тэрбээр өнгөрсөн жил их спортоо орхисноос хойш “Борусси Дортмунд”, Норвегийн “Стрёмсгодсет” багуудад бэлтгэл хийж байв.

Дэлхийн хамгийн хурдан хүнийг Австралийн “A” лигийн баг болох “Централ Коаст Маринерс” баг сонирхож буй аж. Австралийн хөлбөмбөгийн дээд лигт багтдаг 10 багийн нэг “Централ Коаст Маринерс” клубийн эзэд “Цахилгаан” хочит Болттой цалин мөнгөний асуудал дээр тохиролцсон бололтой. Хэрвээ гэрээ байгуулвал авах цалингийн 70 хувь нь баталгаатай буюу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан ч У.Болт цалингийнхаа ихэнх хувийг авах аж.

Гэхдээ одоогоор баттай гэрээ байгуулаагүй. Учир нь У.Болтын хөлбөмбөгчин болох хүслийг нь биелүүлэх ганц баг бол тэд биш. Түүнд Турк, АНУ-ын лигээс багтаа тоглуулах хүсэлт ирж байгаа учир бодох хугацаа хэрэгтэй байгаа бололтой.

ESPY ёслолын арга хэмжээний ялагчид

АНУ-ын их спортын томоохон ёслолын арга хэмжээ болох ESPY 2018 уламжлал ёсоор Лос Анжелес хотноо боллоо. Спортын ихэнх үйл ажиллагаа оны төгсгөлд болдог. Харин энэ ёслол зуны ид үед өрнөдөг гэдгээрээ ялгардаг. Учир нь мэргэжлийн лигүүд дуусч, дүнгээ гаргахад тохиромжтой цаг үе ирдэг гэж зохион байгуулагчид үздэг байна.

Энэ үдшийн гол баатар нь “Вашингтон Капиталс”-ын Алекс Овечкин байлаа. Тэр шилдэг эрэгтэй тамирчин болсон. Харин шилдэг эмэгтэй тамирчнаар олимпийн алтан медальт, сноубордын тамирчин Клое Ким тодорсон юм. Бэйсболын “Хьюстон Астрос” шилдэг багаар нэрлэгдлээ.

Шилдэг дасгалжуулагчаар өнгөрсөн хоёрдугаар сард Маржори Стонмэн Доуглас ахлах сургуульд болсон буудалцааны үеэр амиа алдсан Аарон Фейс, Скотт Бэйгэл, Крис Хиксон нарыг нэрлэжээ.

Мөн ёслолын арга хэмжээний үеэр АНУ-ын гимнастикийн шигшээ болон Мичиган их сургуулийн эмч Ларри Нассарын хэргийн хохирогчид гэх 141 эмэгтэй нэгэн зэрэг тайзан дээр гарч ирсэн юм. Олимпийн аварга Али Рэйсман энэ үеэр “Бид хохирогч болохдоо ганцаараа байсан ч энэ хэцүү үеийг хамтдаа давж гарах болно” гэж хэлсэн юм.

ESPY шагналын ялагчид

Шилдэг эрэгтэй тамирчин: Алекс Овечкин, Вашингтон Капиталс

Шилдэг эмэгтэй тамирчин: Клое Ким, АНУ-ын сноубордын тамирчин

Шилдэг баг: Хьюстон Астрос, Бэйсбол

Шилдэг тоглолт: Арике Огунбовэйл, эмэгтэй сагсан бөмбөгч, коллежийн аваргын төлөөх хожлын шидэлт

Шилдэг дасгалжуулагч: Аарон Фейс, Скотт Бэйгэл, Крис Хиксон нар, Доуглас ахлах сургууль

Хамгийн шуугиан тарьсан тоглогч: Донован Митчелл, Юта Жазз

Шилдэг тулаанч: Терренс Крауфорд, АНУ

NFL-ийн шилдэг тоглогч: Том Брэди, Нью Энглэнд Патриотс

MLB-гийн шилдэг тоглогч: Майк Троут, Лос-Анжелес Анжелс

NBA-гийн шилдэг тоглогч: Лэброн Жэймс, Кливлэнд Кавальерс

WNBA-гийн шилдэг тоглогч: Майа Мур, Миннесота Линкс

NHL-ийн шилдэг тоглогч: Алекс Овечкин, Вашингтон Капиталс

Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин: Криштиану Роналду

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин: Сэм Керр

 

Криштиану Роналдугийн Турин дахь амьдрал эхэллээ

Португалын шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду албан ёсоор Италийн “Ювентус”-т очлоо. Турин хотод түүний нэрээр нэрлэгдсэн зайрмаг, пицца гарч, өмсгөл нь спортын барааны дэлгүүрийн хамгийн гүйлгээтэй бараа болон хувирч байгаа өнөө үед португал эр пап ламаас ч илүү нэр хүндтэй болов.

“Ювентус” клуб “Реал Мадрид”-аас 33 настай довтлогчийг 100 сая еврогоор худалдаж авсан нь Италийн дээд лиг болох Сери А-гийн рекорд үнэ юм. Италийн лигт хамгийн үнэтэй шилжилт хөдөлгөөнийг Поль Погба хийсэн удаатай. Тэрбээр “Ювентус”-аас “Манчестер Юнайтед” 89 сая еврогоор очиж байлаа. Харин К.Роналду Италийн аваргуудтай дөрвөн жилийн гэрээ байгуулжээ.

Ингээд К.Роналдугийн шилжилтийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.


Цалин

Түүний жилийн цалин 30 сая евро. Дөрвөн жилийн хугацаанд Италийн клубээс 120 сая еврог “халаасална”. Сарын цалин нь ойролцоогоор 2.5 сая евро. Долоо хоногт 625 мянган евро гээд бод доо.

Tradingeconomics.com цахим хуудсанд 2016 оны гаргасан дүгнэлтээр италичуудын сарын дундаж цалин 2426.2 еврод хүрч байв. Харин энэ цалинг К.Роналду ердөө л 42 минутад олж буй гэсэн үг аж.

Гэхдээ К.Роналду дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин биш. Түүний урд Испанийн “Барселона”-гаас 40 сая евро авдаг Л.Месси, Францын “ПСЖ”-гээс 36 саяыг авдаг Нэймар нар бичигдэнэ.

Турин хот түүнийг угтаж авав

Турин хотын зүрхэнд 30 гаруй жил оршиж буй “Gelateria Miretti” амттаны дэлгүүрийн эзэн Леонардо Ла Порта К.Роналдуд зориулсан амттан гаргажээ. Шинэ бүтээгдэхүүнээ тэр CR7 хэмээн нэрлэсэн аж. Өдгөө 50 настай Леонардо “Ювентус”-ын хөгжөөн дэмжигч бус, хөлбөмбөгийг ч нэг их үздэггүй хүн. Гэхдээ хотод нь тохиолдсон онцгой үйл явдалд зориулан амттан гаргадаг гэдгээрээ алдартай. Гэхдээ хувь хүнд зориулж зайрмаг хийсэн явдал ганц л удаа болжээ. Ромын Пап ламтанг 2015 онд Ювентуст хөл тавихад шинэ бүтээгдэхүүнээ түүний нэрээр нэрлэсэн түүхтэй.

“Ювентус”-ын улирлын тасалбар эзэмшигч ах дүүс болох 31 настай Филиппо, 26-тай Томмасо Кроцасо нар “Tommy Tegamino” хэмээх пиццаны сүлжээ рестораныг ажлуулдаг. Тэд португал эрд зориулан “Pizza CR7”-г гаргажээ. К.Роналдугийн “7” дугаарыг бэлгэдлээ болгосон тус пиццаг мөн л 7 еврогоор худалдаж авах боломжтой.

К.Роналдугийн өмсгөлийн борлуулалт ч сайн байгаа. Зөвхөн Туринд гэлтгүй Милан дахь “Ювентус”-ын албан ёсны дэлгүүрт нэг минут тутамд л К.Роналдугийн өмсгөл зарагдаж буй. Дэлгүүрүүдээр Роналдугийн нэрийг хэвлэх үсэгнүүд дуусч, өдөртөө амжихгүй болсон тул өмсгөл авч чадаагүй фанатууд ч олон бий. Түүний өмсгөл худалдаанд гарсан эхний өдөр гэхэд 520 мянган өмсгөл зарагдсан билээ. Тэд нэг өмсгөлийг ойролцоогоор 123 “ногоон”-оор зардаг гэж үзвэл ойролцоогоор 63 саяын ашиг олсон гэсэн үг. Түүнчлэн “Ювентус” түүнийг эгнээндээ нэгтгэх болсноо зарласнаас хойш инстаграм хуудсанд 1.4 сая, твиттерт 1.1 сая, фэйсбук хуудсанд нь 500 мянган хүмүүс нэгдэж орсон гэнэ.

Шинэ гэр

Италийн хэвлэлд дурдсанаар К.Роналду өмнө нь Зинедин Зидан, Фабио Каннаваро нарын амьдарч байсан эдлэн газрыг түрээсэлжээ. Турин хотын зүүн хэсэгт оршдог энэхүү гурван давхар байгууламж найман унтлагын өрөөтэй гэнэ. Хэрвээ нэрт тоглогчид ямар нэг хямдрал үзүүлээгүй бол нэг өдрийн түрээсийн төлбөр нь 40 мянган евро бололтой.

Криштиану Роналду албан ёсоор “Ювентус”-т очлоо

Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналду албан ёсоор Италийн “Ювентус”-т очлоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Италийн баг нэрт довтлогчийг авахын тулд 105 сая фунт стерлинг буюу 139 сая ам.доллар зарцуулсан аж. Түүнчлэн “Telegraph” сонины спортын сэтгүүлч Люк Эдвардсын мэдээлснээр К.Роналду долоо хоногт 500 мянган фунтын цалин авах гэнэ. “Ювентус” шинэ довтлогчтойгоо дөрвөн жилийн гэрээ байгуулжээ.

К.Роналду Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа багтаа үлдэх хүсэлгүй байгаагаа зарласан юм. Зарим нь үүнийг цалингаа нэмүүлэх арга гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр өөр зүйлс нөлөөлсөн бололтой. Өдгөө 33 настай К.Роналдугийн төлөө ийм их мөнгө зарцуулж, тийм их хичээл зүтгэл гаргасан нь бас эрсдэлтэй алхам юм.

Португал довтлогч “Реал Мадрид” клубт 438 тоглолтод оролцож, 450 гоол оруулсан төдийгүй 15 цом авчирсан. Тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр дөрвөн удаа нэрлэгдсэн юм.

К.Роналду Аваргуудын лигийн түүхэнд “Ювентус”-ын эсрэг тоглохдоо 10 гоол оруулсан. Энэхүү үзүүлэлтээр тэр нэг багийн эсрэг хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон юм. Түүнчлэн “Реал”-д байхдаа 84.05 минутад нэг гоол оруулж, 119 оновчтой дамжуулалт өгсөн билээ.

Жианлужи Буффон “ПСЖ”-д зүтгэнэ

Италийн домогт хаалгач, “Ювентус”-т олон жил зүтгэсэн Жианлужи Буффон Францын “Парис Сэйн Жейрман” клубт нэг жил зүтгэхээр гэрээ байгууллаа.

Өдгөө 40 настай итали эр 17 жил “Ювентус”-ын хаалгыг манасан ч өнгөрсөн улирлын дараагаар гэрээгээ сунгаагүй юм. Сери А-д 9 түрүүлсэн эрхэм Францын клубтэй нэг жилийн гэрээг үзэглэжээ.

Шинэ клубт очих болсон тухай Буффон “ПСЖ-гийн хөгжөөн дэмжигчид юу хүсч байгааг би сайн мэдэж байна. Тиймээс өөрийнхөө туршлага, ур чадвараа ашиглаад ирээдүйд энэ багт гайхалтай цаг үеийг өнгөрүүлэх болно гэж найдаж байна. Би анх удаагаа эх орноо орхиж, өөрийгөө сорих шийдвэр гаргалаа” гэж ярьжээ.

Ж.Буффон одоогоор гараанд гарах эсэх нь тодорхой бус. Түүнтэй Филиппин гаралтай франц хаалгач Альфонс Ареоля гарааны төлөө өрсөлдөнө гэж BBC мэдээлэв.

Итали хаалгач карьерынхаа турш 1050 тоглолтод оролцож, Италийн Сери А-д 9, Италийн цомд 5 түрүүлсэн билээ.

Ж.Буффон Италийн шигшээд 176 тоглолтод оролцсон гэдгээрээ рекорд тогтоосон. Харамсалтай нь, Италийн шигшээ баг ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй тул шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргасан билээ.

Агуйд төөрсөн хөвгүүдийг 9 хоногийн дараа олжээ

Тайландын хөлбөмбөгийн хөвгүүдийн нэгэн багийн 12 хөлбөмбөгчин, нэг дасгалжуулагчийн хамт алга болоод 9 хоносон бөгөөд тэднийг агуйгаас эсэн мэнд олсон талаар BBC мэдээллээ. 11-16 насны 12 хөвгүүд 25 настай туслах дасгалжуулагчийн хамтаар 10 км үргэлжилдэг Там Луанг агуйд алга болсон юм. Жуулчдын анхаарлыг ихэд татдаг энэ агуй нь борооны уснаас дайжиж, нутгийн иргэдийн гэртээ харьдаг бас зам болдог аж. Ялангуяа борооны улиралд энэ агуй шиг хэрэгтэй зам үгүй гэнэ. Гэвч үерийн усны улмаас агуйг орхих гарц хаагдаж, 13 хүн тэндээ нуугдахаас өөр гарцгүй болсон байна.

Тайландын Засгийн газраас хохирогчдыг эрж хайх ажилд олон улсаас тусламж хүссэн. Үүний дагуу Хятад, Мьянмар, Их Британи зэрэг орноос 1000 гаруй аврах ажилтнууд оролцсон эрлийн баг ажилдаа гарсан юм.

Тэднийг Их Британийн хоёр аврагч олсон байна. Алга болсон хөвгүүдийн эцэг эх нь анх цагдаад мэдээлснээр тэднийг эрж хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд анх алга болсон газраас 400 метрийн өндөрт тэднийг олсон байна.

Тайландын зүгээс хөвгүүдийг хайх ажилд олон улсын байгууллагаас тусламж авсан юм. Үүний дагуу Их Британийн аврах албаны ажилтнууд болох Рик Стэнтон, Жон Волантен нар өнгөрсөн долоо хоногт Тайландад очжээ.

Аврах албаны хоёр британи залуу нэгэн агуйнаас англиар ярихыг сонссон байна. Улмаар британи залуус тэднийг хэдүүлээ байгааг нь лавлахад 13 гэж хариулжээ. Улмаар илүү олуулаа ирж бүгдийг нь гаргаж авахаа хэлээд энэ бүхэнд багагүй хугацаа орохыг сануулахад нэг хүү “Бид өлсөж байна, хоол авчраач” гэх нь сонсогджээ.

Түүнчлэн нэгэн хүү хэд дэх өдөр болж байгааг лавлахад “Өнөөдөр даваа гариг, Та нар энд 10 хоног болсон” гэж аврагчид хариулжээ.

Алга болсон хөлбөмбөгийн багийн тамирчид бүгд 11-16 насны хөвгүүд юм. Тэд зургадугаар сарын 23-наас хойш сураггүй болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тэднийг агуйд орох үеэр

Одоогоор Тайландад борооны улирал эхэлж байгаа. Энэ үеэр хөрсний гулгалт үүсч, агуйгаар явахад аюултай болдог тул сураггүй болсон хөвгүүд, туслах дасгалжуулагчийнхаа хамтаар агуйд нуугдахаас өөр зүйл хийж чадахгүй байжээ. Гэхдээ албаныхан шаварлаг, ус ихтэй агуйгаар явахын тулд шумбах, сэлэх чадвартай хүмүүс байх ёстой. Харин хамгийн бага нь 11 настай, туршлагагүй хөвгүүдийн хувьд энэ нь тун хүнд даваа аж. Тиймээс хөвгүүд усны түвшин багасч, аюул холдох хүртэл агуйд сар гаруй амьдрах шаардлагатай. Тиймээс цэрэг армийн зүгээс тэдэнд хоол хүнс нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн орон нутгийн зүгээс утасны шугам нээж, хөвгүүдийг гэр бүлийнхэнтэй нь утсаар яриулахаар оролдож байгаа гэнэ.