Category: Хөлбөмбөг

Александр Кокориныг суллах талаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын “Зенит” багийн довтлогч Александр Кокориныг хүн зодсон хэргээр ирэх сарын 8-нд хүртэл шоронд хорихоор болсон билээ. Шүүхээс шийдвэр гарвал тав хүртэлх жилээр шоронд үргэлжлүүлэн хорих юм.

А.Кокорин болон Павел Мамаев нар өнгөрсөн оны аравдугаар сард согтуугаар зодоон хийж, хоёр хүнд ноцтой гэмтэл учруулсан юм. Хэрвээ шүүхээс буруутай гэж үзвэл хөлбөмбөгчин залуус тав хүртэлх жилээр шоронд хоригдох билээ. Тэгвэл А.Кокорины төрсөн дүү Кирилл Кокорин цахим хуудсаар дамжуулан шүүхэд зориулж, олон нийтээс гарын үсэг цуглуулж, А.Кокорин болон түүний дотны найз П.Мамаев нарыг шоронгоос суллах талаар санал дэвшүүлжээ.

Сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд хөлбөмбөгчин залуус нэгэн кафенд зодоон хийж, Засгийн газрын албан хаагчийг хүнд гэмтээсэн юм. А.Кокорин хохирогч руу сандал шидэж буй дүрс хяналтын камерт бичигдсэн байдаг. Энэ хэргээс хэдхэн цагийн дараа нэгэн телевизийн жолоочийг зодож, тархинд нь гэмтэл учруулсан болохыг цагдаа нар тогтоосон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын шигшээ багаас хөлбөмбөгчин залуусыг хассан гэдгээ зарласан юм.

Александр Кокорин цагтаа Английн “Арсенал”, “Манчестер Юнайтед” багтаа авчрахаар сонирхож байсан юм. Нэгэн үе түүнийг Оросын хөлбөмбөгийн ирээдүй хэмээн үнэлдэг байсан юм.

Япончууд финалд шалгарлаа

Ираны шигшээ баг Азийн АШТ-д Японы эсрэг гоолдоогүй хар цуврал үргэлжиллээ.

Хөлбөмбөгийн Азийн АШТ-ий хагас шигшээд Япон, Ираны багууд өрсөлдсөн юм. Ираны шигшээ багийн португал мэргэжилтэн Карлуш Кейрошийн 100 дахь тоглолтод “Персийн арслангууд” 2011 оны тивийн аварга япончуудыг хожих эсэх нь олны анхаарлыг татаж байлаа. Харамсалтай нь, энэ тоглолтод өмнөх түүх давтагдсан юм. Япон, Ираны шигшээ баг Азийн АШТ-д дөрөв дэх удаагаа учраа таарсан нь энэ. Өмнөх гурван тулаанд бүгдэд нь “Цэнхэр самурайнууд” хаалгандаа гоол алдаж байгаагүй. Эхний хоёр тулаан тэнцээгээр өндөрлөсөн бол сүүлийнх нь 1992 оны тивийн аваргад Казүёши Миүрагийн 87 дахь минутад оруулсан гоолын ачаар япончууд 1:0-ээр ялж, улмаар тэр жилээ Саудын Арабыг ялснаар аварга болж байв.

“Персийн арслангууд” 2004 оноос хойш анх удаа тивийн тэмцээний хагас шигшээд шалгарсан. Шар тивдээ гурван удаа түрүүлсэн ч хамгийн сүүлд 43 жилийн өмнө манлайлжээ. Харин япончууд сүүлийн зургаан тэмцээний тавд нь хагас шигшээд үлдэж (2000, 2004, 2007, 2011, 2019), гуравт нь цом өргөсөн. Дөрвөн жилийн өмнө Саудын Арабт 3:2-оор ялагдаад тэмцээнийг өндөрлөж байв.

Япончууд 2000 оноос хойш тус тэмцээнд 33 тоглолт хийж, ердөө нэг удаа хожигдсон үзүүлэлттэй. 23 тулаанд ялж, 9 удаа тэнцсэн юм.

Олон хүн энэ удаад Ираныг хожно гэж таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Хоёр ч удаа бичлэг үзээд торгуулийн цохилт зааснаар илт илүүрхсэн япончууд шүүгчийн мэдлийн 91 дэх минутад гурав дахь гоолыг оруулж, ялалтаа баталгаажуулсан юм.

Осол: Эмилиано Салагийн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардав

Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Салагийн эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоосон болохыг цагдаагийн газраас мэдээлэв.

Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Сала, нисгэгч Дэвид Ибботсон нарыг алга болсноос гурав хоногийн дараа эрлийн ажиллагааг зогсоолоо. Хөлбөмбөгчин болон нисгэгч хоёрыг Их Британи, Францын дунд байдаг “Channel Islands”-ын ойролцоо унасан гэж үздэг. Хэрвээ далайн усанд унасан бол амьд байх магадлалтай боловч өвлийн хахир цагаар удаан тэсэхгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллага эрлийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Ромина Сала

Албаны хүмүүсийн гаргасан энэ шийдвэр олон хүнд тэр дундаа гэр бүлийхэнд нь таалагдсангүй. Эмилианогийн төрсөн эгч Ромина Сала хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, дүүгээ амьд байгаа гэдэгт эгч хүний зөн совингоор мэдэрч байгаагаа зарлав. Тэрбээр “Тэд амьд байгаа гэдгийг мэдэрч байна. Бидний тусламж тэдэнд хэрэгтэй. Эрлийн ажиллагааг зогсоохгүй байхыг хүсч байна” гэж ярьжээ.

Гонзало Игуаин

Гэр бүлийнхнээс нь гадна Аргентинийн хөлбөмбөгчид эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардсан юм. Тодруулбал, “Челси”-гийн шинэ цэрэг Гонзало Игуаин, “Манчестер Сити”-гийн Серхио Агуэро, Николас Отаменди, “Ньюкастл”-ын Феде Фернандес, “Реал Мадрид”-ын Эзэкуаил Гарай нар өөрсдийн цахим хаягаар дамжуулан эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Осол: Эмилиано Сала гэж хэн бэ

Аргентинд төрсөн, Францад өссөн хөлбөмбөгчин эр сураггүй алга болов.

Гуравхан хоногийн өмнө Английн “Кардифф Сити” клубтэй гэрээ байгуулсан Эмилиано Салагийн сууж явсан онгоц сураггүй алга болсон талаар Францын агаарын тээврийнхэн мэдээлэв. Сураггүй болсон нисдэг тэргэнд түүнээс гадна нэг нисгэгч байсан гэнэ.


Эмилиано Сала Аргентинийн Санта Фед төрсөн ч Францад мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлж, “Нант” клубийн шилдэг тоглогч нарын нэг болсон юм. Энэ улиралд хоёр тоглолт тутамд нэг гоол оруулсаар нийт 12 гоолтойгоор Францын дээд лигт хамгийн олон гоол оруулсан таван тоглогчийн нэг болоод байв.

Хэдийгээр 28 настай (1990 онд төрсөн) хожим гялалзсан ч гэлээ “Нант” клубийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогчоор тодорч, 15 сая фунт буюу 19.4 сая “ногоон”-ы үнээр “Кардифф Сити”-д очихоор гэрээ байгуулсан юм.

Э.Сала “Кардифф Сити”-гийн захирал Кен Чоогийн хамт

Явсан багаасаа гадна очсон багтаа ч тэр рекорд үнэ хүрсэн. Гэхдээ дөрвөн жилийн өмнө зээлээр өөр багт очиж, болвол нэг сая еврогоор зарахаар төлөвлөж байсан гэдгийг бодвол 19.4 саяд хүрсэн нь түүнийг энэ хугацаанд хэр сайжирсныг харуулж байна. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд 42 гоолын эзэн болжээ.

Энэ улиралд “Кардифф Сити”-гээс гадна “Уэйст Хэм”, “Эвертон”, “Лестер Сити”, “Кристал Палас”, “Фүлхэм”, “Саутхэмптон” гэх мэт олон багууд сонирхож байсан ч “Кардифф Сити” клуб рекорд үнээр худалдаж авсан. Түүнээс өмнө тус клубийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин бол 11 сая фунтын үнэ хүрсэн Гари Медель байлаа.

Э.Салагийн хуучин багийнхантайгаа авхуулсан сүүлийн зураг

Э.Салаг таван нисдэг тэрэг, хоёр аврагч багийнхан эрэл хайгуул хийж байна. Түүний сууж явсан онгоцны зарим хэсгийг олсон ч хүний цогцос байж болох ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тиймээс эрэл үргэлжилж байгаа аж. Э.Сала онгоцоор нисч яваад унаж байгаагаа “WhatsApp” программ ашиглаж, гэр бүлийхэндээ мэдэгдэж амжсан гэнэ. Тэрбээр аав руугаа “Энэ онгоц сүйрэх нь. Хэн нэг нь туслаарай” гэж аудио бичлэг явуулсан байна.

Албаныхан тэднийг усан дээр газардсан байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хэрвээ энэ таамаглал үнэн бол тэднийг амьд олох боломжтой юм.

Криштиану Роналду 21.6 сая ам.долларын торгууль төлнө

Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду Испанийн шүүхээс ял сонслоо.

Испанийн шүүхээс К.Роналдуг татвараас зугтсан хэрэгт нь 23 сарын ял оноолоо. Гэхдээ Испани улсын хуулиар хоёр жилээс бага хугацаанд ял авсан бол мөнгөн торгууль оноож, тэнсэн харгалзах ял руу шилжүүлдэг билээ. Тиймээс К.Роналду эрх чөлөөтэй хэвээр байх аж.

К.Роналдугийн татвараас зугтсан гэх хэрэг түүнийг “Реал Мадрид”-д 2010-14 оны хооронд тоглож байхад эхэлсэн гэж үздэг. Түүнийг дээрх хугацаанд олсон орлогодоо татвар төлөхөөс зайлсхийж, гадаадын татвар бага авдаг бүс нутгуудад мөнгөө байршуулсан, бага татвар төлөхийг оролдсон гэж буруутгасан юм.

Испани хэлээр мэдээлэл түгээдэг EFE мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол К.Роналду гадаадын дөрвөн банкинд байршуулсан нийт 5.7 сая евро бүхий дөрвөн хэргийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.

К.Роналдугийн шүүх хурал 15 минут үргэлжилж, нэрт хөлбөмбөгчин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсэг зураад гарчээ.

“Реал Мадрид”-ын хагас хамгаалагч асан Шави Алонсо энэ долоо хоногт шүүхэд дуудагдсан юм

Испанийн татварын асуудлаар шүүхийн хаалга татаагүй хөлбөмбөгчин хүн олон. Энэ долоо хоногт К.Роналдугаас гадна “Реал Мадрид”-д зүтгэж байсан Шави Алонсо мөн хуулийн өмнө буруутай эсэхээ хэлэлцсэн. Ш.Алонсог ойролцоогоор хоёр сая еврогийн татварын асуудалд буруутгасан юм. Тэднээс гадна Лионель Месси, Нэймар, Марсело нарын алдартнууд татвараас зугтсан асуудлаар шүүхийн хаалга татаж байв.

Вьетнам, БНХАУ, Иран дараагийн шатанд шалгарлаа (тойм)

Арабын нэгдсэн Эмират улсад болж байгаа хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шат эхэллээ.

Йордан 1:1 Вьетнам (2:4 Т.Ц)

Эхний гоолыг Баха’ Абдэл Рахман чөлөөт цохилтоос оруулснаар Йорданы хөлбөмбөгчид тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар хагаст Вьетнамын “Алтан Луунууд” тооны харьцааг тэнцүүлж, үндсэн цагт тус хоёр баг 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. Торгуулийн цохилтоор “Алтан Луунууд” дараагийн шатанд шалгарлаа.

Энэ амжилт нь тэдний хувьд оргил үзүүлэлт нь боллоо. Тус улсын хөлбөмбөгчид 1956, 1960 онд дараалан тивийнхээ тэмцээнд хүч үзсэн эртний түүхтэй ч 2007 оныг хүртэл дахиж оролцож чадаагүй. 2007 онд Тайланд, Малайз, Индонез, Вьетнам гэх дөрвөн улсад болсон тивийн АШТ-д эзэн орны багуудаас хасагдах шатанд өрсөлдөх “тийзээ” авсан цор ганц баг нь вьетнамчууд. Тэгвэл тивийнхээ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож буй “Алтан Луунууд” хасагдах шатанд анхны ялалтаа байгуулав.


Тайланд 1:2 БНХАУ

Эхний хагаст гоолоор дутуу болсон ч сүүлийн хагаст хятадууд 80 гаруй хувьтай бөмбөг эзэмшиж, хоёр гоол оруулснаар хасагдах шатны эхний эхний ялалтаа авлаа. Тайландын хөлбөмбөгчид 1972 оноос хойш тивийнхээ тэмцээний хасагдах шатанд хүч сорьсон юм.

Итали мэргэжилтэн Марсело Липпигийн удирдлага дор “Луунууд” тааруу амжилттай байгаа ч тивийн тэмцээний шөвгийн наймд шалгарлаа.


Иран 2:0 Оман

Одоогоор Азийн чансааг тэргүүлж буй Ираны хөлбөмбөгчид тивийнхээ тэмцээнд гурван удаа түрүүлж, цом өргөсөн ч 1976 оноос хойш дээрх амжилтаа давтаагүй юм.

Оманчууд тоглолтын эхэнд торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хаалгач Али Бэйранванд багаа аварсан юм. Нэгдүгээр хагаст хоёр гоол оруулсан иранчууд дараагийн үед тэргүүллээ хадгалж үлдсэнээр шөвгийн наймд БНХАУ-ын багтай учраа таарах боллоо.

Домог: Петр Чех энэ улирлын дараа хөлбөмбөгөө орхино

Английн “Арсенал” клубийн ахмад хаалгач Петр Чех энэ улирлыг дуусгаад их спортоо орхино.

Өдгөө 36 настай “Арсенал”-ын ахмад хаалгач Петр Чех энэ улирлыг дуусгаад их спортоо орхино гэдгээ зарлав. Тэрбээр 2015 онд “Арсенал”-ыг зорихоосоо өмнө 11 жилийн турш “Челси”-гийн хаалгыг манасан билээ.

Мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулаад хэдийнэ 20 жилийг ардаа үдсэн П.Чех одоо цаг нь ирсэн гэж шийджээ.

П.Чех 2004 онд Францын “Реннес” клубээс “Челси”-д очиж байв. Лондоны багт тэр 13 цом өргөсөн. Аваргуудын лигт нэг, Премьер лигт дөрвөн удаа түрүүлсэн юм. Түүнчлэн “Челси”-гийн түүхэнд хамгийн олон тоглолтод буюу 228 тулаанд хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлтээр рекорд тогтоосон билээ.

П.Чехийн Премьер лигийн замналЧелсиАрсенал
Оролцсон тоглолт333110
Минут29,7139,783
Алдсан гоол241125
Гоол алдсан минутын дундаж12378
Хаалгандаа гоол алдаагүй16240
Хаалгандаа гоол алдаагүй хувь48.6%36.4%
Хаалт800336
Амжилттай хаасан хувь76.7%72.4%

Сонирхуулахад, домогт хаалгачаа их спортоо орхих үед “Челси” клуб зүгээр суухгүй нь бололтой. Одоогоор баттай мэдээлэл биш боловч theTimes-ын мэдээлснээр бол П.Чехийг зодог тайлсны дараа туслах дасгалжуулагч эсвэл клубийн элч төлөөлөгчөөр ажиллуулах хүсэлтэй байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Роман Абрамовичтой одоог хүртэл дотно харилцаатай, тэд дараагийн алхамаа хэлэлцэж тохиролцсон тул П.Чех хөлбөмбөгөө орхино гэдгээ зарласан бололтой.

Харри Кэйн хоёр сар талбайд гарахгүй

Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн шагайны бэртлийн улмаас гуравдугаар сар хүртэл талбайд гарахгүй болжээ.

“Манчестер Юнайтед” багийн эсрэг тоглолтод шагайндаа бэртэл авсан Х.Кэйн ирэх гуравдугаар сарын эхээр л бэлтгэлдээ эргэн ирэх бололтой. Ингэснээр Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Борусси Дортмунд”-ын эсрэг хийх тоглолтод оролцохгүй нь тодорхой болов.

Ийнхүү “Тоттенхэм”-д маш том гарз учирлаа. Тус багийн солонгос довтлогч Сон Хын Мин Азийн АШТ-д оролцохоор шигшээ багаа зорьсон юм. Зөвхөн энэ улиралд гэхэд дээрх хоёр тоглогч “Тоттенхэм”-ийн оруулсан нийт гоолын 47 хувийг нь эзэлдэг.

Энэ жил 25 настай Харри Кэйн дасгалжуулагч Маурисио Почеттиногийн гол “зэвсэг” гэдэг нь ойлгомжтой. Энэ улиралд гэхэд 30 тоглолтод оролцоод 20 гоол оруулсан. Аргентин менежер “Тоттенхэм”-ийг удирдах болсноос хойш 217 тоглолтод 155 гоол оруулсан аж. 2014-15 оны улирлаас хойш “Тоттенхэм” Премьер лигт гол довтлогчгүйгээр 23 тоглолтод оролцоод 13-т нь ялсан баримт бий. Тэд мөн таван удаа тэнцэж, таван удаа хожигдсон үзүүлэлттэй.

Харри Кэйний өнжих магадлалтай тоглолтууд:


  • I.20: Фүлхэм (зочлон тоглолт – Премьер лиг)
  • I.24: Челси (зочлон тоглолт – Лигийн цом)
  • I.27: Кристал Палас (зочлон тоглолт – Холбооны цом)
  • I.30: Уатфорд (гэртээ – Премьер лиг)
  • II.2: Ньюкастл (гэртээ – Премьер лиг)
  • II.10: Лестер Сити (гэртээ – Премьер лиг)
  • II.13: Борусси Дортмунд (гэртээ – Аваргуудын лиг)
  • II.16: Холбооны цомын тавдугаар шат (хэрвээ шалгарвал)
  • II.23: Барнли (зочлон тоглолт – Премьер лиг)
  • эсвэл II.24: Лигийн цомын шигшээ тоглолт
  • II.27: Челси (зочлон тоглолт – Премьер лиг)
  • III.5: Борусси Дортмунд (зочлон тоглолт – Аваргуудын лиг)
  • III.9: Саутхэмптон (зочлон тоглолт – Премьер лиг)

Хойд Солонгосын “час” өдөр

Хөлбөмбөгийн Азийн АШТ ид өрнөж байна. Шар тивийн 24 баг өрсөлдөж буй тивийн тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэллээ.

Хойд Солонгос 0:6 Катар

Алмоез Али покер хийв

Гурван жилийн дараа эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах катарчууд хойдуудыг буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой боллоо. “Аль-Духаиль” багийн 22 настай довтлогч Алмоез Али дөрвөн гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг таван гоолтой тэргүүлж байна. Энэ тоглолтод хожигдсоноор “Е” хэсгээс Катар, Саудын Араб дараагийн шатанд өрсөлдөх нь ойлгомжтой болов. Хэсгийн сүүлийн тоглолтод тэргүүлэгч хоёр багийн хэн ялсан нь хэсгээ толгойлох юм.

Хойд Солонгос 0:6 Катар

Оман 0:1 Япон

Азийн дөрвөн удаагийн аварга япончууд Оманыг 1:0-ээр буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авлаа. Гэхдээ япончуудад энэ ялалт амархан ирээгүй. 26 дахь минутад Генки Харагүчи дээр алдаа гаргасан гэж үзсэн тул шүүгч торгуулийн цохилт заасан юм. Энэ боломжийг Германы лигийн “Ханновер 96” багт зүтгэдэг япон довтлогч алдсангүй.

Оман 0:1 Япон

Туркменистан 0:4 Узбекистан

“Цагаан чононууд” хоёр дахь ялалтаа авснаар “F” хэсгийг тэргүүлж байна. Одоо хэсгийн сүүлийн тоглолтоор хэн нь хэсгээ тэргүүлэх нь тодорхой болно.

Туркменистан 0:4 Узбекистан

Хөлбөмбөг: Казүёши Миүрагийн тухай 10 баримт

Дэлхийн хамгийн ахмад хөлбөмбөгчин Казүёши Миүра Японы “Ёкохама ФС” багтайгаа дахин нэг жилийн гэрээ байгуулж, 52 нас хүртлээ тамирчин байх нь тодорхой болсон билээ.

“Хаан Казү” хочтой япон эр 2005 онд “Ёкохама ФС”-тэй анх гэрээ байгуулсан юм. Тухайн үед 38 настай байсан К.Миүра удалгүй хөлбөмбөгийн замналаа өндөрлөнө гэж бодож байсан нь гарцаагүй. Гэвч үүнээс хойш 13 жил өнгөрч, энэ хугацаанд 270 гаруй тоглолтод оролцжээ. Ингээд түүний талаарх 10 сонирхолтой баримтыг дэлгэе.

  1. Казү ахмад хөлбөмбөгчин. Түүнийг мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн 1986 онд Лионель Месси хараахан төрөөгүй байсан юм. Тэрбээр 1986 онд Бразилын “Сантос” багт анхны тоглолтоо хийсэн бол Л.Месси 1987 онд эхээс мэндэлсэн юм.
  2. Казүг эртний хүн гэдгийг батлах өөр нэг баримт бий. Шигшээ багтаа анх 1990 онд дуудагдаж, 2000 он хүртэл бүтэн 10 жил зүтгэсэн. Түүнийг анх шигшээдээ дуудагдах үед Заир (одоогийн Конго), Чехословак, Зүүн Герман, Югославия, Хойд Йемен, ЗХУ оршиж байв.
  3. Казүг анх шигшээдээ дуудагдаж байхад “Ливерпуль” Английн дээд лигт түрүүлж байлаа.
  4. Япон эрийг ид замналаа үргэлжлүүлж байх хугацаанд Английн Премьер лиг, Австралийн А-Лиг, Аваргуудын лиг шинээр зохион байгуулагдсан аж.
  5. Казүг 1993 онд Азийн шилдэг хөлбөмбөгчин болсноос хойш Энэтхэгийн хүн ам 331 саяар, Австралийн хүн ам 14 саяар нэмэгджээ.
  6. Казүг 2000 онд шигшээ багаа орхиход өнөөгийн олон шилдгүүд хөлбөмбөгт сураггүй байсан юм. Австралийн нэрт хөлбөмбөгчин Тим Кэйхилл гэхэд 2004 онд шигшээдээ анхны тоглолтоо хийж байв.
  7. Казүг мэргэжлийн тамирчны замналаа үргэлжлүүлсэн энэ хугацаанд Францын шилдэг тоглогч Зинедин Зидан мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, Аваргуудын лиг, ДАШТ-д түрүүлж, эцэст нь хөлбөмбөгөө орхиод дасгалжуулагчийн хувиар Аваргуудын лигт түрүүлжээ.
  8. Тэрбээр хөлбөмбөгийн ертөнцөөс Японд тодорсон анхны алдартан юм. Мэргэлжлийн хөлбөмбөгчний гараагаа Бразилд эхэлж, улмаар Японы дээд лигт тоглож байсан юм. Улмаар 1994 онд Италийн “Женоа” багт зээлээр очсон түүхтэй. Энэ үед Сери А-гийн нэр хүнд өнөөгийн Премьер лигийнх шиг, өрсөлдөөн тун ширүүн байсан билээ. Казү Италийн лигт хөл тавьсан анхны япон тоглогч болж байв.
  9. Шигшээдээ 89 тоглолтод оролцоод 55 гоол оруулжээ. 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд 14 гоол оруулж, япончууд Францыг зориход гол үүрэг гүйцэтгэсэн юм.
  10. К.Миүра 1993 онд Японы алдартай телевизийн хөтлөгч Рисако Миүратай гэрлэсэн юм. Хосууд хоёр хүүтэй.

2019 онд биднийг хүлээж буй дээд амжилтууд

Хөлбөмбөгийн ертөнцөд биднийг ямар дээд амжилтууд хүлээж буйг FIFA-гийн албан ёсны сайтад гарсан нийтлэлээс харж болно. Уг мэдээг орчууллаа.

215 гоол

Чилийн дээд лигт 1980-аад оны үед Франческо Валдес хэмээх тоглогч 215 гоол оруулсан амжилтаар рекорд эзэмшдэг. Түүний дээд амжилтад Педро Гонзалес (213) их ойртсон ч 2016 онд их спортоо орхисон билээ. Харин одоо 38 настай “Коло-Коло”-гийн довтлогч Эстебан Паредес энэ рекордыг эзэмших эсэх нь тодорхой болно. Чилийн дээд лигт таван удаа мэргэн бууч болж, ДАШТ (2010, 2014), Копа Америка (2011)-д гоол оруулж байсан Э.Паредес 210 гоол оруулсан үзүүлэлттэй.

184 гоол

АНУ-ын эмэгтэй шигшээ багийн довтлогч асан Эбби Уамба 2015 онд шигшээ багаасаа зодог тайлахаасаа өмнө 184 гоол оруулсан үзүүлэлтээр рекорд тогтоосон. Тэгвэл энэ рекордыг одоогоор 177 гоол оруулсан Канадын Кристин Синклэйр давах боломжтой. Ирэх зургадугаар сард 36 нас хүрэх К.Синклэйр сүүлийн дөрвөн ДАШТ-д 11, 16, 8 болон 10 гоол оруулсан юм.

175 гоол

Манчестер Ситигийн Аргентин довтлогч Серхио Агуэр

Английн дээд лигт хамгийн олон гоол оруулсан легионер тоглогч бол Францын Терри Анри. “Арсенал”-ын домог 175 гоол оруулсан бол түүний дээд амжилтыг аргентин довтлогч Серхио Агуэро давтах бас давах боломжтой. Одоогоор С.Агуэро 152 гоол оруулжээ.

72 жил

Копа Америк буюу Өмнөд Америкийн цомын АШТ энэ жил зургадугаар сарын 14, долдугаар сарын 7-нд Бразилд болно. Энэ тэмцээний түүхэнд гурав дараалан түрүүлсэн баг 1945-47 оны Аргентинаас өөр байгаагүй. Сүүлийн хоёр тэмцээнд дараалан түрүүлсэн Чили энэ жил аваргалвал 72 жилийн дараа уг амжилтыг давтах болно.

20 оновчтой дамжуулалт

Испанийн Ла лигийн нэг улиралд 20 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр 2008/09 оны улиралд “Барселона”-гийн Шави рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ улиралд Л.Месси 17 тойргийн дараагаар 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм.

14 түрүү

Беларусийн “БАТЭ БОРИСОВ” клуб

Хөлбөмбөгийн дээд лигүүдэд 14 дараалан түрүүлсэн амжилтыг Беларусийн “БАТЭ БОРИСОВ” өнгөрсөн жил үзүүлсэн юм. Ингэснээр тэд Латвийн “Сконто Рига” (1991-2004), Гибралтарын “Линколн Рэд Импс” (2003-16), Вануатугийн “Тафеа” багийн хамтаар рекорд эзэмших болсон юм. Энэ жил дээд лигтээ түрүүлвэл Беларусийн баг 15 жил ноёрхсон ганц баг болно.

10 дараалсан гоол

Эмэгтэй хөлбөмбөгийн ДАШТ-д Японы шигшээ баг одоогоор 10 тоглолт дараалан өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Энэ тэмцээний дээд амжилт нь 1991-99 оны хооронд Норвегийн эмэгтэйчүүд 15 тоглолт дараалан гоолдсон билээ.

9 түрүү

Германы Бундес лигт түрүүлсэн тоогоор Фрэнк Рибери одоогоор Мехмет Шолль, Оливер Каан, Бастиан Швайнштайгер, Филипп Лаам нарын адил найман түрүүтэй байгаа. Хэрвээ энэ улиралд “Бавари Мюнхен” түрүүлвэл Ф.Рибери ганцаараа рекорд эзэмших юм.

8 дараалсан түрүү

Европын топ 5 лигт 8 дараалан түрүүлсэн тоглогч одоогоор байхгүй. Харин Францын “ПСЖ”-д түрүүлвэл тус багийн хаалгач Жианлужи Буффон ийм рекордын эзэн болох боломжтой юм. Тэрбээр Италийн “Ювентус” багийн хамтаар долоо дараалан түрүүлж, 2002-08 оны хооронд “Лион”-ы бүрэлдэхүүнд байсан Грегори Купе, Сидней Гову, Жунино нарын рекордыг давтсан түүхтэй.

7 ДАШТ

Ирэх гуравдугаар сард 41 нас хүрэх Бразилын эмэгтэй хөлбөмбөгчин Формига ДАШТ-д оролцвол долоон удаа тус тэмцээнд орсон анхны тоглогч болно.

Аваргуудын лигийн 6 түрүү

Энэ жил Испанийн Ла лигийн багууд болох “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”-ын аль нэг нь Аваргуудын лигт түрүүлвэл зургаан жил дараалан Английн лигийн баг түрүүлсэн дээд амжилттай зэрэгцэх болно. 1977-82 оны хооронд “Ливерпуль” (3), “Ноттингэм Форест” (2), “Астон Вилья” түрүүлж байв.

0 тоглогч

Англи, Итали, Испанийн топ лигүүдэд түрүүлсэн тоглогч одоогоор үгүй. Хэрвээ К.Роналду “Ювентус”-ын хамт лигт түрүүлвэл ийм амжилт үзүүлсэн анхны тоглогч болно.

Криштиану Роналдугаас днк шинжилгээ шаардав

Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналдуг 2009 онд америк бүсгүй Кэйтрин Майорга хэмээх бүсгүй өөрийг нь хүчирхийлсэн хэмээн буруутгасан. Энэ хэргийг Лас Вегас хотын цагдаагийнхан өнгөрсөн онд хохирогчийн хүсэлтээр сэргээж, шалгаж эхэлсэн юм.

Энэ явдалд К.Роналдугийн хуулийн зөвлөх Петер Кристиансен гайхсангүй. Тэрбээр цагдаагийнхан хуулийн дагуу мөрдөх ажиллагаа явуулж байгааг онцлоод өөрийн үйчлүүлэгчээ буруугүй гэдгийг тодотгосон юм. Кэйтриний хэрэг явдал намжиж амжаагүй байтал К.Роналдутай холбогдсон өөр нэгэн бүсгүй гомдол мэдүүлжээ. Их Британийн модель Жасмин Леннард хэмээх бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан Кэйтринийг дэмжиж байгаагаа илэрхийлээд К.Роналдуг “өрөвдөх сэтгэлгүй, араатан” гэж бичсэн нь олны анхаарлыг татав.

Их Британийн модель Жасмин Леннард

Жасмин Леннард удалгүй өөрийн твиттерээ устгасан ч К.Роналду энэ явдлыг зүгээр хараад өнгөрөхгүй бололтой. Тэрбээр худал доромжлол хэмээгээд энэ явдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж ярьжээ. К.Роналду, модель, реалити шоуны од Ж.Леннардтай 10 жилийн өмнө холбоотой байсан. Гэхдээ тэдний хооронд амрагийн харилцаа байсан эсэх нь одоогоор тодорхойгүй асуудал. Харин К.Роналдугийн хуульчид сүүлийн 18 сарын хугацаанд Ж.Леннард эсвэл өөр хэн нэгэнтэй холбогдоогүй. Энэ бол ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэж мэдэгджээ. Ж.Леннард сүүлийн 18 сарын хугацаанд К.Роналдутай холбоотой байсан гэж хэвлэлд ярилцлага өгсөн удаатай.