Tag: ДАШТ

Европын аваргын түүх болон баримтууд

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд иржээ. Иймээс тус тэмцээний тухай түүх болон сонирхолтой баримтыг танилцуулъя.

1927 онд тухайн үеийн Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Анри Делаунай анх тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санааг гаргаж байжээ. Тухайн үед ажил хэрэг болж чадаагүй ч Делаунайг нас барснаас гурван жилийн дараа буюу 1958 онд түүний санаа ажил хэрэг болсон юм. Түүний дурсгалыг хүндэтгэн цомыг нэрлэж, 1960 онд Францад анхны буурал тивийн аварга “Европын үндэстнүүдийн цом” нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Анхны тэмцээний урьдчилсан шатанд 17 баг оролцож шигшээ шатанд дөрвөн баг өрсөлдсөний эцэст ЗХУ-ын залуучууд аваргаар тодорчээ. Энэ цагаас хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж буй.  

Баримтууд

  • Европийн аварга нь үзэгчээрээ ДАШТ-ий дараа орох хөлбөмбөгийн тэмцээн бөгөөд 2012 оны финалын тоглолтыг 300 сая, 2016 онд 284 сая хүн дунджаар үзсэн байдаг.
  • Испани болон германчууд түүхэндээ гурван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол тэдний араас Франц улс хоёр түрүүтэй жагсдаг. 
  • Испани нь 2008, 2012 онуудад дараалан түрүүлж байсан цор ганц баг.
  • 1996 оноос эхлэн өнөөдрийн “Евро” нэрээр зохион байгуулагдаж буй.
  • Тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч бол Криштиану Роналду болон Мишель Платини. Тэд хоёул есөн гоолтой. Мөн Роналду хамгийн олон буюу 21 тоглолтод оролцсон.
  • 2016 он хүртэл тэмцээний ялагчид холбооны цомын тэмцээнд оролцох эрх өгдөг байв.
  • 2008 онд цомыг шинэчилсэн. Одоогийн цом нь мөнгөөр хийгдсэн бөгөөд найман кг жинтэй, 60 см өндөр.
  • Тус тэмцээнд нийт 10 улс түрүүлж байсан юм.

Тэмцээний түүхэн үзүүлэлт

Тэмцээний он, зохиогдсон газарАлтМөнгөХүрэл
1960 он Франц улсЗХУЮгославЧекословак
1964 он Испани улсИспаниЗХУУнгар
1968 он Итали улсИталиЮгославАнгли
1972 он Бельги улсБаруун ГерманЗХУБельги
1976 он Югослав улсЧекословакБаруун ГерманНидерланд
1980 он Итали улсБаруун ГерманБельгиЧекословак
1984 он Франц улсФранцИспаниДани, Португал
1988 он Баруун Герман улсНидерландЗХУИтали, Баруун Герман
1992 он Швед улсДаниГерманНидерланд, Швед
1996 он Англи улсГерманЧехАнгли, Франц
2000 он Бельги, Нидерланд улсФранцИталиНидерланд, Португал
2004 он Португал улсГрекПортугалЧех, Нидерланд
2008 он Австри, Швейцарь улсИспаниГерманОрос, Түрк
2012 он Украйн, Польш улсИспаниИталиГерман, Португал
2016 он Франц улсПортугалФранцГерман, Уэльс
1984 оноос эхлэн хүрэл медалийн төлөөх тоглолт хийхээ больсон.

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоод байсан XVI удаагийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 11-нд Италийн Ром хотын “Стадио Олимпико” цэнгэлдэхэд  хөшгөө нээнэ. Тус тэмцээнийг Ирланд, Шотланд, Уэльс улс хамтран, Гүрж, Азербайжан мөн Турк улс зохион байгуулах саналаа хүргүүлсэн ч 2012 оны арванхоёрдугаар сард ЕХХ-оос 2020 оны тэмцээнийг Европын янз бүрийн улс орнуудын хэд хэдэн хотод зохион байгуулж, хагас шигшээ ба шигшээ тоглолтыг Лондонд явуулна гэж мэдэгдсэн. Иймээс энэ удаагийн тэмцээнд анх удаа Европын 12 улс хамтран зохион байгуулах юм. (ЕАШТ-2020 арван хоёр өөр улсад болно)

    Балканы хойгийн орнууд ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй

    Болгар, Грек, Серб болон Румын улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2028 оны Европын АШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Хар тэнгисийн Варна хотод болж буй Балканы хойгийн орнуудын чуулга уулзалтын үеэр ийм мэдээлэл тархжээ.

    Балканы хойгийн орнууд өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан түүх байхгүй ч Югослави улс салахаас өмнө 1976 оны Европын АШТ-ийг зохион байгуулж байсан билээ.

    Тэгвэл Грекийн ерөнхий сайд Алексис Ципрасын мэдээлснээр дээрх дөрвөн улс ойрын 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг нутагтаа зохион байгуулахын төлөө нэгдэхээр болжээ. Түүний энэ бодлыг Болгарын ерөнхий сайд Бойко Борисов дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

    Уругвай улс 100 жилийн дараа эх орондоо ДАШТ-ийг хүлээн авах хүсэлтэй байгаа билээ

    2030 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах сунгаанд өрсөлдөх ганц нэр дэвшигч нь тэд бус. Английн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Америк тивийн зүгээс Аргентин, Уругвай, Парагвай улсууд нэгдэх сонирхолтой байгаа юм. Хэрвээ тэдний хүсэл биелвэл 1930 онд анхны ДАШТ-ийг зохион байгуулснаас хойш 100 жилийн дараа Уругвайд болно гэсэн үг.

    Түүнчлэн Хойд Африкийн бүс нутгаас Марокко, Алжир, Тунис улс хамтарч нэр дэвшинэ. Марокко улсын хувьд өмнө нь таван удаа нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй билээ.

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг 2022 онд зарлах юм.