Category: Хөлбөмбөг

Германы шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шигшээ багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад бид Европын гурван удаагийн аварга, хүчирхэг Германы шигшээ багийг танилцуулж байна.

Ерөнхий мэдээлэл

ЕАШТ-д оролцсон тоо: 12

Амжилт: 1972, 1980, 1996 оны ЕАШТ-ний аварга

Еврод: 49 тоглолт, 26 хожил, 12 тэнцээ, 11 хожигдол

Нийт: 72 гоол оруулж, 48 гоол хаалгандаа алдсан

            Германы шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгач: Бэрнд Лено (Арсэнал), Мануэл Нойер (Байерн Мюнхен), Кевин Трапп (Айнтрахт Франкфурт)

Хамгаалагч: Маттис Гинтер (Боруссиа Мюнхенгладбах), Робин Госенс (Аталанта), Кристиан Гунтер (Фрайбург), Марсел Халстэнбэрг (РБ Лайпциг), Мэц Хюммелс (Боруссиа Дортмунд), Лукас Клостерманн (РБ Лайпциг), Робин Кох (Лийдс Юнайтед), Антонио Рудигер (Челси), Никлас Суле (Байерн Мюнхен)

Хагас хамгаалагч: Эмрэ Жан (Боруссиа Дортмунд), Сөрж Гнабри (Байерн Мюнхен), Леон Горецка (Байерн Мюнхен), Илкай Гундоган (Ман сити), Кай Хаверц (Челси), Йонас Хофманн (Боруссиа Мюнхенгладбах), Жошуа Киммих (Байерн Мюнхен), Тони Кроос (Реал Мадрид)

Довтлогч: Томас Мюллер (Байерн Мюнхен), Жамал Мусиала (Байерн Мюнхен), Флорэн Нойхаус (Боруссиа Мюнхенгладбах), Леро Санэ (Байерн Мюнхен), Кевин Волланд (Монако), Тимо Вернер (Челси)

Дасгалжуулагч: Йохим Лёв  

Хэсгийн тоглолтын хуваарь

Франц – ГЕРМАН
6 сарын 16-нд, Мюнхен хот

Португал – ГЕРМАН
6 сарын 20-нд, Мюнхен хот

ГЕРМАН – Унгар
6 сарын 24-нд, Мюнхен хот

            Онцлох тоглогч – Кай Хаверц

Европын 24 орны шилдэг хөлбөмбөгчид хуран цугларах энэ удаагийн тэмцээнд Германы шигшээ багаас тод гялалзах өндөр магадлалтай тоглогч нь яах аргагүй Кай Хаверц!

Хэдхэн хоногийн өмнө “Челси” клубынхээ хамтаар Аваргуудын лигт түрүүлэхэд Кай Хаверц хожлын цор ганц гоолыг оруулсан юм. Евро эхлэх өдөр Хаверц 22 нас хүрэх бөгөөд шигшээ багийнхаа хамтаар анхны том тэмцээндээ амжилттай оролцохыг юу юунаас илүү хүсч буй биз ээ. “Челси”-д хамтран зүтгэдэг Тимо Вернерийн хамтаар “Германы машинууд”-ын довтолгоог хариуцах болно.

            Багийн талаар

Энэ удаагийн ЕАШТ нь дасгалжуулагч Йохим Лёвийн сүүлийн тэмцээн байх болно гэдгийг хэдийнэ зарласан. Германы шигшээ багийн жолоог 15 жил атгасан Лёв эрхэм 2008 онд анхны том тэмцээндээ оролцоод Еврод аман хүзүүдэж байлаа. Германчууд хамгийн сүүлд 1996 оны Еврод түрүүлснээс хойш тивдээ аваргалж чадаагүй яваа бөгөөд дасгалжуулагч Лёв сүүлчийн дайралтаа хийхээр бэлтгэн суугаа нь ойлгомжтой.

Тэд үнэхээр хүнд хэсэгт орсон. Энэ удаагийн Еврод түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хоёр багтай хэсэгтээ хүч үзнэ. Гэхдээ германчуудыг басна гэдэг том тэнэглэл билээ. Тэд үргэлж л том тэмцээнд түрүүлэх чансаатай баг хэвээр ирсэн юм.

Германы шигшээ баг маш шинэчлэгдсэн ч залуустаа туршлага болгож багийн ахлагч Мануэл Нойер болон 2014 оны дэлхийн аварга Томас Мюллер, Мэц Хюммелс нарыг багтаа дуудсан билээ.

            Таамагласан гарааны XI

Б.Бадруул

Францын шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шигшээ багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад бид ЕАШТ-ий хошой аварга, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэг хүчирхэг Францийн шигшээ багийг танилцуулж байна.

Ерөнхий мэдээлэл

  • ЕАШТ-д оролцсон тоо: 9
  • Амжилт: 1984, 2000 оны ЕАШТ-ий аварга, 2016 онд мөнгөн медаль
  • Еврод: 39 тоглолт, 20 хожил, 10 тэнцээ, 9 хожигдол
  • Нийт: 62 гоол оруулж, 44 гоол хаалгандаа алдсан

            Австрийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгач: Уго Лорис (Тоттэнхэм), Стив Манданда (Марсейль), Майк Майнан (Лилль)

Хамгаалагч: Бэнжамин Павар (Байерн Мюнхен), Лео Дубоис (Лион), Рафаел Варан (Реал Мадрид), Прэснэл Кимпэмбэ (ПСЖ), Лукас Эрнандэз (Байерн Мюнхен), Лукас Дийн (Эвэртон), Клэмэн Лэнгле (Барселона), Курт Зума (Челси)

Хагас хамгаалагч: Н’Голо Канте (Челси), Пол Погба (Ман Юнайтед), Адриэн Рабио (ПСЖ), Корэнтин Толиссо (Байерн Мюнхен), Моусса Сиссоко (Тоттэнхэм)

Довтлогч: Карим Бэнзэма (Реал Мадрид), Оливье Жиру (Челси), Килиан Мбаппэ (ПСЖ), Маркус Тюрам (Боруссиа Мюнхенгладбах), Кингсли Коман (Байерн Мюнхен), Виссам Бэн Едэр (Монако), Антуан Гризманн (Барселона), Томас Лемар (Атлетико Мадрид), Усман Дэмбэлэ (Барселона)

Дасгалжуулагч: Дидье Дешам

Хэсгийн тоглолтын хуваарь

ФРАНЦ – Герман
6 сарын 16-нд, Мюнхен хот

Унгар – ФРАНЦ
6 сарын 19-нд, Будапешт хот

Португал – ФРАНЦ
6 сарын 24-нд, Будапешт хот

            Онцлох тоглогч – Килиан Мбаппэ

19 настайдаа дэлхий дахиныг шуугиулж, гурван жилийн өмнө ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ баг болон “ПСЖ” клубын супер од Килиан Мбаппэ анх удаа ЕАШТ-д оролцох гэж байна. Анх том тэмцээнд оролцоод ДАШТ-д түрүүлж гангарсан 22 настай Мбаппэ тивийнхээ аваргад түрүүлэхийг зорих нь ойлгомжтой.

Тэрбээр “Гурван өнгөтнүүд”-ийн төлөө 43 удаа талбайд гарч, 17 гоол оруулсан. “Мэлхий нинжа” энэ удаагийн Еврогийн гялалзах од нь байж чадах болов уу? Хамтдаа хүлээх л үлдлээ…

            Багийн талаар

2018 оны Дэлхийн аварга францчууд энэ удаагийн Еврод “ногт ганзгалж” ирсэн нь ойлгомжтой. Байрлал бүрээ шилдэг тоглогчдоор зэвсэглэсэн тэдний бүрэлдэхүүнийг харвал үнэхээр сүрдмээр. Таван жилийн өмнө нутагтаа зохиогдсон тэмцээнд аман хүзүүдэж, аваргалж чадаагүй хонзонгоо авахаар эхнээсээ л тэд хичээх болно. Учир нь өнгөрсөн тэмцээний шигшээд тоглосон багууд энэ удаа нэг хэсэгт таарсан билээ. Мөн тэдний хэсэгт хүчирхэг Германы шигшээ баг бий.

Яах аргагүй тэмцээний үхлийн групп бол F хэсэг мөн. Анхнаасаа чангахан багуудтай тоглоод эхлэх нь давуу тал үүсгэх тохиолдол ч бий. Тэд 1998 онд ДАШТ-д, 2000 онд Еврод түрүүлсэн Зидан тэргүүтэй “алтан үеийн” Францын амжилтыг давтах зорилготой ирсэн. Хүчирхэг бүрэлдэхүүн, супер довтолгоо, од тоглгогчид, туршлага, чадварлаг дасгалжуулагч гээд тэдэнд бүх зүйл бий!

            Таамагласан гарааны XI

Б.Бадруул

Австрийн шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шигшээ багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Австрийн шигшээ багийг танилцуулж байна.

Ерөнхий мэдээлэл

  • ЕАШТ-д оролцсон тоо: 2
  • Амжилт: 2008, 2016 онд хэсгийн шат

            Австрийн шигшээ багийн бүрэлдэхүүн

  • Хаалгач: Александр Шлагер, Павао Перван, Даниэл Бахманн
  • Хамгаалагч: Андрэас Улмэр, Александр Драгович, Мартин Хинтэрэггэр, Стефан Пош, Давид Алаба, Филипп Лиэнхарт, Стефан Лайнэр, Марко Фридл
  • Хагас хамгаалагч: Стефан Илсанкер, Марсел Сабицер, Флориан Гриллич, Юлиан Баумгартлингер, Кристофер Триммэл, Луис Шоб, Алессандро Шопф, Кристоф Баумгартнер, Карим Онисиво, Валентино Лазаро, Шавер Шлагер, Конрад Лаймер
  • Довтлогч: Марко Арнатович, Михайл Грегорич, Саша Калажич
  • Дасгалжуулагч: Франко Фода

Хэсгийн тоглолтын хуваарь

Австри – Умард Македон
6 сарын 13-нд, Бухарест хот

Голланд – Австри
6 сарын 18-нд, Амстердам хот

Украин – Австри
6 сарын 22-нд, Бухарест хот

            Онцлох тоглогч – Давид Алаба

Австрийн шигшээ багийн энэ цаг үеийн алдартай тоглогч бол Давид Алаба билээ. “Байерн Мюнхен” багийн хамтаар клубын түвшинд бүхий л цомд түрүүлсний дараа тэрбээр Испанийн “Реал Мадрид”-д ирсэн юм. Давид Алаба нь зүүн жигүүрийн хамгаалагч байсан боловч сүүлийн жилүүдэд клубтээ төвийн хамгаалагчаар голдуу тоглож буй. Харин шигшээ багтаа төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Тун удахгүй 29 нас хүрэх Д.Алаба Австрийн шигшээ багийн төлөө 80 тоглолт хийж, 14 гоол оруулжээ.

            Багийн талаар

ЕАШТ-д ердөө гурав дахь удаагаа оролцох гэж буй Австрийн шигшээ баг тус тэмцээний түүхэн дэх анхны ялалтаа байгуулахаас тэдний зорилго эхлэх болно. Эхний тоглолтоо Умард Македоны эсрэг хийх бөгөөд хожих магадлал арай илүү хэмээн таамаглаж байна. Улмаар хэсгийн топ багууд болох Нидерланд, Украины эсрэг хэрхэн тоглохоос Авсрийн хувь заяа шийдэгдэх нь ойлгомжтой.

Бүрэлдэхүүний хувьд Германы Бундеслигт тоглодог олон чадварлаг залуус бий бөгөөд Давид Алабагаар удирдуулсан Австричууд “хатуу самрууд” болохоо хэдхэн хоногийн өмнө Английн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтоороо харуулж чадсан. Тэд маш өрсөлдөөнтэй тоглож, 1:0 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

            Таамагласан гарааны XI

Б.Бадруул

Шигшээ багийн 100 дахь гоол ялалт авчирлаа

Багийн ахлагч Х.Цэнд-Аюушын дамжуулалтаар О.Мижиддорж шигшээ багийн 100 дахь гоолыг оруулав.

Японы Осака мужийн “Панасоник” цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий эрх олгох “F” хэсгийн Монгол, Киргизийн тоглолт боллоо.

Монголын шигшээ багийн хувьд энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийж буй бол Киргизийн багт хожил заавал зайлшгүй шаардлагатай тоглолт байв. Одоогоор хэсэгтээ долоон оноотой яваа киргизчүүд энэ тоглолтоос гурван оноо авсан бол Тажикстантай оноо тэнцэх, цаашлаад хэсэгтээ Японы ард хоёроор бичигдэх боломжтой байв.

Гэвч цар тахалд багагүй тоглогч, дасгалжуулагчид нь оролцоогүй. Улмаар хамгаалагч Айзар Акматов нь хаалган дээр зогсохоос өөр аргагүйд хүрчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард япон мэргэжилтэн Масэ Шүүичиг томилогдсоноос хойш анхны тоглолтоо хийж буй манай шигшээгийн залуус ч энэ боломжийг алдсангүй. Тоглолтын 17 дахь минутад багийн ахлагч Х.Цэнд-Аюушын чөлөөт цохилтоос хийсэн дамжуулалтыг довтлогч О.Мижиддорж гоол болгосноор шигшээ багийн 100 дахь гоолыг орууллаа. Харамсалтай нь, эхний үеийн төгсгөлд Киргизийн багийн хагас хамгаалагч Кайрат Жиргалбек О.Мижиддорж дээр бүдүүлэг алдаа гаргав. Түүний алдааны уршгаар О.Мижиддорж бэртлээ сэдрээсэн тул М.Жансерикээр сэлгэхээс өөр арга байсангүй. Харин талбайн шүүгч киргиз тоглогчийг шар хуудсаар торгосон юм.

Эхний үед авсан давуу байдлаа хоёрдугаар үед ч хадгалж үлдсэнээр Монголын “Хөх чононууд” урьдчилсан шатанд хоёр дахь ялалтаа байгуулж, хэсэгтээ зургаан оноотой боллоо. Энэ хэсгийн бусад багуудын тоглолт дуусаагүй тул эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа. Одоогоор зургаан оноотой Мьянмар, Монголын баг ижил байгаа ч гоолын зөрүүгээр манай залуус ард нь бичигдэж байгаа билээ. Мьянмарчууд энэ сарын 11-нд Киргиз, 15-нд Тажикстаны багтай учраа таараад зургаагаас олон гоолын зөрүүгээр хожигдвол манай шигшээ баг хэсэгтээ дөрөвдүгээрт жагсах боломжтой ажээ.

Монгол улсын шигшээ багийн ахлагчийн халаа

Монголын орчин үеийн хөлбөмбөгийн нүүр царай, тэдэн дундаа тодоос тод гялалзсан Монголын шигшээ багийн ахлагч Норжмаагийн Цэдэнбал хөлбөмбөгчийн замналаа өндөрлөх болсноо зарлалаа.

Н.Цэдэнбал

Төрөлхийн даруухан Цэдэнбалын хөлбөмбөгийн замнал даруухан гэгч нь үргэлжилсэн юм шиг санагддаг. Зарим тоглогчид 30 нас хүрээд ирэхээрээ унтарч эхэлдэг бол Цэдэнбал эсрэгээрээ гуч хүрээд шатаж, галлаж эхэлсэн юм. 2018 онд Монгол улсад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн болж, манай шигшээ Макао, Умард Марианы арлын улсын багийг буулган аваад байлаа.

Сүүлийн тоглолт Гуамын эсрэг. Тэнцэхэд л цаашаа шалгарах ёстой байсан ч 90 дэх минутад манайх хаалгандаа гоол алдчихав. Уйлахад ч багадмаар тийм л мөч болсон. Манай залуус шүд зуун босоод тэмцэх ёстой байлаа. Шүүгч 4 минут нэмж сунгав. Сүүлчийн хором. Жансерик баруун жигүүрээс арагш суулгасан дамжуулалт өгөхөд Балжинням бөмбөгийг ард үлдээв. Цэдэнбал ирсэн бөмбөгийг солгой хөлөөрөө цөм цохиж тэнцээний гоолыг орууллаа. Одоо харин бахархалтай гэгч нь уйлж болохоор байлаа. Би лав тэсэлгүй уйлсан, орилсон, дэвхэцсэн.

https://www.youtube.com/watch?v=f0-EhuopjEk

Эх орныхоо шигшээ багийг дэмжсэн цагаасаа хойш тийм зүйл мэдэрч үзээгүй байсан юм. Цээгий маань тэр мөчийг бидэнд бэлэглэсэн. Үүнээс хойш ч чи Монгол түмнээ олон баярлуулсаан. Брунейн эсрэг “Катар-2022” ДАШТ-ний циклийн анхны гоолыг бахдам гэгч зоож, ФИФА-ийн ерөнхийлөгчөөс батламж гардан авсныг чинь бид мэднэ. Хариу тоглолт дахиад л Брунейн талбайд болоход шийдвэрлэх мөчид бас л чи торгуулийн цохилтоо найдвартай хийж, түүхэндээ бид анх удаагаа ДАШТ-ний урьдчилсан шатны хэсэгт багтаж, Японы эсрэг тоглох боломж тохиосон юм шүү дээ. Монголын шигшээ багийн төлөө 27 тоглолт, 4 гоол. Хэзээ ч үл мартагдах сайхан дурсамжууд. Гайхалтай замнал.

Баярлалаа Цэдэнбал минь. Монголын шигшээ багийн төлөө, монголын хөлбөмбөгийн төлөө, монгол улсын шигшээ багийн үнэнч дэмжигчдийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Супер тоглогчид мэндэлдэг. Цаг нь болохоор тэд спортоо орхино, мэдээж хөнгөн гунигтай. Гэхдээ бахархал дүүрэн, тийм л мэдрэмж. Монголын хөлбөмбөгт даруухан орж ирсэн Цээгий минь даруухан гэгч нь пүүзээ хананд өлгөх болсноо зарлалаа.

Х.Цэнд-Аюуш

Харин одоо Монгол улсын үндэсний шигшээ багийн ахлагч Хүрэлбаатарын ЦЭНД-АЮУШ. Хэдхэн хоногийн өмнө Монголын нэрт хөлбөмбөгчин, шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайлж буйгаа зарласан бөгөөд шигшээ багийн ахлагчийн тууз Х.Цэнд-Аюуш руу шилжсэн байна. Зүй ёсны хэрэг. Монголын энэ цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Цэндээ маань шигшээ багийн төлөө 29 тоглолт хийгээд буй. Хамгийн анх 2007 онд 17 нас, 7 сар, 29 хоногтойдоо Хойд Солонгосын эсрэг тоглолтын 57′ минутад талбайд гарч дэбютээ хийж байлаа.

Харин түүнээс хойш оролцсон шигшээгийн бүхий л тоглолтод гараанд гарсан гэх мундаг үзүүлэлттэй Цэндээгийн шигшээн замнал бас л сонирхолтой. Үргэлж дардан байгаагүй. 2015 оны гуравдугаар сард ДАШТ-ний өмнөх урьдчилсан шатанд Зүүн Тиморын эсрэг тоглосноос хойш хэсэг шигшээд дуудагдаагүй. Энэ хооронд тэрээр хүнд бэртэл авсан, бас шигшээ багийн удирдлагуудтай таарамжгүй харьцаатай байснаас болсон уу ямартай ч улсынхаа төлөө дахиж тоглоогүй юм. Өөрөө ч энэ үедээ бараг шигшээгээсээ зодог тайлах тухай ч бодсон гэдэг.

Хөлбөмбөгчдийн замнал унаж, бас сэргэдэг. 2018 онд Цэндээ Дэрэн клубт ирсэн, улмаар дасгалжуулагч Войкан Бралушичийн удирдлага дор тэр “дахин төрсөн” юм. Бэлтгэл сургуулилтаа махруу хийж, өөрийн шилдэг формоо олж авснаар шигшээ багийн дуудлагаа дахин хүлээн авалгүй яахав. Ингээд 2018 оны намар 3 жилийн дараа дахин Монгол улсынхаа төлөө зүтгэж эхэллээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл манай шигшээ баг нийт 20 орчим тоглолт хийхэд Цэнд-Аюуш бүгдэд нь оролцож гараанаас тоглосон төдийгүй нэг ч минут сэлгээнд суулгүй, дундын шугамын тулах баганын үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр иржээ. Шигшээ багийн энэ хүртэл үзүүлсэн амжилтад түүний гүйцэтгэсэн нөлөө хэмжээлшгүй их гэдгийг манай хөлбөмбөгчид, дэмжигч нар мэднэ. Нэр алдарт хүрсэн супер хөлбөмбөгчдийн тухай сонсоход бүгд нэг л зүйлээрээ ялгардаг. Тэр бол хандлага, бэлтгэл дээрх хичээл зүтгэл, өөрийгөө бусдаас илүү бэлдэж, дайчлах чадвар юм билээ. Цэндээ бол яг л тийм төрлийн хөлбөмбөгчин. ‘За өнөөдөр ингэсгээд аргалчихъя’ гэсэн халтуурдсан хандлага түүнээс хэзээ ч гардаггүй, үргэлж бэлтгэлээ тултал хийж, бэлтгэлийн тоглолтын үеэр ч жинхэнэ мэт бүхнээ дайчилдаг гэдгийг хамт тоглодог найзууд, дүү нараас нь сонсож байлаа.

Тэр бол үнэхээр төрмөл авьяаслаг хөлбөмбөгчин санагддаг. Бас гайхалтай тэмцэгч сэтгэхүйтэй. Талбайн дундын шугаманд тэмцэн тулалдаж буйг харах үнэхээр урамтай байдаг. Хөлбөмбөг өндөр хөгжсөн оронд бол нэр алдраа цуурайтуулсан тамирчин болох байсан гэж боддог юм, заримдаа. Үнэхээр түүнд бүх зүйл бий. Өнөөдөр өглөө үүрээр Монголын шигшээ баг ДАШТ-ний урьдчилсан шатны сүүлчийн тоглолтоо (Киргизийн эсрэг тоглоно) хийхээр Японыг зорилоо. Бүрэлдэхүүнийг харахад шигшээ баг маань туйлын залуужсан нь илт. Даган дуурайх, удирдан манлайлж чиглүүлэх гайхалтай ах, ахлагч тэдэнд байгаа нь сайн хэрэг.

Лүмбэнгарав, Гарьдмагнай, Төрбат, Цэдэнбал. Одоо Цэнд-Аюуш Монголын шигшээ багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх хүндтэй хэрнээ хариуцлагатай албыг хүлээн авсан “талбайн жанжин”-даа амжилт хүсье!

Английн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа

2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Английн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа.

Дэлхий нийтийг хамарсан аймшигт Коронавирусын улмаас өнгөрсөн жил зохиогдох байсан “Евро 2020” тэмцээн завсарласан бөгөөд хүсэн хүлээсэн тэмцээн эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Цар тахлын хар сүүдэр хөлбөмбөгийг ч дайраад өнгөрсөн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зарим нэгэн өөрчлөлтийг оруулсан. Үүний нэг нь шигшээ багууд бүрэлдэхүүндээ 23 тоглогч дууддаг байсныг нэмж 26 болгосон юм.

Ингээд “Гурван арслангууд”-ын бүрэлдэхүүнтэй танилцъя.

БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгач: Дин Хэндэрсон (Манчэстэр Юнайтэд), Сэм Жонстон (Вэст Бромвич Албион), Жордан Пикфорд (Эвэртон)

Хамгаалагч: Жон Стоунс (Манчэстэр Сити), Люк Шо (Манчэстэр Юнайтэд), Харри Магуэр (Манчэстэр Юнайтэд), Трэнт Александр-Арнолд (Ливэрпүүл), Кайл Уокэр (Maнчэстэр сити), Тайрон Мингс (Астон Вилла), Рис Жэймс (Челси), Конор Коади (Уолвэрхэмптон), Бэн Чилвэлл (Чэлси), Киран Триппьер (Атлетико Мадрид)

Хагас хамгаалагч: Мэсон Моунт (Чэлси), Дэклан Райс (Вэст Хэм), Жордан Хэндэрсон (Ливэрпүүл), Жюд Бэллинхэм (Боруссиа Дортмунд), Калвин Филлипс (Лийдс Юнайтэд)

Довтлогч: Харри Кэйн (Тоттэнхэм), Маркус Рэшфорд (Манчэстэр Юнайтэд), Рахим Стэрлинг (Манчэстэр сити), Доминик Калвэрт-Льюн (Эвэртон), Фил Фоден (Манчэстэр Сити), Жэк Грилиш (Астон Вилла), Жэдон Санчо (Боруссиа Дортмунд), Букаяо Сака (Арсэнал)

Дасгалжуулагч: Гарет Саутгэйт

Английн шигшээ баг “Евро 2020” тэмцээний “D” хэсгийг толгойлсон бөгөөд Хорват, Шотланд, Чехийн шигшээ багтай нэг хэсэгт орсон. Хэсгийн тоглолтуудын хуваарь,

Англи – Хорват
6 сарын 13-нд (дэлгэрэнгүй хуваарь)

Англи – Шотланд
6 сарын 18-нд (дэлгэрэнгүй хуваарь)

Чех – Англи
6 сарын 22-нд (дэлгэрэнгүй хуваарь) болно.

Онцлох тоглогч: Харри Эдвард Кэйн

Английн шигшээ багийн ахлагч, Тоттэнхэм клубын супер довтлогч Харри Кэйнийг онцолж байна. Евро 2020 тэмцээний дараа 28 нас хүрэх Кэйн энэ удаад шигшээ багтайгаа хамт 3 дахь том тэмцээндээ оролцоно. Тэрээр Гурван арслангуудын төлөө 53 тоглолтод оролцож 34 гоол хийсэн мундаг үзүүлэлттэй.

Премьер лигийн 2020/21 оны улирлын мэргэн бууч болсон Харри Кэйн Тоттэнхэм клубээ орхих болно гэдгээ саяхан мэдэгдсэн нь шуугиан тариад буй. Түүнийг багтаа элсүүлэхийн төлөө Европын бүхий л том багууд хичээж, санал зэхэж буй нь ойлгомжтой.

Шинэ нэр: Жюд Бэллинхэм

Г.Саутгэйтийн дуудсан 26 тоглогч дунд нэгэн содон нэр нь хилийн чанадад тоглодог авьяаслаг хагас хамгаалагч Жюд Бэллинхэм байлаа. Евро 2020 тэмцээний дундуур 18 нас хүрэх тэрээр өнгөрсөн улиралд тодрон гарсан авьяаслаг залуусын нэг юм.

Жюд Бэллинхэм нь 2019 онд Английн хоёрдугаар лиг буюу Чэмпионшип дивизионд өөрийгөө таниулсны дараа залуу авьяастнуудыг нээн хөгжүүлдгээрээ зартай Германы Боруссиа Дортмунд клуб дор нь шүүрээд авсан билээ. Тэрээр өнгөрсөн улиралд “Хар шар”-уудын төлөө 46 тоглолтод оролцоод амжжээ.

Энэ удаагийн “Евро 2020” тэмцээн Лондон, Ром, Мюнхен, Баку, Санкт-Петербург, Будапешт, Севилл, Бухарест, Амстердам, Глазгоу, Копенгаген зэрэг 11 хотод зохиогдоно гэдгээрээ онцлог болж байна. Английн шигшээ багийн хувьд хэсгийн 3 тоглолтоо гэртээ буюу Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэндээ хийх нь давуу тал авчрах биз.

Тивийн аварга шалгаруулах тэмцээндээ 10 дахь удаагаа оролцох гэж буй Английн шигшээ баг Еврод түрүүлэх боломжтой багуудын тоонд зүй ёсоор орно. Гэвч тэдний хувьд Еврод түрүүлж үзээгүй бөгөөд өмнөх тэмцээнд шөвгийн 16-аас мултарч байлаа. Харин үүнээс хоёр жилийн дараа ОХУ-д болсон ДАШТ-ний хагас шигшээд хүрч чадсан нь “залуу арслангууд”-д найдвар бий гэдгийг харуулсан.

Таамагласан гараа:

Английн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн таамаг.
Зургийг: BBC Sports

Карло Анчелотти Реалд эргэн ирлээ

Аллегри, Конте, Почеттино, Рауль, Хаби Алонсо… Аль нь ч ирсэнгүй. Зинедин Зиданыг Реал Мадридын хуучин танил Карло Анчелотти орлохоор ирлээ. Зургаан жилийн дараа буцан ирж байгаа Карлетто гурван жилийн гэрээ байгуулжээ.
Хэлэлцээ аянга цахилгаан мэт хурдан өрнөж Анчи Эвертоныг орхиж Реалд нэгдлээ. Тэрээр Реал Мадридыг хоёр улирал удирдахдаа (2013-14, 2015-16) Эзэн хааны цом, Аваргуудын лиг, Европын Супер цом, Клубын дэлхийн аваргад түрүүлсэн юм.

2014 онд 51 ялалт, 2014 оны есдүгээр сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэл 22 дараалсан ялалт байгуулж, 80 гоол оруулж, 10-хан гоол алдаж рекорд тогтоож байв.
Анчелотти Реал Мадридын хүсэн хүлээсэн арав дахь Аваргуудын лигийн цомыг (La Decima) авчирсан билээ. Тэрээр Реалаас явсны дараа Байерн, Наполи, Эвертоныг удирдаад эргэн ирж байна.

“ФС Улаанбаатар”-тай хамтран ажиллахаар боллоо

Спортын хэвлэл мэдээллээр дагнан ажиллаж буй “Koo.mn” цахим сайт хөлбөмбөгийн дээд лигийн шилдгүүдийн нэг “ФС Улаанбаатар”-тай хамтран ажиллахаар боллоо.

Саяхан 25 нас хүрсэн хөлбөмбөгийн “Үндэсний Дээд Лиг”-т данстай болоод 10 жилийн нүүр үзэж буй “ФС Улаанбаатар” клуб болон KOO.MN спортын медиа багийн хооронд урт хугацаанд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн хугацаатай гэрээ байгуулснаар “ФС Улаанбаатар” клубын лигийн хүрээний болон томоохон чухал тоглолтуудтай холбоотой шигшмэл мэдээлэл, шинэлэг контентыг цаг алдалгүй бэлтгэж, тоглолт бүрийн тоймыг бид хүргэх болно.

Хүнсний манлай үйлдвэр АПУ компани ивээн тэтгэдэг “ФС Улаанбаатар” клуб нь 2011 онд байгуулагдсан бөгөөд “Үндэсний дээд лиг”-т элссэн эхний жилээ лигийн аваргаар тодорсон бөгөөд гурван удаа дэд байр (2005, 2018, 2020) эзэлж, нэг удаа (2013) гуравдугаар байрт орж байв. Багийн энэ улирлын үндсэн ивээн тэтгэгчдээр АПУ компани, Шунхлай групп, GS25 конвениенс сүлжээ болон Яард фит клубууд оролцож байна.

Өдгөө Серби мэргэжилтэн Бралушич Воиславын удирдлага дор шинэ улиралдаа бэлдэж буй “ФС Улаанбаатар” клуб наймааны цонхоор шигшээ багийн шилдэг хамгаалагч Д.Төрбат тэргүүтэй шинэ залуусаар хүчээ сэлбэж 10 жилийн дараа дахин лигийн аварга болох том зорилго тавьжээ.

Зидан: Реал Mадрид надад итгэхээ больсон тул би орхихоор шийдсэн

Зинедин Зидан Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перезийг удирдаж буй сүүлийн улиралдаа хүндлэлгүй байна гэж буруутгаж байна. “Клуб надад итгэх итгэлгүй болсныг мэдэрч байгаа болохоор би орхиж байна.” гэж мэдэгджээ.

Зидан Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд Аваргуудын лигийн цомыг гурван удаа, Ла лигийн аваргыг хоёр удаа хүртсэн боловч 2009-10 оноос хойш клуб анхны цомгүй улирлаа үдсэний дараагаар хоёр дахь удаагаа Испаний эзэн хааны клубийг орхихоор шийджээ.

Франц эр амжилтгүй нэг улирал өнгөрөөсний дараа багийн ерөнхийлөгч Перез хэрхэн хэл амаар хэмжлэж байсан талаар нээлттэй ярилцсан байна.

Tэрээр юу хэлэв?

“Эрхэм хүндэт Реал Мадридын хөгжөөн дэмжигчид ээ, 20 гаруй жилийн өмнө би Мадрид хотод ирээд цагаан өмсгөл өмссөн эхний өдрөөс л надад хайраа илчилсэн. Би энэ захидлыг бичиж, та нартай салах ёс гүйцэтгэж, дасгалжуулагчийн ажлаа өгөх шийдвэрээ тайлбарлахыг хүссэн юм.

“Би явж байна,гэхдээ дасгалжуулагч байхаас залхсангүй. 2018 оны 5-р сард би маш олон ялалт, олон цомтой болж, хоёр жил хагасын дараа багтаа шинэ зүйл хэрэгтэй байгааг мэдэрсэн болохоор явсан. Яг одоо бүх зүйл өөр байна. Клуб надад итгэх итгэлгүй, дунд болон урт хугацаанд ямар нэгэн зүйл бүтээхэд дэмжлэг үзүүлэхээ больсон гэж бодож байгаа болохоор би явах гэж байна.

“Би хөлбөмбөгийг ойлгодог, Реал Мадрид шиг клубын шаардлагыг мэддэг. Чамайг хожихгүй бол явах хэрэгтэй гэдгийг би мэднэ. Гэхдээ үүгээр маш чухал зүйл мартагдаж, миний өдөр тутам барьж байсан бүх зүйл тоглогчидтой, багтай болон түүний эргэн тойронд ажилладаг 150 хүнтэй харилцах харилцаанд юу авчирсныг би мартсан.

“Би байгалиас төрсөн ялагч бөгөөд би цом авахаар энд ирсэн. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол хүмүүс, тэдний мэдрэмж, амьдрал өөрөө юм. Би эдгээр зүйлийг харгалзан үзээгүй юм шиг мэдрэмж төрж байна. Эдгээр зүйлүүд нь гайхалтай клубын эрч хүчийг хадгалж байдаг гэдгийг ойлгохгүй байгаа нь надад ямар нэг хэмжээгээр зэмлэл хүртэхээр юм.

“Бид хамтдаа хүрсэн амжилтаа хүндэтгэж байгаасай гэж хүсч байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд клуб болон ерөнхийлөгчтэй харьцах харьцаа маань бусад дасгалжуулагчдынхаас арай өөр байх байсан бол таалагдах байсан байх. Би давуу эрх хүсээгүй, арай илүү дурсамж хүссэн.

“Эдгээр өдрүүдэд дасгалжуулагчийн амьдрал том клубын нүхэнд байгаа нь хоёр улирал юм. Үүнээс илүү урт хугацаа шаардагдана. Хүний харилцаа удаан үргэлжлэхийн тулд эдгээр нь мөнгөнөөс чухал, алдар нэрээс, бүх зүйлээс чухал юм. Тэднийг тэжээх хэрэгтэй.

“Иймээс би ялагдсаныхаа дараа дараагийн тоглолтонд ялахгүй бол ажлаас халагдах болно гэж хэвлэлээс уншихад би маш их гомдсон. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориудаар цацаж байсан мессежүүд намайг болон бүх багийг хохироосон. Багт нөлөөлж, эргэлзээ, үл ойлголцлыг бий болгосон.

Пеп Гуардиолад хийсэн Африк хараал

Хөлбөмбөгч Яя Турегийн төлөөлөгч Дмитрий Селюк, Пеп Гуардиола нарын харилцаа хагарлаар дууссан билээ.

Хөлбөмбөгч, дасгалжуулагч хоёрын харилцаа муудаж, улмаар Зааны ясан эргийн тоглогч Манчестер Ситиг орхисон. Үүний дараа түүний төлөөлөгч Селюк цочирдом мэдэгдэл хийсэн нь Аваргуудын лигийн финалын дараа ч “хүчинтэй” хэвээр байна.

“Гуардиола Турег явуулсанаар бүх африкийг өөрийн эсрэг эргүүлсэн. Африкийн олон бөө “Пеп Аваргуудын лигт хэзээ ч битгий түрүүлэг” хэмээн хараал хийсэн. Энийг бол би яаж ч чадахгүй. Үйлийн үр эргэж ирдэг. Африк бөө нар ямар чадалтайг хараарай” хэмээн Селюк 2018 онд хэлж байв.

Тэр цагаас хойш Халзан Пеп нар ердөө үзсэнгүй. Энэ улиралд анх удаа финалд гарч ирсэн ч Челсид далаараа нам тавиуллаа. “Африкийн бөө нарын хараал хүчтэй юм, үнэн юм байна” гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр. Пеп Гуардиола хараалыг “хариулах” хэрэгтэй, хариулахаасаа өнгөрсөн хэмээн бичиж байна.

Каталан дасгалжуулагч хэрхэн сэргэж, аль хэр дайчин, нугаршгүй сэтгэл зүйтэй эсэх нь одоо тун сонирхолтой байна. Герман дасгалжуулагч нар Аваргуудын лигийн финалд гарч ирж ялагдчихаад дараа жилийн финалд эргэн гарч ирж түрүүлсэн ойрын гурван ч жишээ байна.

Гуардиола тэгж чадах уу?

Эх сурвалж: Marca

Пеп Гуардиола, Жоан Лапортагийн номер нэг сонголт

Барсагийн Ерөнхийлөгч Жоан Лапорта ирэх улиралд Пеп Гуардиолаг авчрах хүсэлтэй байна. Куманыг орлох хамгийн шилдэг хувилбар бол Пеп хэмээн Лапорта үзэж байгаа юм.

Тэрээр Барсад шинэ үе, мөчлөг эхэлж байна хэмээн зарласан билээ. Энэ нь эрс шинэчлэл хийнэ гэсэн үг. Энэ шинэчлэлийг манлайлах хамгийн зохистой хүн нь Барсагийн унаган бүтээгдэхүүн Пеп хэмээн үзэж, түүнийг авчрахыг урьтал болгоно гэжээ.

Шинэ дасгалжуулагч хайж байгаа гэдгээ Куманд аль хэдийнэ дуулгасан хэмээн Испанийн хөлбөмбөгийн хэвлэлүүд мэдээлж байна. Манчестер Сититэй гэрээтэй байгаа Пеп Аваргуудын лигт түрүүлчихвэл Англиас явна хэмээн тоймчид итгэлтэй байгаа аж. Европт аваргалж чадахгүй ч Ситигээс явна гэж үзэх хүмүүс их байгаа. Харин Пеп Барсад буцаж ирэх үү гэдэг том асуулт үлдэж байна. Кун Агуэро Барсад ирж байгаа бол Пеп Барсад ирэхгүй. Агуэрог үеэ өнгөрөөсөн гэж үзэн явуулсан Пеп түүнтэй дахин хамтран ажиллана гэж байхгүй.

Каталан дасгалжуулагч Сититэй 2023 он хүртэл гэрээтэй. Гэвч тэр Ситигийн дараа хаана очихыг хэн ч таашгүй. Барсагаас явсны дараа нэг жил амарчихаад Байерн Мюнхенд ирнэ гэдгийг хэн ч таамаглаагүй. Гэтэл тэрээр нэг жил амарч байхдаа герман хэлийг гэрээр тууштай үзэж Байернтэй гэрээ үзэглэхдээ шууд германаар чөлөөтэй ярьж байсан гэдэг.

Жижиг хотын том багийн тунхаг

1998 онд Испанийн хөлбөмбөгийн дээд лигт анх дэвшин гарч ирсэн Вильярреал Европын тавцанд анхны цомоо өргөж гайхамшгийг бүтээлээ. Талбайн 22 тоглогч бүгд торгууль цохиж, зөвхөн Де Хеа алдсанаар Шар шумбагч хөлөг Европа лигийн цомыг өргөлөө.

Торгуулийн цохилт алдаж Ман.Ю-г цомгүй хоцроосон Давид Де Хеа олон нийтийн сүлжээний дайралт, доромжлолд бөмбөгдүүлж, эхнэр Эдурне нь хамгаалж мэдэгдэл хүртэл хийхэд хүргэв. Де Хеа яалт ч үгүй сэтгэлийн дарамттай байсан. Нэгдүгээр хаалгачийн байр сууриа алдаж, Ман.Ю-гаас залхаж, сэтгэл санаа онцгүй болсон байсан. Ийм байхад финалд гараанд гаргасан нь Сульшерийн цор ганц тактикийн алдаа байсан хэмээн тоймчид онцолж байна. Торгуулийн цохилт ээлж дарааллан цохисоор эцэст нь хаалгач дээр ирж, Рулли итгэлтэй нь аргагүй зоогоод, дараа нь Де Хеагийн цохилтыг хааж аварга болоод л…

Фэнүүд бүх насаараа мөрөөдөж болох гайхалтай тоглолтын гэрч боллоо. Тоглолт тэнцээгээр өндөрлөж торгууль цохих магадлал ихтэй гэж үзээд Вильярреалын тоглогчид 11-ийн цохилтыг сайн давтсан нь гарцаагүй. Бүр хаалгач дээр ирнэ гэж хэн ч тооцоолоогүй, Вильярреалын хаалгач Рулли ч нэг их торгуулийн цохилтын бэлтгэл хийгээгүй байж магад. Гэвч тэрээр юмыг яаж мэдэхэв гээд 11-ээс хэрхэн найдвартай цохих ганцаарчилсан бэлтгэл хийсэн нь илт байна хэмээн Испанийн спортын хэвлэлүүд хошигнон бичиж байна.

Манчестер Юнайтед Европын тавцанд найман удаа финалд гарч тавд нь ялж, гуравт нь ялагдаж цомоо алдахдаа гурвууланд нь Испанийн багтай таарчээ. Бас л нэг юм хэлж буй үзүүлэлт. Тэд фаворит гэдгээ мэдэж байсан. Мөн Испанийн баг торгуулийн цохилт түрүүлж цохих эрхийг авсан нь хурган аз гэлтэй. Гэхдээ хурган аз том амжилт дагуулах нь зөвхөн бэлтгэл, тактик, сэтгэл зүй билээ.

50 мянгахан хүн амтай Вильярреал хотын баг Европын тавцанд алдраа ийнхүү чангаар тунхаглав. Ийм тохиолдол урьд өмнө гарч байсангүй. Шигшээ тоглолтод гарсан 22 торгуулийн цохилт ч анхны тохиолдол. Энэ давтагдах нь юу л бол.

Ийм гайхамшгийг бүтээж аварга болно гэдэг л жинхэнэ хөлбөмбөг, жинхэнэ галзуурал, шаналал, таашаал билээ.