Францын лигийн 14-р тойрогт Лионы эсрэг тоглохдоо бэртсэн Неймар Инстаграмдаа бэртлийнхээ тухай ам нээлээ. 12 сарын 13-нд “Парк-де-Пренс”-тээ ПСЖ 0:1-ээр хожигдоход Бразил довтлогч (Тьяго Мендес зүүн шагай руу нь жийсэн) бэртэж тоглолтын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн.
“Өвдөлт, айдас, шаналал, зовнил, хагалгаа, суга таяг болон зүрх зүсэм дурсамжууд нүдэнд минь харагдан би орилсон”
“Үүнээс илүү дор байж болох байсан. Гэхдээ бурхан намайг ахин харж үзлээ”
“Эдгэж, эргэн ирэх өдрөө хүлээж байна” гэж тэр Инстаграмдаа зургийн хамт бичжээ.
ПСЖ-гийн эхний шинжилгээгээр Неймарын зүүн хөлийн шагай хугарч эсвэл цуураагүй гарсан. Гэхдээ 48 цагийн дотор хийлгэх дараагийн шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно.
Лионд хожигдсоноор ПСЖ хүснэгтийн 3-р байранд 28 оноотой бичигдэж байна. Тэдний урд Лилль, Лион тус бүр 29 оноотой явж байгаа.
Аваргуудын Лигийн хасагдах шатанд ПСЖ Барселонатай оноолт таарсан. Хэрвээ Неймарын бэртэл ноцтой биш бол хуучин багийн хамтрагчид, Месси – Неймар, хоёр сарын 16-нд Камп Ноуд эргэн уулзана.
2013–2017 оны хооронд энэ цэнгэлдэхэд Неймар хүчирхэг МСН довтолгооны гурвалын нэг хэсэг болж Европын хөлбөмбөгийг ноёрхсон. Месси, Суарес, Неймарын гурвал Ла лиг, Аваргуудын лиг, Копа дель Рей, Супер цом, Клубын ДАШТ гээд бүх цомыг хамтдаа өргөсөн юм.
Улмаар Бразил эр 222 сая еврогоор ПСЖ рүү шилжиж бүх цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон билээ.