Tag: FIFA

Франц дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор ДАШТ-ий дараах шинэчлэгдсэн чансааг танилцууллаа. Дэлхийн аварга цолыг хүртсэн францчууд 1726 оноогоор уг жагсаалтыг тэргүүлж, хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээ баг 1723 оноогоор удаалж байна.

Энэ жагсаалтын гуравдугаарт Бразилын баг тодорчээ. Дэлхийн таван удаагийн аваргууд 1657 оноогоор жагссан бол өнгөрсөн ДАШТ-д гайхалтай амжилт үзүүлсэн хорватчууд 1643 оноогоор 16 байр ахиж, дөрөвдүгээрт оржээ. Харин айргийн тавд 1627 оноогоор Уругвай бичигдсэн юм.

ТОП 10

  1. Франц 1726
  2. Бельги 1723
  3. Бразил 1657
  4. Хорват 1643
  5. Уругвай 1627
  6. Англи 1615
  7. Португал 1599
  8. Швейцарь 1597
  9. =Испани 1580
  10. =Дани 1580

ДАШТ-ий өмнөх чансааг тэргүүлж байсан германчууд 14 байр ухарч, 15-д бичигдэх болсон юм.

Эх орондоо болсон тэмцээнд амжилттай оролцсон оросууд 21 байр ахиж, 49-д бичигдэх болсон нь энэ удаагийн чансааны хамгийн том үсрэлт болжээ. Тэгвэл Египетийн шигшээ баг 20 байр ухарч, 65-д жагссан нь хамгийн тааруу үзүүлэлт болов.

Монголын шигшээ багийн хувьд урьдын адил дэлхийн 206 орноос 186-д бичигдсэн хэвээр байна.

Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 хаалгач – Кепа, Алиссон Бекер, Куртуа, Эдерсон

Италийн залуухан хаалгач Жианлужи Буффон одоогоос 17 жилийн өмнө 23 насандаа “Парма”-гаас “Ювентус” руу 32.6 сая еврогоор очиж, дээд амжилт тогтоож байлаа. Үүнээс хойш 16 жилийн турш түүн шиг өндөр үнэ хүрсэн хаалгач тодроогүй. Харин энэ өнгөрсөн жил Эдерсон Мораес түүний энэ дээд амжилтыг давж гарсан түүхтэй. Ингээд хөлбөмбөгийн наймааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн 10 тоглогчийг танилцуулья.

  • 1. Кепа Аррисабалага, “Атлетик Билбао”-гаас “Челси”, 2018, 71 сая фунт

Кепа Аррисабалага Испанийн “Атлетик Билбао” клубийн үндсэн багт ердөө хоёр улирал багтаж, Ла Лигийн 53 тоглолтод оролцсон төдийгүй шигшээ багтаа нэг тоглолтод оролцсон. Гэхдээ Английн “Челси” клуб богино хугацаан бельги хаалгач Тибо Куртуагийн орон зайг нөхөх шаардлагатай болсон тул испани эрийн 80 сая еврогийн гэрээг худалдаж авсан юм. Энэ нь олонд төдий л танигдаагүй Кепаг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болгожээ.

  • 2. Алиссон Бекер, “АС Рома”-гаас “Ливерпуль”, 2018, 65 сая фунт

Бразилын шигшээ багийн №1 хаалгач Алиссон Бекер богино хугацаанд дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач байв. Италийн “АС Рома”-гийн үндсэн багт хоёр жил тоглосон түүний ур чадварыг Английн “Ливерпуль” клуб 65 сая фунтаар үнэлсэн. Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн шигшээд тус багийн хаалгач Лорис Кариусын “тархи хөдөлсөн нь” рекорд үнээр хаалгач авчрахад түлхэц болсон билээ. Гэхдээ Алиссоны дэлхийн хамгийн үнэтэй хаалгач хэмээх цол сар хүрэхгүй хугацааны настай байв.

