Шөвгийн наймд тавтай морил аззуричуудаа

Уэльс 0:4 Дани

Хасагдах шатанд шалгарч олон хүний таамгыг эвдсэн уэльсчүүд өдрийн эхний тоглолтыг хийлээ. Тэдний эсрэг энэ тэмцээний хамгийн их бэртэл гэмтэлтэй тулгарч буй даничууд. Гэхдээ бэртэл гэмтэл ч бай, талбай дээр уэльсчүүд ч бай тэднийг зогсоож дийлэх зүйл энэ үдэш байсангүй. Тоглолтын эхнээс л аюул тарьж байсан тэд 27 дахь минутад зорилгодоо хүрч чадлаа. Гоолын эзэн Каспер Долберг. Тэрбээр хоёрдугаар хагас эхлээд удалгүй дахин нэг гоолыг хаалганд шигтгэснээр Уэльсийг улам л хүнд байдалд оруулав. Гэхдээ энэ байдлаас хэрхэн гарах аргаа тэд хараахан олж чадсангүй. 88 дахь минутад жигүүрийн хамгаалагч Жоаким Маехли энэ тэмцээний хоёр дахь гоолоо оруулсан юм. Тоглолтын эцсийн цэгийг азгүй, мэдрэмжгүй гэж олон фанатуудаас зэмлэл сонсдог “Барселона” клубын довтлогч Мартин Брэйтвейт оруулж энэхүү тэмцээнд анх удаагаа онооны самбарт нэрээ гаргалаа.  

Ийнхүү даничууд хамгийн сүүлд 2012 оны Еврод шөвгийн наймд хүрч байсан бол дахин тавцанд гарч ирлээ.

Энэ талаар дасгалжуулагч Каспер Хюлманд “Үүнийг бодит гэхэд итгэмээргүй юм. Залуусаа тэмцэж байгааг нь хараад би үнэхээр биширлээ. Хэн ч талбайд гарсан хийх ёстойгоо хийж маш сайн тоглож байна. Энэ залуучууд бол жинхэнэ дайчид.”

Харин тэмцээнийг орхиж буй Уэльсийн шигшээ багийн ахлагч Гарэт Бэйл “Тэд бол сайн баг. Бид өмнө нь тэдэнтэй тоглож байсан,тэр үед тэд маш сайн зохион байгуулалттай байсан. Энэ удаад ч ялгаагүй тийм байж чадлаа. Мэдээж хэрэг тэдний өрсөлдөөнд маш том амжилт хүсье. Харин бид гэртээ харих боллоо. Гэхдээ есөн сараас бид өөр нэгэн сорилтоо эхлүүлэх болно.”

Итали 2:1 Австри

Өдрийн сүүлийн тоглолтыг төгс амжилттай яваа италичууд хийлээ. Гэхдээ тэд төгс формоо хараахан үзүүлж чадсангүй. Учир нь Давид Алаба тэргүүтэй австричууд энэ тоглолтод маш сайн бэлдсэн байлаа. Тэд үндсэн цагт хаалганы торыг хөдөлгөж чадсан ч харамсалтай нь отон тоглолт болж тооцогдсонгүй. Ийнхүү өрсөлдөөнд 90 минутад хангалтгүй байлаа. 

Харин нэмэлт цагт Роберто Манчини сайн бэлджээ. Түүний хийсэн сэлгээнүүд тоглолтыг шийдэж орхив. Нэмэлт цаг эхлээд тавхан минут өнгөрч байхад “Ювентус” клубын залуу авьяастан Федерико Киеса багтаа тэргүүллийг авчирлаа. Удалгүй мөн л сэлгээгээр гарч ирсэн залуу Маттео Пессина тоог холдуулж италичууд энэ цагаас л тайвшрах шиг болов. Үлдсэн хугацаанд австричууд нэг гоолыг оруулсан ч ямар нэгэн тусыг эс оллоо. Ийнхүү тэд гэрийн зүг жолоо барилаа.

Тоглолтын шилдгээр Леонардо Спиназзола, тодорсон ба тэрбээр: “Ялалт байгуулсандаа сэтгэл хангалуун байна. Бид өнөө шөнө жинхэнэ багаараа тоглосон гэж бодож байна. Шаардлагатай үед бид хамтдаа хамгааллаа. ​​Нэмэлт цагийн өмнө бид эцсийн дамжуулалтууд дээрээ анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь гоолуудаа оруулж чадлаа. “

Австрын шигшээ багийн тоглогч Марко Арнаутович “Юу хэлэхээ мэдэхгүй байна. Хэрэв аз таарсан бол бид үндсэн цагт хожих байлаа. Бид үнэхээр сайн тоглож, боломж бүрдүүлсэн. Иймээс үүнийг илүү сайн үр дүнтэй дуусгаж болох байсан. Багийнхаа бүх хүмүүст талархал илэрхийлье. “

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *