Нидерланд 0:2 Чех
Хөлбөмбөгийн арвин их түүхийн эзэд болох нисдэг голландчуудын аялал энэ хүрээд өндөрлөлөө. Тэд энэ тоглолтод эсрэг багаасаа бүхий л зүйлээрээ дутмаг байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ төвийн хамгаалагч Матиас Де Лигт талбайг орхих хүртэл нөхцөл байдал тийм ч муу байсангүй. Тэрбээр 55 дахь минутад хаалгачийн эсрэг гарч болзошгүй довтолгоог гараараа зогсоосны улмаас улаан хуудас хүртэж талбайг орхисон юм. Энэ үеэс л чехүүд тоглолтыг бүтэн хяналтандаа байлгаж эхлэв. Ийнхүү 68 дахь минутад хагас хамгаалагч Томаш Холеш салхийг хагалсан бол 80 дахь минутад Патрик Шик эцсийн цэгийг тависнаар тэд шөвгийн наймд шалгарлаа. Чехүүд хамгийн сүүлд 2012 онд энэ шатанд хүрч байсан юм. Тэдний дараагийн учраа Данийн шигшээ баг. Харин улбар шарууд 2008 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарсан ч эхний тоглолтдоо бүдэрлээ.
Тоглолтын дараа Матиас Де Лигт “Мэдээжийн хэрэг сэтгэл гонсойж байна. Бид үндсэндээ миний алдаанаас болж хожигдлоо. Одоо бодоход би бөмбөгийг ойлгох ёсгүй байж. Ерөнхийдөө бид тоглолтыг хяналтандаа авсан байсан. Ялангуяа эхний хагаст хэд хэдэн боломжийг үүсгэсэн. Харин чехүүд олон боломж үүсгэсэн гэж би бодохгүй байна. Гэхдээ улаан хуудас бүхнийг өөрчилчихлөө.”
Тоглолтын шилдгээр эхний гоолын эзэн Томаш Холеш шалгарсан юм. Тэрбээр энэ талаар “Би ихэвчлэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эсрэг багийн хамгаалагчид намайг довтолно гэж тооцоолдоггүй бөгөөд үүнийг зарим үед давуу тал болгон ашигладаг. Өнөөдөр сайн тоглосондоо баяртай байна.”
Бельги 1:0 Португал
Евро 2020 тэмцээний сонгодог нэгэн тулаан энэ үдэш явагдлаа. Цомыг хамгаалагч Португалын шигшээ багийн эсрэг улаан чөтгөрүүд. Талбайд гарсан 22 хөлбөмбөгч төдийгүй сэлгээний сандал дулаацуулж буй тоглогчид нь хүртэл дэлхийн шилдгүүдээс бүрдсэн хоёр багийн тоглолтыг дэлхий нийт таалан чих даран хүлээж байлаа.
Нүдээ цавчих завгүй 90 минутын хөлбөмбөгийн ялагчаар Бельгийн шигшээ баг тодорлоо. Цорын ганц гоолыг 42 дахь минутад зүүн жигүүрийн хамгаалагч Торган Азар торгуулийн шугамны гаднаас цөм цохиж оруулсан юм. Энэ цагаас хойш португалчуудын довтолгоо улам ширүүсч тоглолтын турш хаалгаруу 23 удаа цохисон ч тусыг эс оллоо. Ийнхүү Кристиано Роналдогоор ахлуулсан европын бразилчууд гэртээ харихаар боллоо.
Бельгийн шигшээ баг дараагийн шатанд шалгарсандаа баярлаж болох ч тэд хоёр сүпер одоо бэртэлд алдлаа. Тэд бол ах Азар болон Кевин Де Брюйне. Тэдний бэртлийн талаар дасгалжуулагч Роберто Мартинез “Тэднийг яаж байгааг хэлэхэд эрт байна. Кевиний хувьд түүний шагай бэртсэн. Тэр хоёрдугаар үед тоглохыг оролдсон боловч бүтээгүй. Харин Эдений хувьд булчин зовиурласан. Ямартай ч бид тэдний оношлогооны хариуг хүлээх хэрэгтэй.”
Тоглолтын шилдгээр шалгарсан Торган Азар “Иймэрдүү тоглолтуудад гарсан боломжоо дээд зэргээр ашиглах хэрэгтэй. Бид чадлаа. Хаалгач намайг нөгөө буланд нь цохино гэж бодсон тул бөмбөг орлоо. Эх орныхоо төлөө гоол оруулсандаа баяртай байна.”
Португалийн дасгалжуулагч Фернандо Сантуш “Бид гунигтай байна. Зарим тоглогчид маань хувцас солих өрөөнд уйлж байна. Тэд бүх зүйлээ зориулсан шүү дээ. Бельги хаалгаруу 6 удаа цохиод л гоол оруулсан. Бид 29 цохилт хийж, хоёр ч удаа шон онолоо. Ялагдал бол ялагдал. Надад яг одоо хэлэх олон үг алга байна. Бид бүгд ялахыг хүсч байсан. Финалд шалгарч чадна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Үр дүнд ямар ч шударга бус зүйл байхгүй ээ. Тэд гоол оруулсан. Харин бид чадсангүй.”