  • 3. Тибо Куртуа, “Челси”-гээс “Реал Мадрид”, 2018, 35 сая фунт

 

Бельгийн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д гайхалтай оролцож, хүрэл медаль, алтан бээлий шагналыг хүртсэн Тибо Куртуа Англид эргэн ирээд бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр “Реал” руу хандарч эхэлсэн юм. Хэрвээ түүний наймаа өнгөрсөн зургадугаар сард явагдсан бол гарцаагүй дээд үнэ болох байлаа. “Челси”-тэй байгуулсан гэрээ нь дуусахад нэг жил үлдсэн ч “Реал” хүлээж тэвчилгүй 35 сая фунт зарцуулжээ.

  • 4. Эдерсон Мораес, “Бенфика”-гаас “Манчестер Сити”, 2017, 34.7 сая фунт

Бразилын шигшээ багийн хаалгач Эдерсон Мораес өнгөрсөн жил Английн Премьер лигт очихдоо дэлхийн хамгийн үнэтэй хаалгач болсон түүхтэй. Эдерсон өнгөрсөн жил “Манчестер Сити” клубийн хамт Английн дээд лигт түрүүлж, бас гиннесийн номд бүртгүүлээд амжсан. Тэр бол бөмбөгөө хамгийн хол цөлдөг хаалгач аж. Бразил эр гурав дахь оролдлогоороо 75.35 метр “нисгэж” дэлхийн дээд амжилтад нэрээ мөнхөлсөн юм.

  • Жианлужи Буффон, “Парма”-гаас “Ювентус”, 2001, 32.6 сая фунт

Италийн “Ювентус” клуб нидерланд хаалгач Эдвин ван дер Саарын оронд 23 настай залуу хаалгач Жианлужи Буффонд итгэл хүлээлгэв. Дараагийн 16 жил Ж.Буффон “Хөгшин хатагтай” нарын бахархал болсон юм. Түүний цаг үед Икер Касильяс, Петр Чех гээд олон шилдэг хаалгач төрсөн ч Ж.Буффон бүх цаг үеийн хамгийн гайхалтай тоглогч гэдэг нь маргаангүй үнэн. Одоогоос 12 жилийн өмнө 2006 онд Италийн багууд тоглолт тохиролцсон хэргээр шийтгэл хүлээхэд багтаа үнэнч үлдсэн цөөн тоглогчийн нэг нь Ж.Буффон байлаа.

  • 6. Жордан Пикфорд, “Сандерланд”-аас “Эвертон”, 2017, 25 сая фунт

Английн “Сандерланд” клубийн хүүхдийн академид хүмүүжсэн Ж.Пикфорд 17 настайгаасаа л “Сандерланд”-ын болон хоёрдугаар дивизионы олон багийн хаалгыг манасан. Таван жилийн хугацаанд зургаан багт зээлээр тоглосон англи эр 2016 онд үндсэн багтаа эргэн ирсэн. Эхний тоглолтоо “Тоттенхэм”-ийн эсрэг хийснээр 21 нас хүрсэн ч Английн таван лигт мөрөө гаргасан тоглогч болжээ. Энэ жилийн ДАШТ-д гялалзахаас өмнө “Эвертон” түүний авьяасыг үнэлэн, өнгөрсөн жил 25 сая фунтаар худалдаж авсан. Ингэснээр тухайн цаг үед дэлхийн гурав дахь, Английн хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач болсон юм.

  • 7. Франческо Тольдо, “Фиорентина”-гаас “Интер Милан”, 2001, 23.85 сая фунт

Италийн “АС Милан” клубийн академид “номын дуу” сонсч, мэргэжлийн хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн ч үндсэн багт тоглож чадаагүй. Зээлээр гурван багт очсоны дараа 1993 онд “Фиорентино”-той гэрээ байгуулжээ. Энд найман улирал тоглохдоо Италийн цомд хоёр, Италийн супер цомд түрүүлж, Аваргуудын лигт тоглоод амжсан. 2000 онд Сери А-гийн шилдэг хаалгач болсон юм. Дараа жил нь “Фиорентина” клуб санхүүгийн асуудалд орсон тул Ф.Тольдог зарахаас өөр аргагүй байдалд оржээ. Түүнийг “Парма” руу зарсан ч өөрөө тоглохоос татгалзсан тул “Интер Милан” худалдаж авсан юм.

  • 8. Бернд Лено, “Байер Леверкузен”-ээс “Арсенал”, 2018, 19.3 сая фунт

Бернд Лено Бундес лигт 230 тоглолтод оролцсон ч Германы шигшээ багт ердөө зургаан удаа дуудагдсан. Тэр ч бүү хэл ДАШТ-ий бүрэлдэхүүнд ч багтаагүй юм. Гэхдээ түүний үнэ өөрт нь шигшээд боломж олгоогүй Мануэль Нойероос давж гарсан аж.

  • 9. Мануэль Нойер, “Шальке”-гаас “Бавари Мюнхен”, 2011, 19 сая фунт

Өдгөө 31 настай Мануэль Нойер 2011 онд хамгийн өндөр үнэ хүрсэн герман хаалгач болсон билээ. Одоо тэр Бундес лигийн аваргаар зургаан жил дараалан шалгарч, Аваргуудын лигт түрүүлээд зогсохгүй дэлхийн аварга болоод амжсан.

  • 10. Дэвид Де Хеа, “Атлетико Мадрид”-аас “Манчестер Юнайтед”, 2011, 18.9 сая фунт

Эдвин ван дер Саарын орыг залгахаар 20 настай испани хаалгач Дэвид Де Хеаг чамлахааргүй үнээр “Улаан чөтгөрүүд” эгнээндээ нэгтгэж байв. Харин одоо тэр Английн дээд лигийн аварга, Холбооны цомын эзэн, Лигийн цом, Европа лигт түрүүлээд зогсохгүй, Испанийн шигшээ багийн үндсэн хаалгач болжээ.

Кэйсүкэ Хонда Камбожийн дасгалжуулагчаар томилогдов

Камбож улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн, армийн генерал Сао Соха ням гаригт шигшээ багийн шинэ дасгалжуулагчаа томиллоо. Хачирхалтай нь, өдгөө Австралийн “Мельбурн Виктори”-д зүтгэж буй япон довтлогч Кэйсүкэ Хондаг дасгалжуулагчийн албанд томилов.

К.Хонда хэдхэн хоногийн өмнө Мельбурны багт зүтгэхээ зарласан. Гэхдээ шинэ албан тушаал нь түүний мэргэжлийн хөлбөмбөгчний замналд нь саад болохгүй гэдгээ мэдэгдэв. Тодруулбал, К.Хонда Австралийн лигт тоглож, зав гарвал видео дүрсээр шавь нартаа зөвөлгөө өгөх аж. Тэрбээр долоо хоног бүр видео хурал хийж, туслах дасгалжуулагч нартаа чиглэл өгөх юм.

Япон хоёр жилийн хугацаанд Камбожийн шигшээ багийг удирдахаар болсон бөгөөд энэ хугацаанд цалин авахгүй гэнэ. Түүнчлэн шигшээ багт ирж очих зардлыг шинэ дасгалжуулагч өөрөөсөө гаргахаар болжээ.

Хэдийгээр мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа өндөрлөөгүй ч К.Хонда шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлсан.

Камбожийн шигшээ баг өдгөө олон улсын чансаагаар 166-д бичигдэж буй. Тус улсын шигшээ багийн хамгийн оргил амжилт нь 1972 оны Азийн АШТ-д дөрөвдүгээр байрт орсон юм.

Оны шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшигчид тодорлоо

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-гаас оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний төлөө тунаж үлдсэн 10 тамирчныг зарлав. Португалын шигшээ болон Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду гурав дахь жилээ дараалан авахаар шилдэг 10-т үлдлээ. Хэрвээ тэр зорилгодоо хүрвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаа дахь удаагаа тодрох юм.

Түүнтэй ижил үзүүлэлттэй байгаа Аргентинийн Леонил Месси, ДАШТ-ий алтан бөмбөгийн эзэн Хорватын Лука Модрич, шинэхэн дэлхийн аваргууд болох Кильян Мбаппе, Антоин Гриззман, Рафаэль Варене нар энэ жагсаалтад багтжээ. Түүнчлэн Английн Премьер лигийн шилдгүүд болох Мохамед Сала, Харри Кэйн, Кевин Де Бруин, Эдин Азер шилдэг 10-т нэрлэгдлээ.

Дэлхийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнийг тодруулахад хэвлэл мэдээлэл, шигшээ багийн дасгалжуулагчид болон ахлагчид, мөн олон нийтийн санал асуулгыг харгалзаж үздэг. Эдгээр санал бүрээс нийт саналын 25 хувийг бүрдүүлэх юм. Ямартай ч хоёр гаруй хугацаанд санал асуулга үргэлжилж, ирэх есдүгээр сарын 24-нд болох ёслолын ажиллагаанаас өмнө ялагчийг тодруулах журамтай.

Оны шилдэг хөлбөмбөгчнөөс гадна шилдэг дасгалжуулагчийн нэрсийг зарлав. Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгэйт, Премьер лигийн дээд амжилт тогтоосон “Манчестер Сити”-гийн испани мэргэжилтэн Пэп Гуардиола, “Реал Мадрид”-ыг Аваргуудын лигт түрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Зинедин Зидан, ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын Златко Далич, дэлхийн аварга Францын Дидье Дешам, ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Роберто Мартинес, ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов нар тунаж үлдлээ. Тэднээс гадна Италийн “Ювентус”-ыг Сери А-гийн аварга болгосон Массимилиано Аллегри, “Ливерпуль”-ийг Аваргуудын лигийн финал руу хөтөлсөн Юрген Клопп, Европа лигийн аварга “Атлетико Мадрид”-ын аргентин мэргэжилтэн Диего Симон, Ла лигийн аварга “Барселона”-г удирдсан Эрнесто Валверде нар санал асуулгад үлджээ.

Эмэгтэй хүнтэй мэндэлсэн иран шүүгч шүүмжлүүлэв

Хөлбөмбөгийн ДАШТ-д улсаа төлөөлөн тоглолт дэнсэлсэн Ираны шүүгч Алиреза Фагханиг эмэгтэй хүнтэй гар барьж, тэврэлдсэн хэмээн шүүмжилжээ.

Иран шүүгч ДАШТ-д дөрвөн тоглолтод шүүсэн. Үүнээс Англи, Бельгийн хүрлийн төлөөх тоглолтод ажилласан нь түүнийг хэр шудрага шүүдэг болохыг нь харуулж буй хэрэг.

Гэхдээ Ираны Исламын хуулийн дагуу бол яаралтай тусламж үзүүлэхээс бусад үед эмэгтэй хүнд хүрэхийг ичгүүр, сонжуургүй үйлдэл гэж үздэг байна. Тиймээс шүүгч эрийн үйлдлийг зарим иранчууд шүүмжилж, шийтгэл хүлээлгэх ёстой хэмээн бухимдсан аж.

Харин шүүгч өөрийнхөө үйлдлийг өмгөөлсөн ярилцлага өгөхдөө “Тэр эмэгтэй бол коллежид хамт сурсан найз маань. Бас дотны найз өөр нэг шүүгчтэй гэрлэсэн бүсгүй. Энэ үйлдэл маань бусдын дургүйцлийг хүргэсэн бол уучлаарай. Гэхдээ яагаад намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би түүнийг 2013 оноос хойш мэднэ. Тэр надад ДАШТ-ийг шүүж байгаад минь баяр хүргэсэн юм. Хэрвээ энэ нь асуудал болж байгаа бол би гэр бүлээ аваад энэ улсаас явах хэрэгтэй юм байна” гэж ярьжээ.