Tag: FIFA

Монголын шигшээ баг гурав дараалан ялагдлаа

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан манай хөлбөмбөгчид чансаа илүү багуудтай эн тэнцүү тоглосон ч хожил авч чадсангүй.

Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийсэн ч 5:1-ээр дийлдлээ. Хэдийгээр нэр нь Хонконгийн шигшээ боловч бүх тивээс ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байв. Тодруулбал, өнөөдөрийн тоглолтын гараанд гэхэд Бразил, Испани, Нигери, Англиас ирсэн тоглогчид багтсан юм.

Легионер тоглогчид нь ч ирсэн хэргээ бүтээж, 24 дэх минутад бразил гаралтай довтлогч Сандро эхний гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Энэ гоолоос 12 минутын дараа Английн Бирмингем хотод төрсөн Жэймис МакКее хоёр дахь гоолыг оруулснаар хонконгчууд эхний хагаст 2:0-ээр тэргүүлэв.

Хонконгийн шигшээ багийн гарааны XI

Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Монголын шигшээ багийн хамгаалагч Артагийн Нармандах мөргөж гоол оруулснаар тооны харьцааг ойртуулсан ч эхний гоолын эзэн Сандро 57 дахь, нигери гаралтай хамгаалагч Фестус Байсе 83 дахь, мөн нигерид төрсөн довтлогч Алекс Аканде 87 дахь минутад тус бүр гоол оруулж, багаа хожилд хүргэлээ.

Хонконгийн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн 6 нь гадаадын легионерууд. Ингээд зогсохгүй камерун гаралтай довтлогч Пол Нгуег сэлгээнд суулгасан юм.

Мөн бүрэлдэхүүнд нь испани хамгаалагч Дани Канкела, англи төвийн хамгаалагч Энди Рассел нар байсан аж.

Ийнхүү Монголын шигшээ баг гурван тоглолтод бүгдэд нь гоол оруулсан ч нийт 11 бөмбөг хаалгандаа алдаж, хэсэгтээ хамгийн сүүлийн байрт бичигдлээ.

 

Монгол 1:4 Хойд солонгос

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард эхний шатыг эх орондоо зохион байгуулж, Макао, Умард Марианы арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцсэнээр хэсгээсээ шалгарсан манай хөлбөмбөгчид энэ сарын 11-16-ны хооронд Тайваньд болох хоёрдугаар шатанд анх удаа оролцов. Энд зохион байгуулагч Тайвань, Хойд Солонгос болон Хонконгийн багуудаас хамгийн өндөр оноотой нэг нь хэсгээсээ шалгарч, Зүүн Азийн АШТ-ий сүүлийн шатанд буюу БНСУ, БНХАУ, Японы багтай өрсөлдөх юм.

Шигшээгийн гарааны XI тоглогч

Монголын шигшээ баг эхний тоглолтоо хүчирхэг Хойд Солонгосын багтай хийлээ. Харамсалтай нь, эхний хагаст 2:0, сүүлийн хагаст 2:1 буюу 4:1-ээр ялагдсан. Манай талаас эхний бөгөөд эцсийн гоолыг сэлгээнээс талбайд гарсан, “Атлетик 220” багийн довтлогч Н.Наранболд 74 дахь минутад оруулсан юм. Түүний гоолын дамжуулалтыг өмнөх шатны үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Н.Цэдэнбал гүйцэтгэжээ.

Сонирхуулахад, энэ хэсэгт гуравдугаар байранд орсон баг дараа жил эхний шатнаас бус хоёрдугаар шатнаас шууд оролцох эрхтэй болно. Харин сүүлийн байр эзэлсэн баг эхний шатнаас бүхнийг эхлүүлэх юм.


Монголын шигшээ багийн хуваарь:

  • X/13 – Тайвань – Монгол – 19:10 цаг
  • X/16 – Хонконг – Монгол – 15:10 цаг

Балканы хойгийн орнууд ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй

Болгар, Грек, Серб болон Румын улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2028 оны Европын АШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хар тэнгисийн Варна хотод болж буй Балканы хойгийн орнуудын чуулга уулзалтын үеэр ийм мэдээлэл тархжээ.

Балканы хойгийн орнууд өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан түүх байхгүй ч Югослави улс салахаас өмнө 1976 оны Европын АШТ-ийг зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл Грекийн ерөнхий сайд Алексис Ципрасын мэдээлснээр дээрх дөрвөн улс ойрын 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг нутагтаа зохион байгуулахын төлөө нэгдэхээр болжээ. Түүний энэ бодлыг Болгарын ерөнхий сайд Бойко Борисов дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Уругвай улс 100 жилийн дараа эх орондоо ДАШТ-ийг хүлээн авах хүсэлтэй байгаа билээ

2030 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах сунгаанд өрсөлдөх ганц нэр дэвшигч нь тэд бус. Английн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Америк тивийн зүгээс Аргентин, Уругвай, Парагвай улсууд нэгдэх сонирхолтой байгаа юм. Хэрвээ тэдний хүсэл биелвэл 1930 онд анхны ДАШТ-ийг зохион байгуулснаас хойш 100 жилийн дараа Уругвайд болно гэсэн үг.

Түүнчлэн Хойд Африкийн бүс нутгаас Марокко, Алжир, Тунис улс хамтарч нэр дэвшинэ. Марокко улсын хувьд өмнө нь таван удаа нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй билээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг 2022 онд зарлах юм.

Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй

Португалын шигшээ багийн лидер Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар орон нутгийн “Record” сонинд мэдээлснээр бол Португалын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Фернандо Гомеш, багийн ерөнхий дасгалжуулагч Фернандо Сантош нартай ярилцаад Польш болон Шотландын багийн эсрэг хийх тоглолтод оролцохгүй, тэр ч бүү хэл энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй, түр амрахаар төлөвлөсөн гэнэ.

Өнгөрсөн бямба гаригт Германы “Der Spiegel” сэтгүүл 34 настай америк бүсгүй Кэйтрин Маяоргаг хүч хэрэглэсэн хэмээн мэдээлсэн юм. К.Роналду уг хэргийг нууц байлгахын тулд бүсгүйд 375 мянган ам.доллар өгсөн хэмээн тус сэтгүүлд бичсэн. Кэйтрин хэмээх бүсгүй 2009 онд Лас Вегас хотын зочид буудалд хүчиндүүлсэн хэмээн цагдаад гомдол гаргасан. Гэхдээ тухайн үед гэмт этгээдийн нэр олонд дэлгэгдээгүй. 2017 онд Германы сэтгүүл уг хүчингийн хэрэгт холбогдогч нь К.Роналду гэж зарласан удаатай.

Тэгвэл 33 настай хөлбөмбөгчин эр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан үгүйсгэсэн билээ.

К.Роналдугийн өнжих тоглолтууд

Аргентинийн хөлбөмбөгчин Лионель Месси энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэвлэлийн бага хуралд мэдээлснээр бол шигшээгийн дасгалжуулагч Фернандо Сантош К.Роналдуг шигшээгээ орхих болоогүй хэмээн зарласан юм.

К.Роналду өнгөрсөн сард мөн шигшээдээ тоглолгүй, амралт авсан. Түүний эзгүйд баг нь Италийг 1:0-ээр хожсон бол Хорваттай хийсэн нөхөрсөг тоглолтод 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан юм.

 

 

Гарет Саутгэйт гэрээгээ шинэчлэв + Английн шигшээ багийн бүрэлдэхүүн

Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мартин Гленн шигшээ багийн талаар шинэ мэдээлэл хүргэлээ. “Гурван арслангууд” 48 настай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгэйттэй 2020 он хүртэл байгуулсан гэрээгээ шинэчилж, 2022 оны ДАШТ хүртэл хамтарч ажиллахаар болов. Түүнчлэн туслах дасгалжуулагч Стив Холланд ч үүрэгт ажлаа дөрвөн жил үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Г.Саутгэйт гэрээгээ шинэчилсэн талаар хэвлэлийн бага хуралд “Эх орныхоо төлөө зүтгэж, хоёр ч том тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж ярьжээ.

Английн шигшээгийн дасгалжуулагч Гарет Саутгэйт

Харин Мартин Гленн “Дасгалжуулагчийг бидэнтэй хамт удаан хугацаанд хамтрах болсонд баяртай байна. Түүний өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн амжилт Английн шигшээ багт итгэл, найдвар авчирсан. Энэ амжилтаа дахин үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм.

Түүнчлэн Английн шигшээ багт дуудагдах 25 тоглогчийн нэрийг энэ үеэр зарлав. Шигшээ баг энэ сарын 12-15-нд Хорват болон Испанийн багтай өрсөлдөх аж.

Английн шигшээ багийн бүрэлдэхүүн


Хаалгач:

Маркус Беттинели (Фүлхэм), Жак Батланд (Сток Сити), Алекс МкКарти (Саутхэмптон), Жордан Пикфорд (Эвертон)

Хамгаалагч:

Трент Александер-Арнолд (Ливерпуль), Жое Гомез (Ливерпуль), Харри Магуир (Лестер Сити), Дэнни Рөүс (Тоттенхэм), Люк Шав (Манчестер Юнайтед), Жон Стонс (Манчестер Сити), Жэймс Тарковски (Барнли), Киеран Триппье (Тоттенхэм), Кайл Уолкер (Манчестер Юнайтед)

Хагас хамгаалагч:

Росс Барклэй (Челси), Натаниэл Чалоба (Уатфорд), Эрик Даер (Тоттенхэм), Жордан Хендерсон (Ливерпуль), Масон Маунт (Дерби Коунти), Харри Уинкс (Тоттенхэм)

Довтлогч:

Харри Кэйн (Тоттенхэм), Жэймс Мэддисон (Лестер Сити), Маркус Рашфорд (Манчестер Юнайтед), Жэйдон Санчо (Борусси Дортмунд), Рахем Стерлинг (Манчестер Сити), Дэнни Уэлбек (Арсенал)

Игорь Акинфеев дахин шигшээдээ зүтгэхгүй

ОХУ-ын шигшээ багийн нэгдүгээр хаалгач Игорь Акинфеев 14 жил зүтгэсэн шигшээ багаа орхихоор шийджээ. Тэрбээр Оросын “ЦСКА Москва” багтаа үргэлжлүүлэн зүтгэх боловч эх шигшээгийнхээ дуудлагыг дахин хүлээж авахгүй гэнэ.

Өдгөө 32 настай Игорь шигшээдээ 14 жилийн хугацаанд 111 тоглолтод оролцсон. Энэ үзүүлэлтээр тэр Сергей Игнашевич, Олег Блохин нарын дараа буюу гуравдугаарт жагсдаг юм.

“Бүх түүх эхэлсэн шигээ бас дуусдаг жамтай. Миний шигшээ багтаа эхлүүлсэн түүх үүгээр дуусч байна. Эх орныхоо төлөө зүтгэж, ДАШТ-д оролцсон минь нэр төрийн хэрэг байлаа” гэж Игорь онцолсон аж.

И.Акинфеев шигшээдээ 2004 оноос буюу 18 настайгаасаа эхэлж зүтгэсэн билээ. Хэдийгээр хайртай багаа орхисон ч түүний хөлбөмбөгийн замнал дуусах болоогүй. Тэрбээр “ЦСКА Москва” багтайгаа 2022 он хүртэл гэрээтэй бөгөөд энэ үед 36 нас хүрэх юм.

ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов өнгөрсөн даваа гаригт Швед болон Туркийн эсрэг хийх тоглолтод “Локомотив Москва”-гийн хаалгач бразил гаралтай Гильерме Маринато, “Зенит”-ийн Андрей Лунёв, “Динамо”-гийн Антон Шунин нарыг дуудсан юм. Харин И.Акинфеевийн оронд ахлагчийн үүргийг довтлогч Артем Зюба гүйцэтгэх аж.

Герман улс зохион байгуулах боллоо

Европын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн санал асуулгаар 2024 оны Европ тивийн АШТ-ийг Германд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Ийнхүү 1988 онд Баруун Герман улс тивийнхээ аваргыг нутаг дээрээ зохион байгуулснаас хойш 36 жилийн дараа энэ том тэмцээнийг дахин хүлээн авахаар болсон юм.

Тэдэнтэй санал асуулгаар Турк улс өрсөлдсөн бөгөөд тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй хэмээн гишүүд үзсэн бололтой.

Туркчууд 2008, 2012, 2016 оны Еврог, 2020 оны зуны олимпийн сунгаанд өрсөлдөөд ялагдсан түүхтэй.

Сонирхуулахад, 2020 оны Европын АШТ-ийг буурал тивийн 12 өөр улс цуг зохион байгуулна. Харин 2024 онд буцаад нэг улсад зохиогдох аж.

Тус тэмцээнд 24 улс оролцох бөгөөд 2024 оны зургадугаар сараас долдугаар сарын хооронд 51 тоглолт болох юм.

 

Н.Цэдэнбалын ялалтын үнэтэй гоол

Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдсөн Монголын эрэгтэй шигшээ баг сүүлийн тоглолтоо Гуамтай хийж, 1:1-ээр тэнцсэн учир дараагийн шатанд шалгарах нь тодорхой боллоо. Уг тоглолтод хожигдвол хоёр багийн хоорондын тоглолтын үр дүнгээр Гуам хоёрдугаар шатанд өрсөлдөх байв. Сэтгэлзүйн хувьд том дарамттай уг тулаан 89 дэх минут хүртэл хуурай тэнцээгээр үргэлжилсэн.

Харин гоолын салхийг талбайн эзэн баг бус зочин багаас оруулж, манай хөлбөмбөгчид хүнд байдалд орсон. 89 дэх минутад Гуамын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Деван Жакоб Камачо Мэндиола гоол оруулсан юм. Тоглолт дуусах дөхсөн ийм үед гоол алдсан нь манай хөлбөмбөгчид төдийгүй хөгжөөн дэмжигчдэд хүнд цохилт болсон.

Үлдсэн хугацаанд довтлохоос өөр зам үлдээгүй “Хөх чононууд” энэ үүргээ ч маш сайн гүйцэтгэж, улмаар шүүгчийн мэдлийн 94 дэх минут дуусахтай зэрэг Н.Цэдэнбал тооны харьцааг тэнцүүллээ.

Норжмоогийн Цэдэнбал хэмээх энэ залуу гоол алдахад “үүрэг гүйцэтгэж”, эсрэг багийн довтлогчид дамжуулалт өгсөн буруутай ч түүнээс дутахгүй гавьяагаараа Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр “Улаанбаатар Сити” клубийн хамгаалагч юм.

Ийнхүү Монголын шигшээ баг нэгдүгээр шатанд хоёр ялж, нэг тэнцсэн үзүүлэлтээр 7 оноогоор анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд өрсөлдөх боллоо.

Ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болох хоёрдугаар шатны урьдчилсан тэмцээнд Тайвань, Хонконг,  Хойд Солонгосын багтай эцсийн шатанд өрсөлдөхийн төлөө хүч сорино. Энэ бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа болж буй үйл явдал юм.

Эмэгтэй хөлбөмбөгчид түүхэн амжилт үзүүллээ

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд өрсөлдөж, хэсэгтээ Умард Марианы Арлууд, Гуамыг дараалан ялснаар хоёрдугаар шатанд өрсөлдөх тийзээ авлаа.

Гуамын эсрэг хийсэн шийдвэрлэх тоглолтод манай эмэгтэй хөлбөмбөгчид шүүгчийн мэдлийн 90+1 дэх минутад гоол оруулснаар багтаа ялалт авчирсан. 57 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан О.Сарангарав энэ тоглолтын эхний бас эцсийн гоолыг оруулж, багтаа том тус хүргэв.

Нэгдүгээр шатны нөгөө тоглолт болох Макао, Умард Марианы арлууд баг 0:0-ээр тэнцсэн тул хоёр ялалт байгуулсан манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран хоёрдугаар шатанд тоглох юм.

Хоёрдугаар шатны тоглолт ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болно. Энэ удаа БНХАУ, Хонконг болон Тайванийн багтай өрсөлдөх юм.

Харин шигшээд шалгарвал Япон, БНСУ, Хойд Солонгосын багтай өрсөлдөх болно.

