Category: Спорт ба бизнес

“Спотифай”-ийн үүсгэн байгуулагч Арсеналаас татгалзсан хариу авчээ

Өнгөрсөн сард Европын Супер Лигийн (ЕСЛ) шуугиан гарч хөгжөөн дэмжигчид Эмиратес цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цугларч эсэргүүцлээ илэрхийлэх үеэр “Спотифай” компаний гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Даниель Ек “Арсенал” клуб хэзээ нэгэн цагт зарагдахаар бол худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байсан билээ.

Тухайн үед өөрийн твиттертээ “Би ухаан орсон цагаасаа хойш л Арсенал-ыг дэмжиж байсныгаа санадаг юм. Хэрэв КСЕ Арсенал-ыг зарна гэвэл би энэ өрсөлдөөнд баяртайгаар нэгдэх болно.” хэмээжээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн бямба гарагт “Арсенал”-ын эзэн Стен Кроенкийн гэр бүл түүний саналд татгалзсан хариу өгчээ. Ек өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Арсенал” клубд санал хүргүүлээгүй гэх “худал мэдээллийг” залруулж мэдэгдэл хийсэн байна.

“Энэ долоо хоногт Жош Кроенке (Стен Кроенкийн том хүү) болон түүний банкируудтай бид уулзаж фенүүдийн өмчлөл, дэмжигчдийн алтан хувьцааг багтаасан санал хүргүүлсэн. Харин тэд -Бидэнд энэ мөнгө хэрэггүй хэмээн хариулсан юм. Би тэдний шийдвэрийг хүндэтгэж байгаа. Мөн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч би энэ клубыг сонирхсон хэвээр байгаа гэдгээ мэдэгдье.”

Форбес сэтгүүлд бичсэнээр Ек өнгөрсөн сард 2.8 тэрбумаар Арсеналыг үнэлж, худалдан авах хөрөнгөө баталгаажуулсан юм. Их Британий зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Арсеналын домогт тоглогчид болох Тьерри Анри, Деннис Бергкамп, Патрик Виейра нар Екийн саналыг дэмжиж байгааг мэдээлэлж байсан юм.

    Хөлбөмбөг ба цар тахал

    Цар тахлын улмаас өнгөрсөн улиралд европын том багуудын ашиг буурч, бүр алдагдалтай гарчээ. ПСЖ 125.8 хувь, Порто 116.2 хувь, Ювэнтус клубын ашиг 89.7 хувиар тус тус буурсан бол Реал Мадрид дөнгөж 0.3 хувь, Бавари 5.9 хувийн ашигтай ажилласан юм.

    Олон улсын санхүүгийн аудитын томчуудын нэг “KPMG” компаниас өнгөрсөн улирлын Европын шилдэг зургаан лигийн аваргуудын санхүүгийн тайланг гаргажээ.

    Онцлог

    Бидний мэдэж байгаачлан өнгөрсөн онд дэлхий нийтээр цар тахлын аюул нүүрлэж, их спортын ертөнцөд ч сүүдрээ тусгасан. Олимп, дэлхийн олон наадам хойшлогдож, АНУ-ын мэргэжлийн спортууд ч санхүүгийн хямралд өртсөн билээ. Холбоо бүр янз бүрийн арга хайж их хэмжээний алдагдлаас сэргийлсэн бол оюутны сагсан бөмбөгийн холбоо (NCAA) цуцлагдсан юм. Гэхдээ энэ жил дээрх холбоод бүгд ямар нэгэн аргаар тэмцээнээ хэвийн үргэлжлүүлэхээр болсон билээ. (УНШИХ)

    Харин хөлбөмбөгийн хувьд Европын лигүүд улирлын хоёрдугаар хагасаас зогсож, лигээ бүр мөсөн цуцах эсэх дээрээ тулсан ч зарим нь үзэгчгүй цэнгэлдэхэд аваргаа тодруулсан юм.

    Тэгвэл энэхүү адармаатай улирлын аваргуудын санхүү, үйл ажиллагааны орлого ямар байсан талаар хүргэе.


    Үйл ажиллагааны орлого

    Үйл ажиллагаанаас олсон орлогоор Испанийн аваргууд тэргүүлж, германчууд удаалсан байна. Харин Английн “Ливерпуль” он удаан жилийн хүлээлтээ гүйцэлдүүлсэнээр гуравдугаарт эрэмблэгджээ.

    Буурал тивийн аваргуудаас Португалын багийн орлого хамгийн бага байгааг та графикаас төвөггүй ялгаад харж болно.

    Эх сурвалж: KPMG (Аварга багуудын орлогын бүтэц, өмнөх оноос өөрчлөгдсөн байдал)

    Орлогын бүтцээс өнгөцхөн харахад Реал Мадрид клубын тоглолттой өдрийн орлого буюу тасалбарын орлогоор 120.1 сая евро олж бусдаас илүүрхсэн бол Бавари Мюнхэн клуб зар сурталчилгаа, бусад хамтын ажиллагаанаас 333.5 сая евро олсон байна. Харин шууд дамжуулалтын орлогоор 231.9 сая евро олсон Ливэрпуль тэргүүлэв.

    БАВАРИ МЮНХЕН КЛУБ

    Лигтээ 30 дахь удаагаа түрүүлсэн Германы аваргууд Адидас, Катар Эйрвэйз, Дойч Телеком компаниудтай хамтран ажиллаж байна.

    Багийн нийт үнэлгээ: 2.88 тэрбум евро

    Олон нийтийн сүлжээ хаягууд (Дагагчийн тоо 2020.01.01):

    • Facebook – 51.4 сая
    • Instagram – 24.8 сая
    • Twitter – 5.2 сая
    • Youtube – 1.9 сая
    • TikTok – 3.8 сая
    • Weibo – 4.4 сая
    • НИЙТ – 91.4 сая

    Үнэлгээ өндөр тоглогчид:

    • Сэрж Хнабри (Герман) – 99.8 сая
    • Жошуа Киммих (Герман) – 98.3 сая
    • Лэрой Санэ (Герман) – 85.8 сая
    • БҮХ ТОГЛОГЧИД – 943.4 сая
    Эх сурвалж: KPMG (Германы Бундэслигийн аваргын санхүүгийн үзүүлэлтүүд)

    Гол орлогыг зар сурталчилгаанаас олсон. Үйл ажиллагааны олсон орлогын 52 хувийг ажилчдын цалинд зарцуулсан юм. Татварын өмнөх ашиг өмнөх (2018/19) улирлаас 11.7% өссөн бол татварын дараах ашиг 5.9% өсөлттэй байжээ.


    ПОРТО КЛУБ

    Лигтээ 29 дэх удаагаа тэргүүлсэн Португалын аваргууд Нью Баланс, Супер Бок, Алтис (МЕО) компаниудтай хамтран ажиллаж байна.

    Багийн нийт үнэлгээ: 313 сая евро

    Олон нийтийн сүлжээ хаягууд (Дагагчийн тоо 2020.01.01):

    • Facebook – 41 сая
    • Instagram – 1.6 сая
    • Twitter – 1.3 сая
    • Youtube – 0.2 сая
    • TikTok – 0.2 сая
    • Weibo – 0.01 сая
    • НИЙТ – 7.3 сая

    Үнэлгээ өндөр тоглогчид:

    • Есүс Корона (Мексик) – 28.5 сая
    • Моуса Марега (Мали) – 15.4 сая
    • Шоя Накажима (Япон) – 14.3 сая
    • БҮХ ТОГЛОГЧИД – 214.4 сая
    Эх сурвалж: KPMG (Португалын Премьера Лиган аваргын санхүүгийн үзүүлэлтүүд)

    Гол орлогыг шууд дамжуулалтаас олсон. Үйл ажиллагааны олсон орлогын 91%-ийг ажилчдын цалингийн зардалд зарцуулсан. Татварын өмнөх ашиг өмнөх (2018/19) улирлаас 115.6% буурсан бол татварын дараах ашиг мөн 116.2% буурчээ.


    ЮВЕНТУС КЛУБ

    Лигтээ 36 дахь удаагаа тэргүүлсэн Италийн аваргууд Адидас, ФИАТ, Жийп компаниудтай хамтран ажиллаж байна.

    Багийн нийт үнэлгээ: 1.74 тэрбум евро

    Олон нийтийн сүлжээ хаягууд (Дагагчийн тоо 2020.01.01):

    • Facebook – 43.5 сая
    • Instagram – 45.5 сая
    • Twitter – 8.7 сая
    • Youtube – 3.1 сая
    • TikTok – 1.9 сая
    • Weibo – 3.1 сая
    • НИЙТ – 105.8 сая

    Үнэлгээ өндөр тоглогчид:

    • Матис д Лайт (Голланд) – 90.0 сая
    • Пауло Диабала (Аргентин) – 65.2 сая
    • Кристиан Роналдо (Португал) – 63.2 сая
    • БҮХ ТОГЛОГЧИД – 734.8 сая
    Эх сурвалж: KPMG (Италийн Сери А лигийн аваргын санхүүгийн үзүүлэлтүүд)

    Гол орлогыг зар сурталчилгаа болон шууд дамжуулалтаас олсон. Үйл ажиллагааны олсон орлогын 71%-ийг ажилчдын цалингийн зардалд зарцуулсан. Татварын өмнөх ашиг өмнөх (2018/19) улирлаас 81.7% буурсан бол татварын дараах ашиг мөн 89.7% буурчээ.


    ЛИВЭРПУЛЬ КЛУБ

    Хорь орчим жил завсарласны дараа лигтээ 19 дэх удаагаа өнгөлсөн Английн аваргууд Найк, Стандарт Чартэрэд, Экспэдиа компанитай хамтран ажиллаж байна.

    Багийн нийт үнэлгээ: 2.66 тэрбум евро

    Олон нийтийн сүлжээ хаягууд (Дагагчийн тоо 2020.01.01):

    • Facebook – 37.1 сая
    • Instagram – 29.3 сая
    • Twitter – 16.2 сая
    • Youtube – 5.4 сая
    • TikTok – 3.5 сая
    • Weibo – 3.4 сая
    • НИЙТ – 94.9 сая

    Үнэлгээ өндөр тоглогчид:

    • Мохамэд Сала (Египет) – 122.2 сая
    • Садио Манэ (Сенегал) – 120.0 сая
    • Трэнт Александр Арнолд (Англи) – 107.1 сая
    • БҮХ ТОГЛОГЧИД – 1,094.3 сая
    Эх сурвалж: KPMG (Английн Премьер лигийн аваргын санхүүгийн үзүүлэлтүүд)

    Гол орлогыг зар сурталчилгаа болон шууд дамжуулалтаас олсон. Энэхүү тайлан гарах үед Ливэрпүүлийн санхүүгийн гүйцэтгэл мэдээлэл ирээгүй байсан гэжээ.


    ПАРИС СЭЙНТ ЖЕРМЭЙН КЛУБ

    Лигтээ ес дэх удаагаа тэргүүлсэн Францын аваргууд Найк, Аккор компаниудтай хамтран ажиллаж байна.

    Багийн нийт үнэлгээ: 1.91 тэрбум евро

    Олон нийтийн сүлжээ хаягууд (Дагагчийн тоо 2020.01.01):

    • Facebook – 41.9 сая
    • Instagram – 32.5 сая
    • Twitter – 8.5 сая
    • Youtube – 2.7 сая
    • TikTok – 3.7 сая
    • Weibo – 2.2 сая
    • НИЙТ – 91.5 сая

    Үнэлгээ өндөр тоглогчид:

    • Клиан Мбаппэ (Франц) – 200.0 сая
    • Неймар (Бразил) – 125.0 сая
    • Маркуйнос (Бразил) – 59.9 сая
    • БҮХ ТОГЛОГЧИД – 806.6 сая
    Эх сурвалж: KPMG (Францын Лиг 1-ийн аваргын санхүүгийн үзүүлэлтүүд)

    Гол орлогыг зар сурталчилгаанаас олсон. Үйл ажиллагааны олсон орлогын 75%-ийг ажилчдын цалингийн зардалд зарцуулсан. Татварын өмнөх ашиг өмнөх (2018/19) улирлаас 127.2% буурсан бол татварын дараах ашиг мөн 125.8% буурчээ.


    РЕАЛ МАДРИД КЛУБ

    Лигтээ 34 дэх удаагаа тэргүүлсэн Испанийн аваргууд Адидас, Эмиратс Эйрлайн компаниудтай хамтран ажиллаж байна.

    Багийн нийт үнэлгээ: 3.48 тэрбум евро (Бүх багийг тэргүүлж байна)

    Олон нийтийн сүлжээ хаягууд (Дагагчийн тоо 2020.01.01):

    • Facebook – 111.0 сая
    • Instagram – 94.4 сая
    • Twitter – 35.7 сая
    • Youtube – 6.2 сая
    • TikTok – 4.1 сая
    • Weibo – 4.4 сая
    • НИЙТ – 255.8 сая

    Үнэлгээ өндөр тоглогчид:

    • Касэмиро (Бразил) – 72.6 сая
    • Рафаэл Варани (Франц) – 70.2 сая
    • Тибо Куртуа (Бэльги) – 67.9 сая
    • БҮХ ТОГЛОГЧИД – 874.2 сая
    Эх сурвалж: KPMG (Испанийн Ла Лигийн аваргын санхүүгийн үзүүлэлтүүд)

    Гол орлогыг зар сурталчилгаанаас олсон. Үйл ажиллагааны олсон орлогын 60%-ийг ажилчдын цалингийн зардалд зарцуулсан. Татварын өмнөх ашиг өмнөх (2018/19) улирлаас 1.9% өссөн бол татварын дараах ашиг мөн 0.3% өссөн байна.


    Тайлбар:

    Өмнө дурдсанчлан KPMG нь Нидерландад төвтэй 140 гаруй улсад салбартай санхүү, аудитын үйлчилгээний компани аж. Тэд тав дахь удаагаа европын лигүүдийн аварга багуудад үндсэн санхүүгийн үйл ажиллагаан дээрээ үндэслээд тайлан гаргаж буй юм.

    Багуудын үнэлгээг гурван бүлэгт хуваан гаргадаг:

    • Санхүүгийн болон үйл ажиллагааны орлого
    • Тоглогчдын үнэлгээ
    • Олон нийтийн сүлжээ

    Дээрх бүлэг тус бүрээр дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийдэг байна. Санхүүгийн хувьд бүх багууд тухайн компанид тайлангаа ирүүлдэг бололтой. Энэ удаад Ливэрпуль клубын санхүүгийн тайлан ирээгүй байсан учир тайланд нарийн тооцоолсон хэсэг ороогүй гэнэ.

    Цаашид долоо хоног бүрийн Ням гаригт Спорт ба Бизнес сэдвээр спортын зах зээлтэй холбоотой мэдээлэл бэлтгэн хүргэж байхыг хичээнээ. Та бүхэн дэмжиж, түгээгээрэй.

    Эх сурвалж: KPMG (FootballBenchmark)

    Алтан түнштэй боллоо

    “ПИ СИ МОЛЛ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН “АЛТАН ТҮНШ”-ЭЭР АЖИЛЛАНА

    Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн тэмцээний “Алтан түнш”-ээр цахим технологи, цахилгаан барааны дэлгүүр “Пи Си Молл” ажиллахаар болж өнөөдөр Монголын Хөл Бөмбөгийн Холбоотой хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

    Дэлхийн №1 үзэгчтэй спорт болох хөл бөмбөгт хөрөнгө оруулах нь хамгийн ашигтайд тооцогддог. Тиймээс ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд энэ салбарт хөл тавьсаар байна.

    Энэ жишгээр “Пи Си Молл” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөл бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байгаа нь бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц үйл явдал болж байгааг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцолсон юм.

    Талууд 1 жилийн 200 сая төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд тэн хагасыг мөнгөн дүнгээр, үлдсэн үнийн дүнд МХБХ-г техник технологийн хувьд дэмжин ажиллахаар тохиролцсон байна.

