Tag: Португалын шигшээ баг

Цомыг хамгаалагч Португал болон нисдэг голландчууд тэмцээнийг орхилоо

Нидерланд 0:2 Чех

Хөлбөмбөгийн арвин их түүхийн эзэд болох нисдэг голландчуудын аялал энэ хүрээд өндөрлөлөө. Тэд энэ тоглолтод эсрэг багаасаа бүхий л зүйлээрээ дутмаг байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ төвийн хамгаалагч Матиас Де Лигт талбайг орхих хүртэл нөхцөл байдал тийм ч муу байсангүй. Тэрбээр 55 дахь минутад хаалгачийн эсрэг гарч болзошгүй довтолгоог гараараа зогсоосны улмаас улаан хуудас хүртэж талбайг орхисон юм. Энэ үеэс л чехүүд тоглолтыг бүтэн хяналтандаа байлгаж эхлэв. Ийнхүү 68 дахь минутад хагас хамгаалагч Томаш Холеш салхийг хагалсан бол 80 дахь минутад Патрик Шик эцсийн цэгийг тависнаар тэд шөвгийн наймд шалгарлаа. Чехүүд хамгийн сүүлд 2012 онд энэ шатанд хүрч байсан юм. Тэдний дараагийн учраа Данийн шигшээ баг. Харин улбар шарууд 2008 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарсан ч эхний тоглолтдоо бүдэрлээ.

Тоглолтын дараа Матиас Де Лигт “Мэдээжийн хэрэг сэтгэл гонсойж байна. Бид үндсэндээ миний алдаанаас болж хожигдлоо. Одоо бодоход би бөмбөгийг ойлгох ёсгүй байж. Ерөнхийдөө бид тоглолтыг хяналтандаа авсан байсан. Ялангуяа эхний хагаст хэд хэдэн боломжийг үүсгэсэн. Харин чехүүд олон боломж үүсгэсэн гэж би бодохгүй байна. Гэхдээ улаан хуудас бүхнийг өөрчилчихлөө.”

Тоглолтын шилдгээр эхний гоолын эзэн Томаш Холеш шалгарсан юм. Тэрбээр энэ талаар “Би ихэвчлэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эсрэг багийн хамгаалагчид намайг довтолно гэж тооцоолдоггүй бөгөөд үүнийг зарим үед давуу тал болгон ашигладаг. Өнөөдөр сайн тоглосондоо баяртай байна.”

Бельги 1:0 Португал

Евро 2020 тэмцээний сонгодог нэгэн тулаан энэ үдэш явагдлаа. Цомыг хамгаалагч Португалын шигшээ багийн эсрэг улаан чөтгөрүүд. Талбайд гарсан 22 хөлбөмбөгч төдийгүй сэлгээний сандал дулаацуулж буй тоглогчид нь хүртэл дэлхийн шилдгүүдээс бүрдсэн хоёр багийн тоглолтыг дэлхий нийт таалан чих даран хүлээж байлаа. 

Нүдээ цавчих завгүй 90 минутын хөлбөмбөгийн ялагчаар Бельгийн шигшээ баг тодорлоо. Цорын ганц гоолыг 42 дахь минутад зүүн жигүүрийн хамгаалагч Торган Азар торгуулийн шугамны гаднаас цөм цохиж оруулсан юм. Энэ цагаас хойш португалчуудын довтолгоо улам ширүүсч тоглолтын турш хаалгаруу 23 удаа цохисон ч тусыг эс оллоо. Ийнхүү Кристиано Роналдогоор ахлуулсан европын бразилчууд гэртээ харихаар боллоо.

Бельгийн шигшээ баг дараагийн шатанд шалгарсандаа баярлаж болох ч тэд хоёр сүпер одоо бэртэлд алдлаа. Тэд бол ах Азар болон Кевин Де Брюйне. Тэдний бэртлийн талаар дасгалжуулагч Роберто Мартинез “Тэднийг яаж байгааг хэлэхэд эрт байна. Кевиний хувьд түүний шагай бэртсэн. Тэр хоёрдугаар үед тоглохыг оролдсон боловч бүтээгүй. Харин Эдений хувьд булчин зовиурласан. Ямартай ч бид тэдний оношлогооны хариуг хүлээх хэрэгтэй.”

Тоглолтын шилдгээр шалгарсан Торган Азар “Иймэрдүү тоглолтуудад гарсан боломжоо дээд зэргээр ашиглах хэрэгтэй. Бид чадлаа. Хаалгач намайг нөгөө буланд нь цохино гэж бодсон тул бөмбөг орлоо. Эх орныхоо төлөө гоол оруулсандаа баяртай байна.”

Португалийн дасгалжуулагч Фернандо Сантуш “Бид гунигтай байна. Зарим тоглогчид маань хувцас солих өрөөнд уйлж байна. Тэд бүх зүйлээ зориулсан шүү дээ. Бельги хаалгаруу 6 удаа цохиод л гоол оруулсан. Бид 29 цохилт хийж, хоёр ч удаа шон онолоо. Ялагдал бол ялагдал. Надад яг одоо хэлэх олон үг алга байна. Бид бүгд ялахыг хүсч байсан. Финалд шалгарч чадна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Үр дүнд ямар ч шударга бус зүйл байхгүй ээ. Тэд гоол оруулсан. Харин бид чадсангүй.”

К.Роналдо рекорд тогтоож, Францчууд герман машиныг буулгаж авлаа

Унгар 0:3 Португал

Кристиано Роналдо тэргүүтэй европын бразилчууд гэгдэх Португалын шигшээ багийн аваргаа хамгаалах тэмцэл Унгарын шигшээгээр эхэллээ. Өмнөх тэмцээнээс ялгаатай нь энэ удаад байрлал бүр дээр дэлхийн шилдэгт тооцогдохуйц залуус эх орноо төлөөлөхөөр болжээ.

Шүгэл дуугарлаа. Тоглолтын эхнээс португалчууд бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч аюул тарьж чадахгүй л байв. Эсрэгээрээ Унгарын хамгаалалт ч үнэхээр сайн ажиллаж байлаа. Гэхдээ тэд хүссэн үр дүнгээ авах боломжоо үндсэн цаг  дуусахаас зургаан минутын өмнө алдсан юм. Германы “Боруссиа Дортмунд” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Рафаэль Геррейро тун санамсаргүй байдлаас гоолдож орхив. Ийнхүү тэргүүллийг гартаа авсан ч португалчуудын сэтгэл ханасангүй. ЕАШТ-ий хамгийн олон гоол оруулсан амжилтын эзэн Кристиано Роналдо энэ үдэш ганзага хоосонгүй байж хоёр гоолыг хаалганд шигтгэсэн юм. Ийнхүү тэрбээр тус тэмцээнд 11 гоолтой боллоо. Гэхдээ түүний дээд амжилтууд үүгээр дууссангүй. Португал эр таван еврод оролцсон,мөн  гоолдсон анхны тоглогч болжээ.

Тэрбээр тоглолтын талаар “Мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол ялалт байгуулах байдаг. Хэцүүхэн тоглолт боллоо. Учир нь унгарчууд маш сайн хамгааллаа. Гэхдээ бид гурван гоол оруулж чадсан. Мөн намайг хоёр гоол оруулахад тусалсан багийхандаа маш их баярлаж байна.”

https://www.youtube.com/watch?v=0dQMNYcwq6I
Тоглолтын тойм

Франц 1:0 Герман

Өдрийн гэлтгүй энэ тэмцээний хамгийн онцлох тоглолт өнгөрөгч шөнө явагдлаа. Учир нь сүүлийн хоёр дэлхийн аваргууд “Аллианз Арена”-д хоорондоо тулсан юм. Том тоглолтыг жижиг алдаа шийддэг гэлцдэг. Яг л энэ зарчмаар, Германы шигшээ багийн туршлагатай хамгаалагч Матс Хуммельс тоглолтын 20 дахь минутад өөрийн хаалганд гоолдлоо. Ийнхүү герман машинууд тэнцээний гоолыг хайсаар байсан ч Францын хамгаалалт өөгүй байж чадлаа. 

Тоглолтын шилдгээр франц залуу Пол Погба нэрлэгджээ. Түүний талаар домогт тоглогч Роберт Пирес “Погба өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Бид түүнийг ямар техниктэй тоглогч вэ гэдгийг мэднэ. Үүнээс гадна тэр бие бялдрын хувьд ч ямар ч асуудалгүй байж чадлаа. Тоглолтын шилдгээр тодорсонд нь маргаад байх зүйл алга” гэжээ.

Германы шигшээг сүүлийн тэмцээндээ удирдаж буй Йоахим Лёв: “Ширүүн өрсөлдөөн байлаа. Залуус маань эцсээ хүртэл тэмцлээ. Би багаа илүү хичээх ёстой байсан гэж буруутгаж чадахгүй ээ. Тэд талбай дээр бүх зүйлээл зориуллаа.”

Тоглолтын тойм

Хоёр багтай холбоотой:

  • Дидье Дешамын залуус 19 тоглолт дарааллан ялагдсангүй. /16 хожил 3 тэнцээ/
  • Францчууд Германтай хийсэн сүүлийн зургаан тоглолтондоо хожигдоогүй.
  • Герман машин анх удаагаа Еврогийн нээлтэд хожигдлоо. Гэхдээ тэд энэ тэмцээний түүхэнд 50 тоглолт хийсэн анхны улс болжээ.

Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй

Португалын шигшээ багийн лидер Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар орон нутгийн “Record” сонинд мэдээлснээр бол Португалын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Фернандо Гомеш, багийн ерөнхий дасгалжуулагч Фернандо Сантош нартай ярилцаад Польш болон Шотландын багийн эсрэг хийх тоглолтод оролцохгүй, тэр ч бүү хэл энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй, түр амрахаар төлөвлөсөн гэнэ.

Өнгөрсөн бямба гаригт Германы “Der Spiegel” сэтгүүл 34 настай америк бүсгүй Кэйтрин Маяоргаг хүч хэрэглэсэн хэмээн мэдээлсэн юм. К.Роналду уг хэргийг нууц байлгахын тулд бүсгүйд 375 мянган ам.доллар өгсөн хэмээн тус сэтгүүлд бичсэн. Кэйтрин хэмээх бүсгүй 2009 онд Лас Вегас хотын зочид буудалд хүчиндүүлсэн хэмээн цагдаад гомдол гаргасан. Гэхдээ тухайн үед гэмт этгээдийн нэр олонд дэлгэгдээгүй. 2017 онд Германы сэтгүүл уг хүчингийн хэрэгт холбогдогч нь К.Роналду гэж зарласан удаатай.

Тэгвэл 33 настай хөлбөмбөгчин эр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан үгүйсгэсэн билээ.

К.Роналдугийн өнжих тоглолтууд

Аргентинийн хөлбөмбөгчин Лионель Месси энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэвлэлийн бага хуралд мэдээлснээр бол шигшээгийн дасгалжуулагч Фернандо Сантош К.Роналдуг шигшээгээ орхих болоогүй хэмээн зарласан юм.

К.Роналду өнгөрсөн сард мөн шигшээдээ тоглолгүй, амралт авсан. Түүний эзгүйд баг нь Италийг 1:0-ээр хожсон бол Хорваттай хийсэн нөхөрсөг тоглолтод 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан юм.