Tag: Монголын хөлбөмбөг

Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Шүйчи Масэ томилогдлоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Японы Шүйчи Масэ томилогдлоо. Өдгөө 47 настай довтлогч асан Ш.Масэ 2023 оны нэгдүгээр сарын 31-нд хүртэл Монголын насанд хүрэгчдийн шигшээ болон 23 хүртэлх насны залуучуудын багийг удирдах аж.

Японы хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ш.Масэ манай улсад дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Энэ талаар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Японы хөлбөмбөгийн холбооны захирлуудын зөвлөлийн цахим хурлаар зарласан юм.

Ш.Масэ 2006 оноос “Жэфф Юнайтед Чиба” багийн дасгалжуулагч Ивица Ошимын хэлмэрч, дасгалжуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улмаар “Фагиано Окияама”, “Токио Верди” багт туслах дасгалжуулагчаар ажиллаад “Акита Блаублиц”, “Эхимэ ФС”-д ахлах дасгалжуулагчаар томилогдож байв. Хамгийн сүүлд “Акита Блаублиц” багийн спорт хариуцсан тэргүүнээр ажилласан аж.

Тэрбээр Ниппон Спортын шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд 1997-2000 оны хооронд Хойд Америкийн лигт довтлогчоор тоглосон. Зодог тайлаад багагүй хугацаанд Хорватад амьдарсан нь хожим Ивица Ошимын хэлмэрч хийхэд тус болжээ. Англи, Испани, Хорват, Португал хэлээр ярьдаг аж.

Растислав Бозик

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны есдүгээр сараас хойш ажилласан словак мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээний хугацаа хэдхэн хоногийн өмнө дуусаж ажлаа өгсөн билээ. Тэрбээр Японоос шууд нутагтаа буцсан юм.

Хөлбөмбөг: Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлав

Энэ сарын 30-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатанд Японы эсрэг хийх хоёр дахь тоглолтоо хийнэ. Япончууд үүнээс өмнө БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн юм. “Цэнхэр самурайнууд” тус хоёр тоглолтод оролцох багийн бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Английн “Саутхэмптон”-д зүтгэдэг довтлогч Такүми Минамино тэргүүтэй Европд хүч үздэг найман тоглогч энэ удаагийн бүрэлдэхүүнд багтжээ.

Япончууд энэ сарын 25-нд БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Ёкохамад болох тус тоглолтын дараагаар буюу энэ сарын 30-нд Чиба хотын “Фүкүда Денши” цэнгэлдэхэд Монголын шигшээ багийг хүлээн авах юм.

Тивдээ хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг Япон, Өмнөд Солонгосын баг 10 жилийн дараа ногоон талбайд уулзах юм. Тэд хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сард нөхөрсөг тоглолт зохион байгуулахад наран улсын хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 3:0-ээр хожсон билээ.

Хашир туршлагатай хөлбөмбөгчдөөс гадна Хажими Моряасү найман тоглогчийг анх удаа шигшээд дуудсан байна.

Цар тахлын улмаас тус хоёр тоглолтыг үзэгчгүй зохион байгуулах юм. Түүнчлэн тоглогчид гарын үсэг болон бэлэг дурсгалын зүйл солилцохыг хориглосон аж.

Японы шигшээ багийн бүрэлдэхүүн


Хаалгагч

  • Шүсакү Нишикава (Урава Рэдс)
  • Шүйчи Гонда (Шимизү Эс-Пулс)
  • Дайя Маекава (Виссель Кобэ)

Хамгаалагч

  • Майа Ёшида (Сампдорья, Итали)
  • Шо Сасаки (Санфрекке Хирошима)
  • Кэн Мацүбара (Ёкохама Маринос)
  • Микирай Мицүрү (Кавасаки)
  • Шинносүкэ Накатани (Нагаяо Грампус)
  • Рёа Огава (ФС Токио)
  • Кэнхиро Томясү (Болонья, Итали)

Хагас хамгаалагч

  • Эсака Атал (Кашива Рэйсол)
  • Ватарү Эндо (Штутгарт, Герман)
  • Ита Жунья (Генк, Бельги)
  • Харакава Рики (Керезо Осака)
  • Минамино Такүми (Саутхэмптон, Англи)
  • Торү Фүрүхаши (Виссель Кобэ)
  • Хидемаса Морита (Санта Клара, Португал)
  • Хаяо Кавабэ (Санфрекке Хирошима)
  • Камада Дайчи (Керезо Осака)

Довтлогч

  • Юүя Осака (Вердер Бремэн, Герман)
  • Такүма Асано (Партизан Белград, Серб)

МХХ танилцуулж байна: Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан.

Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Говь-Алтай аймгийн шигшээ баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэн бүс, УАШТ-нд амжилт үзүүлж орон нутгийн алдар нэрийг өндөрт өргөх, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхдэд хамтач үзэл бодол төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх зорилготойгоор долоон жилийн хугацаанд үйл ажиллагааг идэвх зүтгэл гарган ажиллаж байна.

Энэ хугацаанд:

  • Говь-Алтай аймгийн анхны Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийг 2017 онд Идэрчүүдийн УАШТ-ний хүрэл медаль хүртсэн
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом тэмцээнд 2017 онд футзалын насанд хүрэгчдийн шигшээ баг 7-р байр,
  • 2019 онд U-16 насны шигшээ баг шагналт 5-р байр,
  • 2019 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Үндэсний цом тэмцээнд шигшээ 8 багт шалгаран 7-р байр,
  • 2020 оны Үндэсний цом тэмцээний нэгдүгээр шатанд 8-р байр,
  • Баруун бүсийн тэмцээнд өсвөрийн шигшээ баг 4 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль, 2 удаа хүрэл медаль,
  • УАШТ-ний шигшээ 8-д 1 удаа, шигшээ 16-д 2 удаа шалгарсан.

Аймаг орон нутгийнхаа алдар нэрийг өндөрт өргөн хөл бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлан 2017-2020 онд 14 сум 1 тосгонд 4,650 км зам туулан хүрч grassroots фестиваль цэцэрлэг, сургуулийн насны 6,854 хүүхэд багачууд нийт 18,600 эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулсан байна.

30 байгууллагад 6,5 сая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэглэгдэхүүн гардуулж сумдын U-15 насны шигшээ багууд аймгийн шигшээ багтай нийт 240 хүүхэд оролцсон нөхөрсөг тоглолт хийсэн байна.

Мөн Алтайн бүсийн аварга шалгаруулах футзалын тэмцээн, MFF-ийн D ангиллын сургалт, grassroots-ийн сургалтад 2 удаа нийт давхардсан тоогоор 105 багш, 370 хүүхэд багачууд тус тус хамруулан амжилттай зохион байгуулан ажилласаар.

Аймгийн хэмжээнд материаллаг бааз Тайшир, Халиун, Бигэр, Дарив сумдад 20×40 мини ногоон зүлгэн талбай, аймгийн төв Алтай хотод 90×45 м харьцаатай ногоон зүлгэн талбай, шинээр баригдаж буй төв цэнгэлдэх хүрээлэнд стандарт шаардлага хангахуйц ногоон зүлгэн талбай, Жаргалан сум 20х40 харьцаатай ногоон зүлгэн талбай тус тус баригдахаар төлөвлөгдөж байна.

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүдэд:
С.Пүрэвжав,
Д.Анхбаатар,
С.Мөнхнасан,
Х.Мөнхцогт, хөл бөмбөгийн холбооны нарийн бичиг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч АFC-ийн C зэрэглэлийн дасгалжуулагч Л.Хатанбаатар, шигшээ багийн дасгалжуулагч MFF-ийн D зэрэглэлийн дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна

Эх сурвалж: МХХ

“Үндэсний шигшээ багийн өдөр”

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АНХНЫ ОНООГОО АВСАН 20-Н ЖИЛИЙН ОЙН ӨДӨР

Монголын шигшээ баг 2001 оны 2-р сарын 19-нд ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа оролцон Бангладешийн багтай 2:2-оор тэнцэж ДАШТ-ээс анхны оноогоо авч байсан билээ. Монгол улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцсон И.Отгонбаяр дасгалжуулагчаар удирдуулсан шигшээ багтай холбоотой 10-н баримтыг хүргэж байна.

  1. Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн анхны ДАШТ оролцох эрхийн төлөөх тэмцээн
  2. Саудын Араб, Вьетнам, Бангладер улсуудтай нэг хэсэгт таарсан
  3. Хэсгийн сүүлийн тоглолтонд Бангладешийн шигшээтэй 2:2 тэнцсэнээр ДАШТ шалгаруулалтаас анхны оноогоо авч байсан
  4. ОУХМ Д.Батзориг, МУГТ Б.Буман-Учрал нар гоол оруулсан
  5. 2018 оноос уг тоглолт болсон өдөр буюу хоёрдугаар сарын 19-нийг “Үндэсний шигшээ багийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх болсон
  6. Шигшээ багийн дасгалжуулагчаа И.Отгонбаяр, багийн ахлагчаар Б.Буман-Учрал нар байсан
  7. Шигшээ багийн дундаж нас 27.1 байсан
  8. 2000 оны Азийн цомын урьдчилсан шатны тэмцээний үеэр нэгэн Солонгос байгууллага бэлэглэсэн өмсгөлийг өмсөж байжээ. Уг өмсгөлтэйгээр Монгол улсын шигшээ баг хоёр жил тэмцээнд оролцсон аж
  9. Нийт 20 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс гээд 25 хүний бүрэлдэхүүнтэй очиж байсан
  10. Шигшээ баг галт тэрэг, усан онгоц, агаарын онгоц, автобусаар гэгчлэн таван хоногт таван улсыг дамнан зорисон газраа очиж байжээ.

Эх сурвалж: МХХ

Алтан бөмбөг 2020: Бэлгэдлийн XI шалгаруулах санал хураалт эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын улмаас тус үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

МХХ, SPS телевизтэй хамтран зохион байгуулах энэ арга хэмжээнд “Бэлгэдлийн XI” болон “Оны шилдэг гоол” тодруулах санал асуулга эхэлжээ.

Холбооны зүгээс энэ удаагийн санал асуулгыг онлайнаар явуулах болсон юм. “Бэлгэдлийн XI”-д 1:4:4:2 хувилбараар буюу нэг хаалгач, дөрвөн хамгаалагч, дөрвөн хагас хамгаалагч, хоёр довтлогч хувилбаар санал өгөх аж.

Уншигч та санал өгөхийг хүсвэл энд дарна уу.

Санал асуулгын эцсийн хугацаа энэ сарын 10-нд дуусна.

https://youtu.be/F7GGv1mk8DE
“Оны шилдэг гоол”-д нэр дэвшигчид

“Алтан бөмбөг” ёслолд тодруулах шагналууд:

  • Оны шилдэг эмэгтэй тоглогч
  • Оны шилдэг футзалын тоглогч
  • Оны шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч
  • Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч
  • Оны шилдэг футзалын багийн дасгалжуулагч
  • “Алтан шүгэл” оны шилдэг шүүгч
  • Оны шилдэг гоол – олон нийтийн саналаар
  • Эрэгтэй “Бэлгэдлийн XI” тоглогч – олон нийтийн саналаар
  • МХХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

Шилдэг эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг МХХ-ноос гаргасан ажлын хэсэг тухайн жилийн тамирчдын үзүүлсэн амжилтыг харгалзан гаргах юм. ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ хөлбөмбөгчин болон ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ тодруулахад 52 хүн оролцоно. Тодруулбал, Дээд болон Нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар, Спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай, хөлбөмбөгийн талаар тууштай бичиж мэдээллэдэг 10 сэтгүүлч, МХХ-ны Техникийн захирал болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар оролцох аж. Харин ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ, ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ, ФУТЗАЛЫН ШИЛДЭГ тамирчинг тодруулахад 34 хүн санал өгнө.

“Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөө өнгөрсөн жилийн лигийн аварга “Улаанбаатар Сити”, энэ жилийн аварга “Атлетик 220” багууд өрсөлдлөө.

Ирэх жил 18 дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээнд манай улсаас лигт түрүүлсэн баг урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авдаг. Гэвч өнгөрсөн жил цар тахлын улмаас уг тэмцээн цуцлагдсан юм. Тиймээс Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тус хоёр багийн эхний тоглолт 1:1-ээр өндөрлөсөн бол хоёр дахь тоглолт өнгөрсөн (2020.10.17) Бямба гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд боллоо. Шийдвэрлэх тулаанд шинэхэн аваргууд өрсөлдөгчөө 3:2-оор буулган авч, улсаа төлөөлөн тивдээ өрсөлдөх эрх авлаа.

Сонирхуулахад, “AFC Cup” тэмцээнд түрүүлсэн баг Азийн Аваргуудын лигт оролцох эрх авдаг билээ.

Монголын хөлбөмбөгчид 2017 оноос хойш уг тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Тодруулбал, 2017 оноос хойш “Эрчим” клуб гурван жил дараалан урьдчилсан шатанд оролцсон бол өнгөрсөн жил “Улаанбаатар Сити”, энэ жил “Атлетик 220” тус тус эрх авлаа.

Гэрэл зургийг: Д.Бямбажаргал

МХХ: Цахим спортын тэмцээн болно

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд МХХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МЭСХ-ны Ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нар оролцов.

“Монголын Электрон Спортын Холбоо” болон “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” хамтран өөрсдийн спортын онцлог, давуу тал зэргийг хоёр талаас уялдуулан Монголын спортын салбарт шинэ тэмцээний формат нэвтрүүлэх, дижитал дээр суурилсан арга барилуудыг нэвтрүүлэх, нөгөө талаар электрон спортоор дамжуулан хөлбөмбөгийн спортыг залуучуудад сурталчилах, хөлбөмбөгийн спортоор дамжуулан электрон спортыг олон нийтэд зөв таниулах зэргээр хамтран ажиллахад шаардлагатай тогтолцоогоор хангах юм.

Цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санан дурссан олон фанатууд цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг гурван үе шаттай зохиогдох цахим тэмцээн олгоно. Эхний шатанд МХХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА сонирхогчдын дунд нээлттэйгээр зохион байгуулах аж. Эцэст нь эдгээр тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч нь цаашлаад цахим хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх эрхийн эзэн болно.

AFC Cup: “Улаанбаатар ФС” клубын хуваарь тодорхой боллоо

“AFC Cup” буюу Азийн клубуудын АШТ-ий урьдчилсан шатанд Монголын “Улаанбаатар ФС”, Тайванийн “Тайпауэр” клуб учраа таарсан юм.

Урьдчилсан шатны тоглолт өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч корона вирусын халдвар тархсан тул хойшлогдсон юм. Тэгвэл Азийн хөлбөмбөгийн холбооноос шинэчилсэн хуваарийг танилцууллаа.

Урьдчилсан шатны эхний тоглолт дөрөвдүгээр сарын 7-нд, харин хариу тоглолт 14-нд болно.

Гэхдээ корона вирусын хориг цаашид сунгагдах эсэхээс уг тоглолт хугацаандаа амжих эсэх нь тодорхой болно. Түүнчлэн хаана, хэдэн цагаас гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Тус хоёр тоглолтын нийлбэрээр хожсон баг урьдчилсан шатны сүүлийн даваанд Хонконгийн “Китчи” багтай дөрөвдүгээр сарын 21-28-нд тулах юм. Урьдчилсан шатны ялагч нь клубуудын АШТ-ий “I” хэсэгт өрсөлдөх аж.

Алтан бөмбөг: Х.Цэнд-Аюуш оны шилдэг хөлбөмбөгчин болов (Фото)

Монголын хөлбөмбөгийн холбоо жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Өчигдөр тав дахь удаагаа зохион байгуулагдсан тус арга хэмжээний фото зургуудыг хүргэе.

Оны шилдгүүд:

Оны шилдэг эрэгтэй тоглогч: Х.Цэнд-Аюуш (Дэрэн)

Футзалын шилдэг тоглогч: П.Алтантулга (Унаганууд)

Оны шилдэг эмэгтэй тоглогч: О.Цасан-Охин (Дэрэн)

Шилдэг гоолын эзэн: Д.Шийрэвжамц (16 хүртэлх насны шигшээ баг)

Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч: Д.Лүмбэнгарав (Улаанбаатар сити)

Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч: Л.Банзрагч (Арвис)

Оны шилдэг шүүгч: Э.Галбадрах

Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин: Д.Шийрэвжамц

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал: “Дуулиан 2020”

Бэлгэдлийн XI

Хаалгач: Б.Ариунболд

Хамгаалагч: А.Дөлгөөн, Д.Төрбат, Г.Билгүүн, Н.Цэдэнбал

Хагас хамгаалагч: А.Нармандах, Х.Цэнд-Аюуш, Б.Төгсбилэг

Довтлогч: М.Жансерик, Н.Наранболд, О.Мижиддорж

Хөлбөмбөг: Монгол 1:2 Киргиз

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 57 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулсан юм.