    Спортыг дэмжигч “Пи Си Молл” ХХК-ний хувьд дэлхийн шилдэг брендүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бөгөөд Монголын Үндэсний Дээд Лигт “ Hisense “ брэндийг онцолж байна. “Hisense” брэнд нь Францын Пари Сен Жермейн багийн ивээн тэтгэгчээр ажилладаг төдийгүй ОХУ-д зохиогдсон 2018 оны Хөл Бөмбөгийн ДАШТ-ын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, 2020 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

    Ийнхүү Монголын томоохон компани хөл бөмбөгийн ертөнцийг илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болоход түлхэц өгч, хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хөл бөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигч, багш дасгалжуулагч нар гүн талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

    НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

    Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

    “Барселона” клубийн тоглогчдын дундаж цалин 10 сая фунт хүрчээ

    Испанийн хөлбөмбөгийн томоохон клуб болох “Барселона” клуб багийн спортын түүхэнд анх удаа цалингийн дундаж нь 10 сая фунтэд хүрсэн баг болжээ. 

    Даваа гаригт олон нийтэд танилцуулсан “Global Sports Salaries”-ийн судалгаагаар Каталаны клубийн 23 тоглогчийн дундаж цалин 10.45 сая фунт (13.76 сая ам.доллар) хүрч, багийн спортын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

    “Барселона” клуб аргентин довтлогч Лионель Месситэй шинэ гэрээ байгуулж, жилийн 60 сая ам.долларын цалин өгч байгаа бөгөөд Филиппе Коутиньо, Артур, Малком болон Артуро Видаль нарын тоглогчдод өндөр цалин өгөх болсон нь тэднийг рекорд амжилтад хүргэхэд тус болсон бололтой.

    Хамгийн их цалин өгдөг ТОП 12 баг

    Испанийн Ла лигийн өөр нэг төлөөлөл болсон “Реал Мадрид” клуб 8.1 сая фунт буюу 10.6 саяыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдсэн. Харин өнгөрсөн жил уг үзүүлэлтийг тэргүүлж байсан NBA-гийн “Оклахома Сити Тандер” 7.5 сая фунт (10.33 сая ам.доллар) зарцуулдаг үзүүлэлтээр гуравдугаарт жагссан юм. Тэдний араас “Голден Стэйт Уорриорс” 10.2 сая ам.доллар, “Вашингтон Визардс” 10.0 сая ам.долларыг цалинд өгдөг. Ингэснээр дээрх гурав АНУ-ын мэргэжлийн спортын түүхэнд 10 сая “ногоон” давсан цалин олгодог анхны багууд болсон аж. Харин NBA-гийн нийт багийн дундаж цалин 5.9 сая фунт буюу 7.8 сая ам.долларыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр бусад лигүүдийг тэргүүлдэг.

     

    Италийн “Ювентус” клуб Криштиану Роналдуг багтаа авсан тул өнгөрсөн жил 32-т жагссан үзүүлэлтээс уг жагсаалтын есдүгээрт бичигдэх болов. Уг жагсаалтын аравдугаарт Английн “Манчестер Юнайтед” багтсан юм.

    Ла лигийн улирлын тоглолт АНУ, Канадад болно

    Испанийн Ла лигийн улирлын тоглолт АНУ болон Канадад зохион байгуулахаар боллоо. Энэ талаар Америк хөлбөмбөгийн “Майами Долфинс” багийн эзэн Стивен Росс мэдээлсэн юм.

    ESPN-ий сэтгүүлч Жефф Карлислийн мэдээлснээр бол одоогоор яг аль тоглолт хэзээ болох нь тодорхойгүй ч “Майами Долфинс” багийн “Хард Рок” цэнгэлдэхэд Ла лигийн хоёр тоглолт болохоор төлөвлөж байгаа аж.

    Испанийн Ла лигийн зүгээс уг мэдээллийг албан ёсоор баталсан байна. Одоогоор аль тоглолтыг АНУ-д болохыг шийдвэрлээгүй байгаа ч энэ улиралд эсвэл ирэх улирлаас америкчууд хайртай багийнхаа тоглолтыг эх орондоо үзэх боломж бүрдэнэ гэж таамаглаж буй.

    Хоёр талын хэлэлцээрээр Ла лигийн тоглолт АНУ-д 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Энэ нь Европын хөлбөмбөгийн багуудын хувьд анхдагч болно. Цаашлаад Английн Премьер лиг болон Герман, Итадийн хөлбөмбөгийн дээд лигийн улирлын тоглолт Хойд Америкийн нутагт болохоор хэлэлцээр явагдах төлөвтэй байгаа талаар шинжээчид мэдээлсэн юм.

     

    Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 хаалгач – Кепа, Алиссон Бекер, Куртуа, Эдерсон

    Италийн залуухан хаалгач Жианлужи Буффон одоогоос 17 жилийн өмнө 23 насандаа “Парма”-гаас “Ювентус” руу 32.6 сая еврогоор очиж, дээд амжилт тогтоож байлаа. Үүнээс хойш 16 жилийн турш түүн шиг өндөр үнэ хүрсэн хаалгач тодроогүй. Харин энэ өнгөрсөн жил Эдерсон Мораес түүний энэ дээд амжилтыг давж гарсан түүхтэй. Ингээд хөлбөмбөгийн наймааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн 10 тоглогчийг танилцуулья.

    • 1. Кепа Аррисабалага, “Атлетик Билбао”-гаас “Челси”, 2018, 71 сая фунт

    Кепа Аррисабалага Испанийн “Атлетик Билбао” клубийн үндсэн багт ердөө хоёр улирал багтаж, Ла Лигийн 53 тоглолтод оролцсон төдийгүй шигшээ багтаа нэг тоглолтод оролцсон. Гэхдээ Английн “Челси” клуб богино хугацаан бельги хаалгач Тибо Куртуагийн орон зайг нөхөх шаардлагатай болсон тул испани эрийн 80 сая еврогийн гэрээг худалдаж авсан юм. Энэ нь олонд төдий л танигдаагүй Кепаг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болгожээ.

    • 2. Алиссон Бекер, “АС Рома”-гаас “Ливерпуль”, 2018, 65 сая фунт

    Бразилын шигшээ багийн №1 хаалгач Алиссон Бекер богино хугацаанд дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач байв. Италийн “АС Рома”-гийн үндсэн багт хоёр жил тоглосон түүний ур чадварыг Английн “Ливерпуль” клуб 65 сая фунтаар үнэлсэн. Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн шигшээд тус багийн хаалгач Лорис Кариусын “тархи хөдөлсөн нь” рекорд үнээр хаалгач авчрахад түлхэц болсон билээ. Гэхдээ Алиссоны дэлхийн хамгийн үнэтэй хаалгач хэмээх цол сар хүрэхгүй хугацааны настай байв.

    • 3. Тибо Куртуа, “Челси”-гээс “Реал Мадрид”, 2018, 35 сая фунт

     

    Бельгийн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д гайхалтай оролцож, хүрэл медаль, алтан бээлий шагналыг хүртсэн Тибо Куртуа Англид эргэн ирээд бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр “Реал” руу хандарч эхэлсэн юм. Хэрвээ түүний наймаа өнгөрсөн зургадугаар сард явагдсан бол гарцаагүй дээд үнэ болох байлаа. “Челси”-тэй байгуулсан гэрээ нь дуусахад нэг жил үлдсэн ч “Реал” хүлээж тэвчилгүй 35 сая фунт зарцуулжээ.

    • 4. Эдерсон Мораес, “Бенфика”-гаас “Манчестер Сити”, 2017, 34.7 сая фунт

    Бразилын шигшээ багийн хаалгач Эдерсон Мораес өнгөрсөн жил Английн Премьер лигт очихдоо дэлхийн хамгийн үнэтэй хаалгач болсон түүхтэй. Эдерсон өнгөрсөн жил “Манчестер Сити” клубийн хамт Английн дээд лигт түрүүлж, бас гиннесийн номд бүртгүүлээд амжсан. Тэр бол бөмбөгөө хамгийн хол цөлдөг хаалгач аж. Бразил эр гурав дахь оролдлогоороо 75.35 метр “нисгэж” дэлхийн дээд амжилтад нэрээ мөнхөлсөн юм.

    • Жианлужи Буффон, “Парма”-гаас “Ювентус”, 2001, 32.6 сая фунт

    Италийн “Ювентус” клуб нидерланд хаалгач Эдвин ван дер Саарын оронд 23 настай залуу хаалгач Жианлужи Буффонд итгэл хүлээлгэв. Дараагийн 16 жил Ж.Буффон “Хөгшин хатагтай” нарын бахархал болсон юм. Түүний цаг үед Икер Касильяс, Петр Чех гээд олон шилдэг хаалгач төрсөн ч Ж.Буффон бүх цаг үеийн хамгийн гайхалтай тоглогч гэдэг нь маргаангүй үнэн. Одоогоос 12 жилийн өмнө 2006 онд Италийн багууд тоглолт тохиролцсон хэргээр шийтгэл хүлээхэд багтаа үнэнч үлдсэн цөөн тоглогчийн нэг нь Ж.Буффон байлаа.

    • 6. Жордан Пикфорд, “Сандерланд”-аас “Эвертон”, 2017, 25 сая фунт

    Английн “Сандерланд” клубийн хүүхдийн академид хүмүүжсэн Ж.Пикфорд 17 настайгаасаа л “Сандерланд”-ын болон хоёрдугаар дивизионы олон багийн хаалгыг манасан. Таван жилийн хугацаанд зургаан багт зээлээр тоглосон англи эр 2016 онд үндсэн багтаа эргэн ирсэн. Эхний тоглолтоо “Тоттенхэм”-ийн эсрэг хийснээр 21 нас хүрсэн ч Английн таван лигт мөрөө гаргасан тоглогч болжээ. Энэ жилийн ДАШТ-д гялалзахаас өмнө “Эвертон” түүний авьяасыг үнэлэн, өнгөрсөн жил 25 сая фунтаар худалдаж авсан. Ингэснээр тухайн цаг үед дэлхийн гурав дахь, Английн хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач болсон юм.

    • 7. Франческо Тольдо, “Фиорентина”-гаас “Интер Милан”, 2001, 23.85 сая фунт

    Италийн “АС Милан” клубийн академид “номын дуу” сонсч, мэргэжлийн хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн ч үндсэн багт тоглож чадаагүй. Зээлээр гурван багт очсоны дараа 1993 онд “Фиорентино”-той гэрээ байгуулжээ. Энд найман улирал тоглохдоо Италийн цомд хоёр, Италийн супер цомд түрүүлж, Аваргуудын лигт тоглоод амжсан. 2000 онд Сери А-гийн шилдэг хаалгач болсон юм. Дараа жил нь “Фиорентина” клуб санхүүгийн асуудалд орсон тул Ф.Тольдог зарахаас өөр аргагүй байдалд оржээ. Түүнийг “Парма” руу зарсан ч өөрөө тоглохоос татгалзсан тул “Интер Милан” худалдаж авсан юм.

    • 8. Бернд Лено, “Байер Леверкузен”-ээс “Арсенал”, 2018, 19.3 сая фунт

    Бернд Лено Бундес лигт 230 тоглолтод оролцсон ч Германы шигшээ багт ердөө зургаан удаа дуудагдсан. Тэр ч бүү хэл ДАШТ-ий бүрэлдэхүүнд ч багтаагүй юм. Гэхдээ түүний үнэ өөрт нь шигшээд боломж олгоогүй Мануэль Нойероос давж гарсан аж.

    • 9. Мануэль Нойер, “Шальке”-гаас “Бавари Мюнхен”, 2011, 19 сая фунт

    Өдгөө 31 настай Мануэль Нойер 2011 онд хамгийн өндөр үнэ хүрсэн герман хаалгач болсон билээ. Одоо тэр Бундес лигийн аваргаар зургаан жил дараалан шалгарч, Аваргуудын лигт түрүүлээд зогсохгүй дэлхийн аварга болоод амжсан.

    • 10. Дэвид Де Хеа, “Атлетико Мадрид”-аас “Манчестер Юнайтед”, 2011, 18.9 сая фунт

    Эдвин ван дер Саарын орыг залгахаар 20 настай испани хаалгач Дэвид Де Хеаг чамлахааргүй үнээр “Улаан чөтгөрүүд” эгнээндээ нэгтгэж байв. Харин одоо тэр Английн дээд лигийн аварга, Холбооны цомын эзэн, Лигийн цом, Европа лигт түрүүлээд зогсохгүй, Испанийн шигшээ багийн үндсэн хаалгач болжээ.

    Өмнөд Азийн найман оронд Ла лиг үнэгүй цацагдана

    “Facebook” компани Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутагт ноёрхлоо тогтоохын тулд Испанийн Ла лигийг тус бүс нутагт үнэгүй цацах эрхийг худалдан авлаа. Тус компани Леонил Месси тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг гурван жил эзэмших юм. Үүгээр ч зогсохгүй ирэх баасан гаригт нээлтээ хийх шинэ улирлаас эхлээд бүх 380 тоглолтыг дамжуулна. Ийм эрх эдлэх найман улсаар Энэтхэг, Афганистан, Бангладеш, Бутан, Балба, Малдивийн арал болон Шри Ланка, Пакистан улс байх аж.

    Энэтхэг улсад Ла лигийн тоглолт шууд дамжуулах эрхийг өмнө нь “Sony Pictures Network” эзэмшиж байсан юм. Тэд 2014 онд дөрвөн жилийн хугацаанд 32 сая ам.доллароор уг эрхийг худалдаж авсан. Харин өдгөө “Facebook” ямар үнээр дээрх эрхийг авсан нь тодорхой бус байгаа ч ойролцоогоор 90 сая “ногоон” гэж таамаглаж буй. Энэ нь “Facebook”-ийн шууд дамжуулж буй анхны спорт контент биш. Тус компани MLB (мэргэжлийн бэйсболын лиг)-гийн улирлын 25 тоглолтыг шууд дамжуулах эрхийг 1 сая ам.доллароор худалдаж авсан. Ингэхдээ уг спортыг сурталчлах зорилгоор дэлхий дахинд үнэгүй үзүүлдэг. Сонирхуулахад, ирэх улирлаас “Amazon” Английн дээд лигийн 20 тоглолтыг өөрсдийн төхөөрөмжөөр шууд дамжуулах эрх авсан юм.

    “Facebook”-ийн Олон улсын тэмцээн уралдааныг шууд дамжуулах салбарын захирал Петер Хаттоны мэдээлснээр тус компани цаашид ч спортын шууд дамжуулах цар хүрээгээ улам бүр тэлэхээр төлөвлөсөн аж.

    Испанийн Ла лигийг үздэг хүмүүс Энэтхэгт олон бий. Үүний баталгаа нь 2016 онд Шинэ Дэли хотод Ла лигийн салбар байгуулагдсан явдал. Тус салбарын менежер Хосе Антонио Качаса “Энэ бол эхний алхам юм. Бид цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаа” гэж ярьсан байна.

    Зөвхөн Энэтхэгт “Facebook” хэрэглэдэг 241 сая хэрэглэгч бий. Энэ нь АНУ-ын нийт хэрэглэгчидтэй тэнцүү тоо аж. Гэхдээ цаашид энэ тоо өсөх магадлалтай.

    Өнгөрсөн жилийн байдлаар Энэтхэгийн хүн ам 1.3 тэрбумд хүрсэн. Энэ тоо 2030 онд 1.5 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Энэ жил 500 сая хүн шинээр интэрнэт холбогдсон мэдээлэл ч байгаа юм.

    Гэхдээ энэ шийдвэр Энэтхэг болон тус бүс нутагт амьдардаг ихэнх иргэдэд таалагдаагүй бололтой. Тэд интэрнэтээр бус зурагтаар үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, багагүй бухимдаад амжсан.

    “Facebook”-ийн ерөнхий захирал Марк Цукерберг дэлхий даяар амьдарч буй таван тэрбум хүнийг холбох хүсэлтэй байгаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ талаар Испанийн Барселона хотод болсон “Mobile World Congress”-ийн үеэр мэдэгдэл хийж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Тиймээс Энэтхэг болон Өмнөд Азийн энэ бүс нутгийн хэрэглэгчдийг татах арга зам хайж байсан юм. Өнгөрсөн жил түүний удирддаг компани Энэтхэгийн крикетийн лигийн шууд дамжуулах эрхийг 610 саяар худалдаж авахаар санал тавьсан ч цаадуул нь татгалзсан хариу өгсөн гэдэг.