 

 

Гоолын мөндөр буусан үдэш + Бидэнд ганцхан оноо хэрэгтэй

Монголын хөлбөмбөгчид түүхэн амжилтаа үзүүлсээр. Нутагтаа болж буй Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтод эрчүүд хоёр тоглоод хоёр ялсан амжилтаараа хэсгээсээ гарч, дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр болов. Эхний тоглолтод Макаог 4:1-ээр ялсан манай хөлбөмбөгчид удаах тулаандаа Умард Марианы арлуудын шигшээг хүлээн авч, гоолын мөндөр буулгав. Нийт зургаан тоглогч гоол оруулж, үүнээс гурван тоглогч хоёроос дээш удаа эсрэг багийн хаалгыг мялаасан нь түүхэн үзүүлэлт. Умард Марианы арлуудын шигшээг хоёр жилийн өмнө яг энэ тэмцээнд 8:0-ээр ялж, дээд амжилтаа тогтоосон Монголын эрэгтэй шигшээ баг энэ тоогоо нэгээр ахиулж, 9:0-ээр өрсөлдөгчөө буулган авлаа.

Гараанд гарсан тоглогчдоос М.Төгөлдөр, С.Ганхуяг, Б.Балжинням нар тус бүр хоёр гоол оруулж, А.Тэмүүжин, М.Жансерик, О.Мөнх-Оргил нар гоолдсон.

Ийнхүү Монголын шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд хоёр дахь удаагаа хоёр ялалт байгуулж, бүтэн зургаан оноотой хэсгээ тэргүүлж явна. 2003 оноос хойш зохион байгуулагдсан тус тэмцээнд монголчууд эхнээс нь оролцож эхэлсэн юм. Анхны тэмцээнд хэсэгтээ Гуамыг 2:0-ээр ялсан үзүүлэлттэй өндөрлөсөн бол 2005 онд хэсэгтээ 4 оноогоор тэмцээнээ дуусгасан удаатай.

Зүүн Азийн АШТ-д Монголын шигшээ багийн амжилт:

  • 2003 – 3 оноо (Гуамыг 2:0-ээр ялсан)
  • 2005 – 4 оноо (Гуамыг 4:1, Тайваньтай 0:0)
  • 2008 – 1 оноо (Макао 0:0)
  • 2010 – 6 оноо (Макаог 2:1, Умард Марианы арал 4:1)
  • 2013 – оролцоогүй
  • 2015 – 3 оноо (Умард Марианы арал 4:0)
  • 2017 – 4 оноо (Макаотой 2:2, Умард Марианы арал 8:0)

Сонирхуулахад, 2010 онд манай улс хэсэгтээ хоёр ялсан ч Гуамд 2:1-ээр хожигдсон тул 6 оноогоор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн. Тэр жил Гуам 7 оноогоор хоёрдугаар шатанд шалгарах эрх авч байлаа.

Одоо энэ сарын 6-нд 17:00 цагаас Гуамтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Бидэнд анх удаагаа нэгдүгээр шатнаас гарахад ганцхан оноо хэрэгтэй.

Хэрвээ дараагийн шатанд шалгарвал Тайвань, Хонконг, Хойд Солонгосын багтай ирэх арваннэгдүгээр сард сүүлийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөх юм.

 

Л.Месси оны шилдэгт нэр дэвшсэнгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос шалгаруулдаг шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд тунаж үлдсэн гурван хөлбөмбөгчнийг тодрууллаа. Гэхдээ уг жагсаалтад сүүлийн 12 жил дараалан нэр дэвшиж, таван удаа шилдгээр нэрлэгдсэн Аргентинийн шигшээ болон Испанийн “Барселона” клубийн тоглогч Леонил Месси багтаагүй нь гол дуулиан болов.

Харин сүүлийн гуравт Криштиану Роналду, Мохамед Сала болон Лука Модрич нар тунаж үлдсэн аж. К.Роналдугийн хувьд сүүлийн хоёр жил дараалан, нийт таван удаа тус шагналыг хүртсэн бол М.Сала, Л.Модрич нар анх удаагаа сүүлийн гуравт үлдсэн нь энэ.

Уг шагналыг олгохдоо хөлбөмбөгийн сэдвээр дагнадаг сэтгүүлч, сурвалжлагч, шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар, хөгжөөн дэмжигч нараас тус бүр 25 хувийг нь бүрдүүлж, санал асуулга явуулдаг уламжлалтай.