“Катар 2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий Ази тив дэх урьдчилсан шатны “F” хэсгийн Киргиз болон Монголын шигшээ баг өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд учраа таарлаа.

Киргизийн шигшээ баг дэлхийн чансааны 97-д жагсдаг

Тус хоёр баг өмнө нь 2007 онд учраа таарч, Киргизийн шигшээ баг 3:1-ээр хожиж байв. Урьдчилсан шатанд Тажикстаны багт 1:0-ээр хожигдсон ч Мьянмарыг 7:0-ээр илүүрхсэн Киргизийн баг энэ удаагийн тоглолтод 2:1-ээр илүүрхлээ.

Монголын шигшээ баг дэлхийн чансааны 183-т бичигдэж байна

Эхний үеийн 13 дахь минутад Киргизийн Гулжигит Алыкулов гоолын салхийг хагаллаа. Беларусийн “Неман” клубт зүтгэдэг энэ залуу дөнгөж 18 настай аж. Улмаар эхний хагас өндөрлөхөөс гурван минутын өмнө нутгийнхаа “Дордой” клубийн довтлогч Мирлан Мурзаев тооны харьцааг холдуулав.

Н.Цэдэнбалын торгуулийн цохилт

Харин хоёрдугаар үеийн 57 дахь минутад Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоо оновчтой гүйцэтгэснээр тооны харьцааг ойртуулсан. Харамсалтай нь, үүнээс хойш дахин гоол оруулж чадсангүй. Ийнхүү Киргизийн шигшээ баг 6 оноотойгоор хэсэгтээ зургадугаарт жагсаж эхэлсэн бол монголчууд гурван оноотой дөрөвдүгээр байранд явна.

Футзалын хөлбөмбөгчид манай зурагчны дуранд (Тайвань – Монгол)

Футзалын 20 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн манай улсад болж байгаа юм. Тус тэмцээний Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийсэн юм. Уг тоглолтын гэрэл зургийг сонирхуулья.

Монголын шигшээ баг маргааш буюу даваа гаригт БНХАУ-ын багийн эсрэг сүүлийн тоглолтоо хийнэ. Өнөөдөр Тайвань-БНХАУ-ын багийн тоглолт 7:3-гаар өндөрлөж, тайваньчууд хоёр дараалан ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлэх болзлоо хангасан юм.

Гэрэл зургийг: Д.Бямбажаргал

Манай залууст боломж бий

Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ий урьдчилсан шат Монголд болж байгаа юм. Өчигдөр нээлтээ хийсэн тус тэмцээнд зургаан баг хоёр хэсэгт хуваагдана өрсөлдөж буй. Тодруулбал, БНХАУ, Тайвань, Монгол “Б” хэсэгт, Макао, Япон, Хонконг “А” хэсэгт хуваагдсан аж.

Гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр Монголын шигшээ баг Тайванийн багтай өрсөлдлөө. Манай залуус эхний хагаст учраа олоогүйгээс  хоёр гоол дараалан алдаж, хүнд байдалд орсон юм. Завсарлагааны дараа алдсанаа нөхөх гэж довтолж эхэлсэн ч харамсалтай нь, энэ байдлыг эсрэг баг овжин ашиглаж, сөрөг довтолгооноор тооны харьцааг улам холдуулсан. Харин насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий бүрэлдэхүүнд багтаж байсан Б.Эрдэнэ-Ундрах эсрэг багийн хаалгыг мялааснаар тооны харьцааг 3:1 болгож ойртуулсан. Гэхдээ дахин гоол оруулах боломж гарсангүй.

Буянт-Ухаа спортын ордон

Өнөөдөр 13:00 цагаас Тайвань, БНХАУ-ын баг хоорондоо өрсөлдөнө. Энэ тоглолтод хятадууд ялвал маргааш буюу даваа гаригт 16:00 цагаас Монгол, БНХАУ-ын багийн хожсон нь эрхээ авах боломжтой юм.

Сонирхуулахад, ирэх жил зохиогдох футзалын 20 хүртэлх насны Азийн АШТ-д оролцогчдыг дөрвөн бүсэд хуваасан юм. Манай улсад Зүүн Азийн бүсийн багууд урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа билээ. Бусад буюу бүсэд ямар улсууд байгааг эндээс олж хараарай.