Tag: ПСЖ

Неймар – “Нөхцөл байдал үүнээс дор байж болох байсан…”

Францын лигийн 14-р тойрогт Лионы эсрэг тоглохдоо бэртсэн Неймар Инстаграмдаа бэртлийнхээ тухай ам нээлээ. 12 сарын 13-нд “Парк-де-Пренс”-тээ ПСЖ 0:1-ээр хожигдоход Бразил довтлогч (Тьяго Мендес зүүн шагай руу нь жийсэн) бэртэж тоглолтын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн.

“Өвдөлт, айдас, шаналал, зовнил, хагалгаа, суга таяг болон зүрх зүсэм дурсамжууд нүдэнд минь харагдан би орилсон”

“Үүнээс илүү дор байж болох байсан. Гэхдээ бурхан намайг ахин харж үзлээ”

“Эдгэж, эргэн ирэх өдрөө хүлээж байна” гэж тэр Инстаграмдаа зургийн хамт бичжээ.

ПСЖ-гийн эхний шинжилгээгээр Неймарын зүүн хөлийн шагай хугарч эсвэл цуураагүй гарсан. Гэхдээ 48 цагийн дотор хийлгэх дараагийн шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно.
Лионд хожигдсоноор ПСЖ хүснэгтийн 3-р байранд 28 оноотой бичигдэж байна. Тэдний урд Лилль, Лион тус бүр 29 оноотой явж байгаа.
Аваргуудын Лигийн хасагдах шатанд ПСЖ Барселонатай оноолт таарсан. Хэрвээ Неймарын бэртэл ноцтой биш бол хуучин багийн хамтрагчид, Месси – Неймар, хоёр сарын 16-нд Камп Ноуд эргэн уулзана.
2013–2017 оны хооронд энэ цэнгэлдэхэд Неймар хүчирхэг МСН довтолгооны гурвалын нэг хэсэг болж Европын хөлбөмбөгийг ноёрхсон. Месси, Суарес, Неймарын гурвал Ла лиг, Аваргуудын лиг, Копа дель Рей, Супер цом, Клубын ДАШТ гээд бүх цомыг хамтдаа өргөсөн юм.
Улмаар Бразил эр 222 сая еврогоор ПСЖ рүү шилжиж бүх цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон билээ.

Дуулиан: Себастьян Колтеску гэж хэн бэ

Аваргуудын лигийн “ПСЖ”, “Истанбул” багийн тоглолтын үеэр гарсан дуулианаар олны анхаарлын төвд байгаа хүн бол Румыний шүүгч Себастьян Колтеску.

Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж, Аваргуудын лигийн тоглолт хойшлогдсон билээ.

Энэ тоглолтын дөрөвдүгээр шүүгчээр ажиллаж байсан Румын улсын иргэн Себастьян Колтеску талбайн шүүгчид хандан “Истанбул”-ын туслах дасгалжуулагч Пьер Вебог улаан хуудас авах ёстойг учирлахдаа “Тэр хар залуу” хэмээн төрөлх хэлээрээ хэлсэн нь маргааны эхлэлийг тавьсан юм.

Тэгвэл Себастьян Колтеску гэж хэн бэ?

Румыний Крайова хотод төрсөн Себастьян өдгөө 43 настай. Тэрбээр 2006 онд дөрөвдүгээр зэрэглэлийн шүүгч болсон юм. Гэвч хэд хэдэн тоглолт маргаантай шүүсний улмаас зэрэглэл буурч, Румыний хоёрдугаар дивизионы тоглолтыг шүүх болжээ. Нэг жил орчим доод дивизионд ажилласныхаа дараа чансаа ахиж, 2008 оноос дээд лигийн тоглолтыг дэнслэх болсон юм.

“Ла Октава Спорт” хэвлэлийн сэтгүүлч Жэйми Сандовалын мэдээлснээр С.Колтеску зэрэглэл буурсан нэг жилийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, хоёр ч удаа амиа хорлох оролдлого гаргаж байсан гэнэ.

С.Колтеску шүүгчийн замналдаа асуудалд орж буй анхны тохиолдол энэ биш. Одоогоос долоон жилийн өмнө Румыний лигийн “Петролул”, “Газ Метан” багийн тоглолтын үеэр С.Колтеску долоон улаан хуудас, 13 шар карт өргөж байв. Улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн нэгэн тоглогч шүүгчтэй маргалдах үеэр биед нь халдсан гэж гомдол мэдүүлсэн удаатай.

Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа мөн л Румыний лигийн “Астра”, “Стяуа” багийн тоглолтын үеэр орсон гурван гоолыг хүчингүйд тооцож, бас л бөөн маргаан дэгдээсэн эр.

С.Колтеску: Би арьс өнгөөр ялгаварлагч биш

Румын шүүгч талбайн шүүгчид хандан П.Вэбог улаан хуудас авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэхдээ “Negru” хэмээх үг ашигласан аж. Энэ нь румын хэлээр бол “хар” гэсэн утгатай. Тэрбээр “хар залуу” гэх утгаар энэ үгийг ашиглаагүй гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарлажээ. “Ойрын өдрүүдэд хэвлэлээс хол байж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаа. Намайг мэддэг хүмүүс арьс өнгөөр ялгаварлагч биш гэдгийг мэднэ. Ядаж л үүнд найдаж сууна” гэж ойр дотныхоо хүмүүст ярьсан гэнэ.

Аваргуудын лигийн хойшлогдсон тоглолт өнөө шөнө явагдана. Тоглолт маргаанаар завсарласан 15 дахь минутаас хойш үргэлжлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн холбооноос тус тоглолтыг шүүх багийг өөрчилжээ. Талбайд нидерланд шүүгч Дэнни Маккеле ажиллах бол түүний нутаг нэгт Марио Дикс, Польшийн Марсин Бониек туслах шүүгчээр гарна. Харин дөрөвдүгээр шүүгчээр Польшийн Бартош Фрэнковски, VAR-ын хяналтын шүүгчээр Италийн Марко ди Белло, Маурицио Мариани нар ажиллах аж.