Tag: hot

Диего Марадона: Аргентинийн сенатын гишүүн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах хуулийн төсөл өргөн барьжээ

Аргентины сенатын гишүүн нэрт хөлбөмбөгчин Диего Марадонагийн зурагтай шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах санал гаргажээ.

Тус улсын сенатын гишүүн Норма Дуранго нэрт хөлбөмбөгчний зурагтай 1000 песо (34,980 төгрөг) гүйлгээнд гаргах хуулийн төслийг Конгрессод өргөн барилаа.

Шинэ мөнгөн дэвсгэрт нэг талдаа талийгаачийн нүүр зурагтай, харин нөгөө талд нь түүний алдартай гоолынх нь зураг байрлана гэж тус хуулийг санаачлагч эмэгтэй ярьсан юм. Аргентины “La Nacion” хэвлэлийн газрын мэдээлснээр Д.Марадонагийн Английн эсрэг оруулсан “Зууны гоол”-ыг мөнхөлнө гэж таамаглаж байгаа аж.

Зууны гоол

Хэрвээ хууль батлагдвал Д.Марадонагийн зурагтай мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гараад зогсохгүй шуудангийн марк хүртэл гарах аж. Хатагтай Н.Дуранго энэ хуулийнхаа талаар “Зөвхөн шүтээнээ хүндэтгэж байгаа хэрэг биш. Эдийн засгийн хувьд ч ашигтай шийдвэр. Жуулчдын анхаарлыг татах нь гарцаагүй” хэмээн тодотгожээ. Түүний хуулийн төслийг ирэх оны эхээр хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Хөлбөмбөг: Месси ба Роналдугийн 36 дахь тулаан

Аваргуудын лигийн хэсгийн шатанд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” клуб өнөөдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд өрсөлдөнө. Л.Мессигийн эсрэг К.Роналду. Тус хоёр багийн эхний тоглолтод “Барселона” өрсөлдөгчөө 2:0-ээр илүүрхсэн ч эсрэг багийн лидер К.Роналду цар тахлын халдвар авч, өнжсөн билээ.

Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд олны анхаарлыг татах нь гарцаагүй. Тэр тусмаа Л.Месси, К.Роналдугийн тулааныг бүр ч олон хүн үзэх биз. Тоглолт Улаанбаатарын цагаар арванхоёрдугаар сарын 9-нд үүрийн 04:00 цагаас эхэлнэ.


G хэсэг

  • Барселона – 15
  • Ювентус – 12
  • Динамо Киев – 1
  • Ференцварош – 1

“Барселона” талбайдаа тэнцэхэд л хэсгээ тэргүүлэх боломжтой. Эсвэл уг тоглолтод нэг гоолын зөрүүгээр хожигдсон ч байраа хадгалж үлдэх юм. Харин К.Роналдугийн баг өмнөх хариугаа аваад зогсохгүй өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүгээр хожих шаардлагатай. Турины баг 2:0-ээр хожвол нэмэлт цаг сунгах бол 3:0-ээр илүүрхвэл хэсгээ тэргүүлэх юм.


Хоорондоо хэрхэн тоглож байв?

Тэд өмнө нь 35 удаа учраа таарч байв. К.Роналдуг “Реал Мадрид” багт байхад Испанийн Ла Лигт 18 удаа, Аваргуудын лиг, Испанийн Копа дэл Рэй болон Супер цомд тус бүр таван удаа, Аргентин, Португалын нөхөрсөг тоглолтод хоёр удаа учраа таарч байв.

Эдгээр 35 тоглолтод:

  • Л.Месси 16 удаа хожиж
  • К.Роналду 10 удаа хожсон
  • 9 удаа тэнцэж байв.

Энэ 35 тоглолтод Л.Месси 22 гоол оруулсан бол португал эр 19-ийг шигтгэжээ.

Аваргуудын лигт учраа таарсан таван тоглолтын хоёрт нь Л.Мессигийн баг ялсан бол К.Роналду “Манчестер Юнайтед”-д байхдаа л нэг хожсон үзүүлэлттэй. Аргентин залуу энэ таван тоглолтод гурван гоол оруулсан бол өрсөлдөгч нь одоогоор гоол хийж амжаагүй байна.


Дуулиан: Аргентин улс гурав хоногийн гашуудал зарлав

ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө. Италийн хэвлэлд бичсэнээр түүнийг Буэнос-Айрос дахь гэртээ зүрхний шигдээсээр өөд болсныг зарласан юм.

Талийгаач өнгөрсөн аравдугаар сарын 30-нд 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд маргааш нь бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Улмаар тархинд нь цус хурсан оноштойгоор хагалгаанд орсон юм.

Хагалгаа амжилттай болж, эмнэлгээс Буэнос Айрос дахь гэртээ буцсан нэрт хөлбөмбөгчин эр хоёр долоо хоногийн дараа гэртээ зүрхний шигдээсээр өөд боллоо.

Нэрт хөлбөмбөгчнөө бурхны оронд одсонд Аргентин улсын төрийн тэргүүн Алберто Фернандес улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж буйг мэдэгдэв.

Уншигч таньтай хамт Диего Марадонагийн таван түүхэн мөчийг хамтдаа дурсая.

Анхны тоглолт

“Аргентинос Хуниорс” багийн ерөнхий менежер Хуан Карлос Монтес 1976 оны аравдугаар сарын 20-нд “Таллерес де Кордоба” багийн эсрэг тоглолтод залуу авьяастан, дөнгөж 15 настай байсан Диего Марадонаг талбайд гаргасан юм. Талбайд гарсан анхны тоглолтод бөмбөгөнд хүрсэн хоёр дахь оролдлогоороо Д.Марадона эсрэг багийн хамгаалагч Хуан Доменго Кабрераг чадварлаг хуурсан нь өдгөө үлгэр домог мэт яригддаг. Хожим их түүхийн гэрч болсон энэ тоглолт телевизээр гараагүй бөгөөд гэрэл зурагчин Хумберто Эсперанзагийн авсан зургийг “Эль Графико” сэтгүүл 2001 онд олонд дэлгэж байв.

Шийтгэл

1994 оны ДАШТ бол Д.Марадонагийн амьдралд хар толбо үлдсэн тэмцээн билээ. Энэ тэмцээний үеэр допингийн асуудалд холбогдсон аргентин эр хөөгдөж нутаг буцсан юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Диегог нэг жилийн хугацаанд тэмцээнд оролцохыг хориглосон түүхтэй.

Залуучуудын ДАШТ

Аргентинийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Цесарь Луис Менотти 1978 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээд тухайн үед 17 настай байсан довтлогч Диего Марадонаг дуудаагүй юм. Харин дараа жил нь Японд болсон 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д үе тэнгийнхээ залуусаас онцгой чадвараараа эрхгүй ялгарч, дэлхий даяар нэрээ танилцуулсан билээ. Энэ тэмцээнд аргентинчууд анх удаа түрүүлж, Д.Марадона тэмцээний шилдэг тоглогчоор тодорчээ.

Итали

Испанийн “Барселона” клубэд төдий л амжилт гаргаж чадаагүй Д.Марадона 1984 онд Италийн “Наполи”-д ирэв. Энд тэр өмнө нь тоймтой амжилт үзүүлж байгаагүй даруухан багийн ахлагчаар талбайд гарч, 7 жил тоглохдоо лигийн аваргаар хоёр удаа тодорсон юм.

ХХ зууны шилдэг гоол

https://twitter.com/i/status/1331639508375396357

1986 оны ДАШТ-д Английн эсрэг оруулсан хоёр гоол нь түүхэнд нэрээ үлдээсэн. Нэг нь алдарт “Бурханы гар”. Харин бичлэг дээрх гоолыг өнгөрсөн зууны шилдэг гоол хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг билээ.

Дуулиан: Артем Зюба шигшээ багаасаа хөөгджээ

ОХУ-ын нэрт хөлбөмбөгчин Артем Зюба гар хангалаг хийж буй үйлдлээ бичиж, цахим ертөнцөд тавьсан нь дуулиан тарив.

“Зенит” багийн довтлогч Артем Зюба энэ бичлэгийнхээ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа сэтгэгдэл бичих хэсгийг түр хаасан аж.

Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесовт багийн гол тоглогчийнх нь дээр увайгүй үйлдэл огт таалагдсангүй. Молдав, Турк, Сербийн эсрэг хийх шигшээгийн бүрэлдэхүүнээс А.Зюбаг хассан байна. Үүгээр ч зогсохгүй ахлагчийн туузыг өөр хүнд шилжүүлэхээр болжээ.

Энэ жил 32 настай А.Зюбагийн оронд 30 настай, “Локомотив Москва” багийн довтлогч Фёдор Смоловыг шигшээд дууджээ. Одоогоор Испанийн “Сельта” багт зээлээр тоглож буй Ф.Смолов 2012 оноос хойш шигшээдээ 39 тоглолтод оролцож, 14 гоол оруулсан юм.

Жианкарло Инфантиногийн шинжилгээний хариу эерэг гарчээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиногийн КОВИД-19 шинжилгээний хариу эерэг гарлаа.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ж.Инфантиногийн шинжилгээний хариу тааруу гарсныг FIFA-гаас албан ёсоор баталсан юм. Бага зэрэг халуурч, бие нь тавгүйтсэн Жианни 10 хоног бусдаас тусгаарлагдана гэж албаны хүн мэдээлжээ.

Өдгөө 50 настай Ж.Инфантинотой ойрын хэд хоногт уулзсан бүх хүмүүсийг давхар шинжилгээнд оруулсан байна.

КОВИД-19 цар тахлын улмаас Ж.Инфантино бусад нутгаар зорчих нь эрс багассан ч өнгөрсөн сард АНУ-ын нийслэлд зочилж, цагаан ордоноор ороод гарсан билээ.

Европын орнуудаар цар тахлын цар хүрээ багассан шинжгүй байгаа. Швейцарьт гэхэд нийт 127 мянган хүн корона туссан бөгөөд өнгөрсөн баасан гаригаас хойш 23 мянган тохиолдол бүртгэгдсэн аж.