Tag: Криштиану Роналду

К.Роналдугүй ч “Ювентус” ялж, “Реал Мадрид” хожигдов

Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёр дахь тоглолтууд өнөөдөр эхэллээ. Өнөөдөр нийт дөрвөн хэсгийн найман тоглолт явагдсан юм. Таамаг ёсоор К.Роналдугүй ч “Ювентус”, “Манчестер Сити” зэрэг том багууд ялалт байгуулсан ч “Реал Мадрид” ялагдаж, “Бавари Мюнхен”, “Манчестер Юнайтед” тэнцсэн үдэш байлаа.


Хэсэг Е

Хөлбөмбөг

Бавари Мюнхен 1:1 Аякс

Арьян Роббений хөндлөн дамжуулалтаар Матс Хуммельс тоглолтын дөрөв дэх минутад мөргөн, гоол оруулж, баг нь оноогоор тэргүүлсэн ч марокко гаралтай ч нидерланд тоглогч Нуссаир Мазрауи 22 дахь минутад тэнцээний гоол оруулж, хоёр баг оноо хуваалаа. Германы аваргууд талбай дээрээ өрсөлдөгчөө хожиж чадаагүй юм.

АЕК Афинс 2:3 Бенфика

Харис Сеферович, Алехандро Гримальдо нарын эрт оруулсан гоолын ачаар “Бенфика” хожиж эхэлсэн ч Виктор Клонаридис хоёрдугаар хагаст 10 минутын зайтай хоёр гоолоор хариу барьж, тооны харьцааг 2:2-оор тэнцүүлсэн. Эхний үед “Бенфика”-гийн Рубен Диас хоёр шар хуудас авч, талбайг орхисон нь тоглолтын хэмнэлд нөлөөлсөн ч үр дүн нь ижилхэн байлаа. 62 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан Алфа Семедо гурав дахь гоолыг оруулснаар Португалын баг өрсөлдөгчөө талбайд нь ялсан аж.


Хэсэг F

Хоффенхэйм 1:2 Манчестер Сити

Алжир гаралтай франц тоглогч Исхак Бельфодиль ердөө 44 секундэд “Манчестер Сити”-гийн хаалгыг гоолоор мялааж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан ч төгсгөл нь тэдний хүслээр болсонгүй. Серхио Агуэро тооны харьцааг тэнцүүлж, Давид Сильва тоглолтын үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө хожлын гоол оруулсан юм.

Лион 2:2 Шахтёр Донецк

Бразил довтлогч Жуниор Мораесийн хоёр гоолын ачаар Украины клуб эсрэг багийн талбайгаас гурван оноотой буцах тун дөхсөн ч Моусса Дэмбэлэ, Лео Дубоис нарын гоолын ачаар хоёр баг эвийн гэрээ байгуулав.


Хэсэг G

ЦСКА Москва 1:0 Реал Мадрид

Английн “Эвертон”-оос зээлээр Орост очсон хорват довтлогч Никола Влашичийн хоёр дахь минутад хийсэн цор ганц гоолын ачаар “ЦСКА Москва” хүчирхэг “Реал Мадрид”-ыг талбай дээрээ буулган авлаа. Тоглолтын 95 дахь минутад багийн ахлагч Игорь Акинфеев улаан хуудас авч, талбайг чөлөөлжээ.

Рома 5:0 Виктория Пльзень

Эдин Жеко хет трик гүйцэтгэж, турк тоглогч Чингиз Ундер, Жастин Клюйверт нар тус бүр нэг гоол оруулснаар Италийн “Рома” Чехийн аваргуудад хөлбөмбөгийн хичээл заалаа.


Хэсэг H

Ювентус 3:0 Янг Бойс

К.Роналду улаан хуудасны торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжсөн ч түүний эзгүйд Пауло Дибала хет трик гүйцэтгэснээр баг нь хоёр дахь ялалтаа авлаа. Швейцарийн аваргуудаас Мохамед Али Камара улаан хуудас авч, 78 дахь минутаас хүн дутуу үлдсэн.

