Tag: Дани

Шөвгийн наймд тавтай морил аззуричуудаа

Уэльс 0:4 Дани

Хасагдах шатанд шалгарч олон хүний таамгыг эвдсэн уэльсчүүд өдрийн эхний тоглолтыг хийлээ. Тэдний эсрэг энэ тэмцээний хамгийн их бэртэл гэмтэлтэй тулгарч буй даничууд. Гэхдээ бэртэл гэмтэл ч бай, талбай дээр уэльсчүүд ч бай тэднийг зогсоож дийлэх зүйл энэ үдэш байсангүй. Тоглолтын эхнээс л аюул тарьж байсан тэд 27 дахь минутад зорилгодоо хүрч чадлаа. Гоолын эзэн Каспер Долберг. Тэрбээр хоёрдугаар хагас эхлээд удалгүй дахин нэг гоолыг хаалганд шигтгэснээр Уэльсийг улам л хүнд байдалд оруулав. Гэхдээ энэ байдлаас хэрхэн гарах аргаа тэд хараахан олж чадсангүй. 88 дахь минутад жигүүрийн хамгаалагч Жоаким Маехли энэ тэмцээний хоёр дахь гоолоо оруулсан юм. Тоглолтын эцсийн цэгийг азгүй, мэдрэмжгүй гэж олон фанатуудаас зэмлэл сонсдог “Барселона” клубын довтлогч Мартин Брэйтвейт оруулж энэхүү тэмцээнд анх удаагаа онооны самбарт нэрээ гаргалаа.  

Ийнхүү даничууд хамгийн сүүлд 2012 оны Еврод шөвгийн наймд хүрч байсан бол дахин тавцанд гарч ирлээ.

Энэ талаар дасгалжуулагч Каспер Хюлманд “Үүнийг бодит гэхэд итгэмээргүй юм. Залуусаа тэмцэж байгааг нь хараад би үнэхээр биширлээ. Хэн ч талбайд гарсан хийх ёстойгоо хийж маш сайн тоглож байна. Энэ залуучууд бол жинхэнэ дайчид.”

Харин тэмцээнийг орхиж буй Уэльсийн шигшээ багийн ахлагч Гарэт Бэйл “Тэд бол сайн баг. Бид өмнө нь тэдэнтэй тоглож байсан,тэр үед тэд маш сайн зохион байгуулалттай байсан. Энэ удаад ч ялгаагүй тийм байж чадлаа. Мэдээж хэрэг тэдний өрсөлдөөнд маш том амжилт хүсье. Харин бид гэртээ харих боллоо. Гэхдээ есөн сараас бид өөр нэгэн сорилтоо эхлүүлэх болно.”

Итали 2:1 Австри

Өдрийн сүүлийн тоглолтыг төгс амжилттай яваа италичууд хийлээ. Гэхдээ тэд төгс формоо хараахан үзүүлж чадсангүй. Учир нь Давид Алаба тэргүүтэй австричууд энэ тоглолтод маш сайн бэлдсэн байлаа. Тэд үндсэн цагт хаалганы торыг хөдөлгөж чадсан ч харамсалтай нь отон тоглолт болж тооцогдсонгүй. Ийнхүү өрсөлдөөнд 90 минутад хангалтгүй байлаа. 

Харин нэмэлт цагт Роберто Манчини сайн бэлджээ. Түүний хийсэн сэлгээнүүд тоглолтыг шийдэж орхив. Нэмэлт цаг эхлээд тавхан минут өнгөрч байхад “Ювентус” клубын залуу авьяастан Федерико Киеса багтаа тэргүүллийг авчирлаа. Удалгүй мөн л сэлгээгээр гарч ирсэн залуу Маттео Пессина тоог холдуулж италичууд энэ цагаас л тайвшрах шиг болов. Үлдсэн хугацаанд австричууд нэг гоолыг оруулсан ч ямар нэгэн тусыг эс оллоо. Ийнхүү тэд гэрийн зүг жолоо барилаа.

Тоглолтын шилдгээр Леонардо Спиназзола, тодорсон ба тэрбээр: “Ялалт байгуулсандаа сэтгэл хангалуун байна. Бид өнөө шөнө жинхэнэ багаараа тоглосон гэж бодож байна. Шаардлагатай үед бид хамтдаа хамгааллаа. ​​Нэмэлт цагийн өмнө бид эцсийн дамжуулалтууд дээрээ анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь гоолуудаа оруулж чадлаа. “

Австрын шигшээ багийн тоглогч Марко Арнаутович “Юу хэлэхээ мэдэхгүй байна. Хэрэв аз таарсан бол бид үндсэн цагт хожих байлаа. Бид үнэхээр сайн тоглож, боломж бүрдүүлсэн. Иймээс үүнийг илүү сайн үр дүнтэй дуусгаж болох байсан. Багийнхаа бүх хүмүүст талархал илэрхийлье. “

Нисдэг голланд хэсгээ тэргүүлж, Кевин Дэ Брюйне гайхамшиг бүтээлээ

Украин 2:1 Хойд Македон

Энэ өдрийн эхний тоглолтыг Шевченкогийн залуус хийлээ. Тэдний эсрэг анх удаагаа зодоглож буй македончууд. Хоёр баг хэсгийн эхний тоглолтдоо ялагдал амссан учир зайлшгүй оноо хэрэгтэй байлаа. Энэ ч үүднээс довтолгоо зонхилсон тоглолт явагдаж багууд 30 удаа хаалгаруу цохиод амжжээ. Тоглолтын 29 дэх минутад өнгөрсөн тоглолтод гайхалтай нэгэн гоолыг оруулаад байсан Андрей Ярмоленко салхийг хагаллаа. Үүнээс ердөө тавхан минутын дараа тэрбээр ганган  дамжуулалт өгч Роман Яремчук гайхалтай төгсгөснөөр тоо улам холдлоо. Гэхдээ македончууд бууж өгсөнгүй. 57 дахь минутад Эзган Алиоски тооны харьцааг ойртуулсан ч үлдсэн хугацаанд онооны самбарт нэрээ гаргах хүн олдохгүй байснаар эцсийн шүгэлтэй золголоо. 

Сонирхолтой нь, багууд 11 метрийн торгуулийн цохилтыг аль аль нь алдсан юм.

Украины цохилтыг гүйцэтгэсэн Руслан Малиновский “Би жаахан харамсаж бас сэтгэл дундуур байна. Тоглолтын үеэр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Иймээс үргэлжлүүлэн анхаарлаа алдахгүйг хичээж тоглосон учир ялж чадлаа. Хэрвээ бид оноо алдсан бол би маш их бухимдах байсан байх.”

Хойд Македонийн шигшээ багийн ахлагч Горан Пандев: “Ийм том тэмцээнд 45 минут сайн тоглох нь хангалтгүй юм. Бид бүх тоглолтод хоёрдугаар үед тоглосон шигээ тоглох ёстой. Ялагдсанд уучлаарай. Бид оноо авах боломжтой байлаа. Гэхдээ бид кареертаа анх удаа л ийм тоглолтод оролцож байна шүү дээ. “

Хэсгийн нөгөө тоглолтоос шалгаалан Хойд Македончууд хэсгээс гарах боломжгүй боллоо.

Дани 1:2 Бельги

Битүүхэндээ энэ тоглолт Эриксенд зориулагдлаа. Тоглолтын 10 дахь минутад тоглолт зогсч цэнгэлдэх даяараа түүнд баяр хүргэсэн юм.

Цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдийнхээ урд улаан чөтгөрүүдийг хүлээн авсан даничууд энэ тэмцээний нэгэн рекордыг тогтоолоо. 99 дэх секундэд Юсуф Поулсен багтаа тэргүүллийг авчирсан нь энэ тэмцээний түүхэнд 2-т орох хурдан гоол болсон байна. Хамгийн хурдан гоол 2004 онд Орос, Грекийн тоглолтын орсон ба грекчүүдэд ердөө 67 секунд хангалттай байжээ.

Гэхдээ энэ өдөр даничууд хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Тэдний эхний үеийн тоглолт тун давгүй болж байсан ч нэгэн эрхэм энэ бүхнийг үгүй хийлээ. Тэр бол Кевин Дэ Брюйне. Тэр талбайд гарч ирсэн даруйдаа л нөлөөгөө үзүүлж, 54 дэх минутад гоолын дамжуулалтыг Торган Азардад хаяж тоог тэнцүүллээ. Харин дүүгийнхээ дамжуулалтын өрийг ах Азар 70 дахь минатад дарсан юм. Түүний хаясан бөмбөгийг нөгөө л Кевин Дэ Брюйне хаалгачын баруун доод буланд төгсгөж улаан чөтгөрүүд хэсгээс гарах эрхээ авлаа. 

Тэрбээр гоолын баяраа тэмдэглээгүй бөгөөд энэ талаараа “Мэдээж хэрэг би үнэхээр баяртай байсан л даа. Гэхдээ би энд цугласан хөгжөөн дэмжигчдийг хүндэллээ. Би Эриксений унасан талбайн хэсэгт очсон. Тайван байхыг хичээлээ.”

Тоглолттой холбоотой үзүүлэлт:

  • КДБ гоол түүний анхны ЕАШТ-ий гоол боллоо. Тэр өмнө нь 2012, 2016 онуудад оролцож байсан ч хараахан гоол оруулж амжаагүй байжээ.
  • Дрис Мертенс шигшээ багийнхаа төлөө 10 дахь тоглолтдоо оролцлоо. Тэр энэ амжилтаараа улаан чөтгөрүүдийн бүх цаг үед тавдугаарт бичигдэж байна.
  • Даничууд хамгийн сүүлд 2000 оны Еврод эхний хоёр тоглолтдоо хожигдож байжээ.
  • Бельгүүд анх удаагаа хэсгийн эхний хоёр тоглолтдоо яллаа.

Нидерланд 2:0 Австри

Энэ өдрийг нисдэг голландчууд хаалаа. Тэд өнөөдөр тоглолтын бүхий л хэсэгт австричуудыг илүүрхэж ядах юмгүй буулгаж авлаа. 10 дахь минутад Дензел Думфрисын авчирсан торгуулийн цохилтыг Мемфис Дипай амжилттай гүйцэтгэж тэмцээний эхнээ гоолоо оруулсан юм. 

Хоёрдугаар хагас дундаа орж байхад М.Дипай гайхалтай довтолгооныг эхлүүлж нөгөө л Дензел Думфрис гүйцээснээр нисдэг голландчууд ялалт байгуулав. Тэд ингэснээр хэсгээс I байраар гарахаар боллоо.

Нидерландын дасгалжуулагч Франк Де Бур “Мемфис өнөөдөр пеналт амжилттай болгож мөн гайхалтай довтолгооныг эхлүүлээ. Гэхдээ тэр илүү ихийг хийж чадна. Өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа. Иймээс дараа дараагийн чухал тоглолтод тэр өөрийгөө батлах ёстой. Би түүнд итгэж байна.”

Тоглолттой холбоотой үзүүлэлт:

  • Улбар шарууд сүүлийн 9 тоглолтдоо хоёр буюу түүнээс дээш гоол оруулаад байна.
  • М.Дипай энэ тоглолтуудад 8 гоол оруулжээ.
  • Нидерланд 7 тоглолт дарааллан Австрийг хожлоо. Австричууд 1990 оноос хойш тэднийг барсангүй

Лукаку: Энэ тоглолтыг Эриксенд зориуллаа

Уэльс 1:1 Швейцарь 

Энэ өдрийн эхний тоглолтыг өнгөрөгч Европийн аваргын хамгийн том шуугианыг дэгдээсэн Уэльсийн шигшээ баг швейцарчуудын эсрэг хийлээ. Тоглолт Баку хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, эвийн гэрээгээр өндөрлөлөө. Шүгэл дуугарсан цагаас швейцарчууд тоглолтыг удирдаж илүүрхэж олон аюултай довтолгоо гүйцэтгэсэн ч хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй довтлогч Брийл Эмболо багтаа тэргүүллийг авчирсан юм. Гэхдээ энэ цагаас уэльсчүүд ухаан орж, довтолгоондоо анхаарснаар , “Кардифф Сити” клубын довтлогч Киффер Мүүр 74 дэх минутад тооны харьцааг тэнцүүлснээр багтаа нэг оноо авчирлаа. 

Тоглолтын шилдгээр Брийл Эмболо тодорсон ба тэрбээр бүх тоглогчдыг үнэлгээгээр /8/ тэргүүлжээ. 

Уэльсийн шигшээ энэ тоглолтоос оноо салгаж чадсан ч тэдний довтолгоо асуудалтай хэвээрээ. Учир нь тэд урьдчилсан шатанд ердөө 10 гоол оруулсан ба энэ тоглолтод ч аюул тарих гоолын боломж төдийлөн үүсгээгүй юм. Мөн багийн ахлагч Гарэт Бэйл 2019 оны 10 сараас хойш 11 тоглолт дараалан хаалганы торыг хөдөлгөж чадаагүй байна. Харин Швейцарийн шигшээ баг сүүлийн есөн тоглолтод хожигдсонгүй.

https://www.youtube.com/watch?v=QWjTLGFbCXQ
Тоглолтын тойм

Дани 0:1 Финланд

Хоёр дахь тоглолт Данийн “Копенхаген” клубын “Парк” цэнгэлдэхэд явагдлаа. Уг тоглолтын онцлох үйл явдал нь үр дүн бус Кристиан Эриксений эрүүл мэнд байлаа. Энд дарж уншина уу

Тоглолт дээрх шалтгааны улмаас түр хойшлогдсон ч хэсэг хугацааны дараа үргэлжлэв. Хоёрдугаар хагасын 59 дэх минутад Финландын шигшээ багийн довтлогч Жоэл Похжанпало багтаа тэргүүллийг авчирсан. Үлдсэн хугацаанд оноогоо хамгаалснаар тивийнхээ аваргад анхны хожлоо авлаа. Энэ тоглолтын цор ганц гоолыг оруулсан Жоэл гоолын баяраа тэмдэглэхээс татгалзжээ.

Ямартай ч тоглогчдын сэтгэлзүй тогтворгүй байсан ч ийнхүү тоглолт үргэлжилж дууссан юм. Тоглолтын дараа Данийн шигшээгийн дасгалжуулагч Каспер Хюлманд энэ оройн талаар “Амьдралын хамгийн чухал зүйл бол үнэ цэнэтэй харилцаа гэдгийг сануулсан орой байлаа. Бид тоглолтод хожигдсон ч бидний бүх бодол санаа Кристиан болон түүний гэр бүлтэй хамт байна. Бид түүний төлөө залбирч байна” хэмээжээ.

https://www.youtube.com/watch?v=hQARNgYtVjY
Тоглолтын тойм

Бельги 3:0 ОХУ

Багийн уураг тархи Кевин Де Брюйнегийн эзгүйд бельгичүүд гайхалтай тоглолтоо үргэлжлүүллээ. Тоглолтын эхэнд ОХУ-ын төвийн хамгаалагч Андрей Семёнов уучилж боломгүй алдааг гаргасан ба үүнийг ч бельги довтлогч Ромелу Лукаку өршөөлгүй ашигласан юм. Тэрбээр гоолын баяраа багийн анд Эриксенд зориулсан бөгөөд камерын урд очин “Крис, Крис, би чамд хайртай” гэж хэлжээ.

Лукаку энэ тоглолтод хоёр гоолыг оруулсан юм. Энэ нь түүний шигшээ багийн төлөөх 62 дахь гоол болж бүртгэгдсэн ба тэрбээр 93 тоглолтод энэ амжилтыг үзүүлжээ.

Тэрбээр тоглолтын дараа “Энэ тоглолт гайхалтай байлаа. Гэхдээ миний бодол багийн анд Эриксентэй хамт байсан учир хэцүү байлаа. Түүнийг эрүүл байна гэж найдаж байна. Энэ тоглолтоо түүнд зориуллаа” гэсэн байна. Мөн Эриксений тухай сонссон талаараа тэрбээр “Мэдээжийн хэрэг би айсандаа маш их уйлсан. Би гэр бүлтэйгээ байхаас илүү их цагийг түүнтэй хамт өнгөрүүлдэг. Би түүний талаар болон гэр бүл эхнэр, хоёр хүүхдийнх нь талаар бодсон” гэж өгүүлжээ.

https://www.youtube.com/watch?v=Hn0tcXu6fkg
Тоглолтын тойм

Кристиан Эриксен ухаан оржээ

“Евро 2020” хөлбөмбөгийн Европын АШТ-ий “B” хэсгийн Дани, Финляндын тоглолт цуцлагдлаа. Данийн шигшээ багийн Кристиан Эриксен тоглолтын эхний хагасын төгсгөлд талбай дээр ухаан алдаж унасан. Эмч нар түргэн тусламж үзүүлсний ачаар тоглогч ухаан орсон ч тоглолтыг цуцлах шийдвэр гаргажээ.

Энэ жил 29 настай Италийн “Интер Милан” клубын хагас хамгаалагч Кристиан Эриксен эхний хагасын төгсгөлд ухаан алдсан тул тоглолтыг цуцлах арга хэмжээ авчээ.

Эмч нар түүнд ойролцоогоор 20 минут орчим талбай дээр түргэн тусламж үзүүлсний ачаар ухаан орж, биеийн байдал нь тогтворжсон тул орон нутгийн нэгэн эмнэлэг рүү хүргэгдсэн байна.

Тоглолтыг түр цуцалсан байсан ч хоёр багийн тоглогчдын хүсэлтээр үргэлжлүүлэх болжээ.

Хөлбөмбөгийн ертөнцөд өмнө нь ч талбай дээр иймэрхүү эмгэнэлт явдал болж байв. Английн холбооны цомын тоглолтын үеэр Фабрик Муамба талбай дээр ухаан алдаж, олныг сандаргасан удаатай. Тухайн үед “Болтон”-ы тоглогч байсан Ф.Муамбагийн зүрх 78 минут зогссон билээ.

Эмнэлгийн тусламж авч, амьдралд буцаж ирснийхээ дараа Ф.Муамба хөлбөмбөгийн спортоо орхиж, дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Өдгөө “Рочдэйл” клубын өсвөрийн багийг удирддаг аж.