Л.Месси оны шилдэгт нэр дэвшсэнгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос шалгаруулдаг шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд тунаж үлдсэн гурван хөлбөмбөгчнийг тодрууллаа. Гэхдээ уг жагсаалтад сүүлийн 12 жил дараалан нэр дэвшиж, таван удаа шилдгээр нэрлэгдсэн Аргентинийн шигшээ болон Испанийн “Барселона” клубийн тоглогч Леонил Месси багтаагүй нь гол дуулиан болов.

Харин сүүлийн гуравт Криштиану Роналду, Мохамед Сала болон Лука Модрич нар тунаж үлдсэн аж. К.Роналдугийн хувьд сүүлийн хоёр жил дараалан, нийт таван удаа тус шагналыг хүртсэн бол М.Сала, Л.Модрич нар анх удаагаа сүүлийн гуравт үлдсэн нь энэ.

Уг шагналыг олгохдоо хөлбөмбөгийн сэдвээр дагнадаг сэтгүүлч, сурвалжлагч, шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар, хөгжөөн дэмжигч нараас тус бүр 25 хувийг нь бүрдүүлж, санал асуулга явуулдаг уламжлалтай.

Олон улсын хөлбөмбөгийн “FIFA Legends” Английн шигшээгийн төвийн хамгаалагч байсан Сол Кэмпбэлл, Английн эмэгтэй шигшээ багийн тоглогч асан Кэлли Смит, Нигерийн шигшээгийн довтлогч асан Кану, Данийн алдарт хаалгач асан Петр Шмейхель нар нэр дэвшив.

Шилдэг хаалгачид ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээгийн үндсэн хаалгач Уго Ллорис, ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээгийн №1 Тибау Куртуа, Данийн хаалгач Каспер Шмейхель нар өрсөлдөх аж. Эмэгтэй шилдэг тоглогчоор Норвегийн Ада Хегерберг, Германы Женнифер Марожан, Бразилын Марта нар нэр дэвшсэн.

Харин шилдэг дасгалжуулагчаар “Реал Мадрид”-ыг Аваргуудын лигт түрүүлэхэд тус болсон Зинедин Зидан, Хорватын шигшээг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд удирдсан Златко Далич, Францын шигшээг ДАШТ-д түрүүлэхэд ажилласан Дидье Дешам нар өрсөлдөж байна. Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар “Лион” клубийн Рэйналд Педрос, Японы шигшээ багийн Асако Такакүра, Нидерландын Сарина Вегман нар нэр дэвшсэн.

Уг шагналыг ирэх есдүгээр сарын 24-нд Лондон хотод болох гала концертийн үеэр гардуулах юм.

Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчинд нэр дэвшсэн:

  • Криштиану Роналду (Реал Мадрид/Ювентус, Португал)
  • Лука Модрич (Реал Мадрид, Хорват)
  • Мохамед Сала (Ливерпуль, Египет)

Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинд нэр дэвшсэн:

  • Ада Хегерберг (Лион, Норвеги)
  • Женнифер Марожан (Лион, Герман)
  • Марта (Орландо, Бразил)

Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч:

  • Златко Далич (Хорват)
  • Дидье Дешам (Франц)
  • Зинедин Зидан (Франц)

Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч:

  • Рэйналд Педрос (Франц)
  • Асако Такакүра (Япон)
  • Сарина Вегман (Нидерланд)

Шилдэг хаалгач:

  • Тибуа Куртуа (Бельги)
  • Уго Ллорис (Франц)
  • Каспер Шмейхель (Дани)

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *