Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Түүхэндээ анх удаа энэ шатанд өрсөлдсөн Катар, талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмират багийн тоглолт 4:0-ээр өндөрлөв.
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах даалгавартай катарчууд түүхэн амжилтаа бичиж байна. Тэд талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмиратыг 4:0-ээр бут ниргэж, анх удаа Азийн аваргын шигшээд шалгарлаа. Гэхдээ энэ тоглолтын үр дүнгээс илүү анхаарал татсан үйл явдал нь катарчуудын хоёр дахь гоолын дараа Арабын Нэгдсэн Эмиратын бухимдсан хөгжөөн дэмжигчид талбай руу гутал, усны сав “нүүлгэж” уураа гаргасан юм.
Ойрхи Дорнодод гутал шиднэ гэдэг хамгийн хатуу доромжлол гэсэн үг. Гутал бол хүний өмсдөг хамгийн бохир зүйл гэж тэд үздэг юм. Харин Катарын шигшээ багийн дасгалжуулагч, испани мэргэжилтэн Феликс Санчес шавь нар нь сэтгэл хөдлөлөө дарж, ямар нэг зүйл хийгээгүйд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Ази тивийн АШТ-ий финалд Япон, Катар өрсөлдөх болсон юм. Энэ тоглолт хоёрдугаар сарын 1-нд, 22:00 цагаас эхэлнэ.