Баяртай Франц, баяр хүргэе Швейцарь

Хорват 3:5 Испани

Хэсгийн шатны сүүлийн тоглолтоос эрхээ өвөртөлсөн хоёр баг энэ үдэш туллаа. Өнгөрөгч ДАШТ-ий дэд аварга Хорват болон ялагдашгүй армада. Тоглолт Копенхаген хотын “Паркен” цэнгэлдэхэд  явагдаж, цаг агаар нарлаг сайхан байсан хэдий ч талбай дээр гоолын бороо асгарлаа.

Эхний гоолыг Испанийн залуу авьяастан Педри өөрийн хаалганд оруулсан юм. Гэхдээ энэ түүний алдаа гэхээсээ илүү хаалгач Унай Симоны хариуцлагагүй үйлдэл байв. Тэрбээр Педригийн дамжуулсан сул бөмбөгийг тогтоож чадалгүй эх орныхоо хилийн зураас мэт шугамаар давуулчихав. Гэхдээ Луйс Энрикегийн залуус түүний алдааг засч эхлэв. Эхний хагасын төгсгөлд Пабло Сарабиа тоог тэнцүүлсэн бол завсарлагааны дараа Цезар Азпиликуэта, Ферран Торрес нар давамгайллыг авчирлаа. Ийнхүү тэргүүллийг авсан испаничууд хэт их тайвширсан уу гэмээр тоглолтыг энэ үеэс үзүүлж эхлэв. Гарааны хоёр ч хамгаалагчаа тоглолтын дундуур сольсон тэдний хамгаалалтын  зохион байгуулалт эрс муудлаа. Эсэргээрээ Златко Даличийн солилцоонууд үр дүнгээ өгч 85 дахь минутад Мислав Оршич, сунгасан цагт Марио Пасалич нар гоолдож ямартай ч бүтэн амьсгаа авахтай болов.

Гэхдээ өөр нэг эрхэм энэ тоглолтын шийдсэн гэхэд буруудахгүй. Тэр бол Испанийн шигшээ багийн довтлогч Алваро Мората. Испани эр энэ тоглолт төдийгүй тэмцээний турш тааруу формтой байж олон сайхан боломжийг салхинд хийсгэж байсан бол чухал мөчид баатар нь байж чадлаа. Тэрбээр 100 дахь минутад Дани Олмогийн дамжуулалтыг солгой хөлөөрөө солиотой төгсгөж давуу байдлыг авчирсан юм. Гэхдээ гоолын самбарт нэрээ гаргах тамирчин дуусаагүй л байлаа. Моратагийн гоолоос гуравхан минутын дараа “Реал Сосьедад” клубын довтлогч Микел Ояарзабал эцсийн цэгийг тавьж армадачууд аялалаа үргэлжлүүлэхээр боллоо. 

Тоглолтын дараа

Тоглолтын шилдгээр шалгарсан Испанийн шигшээ багийн ахлагч Серхио Бускетс: “Шөвгийн наймд шалгарна гэдэг бол бид сайн баг болсны илрэл. Өнөөдөр маш сайн байж хүнд өрсөлдөгчийг яллаа. ​​Бидний бэлтгэлжилт үнэхээр сайн байгаа бөгөөд тэмцээний турш сайжирсаар байна. “

Энэ тэмцээн сүүлийн евро нь байсан байх магадлалтай Лука Модрич “Бид азтай байдлаар тэргүүллийг авчихсан. Үүний дараа тэд илүү сайн байлаа. Бид зоондоо орж тэднийг довтлох боломж олгосон нь буруу байсан. Харин бид довтолж эхлэхэд нөхцөл байдал тэс өөр болсон. Нэмэлт цагийн эхлэлд бид тэднийг олсон дээр алхаж буй мэт л хүнд байдалд оруулсан. Хоёр ч сайхан боломжийг үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Дараа нь тоглолт эргэсэн. Бидэнд дахиж эргэж ирэх хүч байсангүй.”

Франц 3:3 Швейцарь

4:5 Чөлөөт цохилт

Өдөр бүр өөр нэгэн сенсаци. Өчигдөрхөн нисдэг голландчууд гэртээ харьсан бол энэ удаад дэлхийн аваргууд үзэгч болно гэж хэн таамаглахав. Гарааны бүрэлдэхүүнээс харахад л Дидье Дешам гурван хамгаалагчтай хувилбар сонгож, Клемент Ленгле-ийг гаргасан нь түүнийг швейцарчуудаас жийрхсэн гэлтэй. Гэхдээ түүний сонгосон хамгаалагч хий ихтэй гэдгээрээ танигдсан залуу байлаа. 15 дахь минутад довтлогч Харис Сеферович түүний дээрээс салхийг хагаллаа.

Хэцүүхэн эхлэлтэй тулгарсан францчууд энэ үеэс уулгалан довтлох болов уу гэтэл тэгсэнгүй. Аюул тарихуйц довтолгоог ердөө зохион байгуулж чадахгүй байсан учир завсарлагаанаар Кингсли Команг сонгов. Энэ солилцоо ерөнхийдөө үр дүнгээ өгсөн гэхэд зөрөхгүй. Гэхдээ түүнээс өмнө багийн ахлагч Уго Ллорис 11 метрийн торгуулийн цохилтыг хаагаагүй бол тоглолт аль эрт шийдэгдэж магадгүй байв. Уг үйл явдлаас ердөө 4 минут 3 секундын дараа тооны харьцаа 2:1 болсон байлаа. Үүний дараа Пол Погба Португалын эсрэг хийх гээд чадаагүй гоолоо Янн Соммерын хаалганд хийж францчууд шөвгийн наймын тавцанд нэг хөлөө гаргачихав.

Гэхдээ бүх зүйл энэ үеэс өөрчлөгдлөө. 81 дахь минутад эхний гоолын эзэн Харис Сеферович тоог ойртуулсан бол сүүлийн минутад Марио Гавранович гоолдсоноор бид нэмэлт цаг үзэхээр боллоо. Гэхдээ 30 минутад нэмж хаалганы тор хөдлөлгүй байсаар торгуулийн цохилттой нүүр тулав. Чухал мөчид шилдэг тоглогчид алддаг ёсоор Килиан Мбаппе эцсийн цохилтыг алдаж том зорилго тээн ирсэн дэлхийн аваргууд хоосон хоцорлоо.

Тоглолтын дараа

Францын шигшээ багийн төвийн хамгаалагч Рафаел Варане “Үнэхээр сэтгэл дундуур байна. Эхний үед тэд биднийг бүтэн илүүрхсэн. Харин хоёрдугаар хагаст бид эргэж ирсэн ч мөн адил тэдэнд эргэж ирэх болом олгочихлоо. Торгуулын цохилтын тухайд энэ бол азны тоглоом шүү дээ. Бид нэмэлт цагт л гоол оруулж тоглолтын шийдэх ёстой байлаа.”

Килиан Мбаппегийн цохилтыг хаасан Янн Соммер “Ямар гээч тоглолт вэ, ямар янзын хөлбөмбөг вэ? Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Бид өнөөдөр зүрх сэтгэлээрээ тоглолоо. Торгуулын цохилт алдсаны дараа үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн. Гэхдээ залуус маань эргэн ирж чадсан. Тэднээр бахархаж байна. Бид үргэлж бие биедээ итгэдэг. ”

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *