Tag: дуулиан

Дуулиан: Себастьян Колтеску гэж хэн бэ

Аваргуудын лигийн “ПСЖ”, “Истанбул” багийн тоглолтын үеэр гарсан дуулианаар олны анхаарлын төвд байгаа хүн бол Румыний шүүгч Себастьян Колтеску.

Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж, Аваргуудын лигийн тоглолт хойшлогдсон билээ.

Энэ тоглолтын дөрөвдүгээр шүүгчээр ажиллаж байсан Румын улсын иргэн Себастьян Колтеску талбайн шүүгчид хандан “Истанбул”-ын туслах дасгалжуулагч Пьер Вебог улаан хуудас авах ёстойг учирлахдаа “Тэр хар залуу” хэмээн төрөлх хэлээрээ хэлсэн нь маргааны эхлэлийг тавьсан юм.

Тэгвэл Себастьян Колтеску гэж хэн бэ?

Румыний Крайова хотод төрсөн Себастьян өдгөө 43 настай. Тэрбээр 2006 онд дөрөвдүгээр зэрэглэлийн шүүгч болсон юм. Гэвч хэд хэдэн тоглолт маргаантай шүүсний улмаас зэрэглэл буурч, Румыний хоёрдугаар дивизионы тоглолтыг шүүх болжээ. Нэг жил орчим доод дивизионд ажилласныхаа дараа чансаа ахиж, 2008 оноос дээд лигийн тоглолтыг дэнслэх болсон юм.

“Ла Октава Спорт” хэвлэлийн сэтгүүлч Жэйми Сандовалын мэдээлснээр С.Колтеску зэрэглэл буурсан нэг жилийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, хоёр ч удаа амиа хорлох оролдлого гаргаж байсан гэнэ.

С.Колтеску шүүгчийн замналдаа асуудалд орж буй анхны тохиолдол энэ биш. Одоогоос долоон жилийн өмнө Румыний лигийн “Петролул”, “Газ Метан” багийн тоглолтын үеэр С.Колтеску долоон улаан хуудас, 13 шар карт өргөж байв. Улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн нэгэн тоглогч шүүгчтэй маргалдах үеэр биед нь халдсан гэж гомдол мэдүүлсэн удаатай.

Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа мөн л Румыний лигийн “Астра”, “Стяуа” багийн тоглолтын үеэр орсон гурван гоолыг хүчингүйд тооцож, бас л бөөн маргаан дэгдээсэн эр.

С.Колтеску: Би арьс өнгөөр ялгаварлагч биш

Румын шүүгч талбайн шүүгчид хандан П.Вэбог улаан хуудас авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэхдээ “Negru” хэмээх үг ашигласан аж. Энэ нь румын хэлээр бол “хар” гэсэн утгатай. Тэрбээр “хар залуу” гэх утгаар энэ үгийг ашиглаагүй гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарлажээ. “Ойрын өдрүүдэд хэвлэлээс хол байж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаа. Намайг мэддэг хүмүүс арьс өнгөөр ялгаварлагч биш гэдгийг мэднэ. Ядаж л үүнд найдаж сууна” гэж ойр дотныхоо хүмүүст ярьсан гэнэ.

Аваргуудын лигийн хойшлогдсон тоглолт өнөө шөнө явагдана. Тоглолт маргаанаар завсарласан 15 дахь минутаас хойш үргэлжлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн холбооноос тус тоглолтыг шүүх багийг өөрчилжээ. Талбайд нидерланд шүүгч Дэнни Маккеле ажиллах бол түүний нутаг нэгт Марио Дикс, Польшийн Марсин Бониек туслах шүүгчээр гарна. Харин дөрөвдүгээр шүүгчээр Польшийн Бартош Фрэнковски, VAR-ын хяналтын шүүгчээр Италийн Марко ди Белло, Маурицио Мариани нар ажиллах аж.

Дуулиан: Артем Зюба шигшээ багаасаа хөөгджээ

ОХУ-ын нэрт хөлбөмбөгчин Артем Зюба гар хангалаг хийж буй үйлдлээ бичиж, цахим ертөнцөд тавьсан нь дуулиан тарив.

“Зенит” багийн довтлогч Артем Зюба энэ бичлэгийнхээ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа сэтгэгдэл бичих хэсгийг түр хаасан аж.

Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесовт багийн гол тоглогчийнх нь дээр увайгүй үйлдэл огт таалагдсангүй. Молдав, Турк, Сербийн эсрэг хийх шигшээгийн бүрэлдэхүүнээс А.Зюбаг хассан байна. Үүгээр ч зогсохгүй ахлагчийн туузыг өөр хүнд шилжүүлэхээр болжээ.

Энэ жил 32 настай А.Зюбагийн оронд 30 настай, “Локомотив Москва” багийн довтлогч Фёдор Смоловыг шигшээд дууджээ. Одоогоор Испанийн “Сельта” багт зээлээр тоглож буй Ф.Смолов 2012 оноос хойш шигшээдээ 39 тоглолтод оролцож, 14 гоол оруулсан юм.

Дуулиан: Мишель Платини авилгал авсан хэргээр саатуулагдлаа

Нэгэн цагт Европын хөлбөмбөгийн холбоог удирдаж байсан Мишель Платиниг Францын цагдаагийн газраас авилгал авсан байж болзошгүй асуудлаар саатуулсан байна.

Өдгөө 63 настай М.Платиниг “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг худалдсан хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа юм. Тиймээс Парис хотын авилгатай тэмцэх албаныхан ноён М.Платиниг саатуулж, мэдүүлэг авахаар болжээ.

Францын хууль сахиулагчид өмнө нь энэ асуудлаар FIFA (Олон улсын хөлбөмбөгийн холбоо)-гийн өмнөх тэргүүн Сепп Блатераас мэдүүлэг авсан билээ.

М.Платини 2007-15 онд UEFA-гийн тэргүүнээр ажиллаж байв

Францын хэвлэлд бичсэнээр бол 2010 онд тухайн үед Францын Ерөнхийлөгч байсан Николас Саркозигийн зохион байгуулсан өдрийн хоолны зочид нь М.Платини болон Катарын ерөнхий сайд асан Шейх Тамим бин Хамад Аль Тани нар нар байсан гэнэ. Энэ бол Катарыг хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч орноор зарлахаас ес хоногийн өмнө болсон үйл явдал. Санал асуулгад М.Платини Катарын талд санал өгсөн билээ.

Түүнчлэн дээрх хэрэгтэй холбогдуулж, Францын нөлөө бүхий улс төрч асан Геан Клод, Софи Дин хоёроос цагдаагийнхан мэдүүлэг авсан аж.

М.Платини 2015 оноос хойш хөлбөмбөгтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан. Анх найман жилээр эрхийг нь хассан ч хоёр удаа заргалдсаны эцэст үүнийгээ дөрвөн жил болгосон юм.