Манчестер Юнайтед 0:0 Валенсиа

Хоёр багт гоол оруулах боломж их гарсан ч ашиглаж чадаагүй. Ялангуяа М.Рашфорд тоглолтын төгсгөлд хөндлөвч оносон нь Улаан чөтгөрүүдийн хөгжөөн дэмжигчдийг гонсойлгов.

 

 

Криштиану Роналду Германы сэтгүүлийг шүүхэд өгнө

Германы “Der Spiegel” сэтгүүл нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдуг америк бүсгүй Кэйтрин Маяоргаг хүчиндсэн, үүнийгээ нуухын тулд хохирогч бүсгүйд мөнгө өгч, өгсөн гэх мэдээлэл цацаж, багагүй дуулиан тарьсан билээ. Энэ хэрэг 2009 онд Лас Вегасын зочид буудалд болсон гэж тэд мэдээлсэн юм.

Харин К.Роналду өөрийн 142 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан энэ бүхэн худал мэдээлэл гэж няцаагаад сэтгүүлчид миний нэрийг ашиглах явдал их байдаг. Энэ бол тэдний ажил, үүнд санаа зовохгүй байна гэх мэтээр тайлбар өгчээ.

Гэхдээ нэрт хөлбөмбөгчний хуулийн баг Герман сэтгүүлийг зүгээр өнгөрүүлэхгүй гэнэ. Тэд хэрээс хэтэрсэн энэ үйлдэлд гомдол мэдүүлж, шүүхэд хандахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

Сэтгүүлд бичсэнээр бол уг хэрэг 2009 оны зургадугаар сард Испанийн “Реал Мадрид” клуб АНУ-д аялан тоглолт хийх үеэр болсон бололтой. Лас Вегасын нэгэн зочид буудалд тоглогчид наргисан бөгөөд тэр үдэш К.Роналду хохирогч гэх бүсгүйтэй нэг өрөөнд орсон гэнэ. Энэ үеэр бүсгүйд хүч хэрэглэж, үйл явдал болоод өнгөрсний дараа дуугүй байхаар тохиролцож, 375 мянган “ногоон” өгсөн гэнэ.

Харин К.Роналду тэр бүсгүйтэй холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч энэ бол тохиролцсон харилцаа байсан гэж тайлбарласан бололтой. Хохирогч бүсгүй тухайн үед цагдаад хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгосон ч дараа нь олон нийтэд дэлгэхээс ичиж, тохиролцохоор шийдсэн гэж тайлбарласан байна. Америк бүсгүй гомдлоо дахин сэргээж, Невадагийн шүүхэд гомдол гаргасан талаар Германы сэтгүүл онцолжээ.

К.Роналду болон Л.Мессигийн эвдэж чадаагүй рекордууд

Португалын Криштиану Роналду, Аргентинийн Лионель Месси хоёрыг энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Аваргуудын лигт тэдний тогтоосон дээд амжилт нэгээр тогтохгүй олон бий. Тэднийг их спортоо орхих үед доор дурдах олон дээд амжилтыг өөрсдийнхөө нэр дээр бичүүлж, алдарын оргилд гарснаа батлах боломж бас байгаа. Одоогоор тэдний хүрч чадаагүй рекорд амжилтыг сонирхуулья.