Олон улсын хөлбөмбөгийн “FIFA Legends” Английн шигшээгийн төвийн хамгаалагч байсан Сол Кэмпбэлл, Английн эмэгтэй шигшээ багийн тоглогч асан Кэлли Смит, Нигерийн шигшээгийн довтлогч асан Кану, Данийн алдарт хаалгач асан Петр Шмейхель нар нэр дэвшив.

Шилдэг хаалгачид ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээгийн үндсэн хаалгач Уго Ллорис, ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээгийн №1 Тибау Куртуа, Данийн хаалгач Каспер Шмейхель нар өрсөлдөх аж. Эмэгтэй шилдэг тоглогчоор Норвегийн Ада Хегерберг, Германы Женнифер Марожан, Бразилын Марта нар нэр дэвшсэн.

Харин шилдэг дасгалжуулагчаар “Реал Мадрид”-ыг Аваргуудын лигт түрүүлэхэд тус болсон Зинедин Зидан, Хорватын шигшээг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд удирдсан Златко Далич, Францын шигшээг ДАШТ-д түрүүлэхэд ажилласан Дидье Дешам нар өрсөлдөж байна. Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар “Лион” клубийн Рэйналд Педрос, Японы шигшээ багийн Асако Такакүра, Нидерландын Сарина Вегман нар нэр дэвшсэн.

Уг шагналыг ирэх есдүгээр сарын 24-нд Лондон хотод болох гала концертийн үеэр гардуулах юм.

Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчинд нэр дэвшсэн:

  • Криштиану Роналду (Реал Мадрид/Ювентус, Португал)
  • Лука Модрич (Реал Мадрид, Хорват)
  • Мохамед Сала (Ливерпуль, Египет)

Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинд нэр дэвшсэн:

  • Ада Хегерберг (Лион, Норвеги)
  • Женнифер Марожан (Лион, Герман)
  • Марта (Орландо, Бразил)

Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч:

  • Златко Далич (Хорват)
  • Дидье Дешам (Франц)
  • Зинедин Зидан (Франц)

Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч:

  • Рэйналд Педрос (Франц)
  • Асако Такакүра (Япон)
  • Сарина Вегман (Нидерланд)

Шилдэг хаалгач:

  • Тибуа Куртуа (Бельги)
  • Уго Ллорис (Франц)
  • Каспер Шмейхель (Дани)

 

Ромелу Лукаку 2020 онд шигшээ багаасаа зодог тайлна

Бельгийн шигшээ багийн довтлогч, Английн “Манчестер Юнайтед”-ийн Ромелу Лукаку 2020 оны Европын АШТ-ий дараа шигшээ багаа орхих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ үед Р.Лукаку ердөө 27 настай байх юм.

Тэрбээр “Business Insider”-ын сэтгүүлч Скотт Дэвисийн дараагийн ДАШТ-д оролцох эсэх талаарх асуултад хариулахдаа “Миний бодлоор Еврогийн дараа болих байх” гэж хариулжээ.

Бельгийн шигшээ баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд Улаан чөтгөрүүдийн довтлогч эр зургаан тоглолтод гараанд гарч, дөрвөн гоол оруулсан билээ.

Өдгөө 25 настай довтлогч шигшээ багт буй одоогийн байр сууриа удаан хадгалахгүй гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм. Сүүлийн үед Бельгид хөлбөмбөг эрчимтэй хөгжиж, олон залуу тоглогчид гарч ирж байгаа тул дараагийн ДАШТ-д багтах боломжгүй гэж үзэж буй бололтой. Катарт болох 2022 оны дэлхийн аваргад дуудагдвал Р.Лукаку 29 настай байх юм.

Р.Лукаку Английн Премьер Лигт хэдийнэ 100 гоол оруулсан. Тэрбээр 24 нас, 322 хоногтойдоо ийм амжилтад хүрсэн тав дахь залуу тоглогчоор тодорсон билээ.

Түүнчлэн Английн лигт 100 гоол оруулсан 28 дахь, Бельгийн анхны тоглогч болсон юм.

Р.Лукаку “Манчестер Юнайтед”-ийн улирлын эхний тоглолтод сэлгээнээс талбайд гарсан. Гэхдээ Жозе Моуринью түүнийг “Бритон & Хове Албион”-той хийх тоглолтод гараанд гарахаар төлөвлөж байгаа аж.