Монголын хөлбөмбөгчид түүхэн амжилтаа үзүүлсээр. Нутагтаа болж буй Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтод эрчүүд хоёр тоглоод хоёр ялсан амжилтаараа хэсгээсээ гарч, дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр болов. Эхний тоглолтод Макаог 4:1-ээр ялсан манай хөлбөмбөгчид удаах тулаандаа Умард Марианы арлуудын шигшээг хүлээн авч, гоолын мөндөр буулгав. Нийт зургаан тоглогч гоол оруулж, үүнээс гурван тоглогч хоёроос дээш удаа эсрэг багийн хаалгыг мялаасан нь түүхэн үзүүлэлт. Умард Марианы арлуудын шигшээг хоёр жилийн өмнө яг энэ тэмцээнд 8:0-ээр ялж, дээд амжилтаа тогтоосон Монголын эрэгтэй шигшээ баг энэ тоогоо нэгээр ахиулж, 9:0-ээр өрсөлдөгчөө буулган авлаа.
Гараанд гарсан тоглогчдоос М.Төгөлдөр, С.Ганхуяг, Б.Балжинням нар тус бүр хоёр гоол оруулж, А.Тэмүүжин, М.Жансерик, О.Мөнх-Оргил нар гоолдсон.
Ийнхүү Монголын шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд хоёр дахь удаагаа хоёр ялалт байгуулж, бүтэн зургаан оноотой хэсгээ тэргүүлж явна. 2003 оноос хойш зохион байгуулагдсан тус тэмцээнд монголчууд эхнээс нь оролцож эхэлсэн юм. Анхны тэмцээнд хэсэгтээ Гуамыг 2:0-ээр ялсан үзүүлэлттэй өндөрлөсөн бол 2005 онд хэсэгтээ 4 оноогоор тэмцээнээ дуусгасан удаатай.
Зүүн Азийн АШТ-д Монголын шигшээ багийн амжилт:
- 2003 – 3 оноо (Гуамыг 2:0-ээр ялсан)
- 2005 – 4 оноо (Гуамыг 4:1, Тайваньтай 0:0)
- 2008 – 1 оноо (Макао 0:0)
- 2010 – 6 оноо (Макаог 2:1, Умард Марианы арал 4:1)
- 2013 – оролцоогүй
- 2015 – 3 оноо (Умард Марианы арал 4:0)
- 2017 – 4 оноо (Макаотой 2:2, Умард Марианы арал 8:0)
Сонирхуулахад, 2010 онд манай улс хэсэгтээ хоёр ялсан ч Гуамд 2:1-ээр хожигдсон тул 6 оноогоор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн. Тэр жил Гуам 7 оноогоор хоёрдугаар шатанд шалгарах эрх авч байлаа.
Одоо энэ сарын 6-нд 17:00 цагаас Гуамтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Бидэнд анх удаагаа нэгдүгээр шатнаас гарахад ганцхан оноо хэрэгтэй.
Хэрвээ дараагийн шатанд шалгарвал Тайвань, Хонконг, Хойд Солонгосын багтай ирэх арваннэгдүгээр сард сүүлийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөх юм.