Category: Чөлөөт булан

Премьер Лиг цахим хүчирхийллийг арилгахын тулд засгийн газрыг хууль тогтоомж хэрэгжүүлэхийг уриалж байна

Хөлбөмбөгийн холбооноос цахим хүчирхийллийг таслан зогсоохын тулд сүлжээ компаниудыг илүү их зүйл хийхийг албадсан хууль тогтоомж нэвтрүүлэхийг Английн Засгийн газарт уриалав.

Английн хөлбөмбөгийн холбоо энэ талаар гаргасан мэдэгдэлдээ “Бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, компанийг өөрсдийн мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулахыг уриалж, хуулийн заалтыг түргэн шуурхай нэвтрүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Фэйсбүүк, Инстаграм, Твиттерыг “хүч чадлаа” ашиглан энэ өөрчлөлтөд нөлөөлж, цахим ялгаварлан гадуурхлын эсрэг бодит арга хэмжээг авахыг уриалж, бидний хүсэлтэд хариу өгөхийг хүсч байна. Премьер лиг, Английн хөлбөмбөгийн лигийн бусад бүх клуб нийгмийн сүлжээний компаниудыг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ авах ёстойг уриалав.
Английн хөлбөмбөг, спортын байгууллагууд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс амралтын өдрүүдээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийг бойкотлохоор нэгдэж, цахим ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохын тулд илүү их зүйл хийхийг уриалж байна.” хэмээн мэдэгдэл дээрээ бичжээ.

    Чи хэзээ ч ганцаараа алхахгүй

    You’ll never walk alone дууг амилуулж Ливерпүүлийн сүлд дуу болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Жерри Марсден өчигдөр 78 насандаа бурхан болжээ. Амгалан болтугай!

    “You’ll never walk alone” дууны түүх

    “You’ll never walk alone” буюу “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” дууны аяыг хөгжмийн зохиолч Ричард Рожэрс , үгийг нь дуурийн жүжгийн зохиолч Оскар Хаммерштейн бичиж, анх 1945 онд Carousel дуулалт жүжиг дээр эгшиглүүлэн олны хүртээл болгосон аж. Америкийн уугуул Рожэрс, Хаммерштейн нар 1940-50 он буюу дуулалт жүжгийн (мюзикл) театрын “Алтан үе”-д алдарт Бродвейн мюзикл театрыг үндэслэсэн хүмүүс юм. 1960-аад онд Английн хөлбөмбөгийн “Ливэрпүүл” клуб энэ дууг цэнгэлдэхэд тоглолтын өмнө бултаараа дуулдаг сүлд дуу болгон сонгож авсны дараа өөр олон клуб мөн сүлд дуугаа болгожээ.

    “You’ll never walk alone” дуу Carousel-д тоглогдсоноос гадна Фрэнк Синатра, Gerry & the Pacemakers хамтлаг, Элвис Пресли, Дорис Дэй зэрэг олон алдартнууд дуулж, студид бичүүлсэн байна. Америкийн Concert for America, Лондоны Royal Albert Hall, Hyde Park, Salford, Greater Manchester, Hillsborough Castle, Хойд Ирландын Caird Hall, Шотландын Dundee гээд бараг бүх л алдартай театр, задгай талбайд энэ дуу цууриатаж байсан юм.Их Британид төдийгүй дэлхий даяар энэ дууг хамгийн их алдаршуулсан хамтлаг нь Merseybeat стилээр тоглодог Ливерпулийн Gerry and the Pacemakers хамтлаг юм.

    Merseybeat стилийг домогт Жон Ленноны ангийн анд Билл Харри бий болгосон гэдэг.Gerry and The Pacemakers хамтлагийг үүсгэн байгуулагч, Liverpool FC-ийн “час улаан” фэн Жерри Марсден 1963 онд энэ дууг дуулж бичүүлсэн нь Анфилд дахь тоглолт бүрийн өмнө эгшиглэж, копайтуудын сэтгэл зүрхийг хөглөсөөр байгаа билээ.
    Тухайн үедээ Жерригийн “You’ll never walk alone” Британийн шилдэг дууны жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байжээ. Энэ дуу тэр даруйдаа Английн хамгийн суутай Ливэрпүүл хөлбөмбөгийн клубын сүлд дуу болон хувирч клуб болон үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь салшгүй нэгэн хэсэг болсон юм. “You’ll never walk alone” хэмээх үг Мерсисайдын агуу клубын гэр болсон Анфилд цэнгэлдэхийн Shankly Gate хаалга болон сүлдэн дээр байраа эзэлсэн билээ.

    Жерри Марсден 1963 оны зун Ливэрпүүлийн дасгалжуулагч Билл Шэнклид бичүүлэх гэж буй дууныхаа талаар ярьж танилцуулсан хэмээн бидний хайртай клубт 1965-1977 онд тоглож, ахлагчийн туузыг нь ч зүүж явсан Томми Смит дурсан ярьсан байдаг. Дашрамд сонирхуулахад, домогт Шэнкли уян хатан, ухаалаг тоглолтоороо бүхнийг бишрүүлсэн энэхүү хамгаалагчийг “Тэр бол төрсөн биш, нухлагдаж, шигшигдэж гарч ирсэн тоглогч” хэмээн тодорхойлж байв.“Шэнкли тэр дууг сонсоод шууд л дуу алдан биширсэн. Ингээд л тэр даруйдаа энэ дуу манай клубын сүлд дуу болсон доо. Бидний тоглолтыг дагаж явдаг спортын сэтгүүлчид Ливэрпүүл клуб Жерри Марсдений дууг клубынхээ сүлд дуу болгосны дараа тоглолтод нь ямар их нөлөө үзүүлж байгаа талаар уралдан бичдэг байсансан” хэмээн Томми Смит ярьсан удаатай. Дараа нь “You’ll Never Walk Alone” top-chart.-аас алга болсон ч копайтууд дуулсаар ирсэн ажээ. Мэндэлсэн цагаасаа хойш бараг хагас зууны турш мартагдалгүй дуулагдаж, үнэнч копайтууд төдийгүй бусдыг ч “ирлэн хурцалж”, зоригжуулсаар ирсэн хуруу дарам цөөхөн дууны нэг нь яахын аргагүй “When you walk through a storm ……….” юм.

    Ливэрпүүлийн фэнүүд хамгийн шилдэг, хамгийн үнэнч, хамгийн их дуулдаг хэмээх алдрыг хүртэхэд энэ дууны нөлөө багагүй байсан нь ойлгомжтой.Дараагаар нь энэ дууг Шотландын Селтик, Голландын Фейенорд, Твенте, Гамбуур, Германы Боруссиа Дортмунд, Кайзерслаутерн, Боруссиа Мюнхенгладбах, Алеманиа Аахен, Сент Паули, Дармстад, Японы FC Tokyo клубууд сүлд дуугаа болгожээ.Алдарт Pink Floyd 1971 онд гаргасан Fearless цомогтоо “You’ll never walk alone”-ийг багтааж байв. 1985 онд Брэдфорд хотын Valley Parade цэнгэлдэхэд лигийн тоглолтын үеэр гал гарч 56 хөгжөөн дэмжигч амиа алдсан. Тэдний дурсгалыг хүндэтгэсэн олон нийт “You’ll Never Walk Alone”-ийг дуулахад Жерри Марсден, Пол Маккартни, Ролф Харрис нар дунд нь байсан юм. Хэдэн жилийн дараа Испанийн олимпийн хорооны ерөнхийлөгч Алехандро Бланко Анфилдэд “You’ll Never Walk Alone”-г сонссоныхоо дараа “Ийм гоё үгтэй сүлд дуу сонсоод өөрийн эрхгүй дотор нь орчих шиг боллоо. Испаниуд бид төрийн сүлд дууллаа үгтэй болгох хэрэгтэйг ойлголоо” хэмээн өчжээ.2009 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хановер клубын цэнгэлдэхэд харамсалтайгаар хорвоог орхисон залуу хаалгач Роберт Энкег (Германы шигшээд дуудагдаж явсан) амарлингуйн замд нь үдэх ёслол болоход 17 настай сурагч бүсгүй Алина Шмидт “You’ll Never Walk Alone”-ийг дуулжээ.

    2012 оны есдүгээр сард Хилсборогийн хэргийг шалгах хараат бус комиссын дүгнэлт гарсны дараа “You’ll Never Walk Alone” Британийн шилдэг дууны жагсаалтад дахин орж ирсэн байна. 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд Шеффилд хотын цэнгэлдэхэд амиа алдсан Ливэрпүүлийн 96 үнэнч хөгжөөн дэмжигчийн 41-ийнх нь амийг аврах боломжтой байсан, эрх баригчид өөрсдийгөө “цэвэр үлдээж”, энэхүү эмгэнэлт явдалд зөвхөн хөгжөөн дэмжигчид буруутай хэмээн харагдуулахын тулд цагдаа нарын мэдүүлгийг өөрчилж байсан нь тодорхой болсон билээ. 2012 оны есдүгээр сард iTunes-ээс хамгийн их татагдсан дуугаар Жерри Марсдений дуулсан “You’ll never walk alone” тодорчээ. Марсден iTune-ээс татагдсан дууныхаа бүх орлогыг Хилсборогийн буяны санд хандивлах шийдвэр гаргасан нь бүх британичууд, бүх копайтуудын сэтгэлийг хөдөлгөсөн юм.

    Жерри Марсдений дээрх шийдвэрийг Ливерпуль хотын экс дарга, Ливерпулийн парламентын гишүүн Стив Ротерам “Агуу үйлс, агуу хүн” хэмээн тодорхойлжээ. 2012 оны есдүгээр сарын 16-нд “You’ll never walk alone” дуу UK Singles Chart-д 12-р байранд орж ирж, 24-хөн цагийн дотор 28 мянган хувиар татагдаж (зарагдаж) байсан аж.Хилсборогийн дурсгалыг хүндэтгэх 20 жилийн ойн арга хэмжээ Анфилдэд болоход Жерри Марсден хүүтэйгээ гарч ирж “You’ll never walk alone”-ийг дуулаад дуусахдаа уйлж байсан юм. Бидний хайртай Ливэрпүүл клубыг үргэлж ялалт, амжилтад уриалан дуудаж байдаг, копуудын сэтгэл зүрхэнд хоногшсон сүлд дууг амилуулсан Жерри Марсден танд талархаад талархаад ханашгүй.

    You’ll never walk alone!

    Орчуулсан: Б.Нямдорж

    Дуулиан: Артем Зюба шигшээ багаасаа хөөгджээ

    ОХУ-ын нэрт хөлбөмбөгчин Артем Зюба гар хангалаг хийж буй үйлдлээ бичиж, цахим ертөнцөд тавьсан нь дуулиан тарив.

    “Зенит” багийн довтлогч Артем Зюба энэ бичлэгийнхээ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа сэтгэгдэл бичих хэсгийг түр хаасан аж.

    Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесовт багийн гол тоглогчийнх нь дээр увайгүй үйлдэл огт таалагдсангүй. Молдав, Турк, Сербийн эсрэг хийх шигшээгийн бүрэлдэхүүнээс А.Зюбаг хассан байна. Үүгээр ч зогсохгүй ахлагчийн туузыг өөр хүнд шилжүүлэхээр болжээ.

    Энэ жил 32 настай А.Зюбагийн оронд 30 настай, “Локомотив Москва” багийн довтлогч Фёдор Смоловыг шигшээд дууджээ. Одоогоор Испанийн “Сельта” багт зээлээр тоглож буй Ф.Смолов 2012 оноос хойш шигшээдээ 39 тоглолтод оролцож, 14 гоол оруулсан юм.

    Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

    Английн хөлбөмбөгийн лигийн шинэ улирал эхэлж буй энэ үед koo.mn вэбсайтын зүгээс Монголд идэвхитэй ажиллаж буй фэн клубууд, тэдгээрийн хөгжөөн дэмжигчдийн бэлтгэсэн нийтлэлүүдийг спорт сонирхогчдод дамжуулан хүргэх болсондоо баяртай байна.

    Эхний багаар өнгөрсөн улирлын аварга баг Ливэрпүүл клубийн хөгжөөн дэмжигчдийн шинэ улиралдаа бэлтгэн нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна. Мөн доорх холбогдох хаягуудаар та бүхэн тус клубийн хөгжөөн дэмжигчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

    Шинэ улирлын мэнд дэвшүүлье,

    Саяхан л 30 жил хүсэн хүлээсэн лигийн түрүүгээ хүртэж байсан бол одоо шинэ аяллаа эхлүүлэх цаг нь болжээ! Премьер лигийн түрүү Копууд бидний өдрийн бодол, шөнийн зүүд байх үед тэр хараал идсэн цомыг нь ганцхан удаа өргөчих юмсан, тэгээд цаашдаа хамаа ч алга гэсэн адын бодол хүртэл толгойд орж ирж л байлаа. Гэтэл ингээд аварга болсны дараа тэр бодол ор мөргүй замхран арилж, хүндтэй тэр цомыг дахин өөр багт шилжүүлмээргүй тийм л хармын сэтгэл төрдөг юм байна.

    Аваргууд улирлыг хуучин бүрэлдэхүүнээрээ эхлүүлнэ. Зүүн арын байрлалд хүчээ зузаатгаж, Грек хамгаалагч Костас Цимикасыг элсүүлснээс өөр шинэ тоглогч авсангүй. Тиаго Алкантара ирж магадгүй гэж ихэд дуншиж буй ч одоогоор шийдэгдсэн зүйл алга. Солилцооны цонх хаагдах болоогүй байгаа учраас Тиаго ирээд, ганц нэг сэлгээний төвийн хамгаалагч авах болов уу гэсэн таамаглал бий. Харин Ловрэн, Лаллана, Клайн нарын экс гэгээнтнүүд багийг орхисон. Ийм байдалтайгаар л 2020/21 оны улирлаа эхлүүлэх нь дээ.

    Зарим нэг пундит болон зарим нэг хөгжөөн дэмжигчид маань Ливэрпүүл бусад багууд шиг шинэ тоглогч авчраагүй учраас аварга авч чадахгүй гэж үзээд байх шиг. Гэхдээ 19 онд 97 оноотой үзүүрлэж, 20 онд 98 оноотой түрүүлсэн Ливэрпүүл хэвээр байгаа гэдгийг тооцохгүй байх шиг. Миний бодлоор Ливэрпүүл хамгийн хүчтэй контэндэр баг хэвээр л байгаа. 2017 онд Аваргуудын лигийн эрхээ авч, 2018 онд Аваргуудын лигт үзүүрлэж, 2019 онд Аваргуудын лигт түрүүлэнгээ Английн Премьер лигт үзүүрлэж, 2020 онд Премьер лигийн аварга болох хүртлээ Клоппын баг сайжирсаар л ирсэн. Төгс зүйл гэж байдаггүй. Харин төгс рүү тэмүүлж болдог. Манай баг бүрэлдэхүүний хувьд хөгшин баг биш. Гол лидерүүд маань ихэнх нь 30 дөхөж явна. Энэ бол хөлбөмбөгт хамгийн тогтмол тоглож болдог, ид нас гэсэн үг.

    Магадгүй ирэх жилээс багийн шинэчлэлт хийгдэх байх. Клопп маань хэлсэн байсан. Бид өөр бодлоготой, өөр клуб. Бид өрсөлдөөнд байхын тулд заавал бусад шиг жил бүр их мөнгө зарлагадах шаардлагагүй гэж тодорхой мэдэгдэл хийсэн. Ливэрпүүлийг дэмждэг л бол бид наймааны бодлого, төлөвлөгөөг ойлгодог байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх албагүй л дээ. Гэхдээ ойлгоод авчихвал илүү дээр байж мэдэх юм. Клопп энэ жилдээ багт шинэ тоглогч авчрахгүй гэж үзсэн. Тэр бол залуусынхаа хүчин чадал, нөөц бололцоог хэнээс ч илүү мэдэх хүн шүү дээ. Түүнд эргэлзэх “тэнэг” эрхбиш одоо үлдээгүй л байлтай. Энэ жилийн хувьд Такүми Минаминод нэлээд найдлага тавьж байна. Дасан зохицол дууссан, мэдэгдэл хийж эхлэх ёстой жил нь. 2 долоо хоногийн өмнөх Коммюнити шилд дээр орж ирээд л бужигнуулсан, гоол ч оруулсан. Ур чадвартай, сахилга бат сайтай, толгой сийрэг, Япон хандлагатай түүн шиг тоглогч фэйлдэх нь ховор. Өөрөө л хичээж, гэмтэл бэртлээс хол байж чадвал Клопп шиг дасгалжуулагчийн дор гангарах цаашаа л болох учиртай.

    Түүний хувьд бараг л шинэ наймаа гэсэн үг! Дахиад л Наби Кэйта. Аваргуудын лиг, Английн Премьер лигт түрүүлсэн энэ багийн роль тоглогч нь Наби үнэндээ байгаагүй. Түүний хийсэн зүйлсийг үгүйсгэх гээгүй л дээ, гэхдээ Naby lad маань скуад тоглогчийн хэмжээнд л хоёр улирал тоглолоо. Ливэрпүүлд зүүсэн дугаар, түүнд төлсөн үнэ, өөрийнх нь потенциалыг бодоод үзэхээр жаахан хангалтгүй л байсан нь нууц биш. Харин нэг найдлага төрүүлсэн зүйл нь Пандемикын дараах Наби юм. Завсарлаад ороод ирэхэд талбай дээр хамгийн гялалзсан нь Кэйта л байсан. Гэмтэл бэртлээс хол, тэр л формоороо тогловол энэ залуу сүйдийг нь хийх потенциал дүүрэн л санагдаад байгаам. Хамгийн бодитой “шуумарч” буй Тиаго Алкантара Ливэрпүүлд ирчихвэл гартаа хоёр жанлийг нь даалуу, үүлүүтэй хамт атгачихсан мэт л догь суух гээд байдаг. Үнэхээр дэлхийн түвшний хагас хамгаалагчдын нэг бол Тиаго юм билээ. Нуулгүй хэлэхэд золиосонд нь Жини маань явчихвал гунигтай санагдаж буй ч багаа бодвол Алкантара ирсэн нь хэрэгтэй. Энэ наймаа бүхэлдээ фэйлдвэл тэр л биз, Жини багтаа үлдэнэ.

    Үндсэн хагас хамгаалалтынхаа мотороор л дайрч таарна. Гэхдээ энэ нь муудсан гэсэн зүйл биш шүү. Энэ жил өөрсдийгөө илүү харуулах боломжтой тоглогчид бол Куртис Жоунс, Харви Эллиот, Риан Брюстер, Нэко Уиллиамс нар. Тэд Чэмпионс лиг, Премьер лигт тогтмол гараанд гараад байх боломж хомс хэдий ч тоглох минут өнгөрсөн жилтэй харьцуулахад хангалттай олдох болно. Өмнө нь бидний найдлага тавин хүлээдэг байсан Харри Уилсон, Бэн Вүүдбөрн нарын Уэльс залуусын карьер хүндхэн болчихлоо. Түрүү жил Лалланад олдсон минутыг Куртист олгох байх, Харви хүү магадгүй Шакиригийн өмнөх сонголт ч болчих юм билүү. Хөлбөмбөгт ийм зүйл зөндөө л тохиолддог.

    Манай бүрэлдэхүүн бол нимгэн биш! Бид 4 фронтод зэрэг тулалдахад зузаан бүрэлдэхүүн хэрэгтэй гээд л зарим нь онолдох юм. 4 тэмцээнд бэлдэнэ гээд 4 өөр гарааны XI бэлтгэнэ гэж боломжгүй. Санаж байвал 2019 онд Аваргуудын лигт түрүүлэхдээ Английн Премьер лигээ хаяагүй шүү дээ. Эцсийн мөч хүртэл аймаар үзэлцэж, улирлын төгсгөлд тасралтгүй дараалан хожиж, 97 оноотой үзүүрлэж л байсан. Лигийн цом, ФА цомыг Клопп хаялаа гэж ярьдаг. Залуу тоглогчдоо түлхүү ашиглаж, өмнөх долоо хоногт нь гараанд гараагүй хэдийгээ холиод л тоглуулдаг. Бусад хэддээ боломж олгох нь шударга хэрэг.

    Хэрвээ дотоодын цомын хагас шигшээд хүрчихвэл чухал тоглогчдоо ашиглаж л таарна. Судлаад үзээрэй, бүх л багууд ингэдэг. Хамгийн гол асуудал бол ерөөсөө бэртэл гэмтэл. Бэртэл гэмтлийн бараан сүүдэр багаас минь хазгай тусаасай л гэж залбирч сууцгаая. Өнгөрсөн улирлын аваргуудын маань сэтгэл зүй ханачихна гэж арай байхгүй биз. Том цомуудыг өргөөд үзсэн тэд маань улам л шунан дайрна гэж найдаж байна. Клоппо өөрөө мундаг сэтгэл зүйч учраас багийнхаа өлсгөлөн чанарыг яаж хадгалах уу гэдэг дээр илүүтэй ажиллаж магадгүй байх. Өлсгөлөн баг л амжилтад хүрдэг.

    Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой. Гэхдээ түрүү булаалдахын төлөөх өрсөлдөөнд Ливэрпүүл, Ман сититэй тулахын тулд тэдэнд хугацаа хэрэгтэй. Хоорондоо дээр дороо үзэлдэж, тамираа барах хооронд нөгөө хоёр нь тасраад алга болчихно.

    Энэ жил Пэп Гуардиола шартай орж ирэх нь тодорхой. Тэр хоёр жил дараалж Клоппын дор орохыг хүсэхгүй. Өнгөрсөн жил тэдэнд асуудал их байсан, ялангуяа хамгаалалтын шугам.

    Энэ жил Акэг багтаа авч, араа зузаалсан, асуудалгүй алалцана гэж тооцож суугаа биз. Ливэрпүүл, Ман ютд бишээ Ман ситигийн өрсөлдөөн ч энэ цаг үедээ ривал хэмжээнд бараг хүрлээ! Дахин нэг сэтгэл догдлуулсан хөлбөмбөгийн шинэ улирал ийнхүү эхэллээ.

    Дэлхий нийтийг хамарсан аймшигт Коронавирусээс болж 30 жил хүлээсэн лигийн түрүүгээ хоосон цэнгэлдэхдээ өргөсөн. Харин ирэх улирлын төгсгөлд бид галзуу улаан Копуудынхаа өмнө Премьер лигийн мөнгөн цомыг дахиад нэг удаа өргөнө гэх итгэл бүгдийн сэтгэлд асаж буй нь лавтай биз ээ.

    Ирэх улирлын төгсгөлд хос цом, магадгүй бүр трибл хийчихсэн зогсож байх ч юм билүү? Клоппын Ливэрпүүлд тийм потенциал бүрэн дүүрэн бий. Урт холын аялалд нь амжилт хүсээд, Премьер лигийн түрүүгээ 20 болгоорой гэсэн ерөөлөөр дөрөөг нь мялааж мордуулъя даа!

    Чүүүүүү!!! Ливэрпүүл минь #Redman

    Монголд дах Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клубийн хаягууд:
    Facebook page: Mongolian Liverpool Fan Club
    Website: http://liverpoolfc.mn/
    Forum: http://liverpoolfc.mn/forum/
    Twitter: https://twitter.com/LFCMongolia

    Дуулиан: Рональдиног мөнгө угаасан хэрэгт шалгаж байна

    Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдиног Парагвай улсад хуурамч бичиг баримт ашиглаж нэвтэрсэн хэргээр саатуулсан. Тэгвэл албаныхан мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаагаа зарлав.

    Энэ жил 39 настай Рональдино болон түүний төрсөн ахыг Парагвайд саатуулаад долоо хоног өнгөрсөн. Тэгвэл ESPN-ий мэдээлснээр Рональдинод зөвхөн бичиг баримт зөрчсөн гэх асуудлаас гадна мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

    Нэрт хөлбөмбөгчин эр нутгийн бизнес эрхэлдэг эмэгтэй Далиа Лопезийн урилгаар Парагвайд зочилсон. Хууль, хүчний байгууллагынхан Рональдиног саатуулсан ч эхний шүүх хурлын дараагаар батлан даалтаар суллахыг зөвшөөрөөгүй юм.

    Парагвайн прокурор Осмар Легал “Хатагтай Д.Лопез болон бусад хүмүүсийг бүлэглэн мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа тул Рональдиног гадуур чөлөөтэй явуулах нь эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс шүүх үргэлжлүүлэн саатуулах шийдвэр гаргасан юм” гэж тайлбарласан байна.

    Дуулиан: “Манчестер Сити”-г буулгаж авсан хакер

    “Манчестер Сити” клубыг Аваргуудын лигт оролцох эрхийг нь хоёр жилээр хасч, арга хэмжээ авсны дараа цахим ертөнцөд ‘#freePinto’ гэсэн хаштагтай хөдөлгөөн эрчимжсэн. Энэ бол “Манчестер Сити”-гийн санхүүгийн нууцыг ил болгосон португал эр Руи Пинтог дэмжиж буй хүмүүсийн үйлдэл юм.

    2015 онд үл мэдэгдэх хакер “Манчестер Сити” клубын цахим хуудсыг хакердаж, үүнийгээ хэвлэлийнхэнд тараасан хэрэг гарчээ. Хожим сэжигтнийг Португал дахь гэрт нь баривчилсан юм. Гэрээсээ энэ бүхнийг үйлдсэн тэр хүн бол Руи Пинто гэгч.

    Одоогоор Р.Пинто 90 гаруй хэрэгт буруутгагдаад нутгийнхаа шоронд дараагийн шүүх хурлаа хүлээгээд сууж буй. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш торны цаана сууж байгаа юм.

    Р.Пинто таван жилийн өмнө “Манчестер Сити”-гийн цахим шууданг хакердаад 70 сая материал, 3.4 терабайт мэдээллийг Германы хэвлэлд өгсөн юм. Тэрбээр хожим Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юу ч тохиолдож болохыг мэдэж байсан. Португалын хуулиар миний хийсэн үйлдэл буруутай болохыг гадарлаж байсан тулл үүнд бэлэн байх ёстой” гэж ярьжээ.