Домогт Алфредо Ди Стефано

Шигшээ тоглолтод оруулсан гоол

  • Шигшээ тоглолтод хамгийн гоол оруулсан: 7 – Алфредо Ди Стефано, Ференц Пушкаш (хоёул Реал Мадрид)
  • Хамгийн олон удаа шигшээд дараалан гоол оруулсан: 5 – Алфредо Ди Стефано (Реал Мадрид, 1956, 1957, 1958, 1959, 1960)
  • Нэг удаагийн шигшээ тоглолтод олон гоол оруулсан: 4 – Ференц Пушкаш (Реал Мадрид, 1960)

Л.Месси шигшээ тоглолтод хоёр гоол (2009 болон 2011) оруулсан бол К.Роналду дөрвийг (2008, 2014 онд тус бүр нэг, 2017 онд хоёр) шигтгэсэн ч “Реал”-ийн домгуудыг гүйцэхэд гурван гоол дутуу хэвээр байгаа аж. Португал довтлогч зургаан удаа шигшээд оролцсон нь Алфредо Ди Стефаногоос нэг, энэ үзүүлэлтээр рекорд эзэмшдэг Франческо Хенто (Реал Мадрид), Паоло Малдини (АС Милан) нарыг гүйцэхэд дахин хоёр удаа финалдах шаардлагатай.


37 настай Икер Касельес одоо ч тоглож буй

UEFA-д хамгийн олон тоглолтод оролцсон

  • Хамгийн олон удаа Аваргуудын лиг/Европа лигт тоглосон: 172 – Икер Касильес
  • UEFA-гаас зохион байгуулсан клубийн түвшний тоглолтод оролцсон тоглогч: 179 – Икер Касильес

К.Роналду (123) болон Л.Месси (106) Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан клубийн тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогчид боловч нийт тоглолтод оролцсон тоогоор И.Касильесийг гүйцэхгүй. Одоогоор аргентин довтлогч 130 тоглолтод оролцсон бөгөөд энэ үзүүлэлтээр 35 дугаарт жагсана. Харин түүнээс хоёр жил, 139 хоногоор ах К.Роналду 162 тоглолтод оролцсон үзүүлэлтээр зургадугаарт бичигдэж байна. Одоогоор “Порту”-д зүтгэж буй испани хаалгачийг К.Роналду энэ жилдээ гүйцэхэд хэцүү. Гэхдээ хаалгачийг оролцуулахгүйгээр хамгийн олон тоглолтод оролцсон “АС Милан”-ы Паоло Малдинигийн рекордыг (174) давтахад 12 тоглолт дутуу байгаа аж.


З.Ибрагимович Аваргуудын лигт зургаан өөр клубийн нэр дээр гоол оруулсан

Бусад рекордууд

  • Аваргуудын лигийн цомыг хоёроос олон клубт байхдаа авсан тоглогч: 3 – Кларенс Сийдорф (Аякс 1995, Реал Мадрид 1998, АС Милан 2003, 2007)
  • Аваргуудын лигт хамгийн олон клубийн өмнөөс гоол оруулсан тоглогч: 6 – Златан Ибрагимович (Аякс, Ювентус, Интер, Барселона, Милан, ПСЖ)

Хэрвээ К.Роналду “Ювентус”-ын хамт түрүүлж чадвал К.Сийдорфын рекордтой тэнцэх боломжтой. Тэрбээр “Манчестер Юнайтед”-д байхдаа 2008 онд, “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 2014, 2017 оны шигшээд тус бүр гоол оруулж, Аваргуудын лигийн цом авсан билээ.

Харин З.Ибрагимовичийн рекордыг эвдэхийн тулд К.Роналду дахин гурван өөр багт нэгдэх шаардлагатай.


Франческо Тотти

Хамгийн ахмад насандаа гоол оруулсан

  • Аваргуудын лигийн шигшээ: Паоло Малдини (36 нас 333 хоног) – Милан V Ливерпуль (25/05/2005)
  • Аваргуудын лигийн хэсгийн шат болон хасагдах шат: Францеско Тотти (38 нас 59 хоног) – ЦСКА Москва V Рома (25/11/2014)
  • Европын цом: Манфред Бургсмюллер (38 нас 293 хоног) – Вердер Бремен V Динамо Берлин (11/10/1988)

П.Малдинигийн рекордыг шинэчлэхийн тулд К.Роналду 2021/22 оны Аваргуудын лигийн шигшээд өрсөлдөх хэрэгтэй. Харин Л.Мессигийн хувьд шигшээ тоглолт тавдугаар сарын 23-наас өмнө зохион байгуулагдвал  2023/24 онд л боломж гарна.

Хэсгийн шатанд гоолдсон рекордыг шинэчлэхэд К.Роналду 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш, Л.Месси 2025 оны наймдугаар сарын 22-ноос хойш боломж гарна.


Хамгийн хурдан гоол

  • Аваргуудын лиг: Рой Макаай (10.12 секунд) – Бавари Мюнхен V Реал Мадрид (07/03/2007)
  • Аваргуудын лигийн шигшээ: Паоло Малдини (53 секунд) – Милан V Ливерпуль (25/05/2005)

К.Роналдугийн хамгийн хурдан гоол 2013 онд “Ювентус”-ын эсрэг дөрөв дэх минут, Л.Мессигийн богино хугацаанд оруулсан гоол “Селтик”-ийн эсрэг 2016 онд гурван минутад оруулсан гэж тэмдэглэгджээ. Аваргуудын лигийн шигшээд Л.Мессигийн оруулсан хоёр гоол хоёул хоёрдугаар хагасаас, К.Роналдугийн хурдан гоол нь мөн “Ювентус”-ын эсрэг 20 дахь минутад орж байв.


Хэт Трик

  • Аваргуудын лигт хамгийн хурдан хугацаанд хэт трик хийсэн тоглогч: Бафетимби Гомис (8 минут) – Динамо Загреб V Олимпик Лион, 07/12/2011

К.Роналду, Л.Месси хоёул хамгийн олон хэт трик хийсэн тоглогчид. Гэхдээ Б.Гомисын найман минутад гурван гоол оруулсан үзүүлэлтийг давж чадаагүй. Аргентин довтлогчийн хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн хэт трик 22 минут үргэлжилсэн бол К.Роналду 12 минутад амжуулсан юм.


Л.Месси Рауль Гонзалесийн рекордыг эвдэхэд ойрхон иржээ

Хамгийн урт үргэлжилсэн цуврал

  • Аваргуудын лигийн хамгийн олон улиралд гоол оруулсан: Райан Гигз (16)

Л.Месси 14 улирал дараалан гоол оруулсан амжилтаараа Рауль Гонзалестай тэнцсэн. Харин К.Роналду 13 улирал дараалан гоолдсон. Харин Р.Гигзийн амжилтыг эвдэхийн тулд португал довтлогч 40 нас хүртлээ хөлбөмбөгөө үргэлжлүүлэх шаардлагатай бол Л.Месси 2020/21 онд тэнцэж чадах юм.


 

К.Роналду нэг тоглолт өнжинө

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду Италийн “Ювентус” клубт Аваргуудын лигийн эхний тоглолтоо Испанийн “Валенсиа” багийн эсрэг хийсэн тоглолтод өрсөлдөгч багийн тоглогчийн толгойд хүрсэн хэргээр улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн билээ. Тэгвэл холбооны хяналтийн зөвлөл түүнийг нэг тоглолт өнжих “ял” оноожээ. Ингэснээр ирэх аравдугаар сарын 2-нд Швейцарийн “Янг Бойс” багтай хийх тоглолтод оролцохгүй ч Английн “Манчестер Юнайтед”-ийн эсрэг тулаанд португал довтлогч талбайд гарах боломжтой боллоо.

Өдгөө 33 настай К.Роналду Аваргуудын лигт анх удаа улаан хуудас авсан юм.

Аваргуудын лигт Английн Премьер лигээс ялгаатай нь улаан хуудас авсан тоглогч шууд гурван тоглолтоор хөөгдөхгүй. Улаан хуудас авсан үйлдэл бүрийг дараа нь хянаж үзээд тохирох шийтгэлийг оноодог дүрэмтэй.