Category: Хөлбөмбөг

Штефан Лихтштайнер бугуйн цагны компанид дадлагажигч ажилтан болжээ

Швейцарын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Штефан Лихтштайнер нэгэн шинэ зүйлд өөрийгөө сорьж эхэлсэн нь цагчин юм байна. Нутгийнхаа “Грассхоппер” багаас мэргэжлийн замналаа 2001 онд эхлүүлж, улмаар Францын “Лилль”, Италийн “Лацио”, “Ювентус”, Английн “Арсенал”, Германы “Аугсбург” гээд Европын томоохон багт тоглож явсан 37 настай Ш.Лихтштайнер Швейцарын Цюрих хот дахь “Морис де Мауриак” хэмээх цагны үйлдвэрт хагас жилийн хугацаатай дадлагад гарчээ.

Италийн Сери А-д “Лацио”-гийн төлөө 100, “Ювентус”-т 201 тоглолтод оролцсон баруун жигүүрийн тоглогч тэрбээр өнгөрсөн жил “Евро 2020” тэмцээнд оролцоод замналаа өндөрлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас тус хойшлогдож, улмаар өнгөрсөн наймдугаар сард зодог тайлж байсан юм. Швейцарь эр 36 нас зургаан сартайдаа Бундеслигт тоглосон нь “Аугсбург” клубийн түүхэнд хамгийн ахмад тоглогч болж байлаа. Тэрбээр 2006-2018 оны хооронд Швейцарын шигшээ багийн төлөө 108 тоглолтод оролцжээ. Штефан Лихтштайнер “Өдийг хүртэл би хөл бөмбөг л тоглодог байсан. Одоо маш сайн багийн бүрэлдэхүүнд шинэ туршлага хуримтлуулж байна. Амьдралд шинэ зүйлс хэрэгтэй” гэж ярьжээ.

Дадлагын хугацаандаа сайн үйлсийн хандивт зориулагдсан цагны үйлдвэрлэлд ажиллах юм байна. Хэдийгээр дадлагаар гарч байгаа ч бүтэн цагаар цагчин болоход бэлэн төдийгүй эргээд спортдоо эргэн ирэх эсэхээ шийдээгүй байгаа аж. Штефан Лихтштайнер “Би зарим нэг хөлбөмбөгтэй ижил зүйл харсан. Хөлбөмбөгт багийнхан бүгд л сайн байхгүй бол ялалт байгуулдаггүй. Цаг ч гэсэн үүнтэй ижил. Бүх зүйл нь төгс биш бол цаг ажиллахгүй” гэсэн юм.

Компанийн эзэн Леонард Драйфусс ажил хүсэж өргөдөл гаргасан хүмүүсийн дунд нэртэй хөлбөмбөгчин байсанд эргэлзэлгүй сонгож, анхны дадлагажигч ажилтнаа болгосонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Харин шинэ ажилтан нь тус компанид хөрөнгө оруулах эсэхийг сэтгүүлчид лавлахад “Бид алхам алхмаар хөдөлж, урт хугацаанд хамтран ажиллахыг төлөвлөж байгаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Массимо Драйфусс хариулжээ.

М.Ану

Мохамед Салахын хүсэл талаар боллоо

Буурал тивийн хөлбөмбөг эргэн ирж Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад Английн “Ливерпүүл” болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб хоорондоо учраа таараад байна.

Сонирхолтой нь, 2018 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтод тэд хоорондоо тоглож байсан ба тоглолт дөнгөж эхлэж байхад Мадридын багийн ахлагч  Серхио Рамос улаануудын амин сүнс болсон Мохамед Салахыг гэмтээж улмаар Лос Бланкосчууд ялалт байгуулж ээлжит цомоо авч байсан билээ. Тэгвэл энэ удаад Мохамед Салах хариугаа авч, Рамосын эсрэг гоол хийхийг хүсч байсан нь дамжиггүй.

Гэсэн хэдий ч шигшээ багуудын цугларалтын ээлжит хохирогч нь Серхио Рамос байлаа. Түүний хувьд Косовогийн эсрэг хийсэн тоглолтын 86 дахь минутад талбайд сэлгээгээр орж ирсэн ба тоглолтын дараа булчингийн гэмтэл авсан нь тогтоогдож нэг сар орчим ногоон талбайгаасаа хол байхаар болжээ.  

Иймд Мохамед Салах болон Серхио Рамос нарын гайхалтай өрсөлдөөнийг дэлхий дахин хүлээж байсан ч уг  хүсэл талаар боллоо. Гэхдээ дархан аваргуудын тулаан ямартай ч сонирхолтой болох нь тодорхой. Тэд хэрхэхийг бид мягмараас лхагва гарагт шилжих шөнийн 4:00 цаг хүртэл хүлээх л үлдлээ.

Б.Цогтбаяр

Левандовскигүй “Байерн”-ы эсрэг Верраттигүй “ПСЖ” үзэлцэнэ

Ирэх жил Катар улсад зохиогдох ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж буурал тивийн хөлбөмбөг эргэн ирэхэд бэлэн боллоо.  Шигшээ багийн цугларалт зарим клубэд гарз хохирол учруулжээ. Үүний нэг жишээ нь Италийн шигшээ багтаа дуудагдаад байсан “Парис Сен Жермайн”  клубын хагас хамгаалагч Марко Верратти юм. Түүний хувьд коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтооджээ. Иймд тэрбээр лигийг тэргүүлэгч “Лилль” болон аваргуудын лигийн хүрээнд “Байерн”-тэй хийх чухал тоглолтыг өнжинө.

Дундын шугамын удирдагчынхаа эзгүйд “ПСЖ” клуб ямар амжилт үзүүлэх бол? Неймар Да Силвагийн эзгүйд аваргуудын лигийн шөвгийн 16-г давсан тэд Маркогийн эзгүйд хагас шигшээд шалгарах эхний тоглолтоо хэрхэн хийх вэ гэсэн асуулт гарч ирлээ. Та бүхэн уг асуултын хариуг ирэх лхагва гарагийн шөнийн 04:00 цагаас мэдэх боломжтой.  

Тэдний өрсөлдөгч “Байерн Мюнхен” клуб мөн адил мэргэн бууч Роберт Левандовскиг гэмтэлд алдсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ.

Б.Цогтбаяр

Левандовски дөрвөн долоон хоног тоглохгүй!

Польшийн шигшээ баг болон Германы “Байерн Мюнхен” клубын довтлогч Роберт Левандоски дөрвөн долоон хоног талбайд гарахааргүй боллоо.

Тэрбээр 2022 онд Катар улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий европ тивийн сонгон шалгаруулах урьдчилсан шатны тоглолтоо Андоррагийн шигшээ багийн эсрэг хийж хоёр гоолыг оруулсан ч тоглолтын 63 дахь минутанд бэртэл авч талбайг чөлөөлсөн билээ.

Тоглолтын тойм: Польш 3:0 Андорра

Тэгвэл тоглолтын дараа бэртлийн нарийн онош тодорч өвдөгний шөрмөс сунасан болох нь тогтоогдсон тул ногоон талбайгаас хэсэг хугацаанд хол байх нь.

Леваг бэртэлд алдсан польшчууд урд шөнө хэсгийн ээлжит тоглолтоо Английн шигшээ багийн эсрэг хийж 2:1-гийн харьцаатай хожигджээ.

Мөн түүнийг эзгүй хугацаанд “Байернчууд” Аваргуудын Лигийн шөвгийн наймын хүрээнд Францын “Пари Сен-Жермен” клубтэй тоглох хуваарьтай ба тус хоёр клуб өнгөрөгч 2020 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод хоорондоо тоглож байсан бол энэ удаад хасагдах шатанд дахин таараад буй нь энэ.

Өдгөө 32 настай Польш довтлогч энэ улиралд:

  • Бундеслигийн 25 тоглолтод оролцож 35 гоол, зургаан гоолын дамжуулалт
  • Аваргуудын Лигийн зургаан тоглолтод оролцож таван гоол
  • 2021 он гарсанаас хойш клуб болон шигшээ багийнхаа төлөө нийт 20 тоглолтонд 25 гоолыг тус тус оруулаад байгаа юм.

Б.Цогтбаяр

Мохамед Салах болон “Ливерпүүл”-ийн ирээдүй хэрхэх вэ?

Английн “Ливерпүүл” клуб Аваргуудын Лигийн шөвгийн наймын шатанд “Реал Мадрид”-ын эсрэг хийх тоглолтын өмнө Мохамед Салах Испанийн “Марка” сэтгүүлд ярилцлага өгжээ. Тэрбээр уг ярилцлагын үеэр улаануудын бүрэлдэхүүнд өөрийн ирээдүйг хэрхэн харж буй талаараа ярьлаа.

Та “Энфилдээс” явах цаг болсон гэж бодож байна уу?

-Энд үлдэх эсэх нь надаас шалтгаалах зүйл биш. Ирээдүйд юу болохыг харцгаая, одоо энэ тухай ярьмааргүй байна. Клопп бид хоёр мэргэжлийн хүмүүсийн энгийн харилцаатай л байдаг.

-Та Англи, Италид тоглож явсан харин одоо Испанид хөлбөмбөг тоглох сонирхол бий юу?

-Яагаад болохгүй гэж? Би олон жил тоглоно гэж найдаж байна.  Ирээдүйд юу болохыг мэдэхгүй, тиймээс хэзээ нэгэн цагт Испанид тоглохыг үгүйсгэхгүй.

Испанийн “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Зинедин Зиданы талаарх таны бодлыг сонирхоё.

Тэр бол гайхалтай дасгалжуулагч. Одоо ч гэсэн багтайгаа маш сайн ажиллаж байгаа. Реал Мадридтай хамт гурван удаа  Аваргуудын лигт түрүүлсэн шүү дээ . Дараа нь тэр клубыг орхисон ч буцаад цом авахад нь туслахаар эргэж ирсэн. Дахин хэлэхэд тэр миний хүүхэд насны шүтээн байсан. Харин одоо дасгалжуулагчийн хувьд гайхалтай ажиллаж байна.

Харин энэ талаар Ливерпүүл клубын сурвалжлагч Нил Жонс:

“Салахын одоогийн гэрээ 2023 онд дуусна. Энэ зун тэр хаашаа ч явахгүй. Учир нь “Ливерпүүл” клуб мэргэн буучийнхаа хамт ирэх улирлыг төлөвлөж байгаа ба түүнд шинэ гэрээний санал бэлдсэн. Хэрэв явахаар болвол үнийг нь хэн одоо хэн төлж чадах вэ, Санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа “Барселона”, “Реал”-д боломж бага болов уу. Тэд ойрын арван жилийн хугацаанд клубээ авч явах чадвартай залуу тоглогчдыг хараандаа авсан. “Ливерпүүл” энэ улиралд олон бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн ирээдүйд гаргах амжилтад тэднийг удирдана гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

Б.Цогтбаяр

Япон 14:0 Монгол

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Ази тивийн АШТ-ий эрхийн төлөөх “F” хэсгийн тэргүүн баг Япон, Монголын шигшээ багууд өрсөлдлөө. Уг нь энэ тоглолт Монголын талбайд болох байсан ч цар тахлын улмаас зохион байгуулах боломжгүй болсон тул Азийн хөлбөмбөгийн холбооноос Японд хийхээр шийдвэрлэсэн юм.

Японы хүчирхэг шигшээ баг монголчуудад хөлбөмбөгийн хичээл заав. “Фүкүда Денши” цэнгэлдэхэд үзэгчгүй явагдсан урьдчилсан шатны тоглолтод Цэнхэр самурайнууд 14:0-ээр бут ниргэв. Япончуудын хувьд ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөгчөө хамгийн хол зөрүүтэй хожсон тоглолт нь боллоо.

Хэдийгээр урьдчилсан шатанд дээд амжилтаа тогтоосон ч 1967 онд Филиппиний багийг 15:0-ээр ялсан рекорд нь хэвээр үлдлээ.

Манай шигшээ багийн хувьд 1998 онд Узбекистаны багт 15:0-ээр дийлдсэн нь анти рекорд. Энэ ялагдал нь тус үзүүлэлтийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

БайрБагНийт тоглолтХ.оТ.цХ.дО.гоолА.гоолЗөрүүОноо
1Япон55002702715
2Тажикстан631298+110
3Кыргызстан5212105+57
4Мьянмар5203513-86
5Монгол7106227-253
Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шат F хэсэг

“Манчестер Юнайтед” 534.8 сая фунт стерлингийн өртэй

Английн “Манчестер Юнайтед” клуб 534.8 сая фунт стерлинг (626 сая евро / 736 сая ам.доллар) –ийн өртэйгөөр энэ зуныг эхлүүлж байна гэж “Manchester Evening News” сонин мэдээлэв. Улаан чөтгөрүүд 2005 оноос хойш 500 сая фунт стерлингийн зээл авч, үүнээс хүүгийн төлбөрт 837 саяыг төлжээ. Өрний асуудал нь тус багийн ирээдүйн солилцоо, наймааны зарцуулалтанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй боловч телевизүүдтэй байгуулсан үлэмж гэрээний ачаар санхүүгийн хямралыг давна гэж шинжээчид таамаглаж байна.

М.Ану

Серхио Агуэро “Манчестер Сити”-г орхино

Английн “Манчестер Сити” клуб аргентин довтлогч Серхио Агуэрог энэ улирлын дараа багаа орхих болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Өдгөө 32 настай С.Агуэро энэ улирлын дараа гэрээ шинэчлэхгүй болжээ. Тэрбээр 2011 онд Испанийн “Атлетико Мадрид” клубээс Английн “Манчестер Сити”-д ирж байв. Түүнээс хойш 384 тоглолтод оролцож 257 гоол оруулсан билээ.

Гэхдээ “Хотынхон” лидер тоглогчоо зүгээр нэг явуулчихгүй. Удирдлагуудын зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд ирэх жил С.Агуэро болон Давид Сильва, Винсент Компани нарын хөшөөг “Этихад” цэнгэлдэхийн гадна босгохоор төлөвлөж байгаа аж.

С.Агуэро энэ улиралд бэртлийн улмаас цөөн тоглолтод оролцсон. Нийт 14 тоглолтынхоо есөд нь гараанд гарч, гурван гоол оруулсан юм.

Хэдийгээр тааруухан улирлаа өнгөрүүлж байгаа ч түүнийг сонирхох багууд буурал Европоор их бий. Испанийн “Барселона”, Францын “ПСЖ”, Италийн “Ювентус”, “Интер Милан” гээд энэ жагсаалт цаашаа үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт “Челси” клуб түүнийг Англид үлдэх шийдвэр гаргавал багтаа авчрах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

С.Агуэро ба түүний тогтоосон дээд амжилтууд

Английн шигшээ багийн баруун жигүүрт тоглож явсан Ричардс нэгэн удаа С.Агуэрог Премьер лигийн шилдэг довтлогч гэж онцолж байв. Аргентин довтлогч одоогоор Английн дээд лигт 181 гоол шигтгэсэн. Энэ үзүүлэлтээрээ Алан Шьерер (260), Уэйн Руни (208) болон Андрью Коул (187) нарын ард бичигддэг. Премьер лигт 1992 оноос хойш өдгөө хүртэл 29 тоглогч 100-гаас дээш гоол оруулсан бөгөөд тэднээс цор ганц аргентин тоглогч нь Серхио юм. Түүнчлэн талбай дээр гоол оруулсан дундаж хугацаагаар тэр тэргүүлдэг.

Гоолын дундаж үзүүлэлт
ТоглогчТалбайд гоол оруулсан дундаж хугацааНийт гоол
Серхио Агуэро108.3 минут181
Терри Анри121.8 минут175
Харри Кэйн123.1 минут157
Мохамед Салах127.8 минут92
Руд Ван Нистелрой128.2 минут95
Хамгийн багадаа 20 гоол оруулсан тоглогчдын үзүүлэлт

Өнгөрсөн жил С.Агуэро 90.9 минут тутамд нэг гоол оруулсан үзүүлэлт нь түүний замналынх нь хоёр дахь шилдэг амжилт болсон юм. Тэрбээр “Манчестер Сити”-д ирсэн гурав дахь улиралдаа гоол оруулахад дундажаар 81.8 минут зарцуулсан нь оргил амжилт. Харин энэ улиралд 14 тоглолтод 453 минут талбайд гарахдаа гурван гоол оруулсан буюу дундажаар 151 минут зарцуулжээ.

УлиралТоглолтМинутГоолГоол оруулж буй дундаж минут
2011-12483,47730115.9
2012-13402,7117159.5
2013-14342,2892881.8
2014-15423,1983299.9
2015-16443,52029121.4
2016-17453,50033106.1
2017-18392,9343097.8
2018-19463,36832105.3
2019-20322,0912390.9
2020-21144533151
С.Агуэрогийн улирлын үзүүлэлт (бүх тэмцээнийг оролцуулаад)

“Манчестер Сити”-гийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан (257), легионер тоглогчдоос Премьер лигт хамгийн их гоолдсон (181) тоглогч гээд түүний нэр дээр бичигдэх рекорд цөөнгүй. Түүний оруулсан гоолын ачаар ситичүүд 2012 онд “Куинс Парк Ренжерс”-ийг хожоод анх удаа лигийн аварга болж байлаа. Одоогоор “Манчестер Сити”-гийн өмсгөлтэй 10 жил зүтгэхдээ 10 цом гардсан. Премьер лигийн аваргаар дөрөв, Холбооны цомд нэг, Лигийн цомд таван удаа түрүүлсэн юм.

Испанийн залуу авьяастан хаана газардах вэ?

“Валенсиа” клубын тоглогч ирээдүйн Испанийн шигшээ багийн  сүпер од гэгдэж буй 17 настай Фабио Бланког Европийн томчууд энэ зун өөрсдийн эгнээнд нэгтгэхээр идэвхтэй сонирхож буй билээ.

Тэгвэл уг өрсөлдөөнийг Испанийн “Барселона“ болон “Реал Мадрид” клуб тэргүүлж байна. Залуу авьяастны “Валенсиа” клубтэй байгуулсан гэрээ нь энэ зургадугаар сард дуусах ба түүнтэй шинэ гэрээ байгуулахаар ажиллаж буй боловч Европын шилдэг клубууд түүнийг энэ зун эгнээндээ нэгтгэхээр ажиллаж буй нь “шүдний өвчин” болоод буй гэнэ.

“Валенсиа” клубын удирдлагууд түүний тоглолтыг өнгөрсөн жил тус клубээс Английн “Манчестер Сити” клубд очсон Ферран Торрестой адилтгаж дараагийн Ферран Торрес болох боломжтой гэж итгэж байгаа бөгөөд түүнтэй хүүхэд байхаас нь хамт ажиллаж байсан дасгалжуулагч нар Бланког Испаний хөлбөмбөгийн ирээдүйн од болно гэж дүгнэдэг байжээ. Тэрбээр одоогоор Испанийн 16-гаас доош насны шигшээ багийн гурван тоглолтод оролцож нэг гоолыг оруулжээ.

“Барселона”-гийн спортын захирал Матеу Алемани тоглогчийг хэдэн жилийн хугацаанд дагаж байгаа бол Мадридын клуб энэ хугацаанд түүний ахиц дэвшлийг ажиглаж байсан байна.

Мадридын багийн хувьд 2018 онд залуу авьяастан Педриг заналт өрсөлдөгчдөө алдсан учир энэ удаад Бланког өөрсдийн эгнээнд нэгтгэхээр идэвхтэй ажиллаж байгаа ажээ.

Мөн түүнийг Английн клубууд сонирхож байгаа ч 18 нас хүртэл нь эгнээндээ нэгтгэх боломжгүй хүлээх ёстой учир энэ нь тэднийг өрсөлдөөнөөс хойш татаж буй явдал болж байна.

Хөлбөмбөг: “Эвертон” клуб шинэ цэнгэлдэхтэй болно

Английн “Эвертон” клуб 52 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэхтэй болох зөвшөөрөл авчээ.

Английн Ливерпуль хот дахь Брэмли Мур боомтын эрэг дагуу “Эвертон” клуб шинэ цэнгэлдэх барих зөвшөөрөл авсан талаар тус багийн албаны төлөөлөгч мэдээлэв.

“Эвертон” клуб 1892 оноос хойш “Гудисон Парк” цэнгэлдэхэд тоглож буй. Тус багийн зүгээс сүүлийн 25 жилд шинэ цэнгэлдэх барих зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан бөгөөд эцэст нь үр дүнд хүрчээ.

Шинэ цэнгэлдэх Ливерпуль хотын хойд хэсэгт орших Брэмли-Мур боомтод баригдана

Шинэ цэнгэлдэх нь ойролцоогоор 52,888 үзэгчийн суудалтай, нийт өртөг нь 500 сая паунд болох аж. Уг цэнгэлдэхийн зураг төслийн багийг өнгөрсөн оны хоёрдугаар сард томилсон. Их Британид төвтэй “Лианг О’Роурк” компани цэнгэлдэхийг босгох үүрэг авсан билээ.

Английн Ливерпуль хот 2026 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмыг зохион байгуулах хүсэлтээ 2017 онд өгч байв. Харамсалтай нь, тус наадмыг зохион байгуулагчаар Бирмингэм сонгогдсон нь шинэ цэнгэлдэхийн ажилд саад болсон удаатай. Түүнчлэн клубын санхүүгийн асуудалд санаа зовнисон тул хотын удирдлага энэ асуудлыг удаа дараа хойшлуулсан юм.

Дарангуйлагч Mуссолинигийн ачинцар мэргэжлийн хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулжээ

Италийн фашист дарангуйлагч Бенито Mуссолинигийн дөрөв дэх хүүгийн зээ хүү болох Романо Mуссолини Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Лацио” багтай гэрээ байгуулсан байна.

            Энэ жил 18 настай Романо өнгөрсөн хоёрдугаар сард Ром хотын багийн 19-өөс доош насны багт дуудагдаж , сүүлийн таван тоглолтын дөрөвт нь оролцсон юм. Харин одоо үндсэн багийн тоглогч болж, гурван жилийн гэрээ байгуулжээ.

            Романо өөрийн Инстаграм хуудсандаа гэрээ байгуулж байгаа зурагаа оруулан “Өөрийн хаанаас эхэлсэнээ сайн тунгаан бодож байна. Анхнымэргэжлийн гэрээгээ “Лацио” багтай байгуулсандаа болон энэ өмсгөлтэй гурван жилийг өнгөрөөхдөө маш их баяртай байна ” хэмээжээ.

            Tэрбээр Алессандра Mуссолини болон Mауро Флорианигийн гурав дахь хүү юм.

            Tүүний ээж Алессандра Mуссолини Европын Холбооны Парламентад Итали улсыг төлөөлсөн гишүүн байжээ.

            Романо Италийн “Il Messaggero” сонинд өгсөн ярилцлагадаа

“Mуссолини гэсэн нэрийг минь биш миний тоглолтыг л шүүмжил” гэсэн байна.

            “Лацио”-гийн ултра хөгжөөн дэмжигчид арьс өнгө угсаа гарвалиар ялгаварлан гадуурхдагаараа зартай билээ.

Үндэсний шигшээ баг ирэх тоглолтуудад бэлэн

“Катар – 2022” ДАШТ болон 2023 онд зохиогдох ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг Тажикстан болон Японы шигшээ багтай тоглох хуваарьтай учир, богино хугацаанд, чанартай бэлтгэл хийхээр 2 сарын 28-нд Турк улсыг зорьсон. Манай шигшээ баг ийнхүү 3 долоо хоногийн турш Турк улсын Анталъя хотноо бэлтгэлд гарч, өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хийлээ. Энэ хугацаанд шигшээ баг Украйн, Турк болон ОХУ-ын багуудтай нийт 5 удаагийн нөхөрсөг тоглолтод орсон. Энэ нь ч 2 жилийн турш ОУ-ын тоглолтод оролцоогүй, өнгөрсөн оны 10 сараас хойш албан ёсны тоглолт хийгээгүй манай багийн хувьд тун чухал байлаа.

https://youtu.be/jEGaKHXgYgE

Растилав Бозик хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Турк улсаас мэндчилж байна.

Бид дөнгөж сая байрласан бэлтгэлээ дуусгалаа. Харин маргааш өглөө гэхэд бид Душанбе уруу явна. Тоглогчдын хувьд ерөнхийдөө бэлэн болсон. Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ачаар бид Турк улсад нөхцөл байдал сайтай, өндөр зэргийн 3 долоо хоногийн бэлтгэл хийлээ. Удаан хугацаанд тоглоогүй учраас энд удаан бэлтгэл хиймээр байлаа. Гэхдээ бид тоглолтдоо бэлэн болсон. Тиймээс шигшээ багаа дэмжээрэй. Тажикстаны Душанбе болон Японы Чиба хотод болох тоглолтуудыг үзээрэй.

Үндэсний шигшээ баг 3 сарын 25-ны өдөр Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо Тажикстаны шигшээ багтай тоглох бол 3 сарын 30-ны өдөр Японы шигшээ багтай тоглолтоо хийж 4 сарын 1-нд эх нутагтаа газардана.

Н.Цэдэнбал хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч
Үндэсний шигшээ багтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно. Мөн үзэгч та бүхэн цахимаар Монголын Хөл Бөмбөгийн Холбооны албан ёсны хуудсаас мэдээллүүдийг авах боломжтой. ХОЖЛЫН ТӨЛӨӨ БАГАА ДЭМЖЬЕ.