Category: Хөлбөмбөг

Жижиг хотын том багийн тунхаг

1998 онд Испанийн хөлбөмбөгийн дээд лигт анх дэвшин гарч ирсэн Вильярреал Европын тавцанд анхны цомоо өргөж гайхамшгийг бүтээлээ. Талбайн 22 тоглогч бүгд торгууль цохиж, зөвхөн Де Хеа алдсанаар Шар шумбагч хөлөг Европа лигийн цомыг өргөлөө.

Торгуулийн цохилт алдаж Ман.Ю-г цомгүй хоцроосон Давид Де Хеа олон нийтийн сүлжээний дайралт, доромжлолд бөмбөгдүүлж, эхнэр Эдурне нь хамгаалж мэдэгдэл хүртэл хийхэд хүргэв. Де Хеа яалт ч үгүй сэтгэлийн дарамттай байсан. Нэгдүгээр хаалгачийн байр сууриа алдаж, Ман.Ю-гаас залхаж, сэтгэл санаа онцгүй болсон байсан. Ийм байхад финалд гараанд гаргасан нь Сульшерийн цор ганц тактикийн алдаа байсан хэмээн тоймчид онцолж байна. Торгуулийн цохилт ээлж дарааллан цохисоор эцэст нь хаалгач дээр ирж, Рулли итгэлтэй нь аргагүй зоогоод, дараа нь Де Хеагийн цохилтыг хааж аварга болоод л…

Фэнүүд бүх насаараа мөрөөдөж болох гайхалтай тоглолтын гэрч боллоо. Тоглолт тэнцээгээр өндөрлөж торгууль цохих магадлал ихтэй гэж үзээд Вильярреалын тоглогчид 11-ийн цохилтыг сайн давтсан нь гарцаагүй. Бүр хаалгач дээр ирнэ гэж хэн ч тооцоолоогүй, Вильярреалын хаалгач Рулли ч нэг их торгуулийн цохилтын бэлтгэл хийгээгүй байж магад. Гэвч тэрээр юмыг яаж мэдэхэв гээд 11-ээс хэрхэн найдвартай цохих ганцаарчилсан бэлтгэл хийсэн нь илт байна хэмээн Испанийн спортын хэвлэлүүд хошигнон бичиж байна.

Манчестер Юнайтед Европын тавцанд найман удаа финалд гарч тавд нь ялж, гуравт нь ялагдаж цомоо алдахдаа гурвууланд нь Испанийн багтай таарчээ. Бас л нэг юм хэлж буй үзүүлэлт. Тэд фаворит гэдгээ мэдэж байсан. Мөн Испанийн баг торгуулийн цохилт түрүүлж цохих эрхийг авсан нь хурган аз гэлтэй. Гэхдээ хурган аз том амжилт дагуулах нь зөвхөн бэлтгэл, тактик, сэтгэл зүй билээ.

50 мянгахан хүн амтай Вильярреал хотын баг Европын тавцанд алдраа ийнхүү чангаар тунхаглав. Ийм тохиолдол урьд өмнө гарч байсангүй. Шигшээ тоглолтод гарсан 22 торгуулийн цохилт ч анхны тохиолдол. Энэ давтагдах нь юу л бол.

Ийм гайхамшгийг бүтээж аварга болно гэдэг л жинхэнэ хөлбөмбөг, жинхэнэ галзуурал, шаналал, таашаал билээ.

Гуардиола, Түхел нарын Мюнхен дэх уулзалт яг л шатрын их мастеруудын халз тулаан мэт санагдсан

Зургаан жилийн өмнө Михаил Решке Мюнхений төвд байдаг Шуманны бааранд болсон Пэп Гуардиола, Томас Түхел хоёрын уулзалтын тухай хууч хөөрч байна.

Эхэндээ тэр хоёр нэгнээ тэнсэх мэт зөөлөн зөөлөн толхилцоод л байлаа. Тэгээд нэг мэдсэн чинь яриа нь бүүр шал өөр түвшинд очсон. Олон жилийн өмнөх тоглолтын үеэр болсон нүүдэл, тактикийн өөрчлөлтүүдийн талаар ярьцгааж эхлэв. Ширээн дээр байсан дарсны хундага, давсны савуудыг байрлуулж ирээд л ярилцаж байх үед тэр ярилцаж байгаа тоглолтууд хоёулангийнх нь толгойд дахин тоглогдож байх шиг байлаа. Маш жижигхэн гэмээр нарийн деталиудыг хүртэл сайн санацгааж байгаад нь би бүр итгэж ч чадаагүй.

“Та тэр 2009 оны Реал Мадридтай хийсэн тоглолтын үеэр жигүүрийн хамгаалагчаа нэг тэгж хөдөлгөсөн дөө? Яагаад тэгсэн юм?” гэх маягийн л асуултууд. Шатрын их мастерууд Фишер Спасскийн ур ухаан шавхсан тоглолт үзэж байгаа ч юм шиг. Эсвэл Цицерон Сократ хоёр хөлбөмбөгийн философийг хэлэлцэж байгаа ч юм шиг санагдаж байсан. Намайг 2014 онд Баерны спортын захирал болсны дараахан Пеп бид хоёр Томасын тухай ярьж байсан юм. Надаас асуулаа л даа. “Германы хамгийн сонирхолтой, залуу дасгалжуулагч хэн бэ?” гэж байна. Би “Түхел” гэсэн. Тэгсэн чинь Пеп: “Харин тийм! Өнгөрсөн улиралд Маинзтай тоглоход манай эсрэг хожъё гээд үзэж байсан шүү! Ихэнх багууд манай эсрэг шууд автобус зоогоод, бага тоогоор хожигдох юмсан гэдэг. Харин мань эр манайхыг ёстой дарамтанд хийсэн. Маинз шүү дээ! Би түүнийг их хүндэлдэг” гэж хариулж билээ.

Юрген Клоппын Боруссиа Дортмунтыг эс тооцвол Бундеслигийн ихэнх багууд Гуардиолагийн бөмбөг эзэмшсэн тоглолтыг бусниулахын тулд өөрийнхөө хагаст бүгээд каталан эрийг цухлыг бардаг байсан үе л дээ. “Би л лав тэгж тоглохдоо тулвал дасгалжуулагчийн хувьд дууслаа гэсэн үг” гэж Решкед нэг удаа хэлж байсан гэдэг. Түхелийн Маинзтай тоглоход харин тийм байгаагүй. Яахав Баерн тэр хоёр тоглолтдоо 4-1, 2-0 харьцаагаар хожих нь хожсон л доо. Гэхдээ тооны харьцаа дээр харагдаж байгаа шиг тийм ч амархан тоглолт болоогүй юм. Мюнхен дэх тоглолтын эхний хагас дуусахад Маинз өөрсдөө гоолдоод зогсохгүй аваргуудын довтолгоог чадварлаг хааж, маш чөлөөтэй 3-4-3 системээрээ айлын довтолгооны өрнөлүүдийг сарниулан сөрөг довтолгооны боломжуудыг ээлж дараалан үүсгэж байлаа. (Гуардиола хариуд нь зүүн жигүүрээ Давид Алаба, Бастиан Швайнштайгер хоёроор зузаалж, баруун жигүүрт Марио Гөтцегээр айлын хамгаалагчдыг дарамтлуулж хариу барьсан.) Таван сарын дараах хариу тоглолтоор Маинз тун сайн үзэж байсан боловч 82, 86 дахь минутад гоол алдсан. “Өнөөдөр ч зугаатай байлаа шүү” гэж Гуардиола шүглийн дууны дараа хэлсэн гэдэг.

Пеп яахав мэдээж Пеп шүү дээ, харин Түхел бол тухайн үед Дортмундтай цомд түрүүлж, ПСЖ-тэй аваргуудын лигт финалдсан одоогийн Түхел биш байсныг санах хэрэгтэй. Маинзтай таван жил ажиллаад ажлаа өгч, хөлбөмбөгөөс зайгаа аваад байсан залуухан дасгалжуулагч байсан юм. Гэхдээ жил гаруйн өмнө болсон тэр хоёр тоглолтоороо Пепийн анхаарлыг татсан байсан. Анхаарлыг нь татаад ч зогсохгүй маш даржин нөөц бүхий багаар тийм нарийн оновчтой төлөвлөгөө боловсруулж, бүр хожихоор улайран зүтгэж байснаараа зүй ёсны хүндэтгэл хүлээсэн байлаа. “Түхелд хариу бий дээ” гэж тэр хэлж билээ.

Уулзалт болсон тэр өдөр Решке Гуардиолад оройхон Түхелтэй уулзах гэж байгаагаа сонирхуулсан байна. Түхелийг Баер Леверкүзенд байхдаа ажилд авах гээд уулзаж байснаасаа хойш холбоотой байж л дээ. Гуардиола тэр даруй мань хоёртой Шуманны бааранд уулзахаар шийдэж. Түхелтай илүү сайн танилцахыг хүсч байсан болохоор тэр оройны ганц хоёр уулзалтаа ч цуцалсан байна. Нөгөө тал нь ч бас адилхан бодолтой байжээ. Маинзын дасгалжуулагч байхдаа Түхел хэд хэдэн удаа Барселона руу нисч очоод Гуардиолиагийн багийн тоглолтыг биечлэн үзэж байснаар барахгүй хамаг намтар номуудыг нь гүйцэт уншиж судалсан байдаг. Эхэндээ тэр хоёр багш шавирхуу маягийн яриа эхлүүлсэн гэнэ. Түхел ихэвчлэн асуулт тавиад, Гуардиола дэлгэрэнгүй хариулах маягтай явж байсан ч хэсэг хугацааны дараа тэр хоёрын байр нь өөрчлөгдөөд ур ухаан тэнцүү улс шиг л ярилцаж гарсан байна.

Би уг нь хөлбөмбөгийн тухай ярих их дуртай, нэлээн ч ярьдаг, гэхдээ тэр орой бараг үг дугарч чадаагүй байх аа. – хэмээн Решке дурсав. – Би зүгээр л үзэгч шиг байсан. Тэр хоёр Англи, Герман холиод, ямар нэг шинжлэх ухааны нэр томъёо ашиглахгүй зүгээр л энгийн яриа өрнүүлж байсан ч миний хувьд зарим үед нь гүйцэт ойлгох гэж хэцүүхэн юм болж байлаа. Аль эрт улирч баларсан үеийн тоглолтуудаас өч төчнөөн жижиг сажиг мөч тохиолдлуудыг дурсаж ирээд яаж өөрчилсөн бол ямар өрнөлтэй, ямар үр дүнтэй байж болох байсан талаар ярилцаж гарсан. Ерөөсөө л үйлдэл, хариу үйлдэл. Яриандаа гүн автчихсан байсан болохоор бааранд байсан бусад хүмүүс, бүр зөөгч нар ч хүртэл яриаг нь тасалдуулж зүрхлэхгүй бараг бүтэн дөрвөн цагийн турш л хөөсөн дотор байгаа юм шиг ярилцсан даа.
Хэдэн долоо хоногийн дараа өнөө гурав чинь ахиад уулзжээ. Өмнөхөөсөө арай тайвуу боловч хөлбөмбөгийн маргааны хувьд адилхан л ширүүн байсныг шинээр нэмэгдсэн дөрөв дэх оролцогч гэрчилж байна. Решке энэ уулзалт дээр Юпп Хейнкесийн доор ажиллаж байсан Петер Херманныг урьсан юм. Одоо 69 настай мань хүн тэр үед гэхэд Баер Леверкүзентэй 2002 онл, Баернтай 2012, 2013 онуудад аваргуудын лигийн финалд шалгараад үзчихсэн нэлээн хашир бурхи байсан хэрнээ Гуардиола, Түхел хоёрын яриаг шашны ном шиг л сонссон гэдгээ сүүлд нь Решкед хэлсэн байдаг.

Надад баярлалаа гэснээ эхнэр лүүгээ утасдаад “Би маргааш хөлбөмбөгөөс зодог тайллаа” гэж хэлсэн шүү. Яагаад гэсэн чинь “Би хөлбөмбөгийн талаар өөрийгөө овоо мэдлэгтэй гэж боддог байлаа. Одоо бол өөртөө тийм ч итгэлтэй биш байна… энэ залуус бүр шал өөр дээд лигийн нөхөд байна” гэж билээ.
Решке өөрөө ч нэгэнтээ яг ийм байдалд орж байсан удаатай. Баернтай аваргуудын лигийн хэсгийн тоглолт хийхээс нь өмнө Ромагийн тоглолтыг үзэх гээд нэг удаа Итали руу Пептэй хамт явжээ.

Ёстой солиотой. Тоглолт эхлэхээс өмнөхөн Пеп шууд л хоёр багийн давуу болон сул талуудыг тоочиж гарсан. Тоглолт ч яг л хэлснээр нь өрнөсөн дөө. Тэр долоо хоногт намайг багийн уулзалтад сууж болно гэсэн юм, тэр уулзалтаар Роматай тоглоход явагдах олон боломжит өрнөлүүдийг хэлэлцсэний нэлээн хэд нь яг түүний зохиолоор юм шиг л явсан. Үнэхээрийн гайхалтай.
Баерн тэр тоглолтоор Ромаг 7-1 харьцаагаар Стадио Олимпикод нь бут ниргэсэн бөгөөд Гуардиолагийн тэр гурван жилд үзүүлсэн хамгийн шилдэг тоглолтуудын нэг байлаа. Гуардиола тэгэхэд Түхелийг өөрийнхөө залгамжлагчаар Баернд томилуулахаар Решкед зөвлөж байсан гэнэ. “Түүнийг Баернд авчраач!” гэдэг байж. Решке, Түхел, Ули Хөннес нар Мюнхенд уулзсан боловч цаг хугацааны хувьд таараагүй гэдэг.

Тэр хоёр хоёулаа л тоглогчдодоо өндөр шаардлагатай, хөлбөмбөгийг өөрсөд шиг нь гүнзгий мэдэрдэг тоглогчидтой учраа амархан ололцдог. Өөрийн арга барилаар хөлбөмбөг тоглох гэдэг улс ер нь нэлээн хэцүү байдаг. Тактикийн хувьд хоёулаа эзэгнэж тоглохыг хүсдэг. Хоёулаа л “за яаж гоолдох вэ?” гэсэн асуултаар эхэлдэг. Томасын хувьд нэлээн техник голчилсон, харин Пеп нь арай илүү урлагтай. Тоглолт их өндөр түвшинд явагдах тусам Пеп улам дуртай байдаг. Ялангуяа онцгой өрсөлдөгч, дасгалжуулагчийн эсрэг бол бүр сайн. Томас түүнийг хожиж чадахаа энэ улиралд хэдийн харуулсан. Мюнхенд тэр олон жилийн өмнө хэдэн үдэш зугаатай сайхан уулзсаны дараа ингээд Портод клубын хөлбөмбөгийн хамгийн том цомын төлөө тулж байгаа нь их хөгжилтэй санагдаж байна. Хоёулангийнх нь өмнөөс баяртай байна даа.
Магадгүй сүүлийн шүглийн дууны дараа хожсоноо магтаж, хожигдсоноо тайтгаруулан хундага тулгаж суух цаг гаргаа ч бил үү.


Орчуулсан: Д.Цогчулуун

Евро-2020 тэмцээний дараагаас Германы шигшээг Ханс Флик удирдана

Германы шигшээ баг 2024 он хүртэлх гэрээгээр Ханс Фликийг дараагийн дасгалжуулагчаараа томиллоо. Ийнхүү өдгөө Байерн Мюнхений менежер дэлхийн аварга Йоахим Лёвын орыг залгамжлахаар болжээ.

Ханс Флик нь 2006 оноос 2014 оны хооронд Германы шигшээ багт Лёвын туслахаар ажиллаж байсан. 2019 онд Нико Ковач Байерн клубээс халагдсанаар тус багийн ерөнхий дасгалжуулагч болж өнөөдрийг хүртэл удирдахдаа долоон удаагийн цомд түрүүлээд зогсохгүй, Байерныг удирдсан нийт тоглолтынхоо 83 хувьд ялалт байгуулсан нь түүхэнд дээгүүр бичигдэх үзүүлэлт юм.

Копа Америка 2021-г шинжихүй

Өмнөд Америк тивийн XXXXVII дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 14-ны өдөр Аргентина улсад эхлэх билээ. Цагаан цэнхэрүүд 1916 онд анхны тэмцээнийг зохион байгуулж байсан бол тэр цагаас хойш 10 дахь удаагаа тивийн аваргыг нутагтаа хүлээн авахад бэлэн болжээ. Тэмцээнийг хамтран зохион байгуулах байсан Колумб улсад ерөнхийлөгч Иван Дюкегийн эсрэг жагсаал цуглаан эрчимтэй өрнөж  буй учир ийнхүү тэднийг хассан байна.

Уг тэмцээнд 1993 оноос хойш 12 баг оролцдог байсан бол энэ удаад 10 улс өрсөлдөх юм. 1990 оноос эхлэн Ази болон Хойд Америк тивийн хоёр улсыг урьж оролцуулдаг байсан ба энэ удаад Катар болон Австралын шигшээ багуудыг сонгоод байсан ч ДАШТ-ий урьдчилсан тоглолтуудтай холбоотойгоор татгалзсан юм. 

Хэсгийн хуваарилалт

А хэсэг / Өмнөд /Б хэсэг / Хойд /
АргентинаКолумб
БоливиБразил
УругвайВенесуэл
ЧилиЭквадор
ПарагвайПеру
Хэсэг тус бүрийн шилдэг дөрвөн баг хасагдах шатанд шалгарна

Тэмцээний түүхэн амжилт

УлсАлтМөнгөХүрэл Нийт
1. Уругвай156930
2. Аргентина1414533
3.Бразил911727
4. Парагвай26715
5. Чили24511
6. Перу21811
7. Колумб1146
8. Боливи112
9. Мексик235
10. Гондурас11

Хэсгийн шатны цагийн хуваарь/ Улаанбаатарын цагаар /

VI сарын 14 

  • Аргентина vs Чили 05:00
  • Парагвай vs Боливи 08:00

VI сарын 15

  • Бразил vs Венесуэл 07:00
  • Колумб vs Эквадор 10:00

VI сарын 18

  • Чили vs Боливи 05:00
  • Аргентина vs Уругвай 08:00

VI сарын 19

  • Колумб vs Венесуэл 07:00
  • Перу vs Бразил 10:00

VI сарын 21

  • Уругвай vs Чили 04:00
  • Аргентина vs Парагвай 07:00

VI сарын 22

  • Венесуэл vs Эквадор 06:00
  • Колумб vs Перу 09:00

VI сарын 24

  • Боливи vs Уругвай 05:00
  • Чили vs Парагвай 08:00

VI сарын 25

  • Эквадор vs Перу 06:00
  • Колумб vs Бразил 09:00

VI сарын 28

  • Уругвай vs Парагвай 05:00
  • Аргентина vs Боливи 05:00

VI сарын 29

  • Эквадор vs Бразил
  • Венесуэл vs Перу

Онцлох гурван улсыг шинжихүй

Аргентина

Тэмцээний онцлох баг бол зохион байгуулагч Аргентина. 1993 оноос хойш цомын бараа хараагүй тэд дасгалжуулагч Лионель Скалонигийн удирдлага дор тун сайн тоглолтыг үзүүлж буй. Тэр тангочдыг удирдсан эхний тивийн аваргадаа хүрэл медаль зүүсэн. Гэхдээ энэ удаад түүний зорилго түрүүлэх. Сүүлийн жилүүдэд довтолгоо гайхалтай хэдий ч дундын шугамандаа асуудалтай байсаар ирсэн тэдний нөхцөл байдал энэ удаад өөр. Леандро Паредес /ПСЖ/, Жиовани Ло Селсо /Тоттенхэм/, Rodrigo De Paul / Удинезе/ зэрэг багтаа чухал үүрэг гүйцэтгэдэг залуус энэ удаад талбайн төвд улсаа төлөөлнө. Мөн Лаутаро Мартинес /Интер Милан/, Эмилиано Мартинес /Астон Вилла/, Николас Таглиафико /Аякс/, Анхель Ди Мариа /ПСЖ/ зэрэг тоглогчид ачааны хүндийг үүрэлцэнэ. Мэдээж тэдний хамгийн том хөзөр бол Лионель Месси. Түүний хувьд багтайгаа тааруухан улирлыг үдсэн ч хувийн үзүүлэлт гайхалтай хэвээр байсан. Тэр шигшээ багтайгаа хүсэн хүлээсэн цомоо өргөж Диего Армандо Марадонад зориулж чадах болов уу?

Уругвай

Тивийн аваргад хамгийн олон түрүүлсэн улс бол тэд. Гэхдээ магнайд шалгарч чадаагүй 10 жил болсон байна. Иймээс дахин нэг удаа аваргын цомыг эх орондоо авчрахыг Оскар Табарезын залуус хүсч байгаа нь дамжиггүй. Тэдний бүрэлдэхүүн бүх тал дээрээ жигд сайн байгаа. Родриго Бентанкур /Ювентус/, Роналд Араухо /Барселона/,Николас Де Ла Круз /Ривер Плэйт/ зэрэг залуус энэ удаад шигшээгийн чухал тоглогчид байх болно. Гэхдээ онцлох нь Федерико Вальверде /Реал Мадрид/ байх учиртай. Зинедин Зиданы удирдлага дор гайхалтай гүйцэтгэлийг үзүүлж довтолгоо хамгаалалтын олон байрлалд тоглох чадвараа харуулаад авсан тэрбээр Эдинсон Кавани /Манчестер Юнайтед/, Луис Суарес /Атлетико Мадрид/ нартай хэрхэн зохицож тоглох нь сонирхолтой.

Бразил

Отгон тивийн аваргууд энэ жил мөн л зузаан бүрэлдэхүүнтэйгээр Аргентиныг зорих болно. Хаалгачаас эхлүүлээд байрлал бүр дээр олон сонголт тэдэнд бий. Гэхдээ санаа зовж болох нэг асуудал бол Филиппе Коутиньо /Барселона/. Түүний хувьд энэ улирлыг бүтэн эмнэлгийн орон дээр өнгөрүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд Бразилд тоглолт найруулдаг хагас хамгаалагч төрөөгүй гэхэд хилсдэхгүй. Иймээс Коу Титегийн дундын шугаманд яалтачгүй хэрэг болно. Мөн энэ улиралд олигтой амжилт үзүүлж чадаагүй Неймар /ПСЖ/ шигшээ багтайгаа амжилт үзүүлэхийг хүсч буй нь ойлгомжтой. Ямартай ч бүрэлдэхүүний хувьд хамгийн хүчтэй нь тэд. Самбачид ногоон талбайд өөрсдийн бүжгийг толилуулж чадах болов уу?

Ер бусын үдэш

Дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай хөлбөмбөгийн лигийн сүүлийн тойрог гайхалтай өрнөлтэй бас сэтгэл хөдлөл өндөртэй ер бусын үдэш болж өнгөрлөө. Олон өдөр, сар үзэчгүй хоосон, хөндий цэнгэлдэхэд үргэлжилсэн лигийн хаалтын тойрог багахан тооны үзэгчтэй явагдсан нь ч хөг нэмлээ.

SPS телевизийн баг хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр цар тахалтай, хүнд хэцүү цагт ч бид английн лигийн тоглолтуудыг торох юмгүй үзэж байлаа. Сүүлийн тойрог зэрэгцэн явагдсан гайхалтай мөчүүдийг ч мөн тэдэнтэй хамт гэрчиллээ. Баярлалаа та бүхэнд.

Яагаад ер бусын үдэш болов гэж үү?

АВАРГУУД

Тиймээ тэд английн лигийн сүүлийн арван жилийн түүхэнд ийнхүү 5 дахь удаагаа түрүүлж байна. Түүгээр зогсохгүй гурван удаа аман хүзүүдсэнээс харвал үнэхээр тогтвортой, эзэрхэг он жилүүдийг үдэж буй нь илт. Энэ жилийн хувьд тэд бас болоогүй улаанбаатарын цагаар энэ ням гарагийн үүрээр аваргуудын лигт шигшээ тоглолт хийнэ гээд хотынхоны хувьд ааг омог, баяр хөөр дүүрэн буй билээ.

Харин энэ бүх амжилтын хажуугаар тэдэнд ер бусын мэдрэмж төрүүлж буй нэгэн бол яахын аргагүй цагтаа цалгиж, таарсан баг, хаалгач бүрийн торийг хөдөлгөж явсан аргентин залуу Кун Агуэрогийн үдэлт байв. 2011 онд нарлаг испаниас ирж байсан түүний түүх энэ клубын сүүлийн арван жилийн дардан амжилтын үетэй яв цав давхцаж байгаа нь нэгийг илтгэх буйзаа.

Ийнхүү ситид арван улирлыг өнгөрүүлэхдээ 182 гоолыг бүртгүүлээд байсан тэрээр энэ үдэш талбайд сэлгээгээр орж ирэхдээ хоёр гоолыг нэмж бүртгүүлсэнээр тийм ч хялбар арилахгүй нэгэн дээд амжилтыг өөрийн нэрээр тамгалчих нь тэр. Тиймдээ ч энэ үдэш хотынхоны хувьд ер бусын гэхээс өөр аргагүй байлаа. Болоогүй ээ түүнд дахин аваргуудын лигийн шигшээ тоглолт байгаа. Хотынхонд баяр хүргэе.

НЭГ ХОТЫНХОН

Орчин цагийн английн лигийг премьер лиг гэгдэх болсон цагаас эзэрхэг явсан Шотланд эрхэм Фергюсоноос хойш санасанд хүртлээ сэргэж чадахгүй яваа улаан чөтгөрүүд энэ улирлыг дэд байрт улирлын аваргуудаас 12 оноо дутуу, өнгөрсөн улирлын аваргуудаас 5 оноо илүү өндөрлүүлж байгаа нь тун олзуурхууштай үр дүн гэж болно.

Сүүлийн улирлуудын тааруухан амжилтад цөхөрсөн улаан чөтгөрүүд дасгалжуулагч Сульшераа солих гэж үзлээ, эцэстээ багийн эздээ эсэргүүцэж, олд трафорддоо бослого хүртэл гаргаад амжив. Харин урд шөнийн хувьд найман улирлын аялалаа өндөрлүүлж буй Хуан Матагийн гоол, түүний тэнгэрт халин одсон ээждээ зориулсан гоолын баяр ер бусын мэдрэмж төрүүлсэн юм.

КОПУУДЫН ҮДЭШ

Эзэрхэг хотынхоны ноёрхолыг сөрөн зогсож, хуучны эрин үеэ сэргээхээр шулуудсан Клоппын улаанууд сүүлийн гурван жилд аваргуудын лигт аман хүзүүдэж нэг үзээд, ирэх жил нь түрүүлсэн бол премьер лигт мөн аман хүзүүдэж нэг үзээд, ирэх жил нь түрүүлсэн тэднийг энэ улирлын аваргууд гээд зогсож байхад олон хүн гайхахааргүй байлаа. Хамгаалалтын шугамдаа Голланд азарга Ван Дайкийг залсан тэд тавдугаар тойргийн тэр нэг харамсалтай явдал болох хүртэл ийм адармаатай улирлыг өнгөрүүлнэ чинээ төсөөлөөгүй явсан бизээ.

ВВД-гээ улирал дуустал алдаад улмаар Матип, Гомез, Хэндо гэх мэтчилэн хамгаалалтын байрлалдаа суларсан нь ийнхүү улирлын төгсгөлийг ер бусын болгосон юм. Аварга болох нь бүү хэл эхний дөрөвт багтаж аваргуудын лигийн эрх авах эсэх нь эргэлзээтэй байсан тэд сүүлийн есөн тоглолтдоо 2 тэнцээ, 7 хожил байгуулсанаар бүр гуравдугаар байраар лигийг өндөрлүүллээ. Энэ бүх хугацаанд бэртэл гэмтлээс холуур, үргэлж бэлэн байсан нэгэн залуу, улаануудын гуравдугаар ахлагчаар нэрлэгдэх болсон Жини Виналдум таван улирлын эцэст ливерпүүлийн өмсгөлтэй мөн ахлагчийн туузтай сүүлийн удаа талбайд гарав.

Копуудын он удаан жил хүлээсэн, цомын бараа харалгүй хатсан сэтгэлийг дэвтээсэн аваргуудын лигийн 6 дахь цом нь хийсэн одож байх үед каталоны нэр төр Барселонагийн эсрэг толилуулсан тэр гайхалтай ер бусын мөчүүд нь түүнийг копуудын дунд домгийн хэмжээнд хүндлэгдэхэд хангалттай шалтгаан болох бизээ.

АЗТАЙ ЦЭНХЭРҮҮД

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд эмэгтэйчүүдийн баг нь аваргуудын лигийн шигшээ тоглолтод бут ниргүүлж, харин эрчүүд нь английн цомын тэмцээний шигшээд үнэгнүүдэд ялагдаад байсан хэдий ч хүснэгтийн байрлал, авсан оноо, аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч үлдсэн гээд тун давгүй нөхцөл байдалтай байв. Гэтэл ер бусын гэмээр тойрогт араас нь нэхэж явсан, гэхдээ аюул холуур гэж тооцоолж байсан Ливерпүүл ялалт байгуулж оноо дээшлээд, нэг цомыг нь булаагаад удаагүй Лейстэр тоглолтыг давамгай эхлүүлж, өөрсдөө Виллад гоол алдан хожигдож явахад цэнхэрүүдийн хөгжөөн дэмжигчдэд амар байгаагүй бизээ.

Улирлын дундуур клубын домогт тоглогч асан Лампардыгаа халж, Тушел гэх герман эрийг авчирсан нь нүдээ олсон гэж болохоор юм. Учир нь улирлын эхэнд тийм том хүлээлтгүй байсан тэдэнд магадгүй гурвалсан цомтой улирлыг өндөрлүүлэх ч боломжит нөхцөл бүрдэж байлаа. Харин одоо тэдэнд бодитоор биелүүлж болох нэг боломж аваргуудын лигийн галзуу ганц тоглолт үлдээд байгаа юм. Юутай ч үнэгнүүд эцсийн мөчид бүтэлгүйтсэнээр ирэх жилийн аваргуудын лигийн эрхээ баттай халаасласан цэнхэрүүдэд одоо алдах юмгүй, авах юмтай шигшээ тоглолт болох нь ойлгомжтой. Амжилт хүсье.

АЗГҮЙ ҮНЭГНҮҮД

Цагтаа Ливерпүүлийн жолоог атган лигт аман хүзүүдэж явсан Брендан Рожерстой үнэгнүүд өнгөрсөн улирлын нэгэн адил аваргуудын лигийн эрхээс үл ялиг дутуу оноотой хоцорлоо. Энэ удаад улирлын эцсийн шүгэл дуугартал боломж тэдний гарт байсаар байсныг хэлэх нь зүйтэй.

2019 онд Рожерстой зам нийлсэн Лейстер ситийг ийм дориун амжилттай бүр хоёр улирал дарааллан энэ амжилтаа бататгана гэж олон хүн тоцоолоогүй, бодоогүй болов уу. Гэхдээ тэд хоосонгүй одоогоос таван жилийн тэртээ лигийн түрүү хүртэж тайланд эзнээ алдаршуулж байсан бол энэ удаад английн цомын тэмцээнд түрүүлж тайланд эзнийхээ гэгээн дурсгалыг мялааж, удам залгасан хүүтэй нь хамт баяраа тэмдэглэсэн ер бусын улирал боллоо тэдний хувьд.

Ийнхүү европын хөлбөмбөгийн том лигүүд өндөрлөж, европ тив хэсэг амхийх боллоо. Гэхдээ бас болоогүй тун удахгүй европын хөлбөмбөг улс улсын түвшинд хүчтэй нүргэлэх болно.

Жон Терри: “Челси”-г удирдах нь миний эцсийн зорилго, “Тоттенхэм” бол хэзээ ч үгүй

Лондонгийн цэнхэрүүдийн экс ахлагч Жон Терри дасгалжуулагчийн карьерынхаа эцсийн зорилгыг “Челси”-г удирдах явдал гээд “Тоттенхэм”-ийн ажлыг хэзээ ч авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор Терри “Астон Вилла”-гийн ахлах Дин Смитийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд тус багийн хамгаалалтын ноён нуруу болоод буй Тайрон Мингс, Эрзи Конса нарын хөгжилд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Иймээс түүнийг баг ахлах чадвартай хэмээн хоёр ч клуб санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна. Энэ талаар тэрбээр “Таймс” сонинд ярилцлага өгчээ. 

Уг ярилцлагадаа “Миний хүсэл зорилго маш тодорхой байгаа. Энэ бол “Челси”-г удирдах явдал. Би Лампард, Жеррард хоёрын  амжилтыг хардаг. Фрэнкигийн “Челси”-тэй өнгөрүүлсэн эхний улирал, Стивигийн “Рейнжерс” дээр хийсэн зүйл нь үнэхээр итгэмээргүй. Магадгүй би тэр үед дасгалжуулагчийн ажилд ороход бэлэн биш байсан байх. Харин одоо бэлэн болсон. Гэхдээ зүгээр нэг ажилд очмооргүй байна. Хоёр ч клубын саналаас татгалзаад амжсан шүү. Вилла Паркыг орхиход надад онцгой зүйл хэрэг болох байх. Гэрээ дуусахад нэг жил үлдсэн учир яарах зүйлгүй шийдвэрээ гаргана. Би хамгийн шилдэг нь болохыг хүсдэг иймээс хэзээ нэгэн цагт тэр өндөрлөгт хүрэх болно” гэжээ. 

Лондонгийн өөр нэг клуб “Тоттенхэм” энэ зун шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа бөгөөд Жозе Моуриног халагдсаны дараа Райан Мэйсон улирал дуустал клубыг удирдахаар болсон билээ. Тэгвэл Моуриньюгийн адил хойд Лондонд газардах талаар тэрбээр “Хэзээ ч үгүй. Миний очихгүй цорын ганц баг бол Спөрс. Учир нь “Вест Хэм” надад санал тавихгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн шуудхан хэлээд амжжээ.

Ямартай ч ногоон талбайд тоглож явсан залуу тун удахгүй талбайн гаднаас өөрийн хөлбөмбөгийг толилуулах бололтой. Түүний дараагийн зогсоол хаана байх вэ?

Зоран Мамичийг залилангийн хэргээр саатуулжээ

Боснийн цагдаа нар Хорватын хөлбөмбөгийн “Динамо Загреб” клубын дасгалжуулагч асан Зоран Мамич болон түүний ахыг залилангийн хэргээр саатуулжээ. Тэд “Динамо Загреб”-ын тоглогчдыг гадаадын клубуудад худалдсан ашгаас 14.5 сая евро шамшигдуулсан, 1.6 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь тогтоогдоод байгаа билээ.

З. Мамич татвараас зайлсхийсэн хэргээр хорватад ял эдэлж эхлээгүй байхад нь олон улсаас түүнийг баривчлах тогтоол гарч түүнийг болон ахыг нь баривчилсан байна. Хорватын дээд шүүхээс Зоран Мамичийг өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн жил найман сарын хорих ялаар шийтгэж байжээ. Зоран болон түүний ах Здравкод зургаан жил хагасын ял оноосон бөгөөд тэд ялаа сонсоныхоо дараа хөрш орон болох Босни руу зугтсан байна.

Хорватын шүүх тэднийг “Динамо” клубын хуучин тоглогч болох Лука Модричийг 2008 онд “Тоттенхэм”-д шилжүүлэх үеэр зохиомол наймаа хийсэн гэж үзэж байгаа юм. “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч, “Баллон Д’ор”-ийн эзэн Л.Модрич шүүх хурлын үеэр сэжигтнүүдтэй хийсэн санхүүгийн хэлэлцээрийнхээ талаар гэрчилжээ. Ах дүү хоёр хоёулаа гэм буруугүй гэж байгаа хэдий ч Л. Модрич болон “Динамо” клубын бусад тоглогчид харилцан тохиролцсон шилжүүлгийнхээ төлөө тэднийг хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Зоран Мамичийг Хорват руу явуулах эсэхийг Боснийн шүүхийн мэдэлд шилжүүлнэ гэж тус улсын цагдаагийн газар мэдэгдсэн. Ах дүү Мамичууд хос иргэншилтэй учраас тэднийг Хорват руу шууд шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Зоран Мамич өнгөрсөн гуравдугаар сард “Динамо Загреб”-ын дасгалжуулагчийн албан тушаалаас огцорсон юм. Харин Здравко Мамич “Динамо”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.

Евро-2020 хэсгийн шатны тоглолтын цагийн хуваарь

XVI дахь удаагийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нэг сарын турш хөлбөмбөг сонирхогчдыг дэлгэцийн урд уях энэхүү тэмцээний хэсгийн хуваарилалт болон тоглолтын цагийн хуваарийг танилцуулъя.

Хэсгийн шат

А хэсэгB хэсэгC хэсэгD хэсэгE хэсэгF хэсэг
ТуркДаниНидерландАнглиИспаниУнгар
ИталиФинляндУкраинХорватШведПортугал
УэльсБельгиАвстриШотландПольшФранц
ШвейцарОХУХойд МакедонЧехСловакГерман

Хэсгийн тоглолтуудын цагийн хуваарь /Улаанбаатарын цагаар/

  • VI сарын 11-12 шилжих шөнө

А хэсэг: Турк vs Итали (03:00, Ром)

  • VI сарын 12-13 шилжих шөнө

А хэсэг: Уэльс vs Швейцар (21:00, Баку)

B хэсэг: Дани vs Финлянд (00:00, Копенхаген)

B хэсэг: Бельги vs ОХУ (03:00, Санкт Петербург)

  • VI сарын 13-14 шилжих шөнө

D хэсэг: Англи vs Хорват (21:00, Лондон)

C хэсэг: Австри vs Хойд Македон (00:00, Бухарест)

C хэсэг: Нидерланд vs Украин (03:00, Амстердам)

  • VI сарын 14-15 шилжих шөнө

D хэсэг: Шотланд vs Чех (21:00, Глазго)

E хэсэг: Польш vs Словак (00:00, Санкт Петербург)

E хэсэг: Испани vs Швед (03:00, Севилья)

  • VI сарын 15-16 шилжих шөнө

F хэсэг: Унгар vs Португал (00:00, Будапешт)

F хэсэг: Франц vs Герман (03:00, Мюнхен)

  • VI сарын 16-17 шилжих шөнө

B хэсэг: Финлянд vs ОХУ (21:00, Санкт Петербург)

А хэсэг: Турк vs Уэльс (00:00, Баку)

А хэсэг: Итали vs Швейцар (03:00, Ром)

  • VI сарын 17-18 шилжих шөнө

C хэсэг: Украин vs Хойд Македон (21:00, Бухарест)

B хэсэг: Дани vs Бельги (00:00, Копенхаген )

C хэсэг: Нидерланд vs Австри (03:00, Амстердам)

  • VI сарын 18-19 шилжих шөнө

E хэсэг: Швед vs Словак (21:00, Санкт Петербург)

D хэсэг: Хорват vs Чех (00:00, Глазго)

D хэсэг: Англи vs Шотланд (03:00, Лондон)

  • VI сарын 19-20 шилжих шөнө

F хэсэг: Унгар vs Франц (21:00, Будапешт)

F хэсэг: Португал vs Герман (00:00, Мюнхен)

E хэсэг: Испани vs Польш (03:00, Севилья)

  • VI сарын 20-21 шилжих шөнө

А хэсэг: Итали vs Уэльс (00:00, Ром)

А хэсэг: Швейцар vs Турк (00:00, Баку)

  • VI сарын 21-22 шилжих шөнө

C хэсэг: Хойд Македон vs Нидерланд (00:00, Амстердам)

C хэсэг: Украин vs Австри (00:00, Бухарест)

B хэсэг: ОХУ vs Дани (03:00, Копенхаген)

B хэсэг: Финлянд vs Бельги (00:00, Санкт Петербург)

  • VI сарын 22-23 шилжих шөнө

D хэсэг: Чех vs Англи (03:00, Лондон)

D хэсэг: Хорват vs Шотланд (00:00, Глазго)

  • VI сарын 23-24 шилжих шөнө

E хэсэг Словак vs Испани (00:00, Севилья)

E хэсэг: Швед vs Польш (00:00, Санкт Петербург)

F хэсэг: Герман vs Унгар (03:00, Мюнхен)

F хэсэг: Португал vs Франц (03:00, Будапешт)

Хэсэг тус бүрээс эхний хоёрдугаар байрт шалгарсан багууд хасагдах шатанд шалгарах бол гуравт орсон улсуудаас шилдэг дөрөв нь шөвгийн 16-д тоглох эрхтэй болох юм. Эдгээр тоглолтуудыг манай улсад “Central Television“ албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.

“Интер Милан”-ы шинэ баатрууд! Тэд 11 жилийн өмнө хаана юу хийж байв?

Сүүлийн 11 жилийн хугацаанд Милан хотын “Хар цэнхэрүүд” анх удаагаа Скудеттог өөрийн болгож чадлаа. Италийн лигт түрүүлэхийн тулд “Интер” маш их мөнгө, хөлс хөдөлмөр үрж мөн гурван ерөнхийлөгчийн нүүр үзсэн юм.  Энэхүү нөр их хөдөлмөрийн үр дүнд сүүлийн есөн жилийн турш босоо түрүүлсэн “Ювентүс” багийн аваргын цувралыг тэд зогсоолоо.

Ийнхүү шинэхэн “Интер”-ийн баатруудтай та бүхнийг танилцуулъя.

Интер Миланы баатрууд

Самир Ханданович

2009/2010 оны улирал Самирын хувьд “Удинезед”  гурав дахь улирлаа үдсэн байлаа. Тэр аль хэдийн багийн үндсэн тоглогч болсон байв. Хоёр жилийн дараа тэрээр шинэ зорилго, цом хүртэхийн тулд “Нераззурри”-ийн эгнээнд нэгдлээ.

““Интер”-т ирснээр би мөрөөдлөө биелүүлсэн. Ахлагчийн тууз зүүх болгондоо мэдэрдэг тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй, би энд олон улирлыг гайхалтай дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Одоо надад дурсамж хангалттай надад цом хэрэгтэй байна!”

Эдгээр үгсийг Самир өнгөрсөн онд тахлын үеэр хэлж байв. Ийнхүү 2021 онд буюу энэ жил 36 настайдаа Самир Ханданович анхны цомоо хүртлээ.

Стефан де Врей

Голланд хамгаалагч 2017 онд “Хар цэнхэрүүд”-д чөлөөт агентын хувиар нэгдэж байжээ. Энэхүү хүчирхэг шилжилт нь хүчирхэг баг бүрдүүлэхэд хүчтэй алхам болов.

2009/2010 оны улиралд Стефан нь анх удаагаа насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн ертөнцөд орж иржээ. 2009 оны сүүлчээр тэрээр анхны хот болох Фейенордын төлөө анхны тоглолтоо хийж, багийн үндсэн тоглогч болж байжээ.

Милан Шкриньяр

Тэрээр үндсэн багийн бүрэлдхүүнд 2012 онд 17 нас 49 хоногтойдоо дэбют тоглолтоо хийж байжээ. 2009/2010 оны улиралд Милан Шкриньяр Словакийн “Жилина”-ийн залуучуудын багт тоглож байв.

Алессандро Бастони

Алессандро “Аталанта”-ийн академиас гарч ирсэн тоглогч юм. Тэрээр долоон настайгаасаа эхлэн Бергамод байрлах академид явж эхэлжээ. Мөн Каннатезед мэргэжилтэн байсан аавынхаа удирлага доор анх бэлтгэл хийж эхэлсэн байдаг.

Маттео Дармиан

“Милан”–ы академид сурч мөн дебютээ “хар улаануудын” өмсгөлтэй хийж байсан тэрээр эх орондоо анх удаагаа цом хүртэж байна.

2009 онд тэрээр Сери В-ээс “Падова” руу нэг жилийн хугацаатайгаар зээлээр шилжиж байжээ. Түүний дебют нь 2006 оны 11-р сарын 28-нд Италийн цомын тэмцээнд “Брешиа”-тай хийсэн тоглолт юм.

Сонирхолтой нь Дармиан “Милан” хотын дербид оролцож байгаагүй билээ.

Николо Барелла

Түүнийг Хандовичийн дараа “Нераззурри”-ийн ахлагч болж магадгүй гэж үздэг чадварлаг хагас хамгаалагч юм.

2014 он хүртэл тэрээр “Кальяри”-д  бэлтгэгдэж байсан бол 2015 оны тавдугаар сарын дөрвөнд тэрээр дебют тоглолтоо “Парма”-ийн эсрэг хийж байжээ.

 Ашраф Хакими

Мароккогийн тоглогч Ашраф Хакими нь Реал Мадридаас 2020 оны зун “Интер” лүү  шилжсэн билээ.

11 жилийн өмнө Хакими нь арван нэгэн настай байсан бөгөөд тэр үед Кастилла хотод сурч байхдаа “Колониа Офигеви” сонирхогчдын клубт хөлбөмбөг тоглож эхэлжээ.

Марсело Брозович

Брозович карьераа “Хрватски Драговолак” клубт эхлүүлсэн байдаг. Тэрээр 2009 онд Хорватын хоёрдугаар лигт нийт найман тоглолтод  оролцжээ. 2009/10 оны улирлын эцэст Драговолац нь  Хорватын хөлбөмбөгийн дээд дивизион руу дэвшин оров. Марсело Брозовичийн хувьд дээд лигийн анхны тоглолт нь 2010 оны долдугаар сарын 24-нд Загребын “Динамо” багийн эсрэг хийж байжээ.

Кристиан Эриксен

Дани залуу Самирын адил цом авахын тулд “Интер” лүү  2020 онд ирж байв. Ийнхүү жил хагасын дараа Кристиан Эриксэн зорилгоо биелүүлж Италийн аварга боллоо.

Эриксен, Брозович нар нас чацуу ч гэсэн Дани залуугийн хувьд 2009/2010 оны улиралд Аяаксын залуучуудын бүрэлдэхүүнд багтаж мөн үндсэн багт дуудагдсанаар тэр жилдээ Голландын аваргын цомыг хүртэж байжээ.

Роберто Гаглиардини

Гаглиардини  нь “Аталанта”-ийн бүтээгдхүүн бөгөөд 2001 оноос Бергамо дахь баазад бэлтгэл хийж эхэлсэн билээ. Тэрээр 2013 онд Италийн цомд Сассуологийн эсрэг дебют тоглолтоо хийсэн. 2017 оны эхэнд түүнийг “Хар цэнхэрүүд” зээлээр авч байжээ.

Артуро Видал

Чили хагас хамгаалагчийг Антонио Конте өөрийн багтаа харахыг их хүссэн нь түүний 33 настай гэдэг баримт нь нотлох бизээ. Энэ улиралд Артуро Видал Аврагуудийн лигт Испаний “Реал Мадрид”-тай тоглоход гаргасан үйлдлээрээ улаан хуудас авсан нь олонд дурсагдах байх.

2009/2010 оны улиралд Видал Германы “Байер” багийн гол тоглогч. Нийт 31 тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд багтаж нэг гоол, хоёр дамжуулалт, 14 шар хуудастайгаар улирлыг дуусгаж байжээ

Эшли Янг

Өнгөрсөн өвөл Апенниний хойг руу нүүсэн Английн зүүн хагас хамгаалагч. Олон хүмүүс түүний тоглолтыг шүүмжилж байгаа ч 35 настай хөлбөмбөгчин “Хар цэнхэрүүд”-д маш их тусалж байгаа билээ. Нэг бүтэн улирал хагасын хугацаанд Англи тоглогч нийт 56 тоглолтод оролцож, 4 гоол, 8 дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна. 1.7 сая еврогоор худалдаж авсан тоглогчийн хувьд энэ нь маш сайн үр дүн юм.

Янг 11 жилийн өмнө Астон Виллагийн багийн ахлагч байсан бөгөөд тэрээр 50 тоглолтод оролцож, 9 гоол, 17 дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байжээ.

Ромелу Лукаку

Бельги довтлогч. Антонио Контед сайн довтлогч харин Лукакуд шинэ сорилт хэрэгтэй байв. Энэ хоёр хүсэл огтлолцож бид топ төвшний довтлогчтой болсон байдаг.

2009/2010 оны улирал Ромелу Лукакугийн хувьд маш сайн улирал байлаа. 16 настайдаа тэр залуу “Андерлехт”-ийн үндсэн тоглогч болж, клубынхаа 37 тоглолтод 19 гоол оруулсан амжилт үзүүлжээ.

Лаутаро Мартинес

Аргентин довтлогч гурав дахь улирлаа Европт өнгөрүүлж байна. Сүүлийн хоёр улирал Аргентин тоглогчийн хувьд жинхэнэ нээлт гэж хэлэхэд буруутахгүй.

Сонирхолтой нь Мартинез 15 нас хүртлээ сагсан бөмбөгөөр хичээллэж байсныг цөөхөн хүн мэддэг билээ. Тэрээр хөлбөмбөгийн ертөнцөд сүүлд 2013 онд нутгийн “Линерс” багт тоглож эхэлсэн байдаг.

Алескис Санчес

“Интер”-ийн гурав дахь довтлогчийн үүрэгтэй тэрээр үндсэн довтлогчийг тохирох мөчид сэлгэж орж ирдэг. Хэдийгээр Алексис өмнөх төвшиндөө эргэж ирэхгүй байх магадлалтай ч “Манчестер Юнайтед”-д банз халааж мөнгө олж байснаас талбай дээр тоглож байх нь түүнд илүү дээр бизээ.

Чили тоглогч 2009/2010 оны улирлыг “Удинезе”-д өнгөрөөсөн бөгөөд үр өгөөжтэй гялалзаж чадаагүй юм. Тэрээр нийт 36 тоглолтод оролцож таван гоол болон гурван дамжуулалт өгсөн гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг төгсгөж байжээ.

Иван Перешич

Хорват тоглогч өнгөрсөн жилд Аваргуудын лигт түрүүлж байсан бол энэ жил “Интер”-ийн  хамт анхны цомоо өргөж байна.

2009/2010 оны улиралд Иван нь Францын “Сошо”-д харьяалагддаг байсан боловч ганц ч тоглолтын мэдүүлэгт оролгүй Бельгийн “Брюгге” руу зарагдсан байдаг. Бельгид бүтэн улирлын турш Перешич нийт 43 тоглолтод оролцож, 13 гоол, 13 дамжуулалт өгсөн байна.

Антонио Конте

Антонио Конте нь 2006 оноос бие даасан карьераа эхлүүлсэн. Тэрээр 2009/2010 оны аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө “Аталанта”-д  дуудагдсан боловч хүлээлтэд нийцэлгүй төд удалгүй зургаан сарын дараа ажлаа хүлээлгэн өгсөн билээ. 2010 оны таван сард Итали мэргэжилтэн “Сиена”-г удирдахаар болж 2010/2011 оны улиралд тэднийг “Сериа А” лигт дэвшүүлэн гаргаж байжээ.

Удаан хүлээсэн аваргын цомоо хүртсэн “Интер”-ийн баг хамт олон болон хөгжөөн дэмжигч нарт халуун баяр хүргэе!

    “Спотифай”-ийн үүсгэн байгуулагч Арсеналаас татгалзсан хариу авчээ

    Өнгөрсөн сард Европын Супер Лигийн (ЕСЛ) шуугиан гарч хөгжөөн дэмжигчид Эмиратес цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цугларч эсэргүүцлээ илэрхийлэх үеэр “Спотифай” компаний гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Даниель Ек “Арсенал” клуб хэзээ нэгэн цагт зарагдахаар бол худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байсан билээ.

    Тухайн үед өөрийн твиттертээ “Би ухаан орсон цагаасаа хойш л Арсенал-ыг дэмжиж байсныгаа санадаг юм. Хэрэв КСЕ Арсенал-ыг зарна гэвэл би энэ өрсөлдөөнд баяртайгаар нэгдэх болно.” хэмээжээ.

    Гэсэн хэдий ч өнгөрсөн бямба гарагт “Арсенал”-ын эзэн Стен Кроенкийн гэр бүл түүний саналд татгалзсан хариу өгчээ. Ек өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Арсенал” клубд санал хүргүүлээгүй гэх “худал мэдээллийг” залруулж мэдэгдэл хийсэн байна.

    “Энэ долоо хоногт Жош Кроенке (Стен Кроенкийн том хүү) болон түүний банкируудтай бид уулзаж фенүүдийн өмчлөл, дэмжигчдийн алтан хувьцааг багтаасан санал хүргүүлсэн. Харин тэд -Бидэнд энэ мөнгө хэрэггүй хэмээн хариулсан юм. Би тэдний шийдвэрийг хүндэтгэж байгаа. Мөн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч би энэ клубыг сонирхсон хэвээр байгаа гэдгээ мэдэгдье.”

    Форбес сэтгүүлд бичсэнээр Ек өнгөрсөн сард 2.8 тэрбумаар Арсеналыг үнэлж, худалдан авах хөрөнгөө баталгаажуулсан юм. Их Британий зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Арсеналын домогт тоглогчид болох Тьерри Анри, Деннис Бергкамп, Патрик Виейра нар Екийн саналыг дэмжиж байгааг мэдээлэлж байсан юм.

      Антонио Валенсиа хөлбөмбөгийн замналдаа цэг тавьлаа

      Хөлбөмбөгийн төлөө 20 жил зүтгэсэн Экуадор залуу ногоон талбайдаа баяртай гэж хэллээ. Гайхалтай он жилүүдийнхээ талаар тэрбээр “Би 14 настайдаа анхны багтаа тоглохоор гэр бүл, тосгоноо орхиод эх орныхоо нийслэл рүү аялалд гарч байлаа. Хэдэн жилийн дараа Испани руу явахаар болсон ба ийм зүйл болно гэж би хэзээ ч мөрөөдөж байгаагүй. Тэнд хэдэн жил тоглосны дараа өөрийн хоёр дахь гэр болох Англид ирж байсан юм. Уиганд байхдаа би маш том туршлага суусан бөгөөд үүний эцэст бурхан надад “Манчестер Юнайтед”-д тоглох боломжийг олгосон. Олд Траффордод өнгөрөөсөн цаг хугацаа, гоол, цом, гайхалтай хөгжөөн дэмжигчдээ би хэзээ ч мартахгүй” гэжээ.

      Өдгөө 35 настай тэрбээр 2009 онд Криштиану Роналду “Манчестер Юнайтед“-ийг орхиход түүний орыг нөхөхөөр гарын үсэг зурж байлаа. Энэ үеэр Сэр Алекс Фергюсон “Антонио бол сүүлийн хоёр жилийг Уиган-тай хамт Премьер лигт өнгөрөөсөн бидний биширдэг тоглогч. Түүний хурд, ур чадвар нь багт чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна” гэж байв. Антонио ч түүний итгэлийг алдалгүй тухайн улиралд долоон гоол, 13 дамжуулалтыг гүйцэтгэж байжээ. Тус улиралд 26 гоолыг оруулсан Уэйн Руни “Би түүнгүйгээр энэ гоолуудыг хийж чадахгүй байсан. Тэр гайхалтай байлаа” хэмээн түүнийг магтаад амжжээ. 

      Ямартай ч дэлхийн шилдэгийн орлон тоглогчийн дүрээр ирсэн тэрбээр гайхалтай он жилүүдийг мөрөөдлийн театрт өнгөрүүлэхдээ тус клубын оны шилдэг тоглогчоор ч шалгараад амжсан түүхтэй. Түүний хөлбөмбөг энэ хүрээд өндөрлөлөө.

      Баярлалаа, баяртай Антонио Валенсиа.

        Барселона аваргуудын лигийн анхны цомоо өргөлөө

        “Барселона” клубийн бүсгүйчүүд эхний үед “Челси”-гийн хаалганд 4 гоол оруулж, улмаар ялалт байгуулснаар эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн анхны цомоо өргөв. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй тус тусын аваргуудын лигт түрүүлсэн хамгийн анхны клуб болж байгаа юм.

        “Барселона” энэ улирал Испаний лигт төгс амжилтыг үзүүлэн хүснэгтийн нэгдүгээр байранд бичигдэж байгаа билээ. Тэд аварга болох хүсэл эрмэлзэл ихтэй гэдгээ аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод Монза хотод “Манчестер Сити”-тэй тоглохдоо харуулсан юм. Шигшээ тоглолтын үр дүнг хүмүүс урьдчилан таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй болов уу.


        “Барселона” багийн дасгалжуулагч Ллюис Кортез: “Би эдгээр охидыг юунд хүрч чадахыг л та нарт харуулахыг хүссэн юм. Би багийнханаараа маш их бахархаж байна. Тоглолт эхлэхийн өмнө Алексиа надаас –Чи надад итгэж байна уу? гэхэд нь би –Тийм ээ, би итгэж байна гэж хэлээд түүнийг талбайд гаргасан.”

        Тоглолтын шилдэг тоглогч болсон Айтана Хайес: “Би яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Би багаараа үнэхээр бахархаж байна. Бид энэ цомыг хүртэх эрхтэй учир нь 2019 оны Будапештэд болсон финалаас хойш бид үргэлж хичээж, шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн. Бид өөрсөддөө шигшээд шалгарч цаашлаад аварга болно гэсэн том шалгуур тавьсан. Харин одоо бид зорьсондоо хүрчихлээ шүү дээ.”

        “Челси” багийн дасгалжуулагч Эмма Хайес: “Бидний хувьд үнэхээр гайхалтай сайхан улирал боллоо. Өнөөдрийн тоглолт бидэнд хэцүү байлаа учир нь энэ тоглолт бараг эхлэхээсээ ч өмнө дуусчихсан гэж хэлж болно. Тэднийг торгуулийн цохилт хийхээс өмнө бидэнд хоёр ч боломж гарсан. Тоглолтын хоёрдугаар хагаст тоглогчид бүхнээ дайчлан тоглож байгааг хараад би тэд нараараа үнэхээр их бахарсан. “Барселона”-д баяр хүргэе, та нар энэ цомыг авах эрхтэй баг шүү.”

        “Челси”-гийн хамгаалагч Миллие Брайт: “Бид хүсч байсан шигээ тоглолтоо эхлүүлж чадсангүй. “Барселона”багийн хамт олонд баяр хүргэе, та нар энэ цомыг авах эрхтэй. Бид илүү сайн болоод эргээд ирнэ гэдгээ амлаж байна.”

        Онцлох статистик

        • “Барселона” шигшээ тоглолтод 4:0-ээр хожсон нь 2009/10 оноос эхэлсэн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоолын зөрүүтэйгээр хожиж, аварга болсон тохиолдол болов.
        • “Барселона” эрэгтэй болон эмэгтэй тус тусын аваргуудын лигт аварга болсон анхны баг боллоо.
        • Челси клубийн тоглогч Леоползын өөрийн хаалганд оруулсан авто гоол нь энэ улиралын эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хамгийн хурдан гоол байв.
        • Грем Хансен нь Ада Хегербергийн дараа финалд гоол оруулсан хоёрдах норвеги тоглогч болов.
        • Аситат Ошоала Африк тивээс энэ тэмцээнд түрүүлсэн хамгийн анхны эмэгтэй тоглогч болов.
        • “Барселона” эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн сүүлийн есөн тоглолтын зургаад нь эхний 15 минутад гоол оруулсан.