Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлсийн нэг бол чадварлаг дасгалжуулагч гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.
Тиймдээ ч МХБХ-ны зүгээс “Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028” хөтөлбөрийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна. Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан явуулж байна. АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж буйг дуулгах нь зүйтэй.
Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат 9-р сарын 25-нд дуусна. Харин хоёр, гуравдугаар шат 10-р сард явагдаж дуусах болно. АХБХ-ны В ангиллын сургалтад сууж, зэрэглэлээ ахиулахаар хичээнгүйлэн суралцаж байгаа дасгалжуулагчдад МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, Техникийн Захирал Б.Буман-Учрал нар сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, амжилт хүслээ.
Эх сурвалж: МХБМ