Tag: ЦСКА МОСКВА

Игорь Акинфеев дахин шигшээдээ зүтгэхгүй

ОХУ-ын шигшээ багийн нэгдүгээр хаалгач Игорь Акинфеев 14 жил зүтгэсэн шигшээ багаа орхихоор шийджээ. Тэрбээр Оросын “ЦСКА Москва” багтаа үргэлжлүүлэн зүтгэх боловч эх шигшээгийнхээ дуудлагыг дахин хүлээж авахгүй гэнэ.

Өдгөө 32 настай Игорь шигшээдээ 14 жилийн хугацаанд 111 тоглолтод оролцсон. Энэ үзүүлэлтээр тэр Сергей Игнашевич, Олег Блохин нарын дараа буюу гуравдугаарт жагсдаг юм.

“Бүх түүх эхэлсэн шигээ бас дуусдаг жамтай. Миний шигшээ багтаа эхлүүлсэн түүх үүгээр дуусч байна. Эх орныхоо төлөө зүтгэж, ДАШТ-д оролцсон минь нэр төрийн хэрэг байлаа” гэж Игорь онцолсон аж.

И.Акинфеев шигшээдээ 2004 оноос буюу 18 настайгаасаа эхэлж зүтгэсэн билээ. Хэдийгээр хайртай багаа орхисон ч түүний хөлбөмбөгийн замнал дуусах болоогүй. Тэрбээр “ЦСКА Москва” багтайгаа 2022 он хүртэл гэрээтэй бөгөөд энэ үед 36 нас хүрэх юм.

ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов өнгөрсөн даваа гаригт Швед болон Туркийн эсрэг хийх тоглолтод “Локомотив Москва”-гийн хаалгач бразил гаралтай Гильерме Маринато, “Зенит”-ийн Андрей Лунёв, “Динамо”-гийн Антон Шунин нарыг дуудсан юм. Харин И.Акинфеевийн оронд ахлагчийн үүргийг довтлогч Артем Зюба гүйцэтгэх аж.