Tag: Украин

Нисдэг голланд хэсгээ тэргүүлж, Кевин Дэ Брюйне гайхамшиг бүтээлээ

Украин 2:1 Хойд Македон

Энэ өдрийн эхний тоглолтыг Шевченкогийн залуус хийлээ. Тэдний эсрэг анх удаагаа зодоглож буй македончууд. Хоёр баг хэсгийн эхний тоглолтдоо ялагдал амссан учир зайлшгүй оноо хэрэгтэй байлаа. Энэ ч үүднээс довтолгоо зонхилсон тоглолт явагдаж багууд 30 удаа хаалгаруу цохиод амжжээ. Тоглолтын 29 дэх минутад өнгөрсөн тоглолтод гайхалтай нэгэн гоолыг оруулаад байсан Андрей Ярмоленко салхийг хагаллаа. Үүнээс ердөө тавхан минутын дараа тэрбээр ганган  дамжуулалт өгч Роман Яремчук гайхалтай төгсгөснөөр тоо улам холдлоо. Гэхдээ македончууд бууж өгсөнгүй. 57 дахь минутад Эзган Алиоски тооны харьцааг ойртуулсан ч үлдсэн хугацаанд онооны самбарт нэрээ гаргах хүн олдохгүй байснаар эцсийн шүгэлтэй золголоо. 

Сонирхолтой нь, багууд 11 метрийн торгуулийн цохилтыг аль аль нь алдсан юм.

Украины цохилтыг гүйцэтгэсэн Руслан Малиновский “Би жаахан харамсаж бас сэтгэл дундуур байна. Тоглолтын үеэр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Иймээс үргэлжлүүлэн анхаарлаа алдахгүйг хичээж тоглосон учир ялж чадлаа. Хэрвээ бид оноо алдсан бол би маш их бухимдах байсан байх.”

Хойд Македонийн шигшээ багийн ахлагч Горан Пандев: “Ийм том тэмцээнд 45 минут сайн тоглох нь хангалтгүй юм. Бид бүх тоглолтод хоёрдугаар үед тоглосон шигээ тоглох ёстой. Ялагдсанд уучлаарай. Бид оноо авах боломжтой байлаа. Гэхдээ бид кареертаа анх удаа л ийм тоглолтод оролцож байна шүү дээ. “

Хэсгийн нөгөө тоглолтоос шалгаалан Хойд Македончууд хэсгээс гарах боломжгүй боллоо.

Дани 1:2 Бельги

Битүүхэндээ энэ тоглолт Эриксенд зориулагдлаа. Тоглолтын 10 дахь минутад тоглолт зогсч цэнгэлдэх даяараа түүнд баяр хүргэсэн юм.

Цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдийнхээ урд улаан чөтгөрүүдийг хүлээн авсан даничууд энэ тэмцээний нэгэн рекордыг тогтоолоо. 99 дэх секундэд Юсуф Поулсен багтаа тэргүүллийг авчирсан нь энэ тэмцээний түүхэнд 2-т орох хурдан гоол болсон байна. Хамгийн хурдан гоол 2004 онд Орос, Грекийн тоглолтын орсон ба грекчүүдэд ердөө 67 секунд хангалттай байжээ.

Гэхдээ энэ өдөр даничууд хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Тэдний эхний үеийн тоглолт тун давгүй болж байсан ч нэгэн эрхэм энэ бүхнийг үгүй хийлээ. Тэр бол Кевин Дэ Брюйне. Тэр талбайд гарч ирсэн даруйдаа л нөлөөгөө үзүүлж, 54 дэх минутад гоолын дамжуулалтыг Торган Азардад хаяж тоог тэнцүүллээ. Харин дүүгийнхээ дамжуулалтын өрийг ах Азар 70 дахь минатад дарсан юм. Түүний хаясан бөмбөгийг нөгөө л Кевин Дэ Брюйне хаалгачын баруун доод буланд төгсгөж улаан чөтгөрүүд хэсгээс гарах эрхээ авлаа. 

Тэрбээр гоолын баяраа тэмдэглээгүй бөгөөд энэ талаараа “Мэдээж хэрэг би үнэхээр баяртай байсан л даа. Гэхдээ би энд цугласан хөгжөөн дэмжигчдийг хүндэллээ. Би Эриксений унасан талбайн хэсэгт очсон. Тайван байхыг хичээлээ.”

Тоглолттой холбоотой үзүүлэлт:

  • КДБ гоол түүний анхны ЕАШТ-ий гоол боллоо. Тэр өмнө нь 2012, 2016 онуудад оролцож байсан ч хараахан гоол оруулж амжаагүй байжээ.
  • Дрис Мертенс шигшээ багийнхаа төлөө 10 дахь тоглолтдоо оролцлоо. Тэр энэ амжилтаараа улаан чөтгөрүүдийн бүх цаг үед тавдугаарт бичигдэж байна.
  • Даничууд хамгийн сүүлд 2000 оны Еврод эхний хоёр тоглолтдоо хожигдож байжээ.
  • Бельгүүд анх удаагаа хэсгийн эхний хоёр тоглолтдоо яллаа.

Нидерланд 2:0 Австри

Энэ өдрийг нисдэг голландчууд хаалаа. Тэд өнөөдөр тоглолтын бүхий л хэсэгт австричуудыг илүүрхэж ядах юмгүй буулгаж авлаа. 10 дахь минутад Дензел Думфрисын авчирсан торгуулийн цохилтыг Мемфис Дипай амжилттай гүйцэтгэж тэмцээний эхнээ гоолоо оруулсан юм. 

Хоёрдугаар хагас дундаа орж байхад М.Дипай гайхалтай довтолгооныг эхлүүлж нөгөө л Дензел Думфрис гүйцээснээр нисдэг голландчууд ялалт байгуулав. Тэд ингэснээр хэсгээс I байраар гарахаар боллоо.

Нидерландын дасгалжуулагч Франк Де Бур “Мемфис өнөөдөр пеналт амжилттай болгож мөн гайхалтай довтолгооныг эхлүүлээ. Гэхдээ тэр илүү ихийг хийж чадна. Өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа. Иймээс дараа дараагийн чухал тоглолтод тэр өөрийгөө батлах ёстой. Би түүнд итгэж байна.”

Тоглолттой холбоотой үзүүлэлт:

  • Улбар шарууд сүүлийн 9 тоглолтдоо хоёр буюу түүнээс дээш гоол оруулаад байна.
  • М.Дипай энэ тоглолтуудад 8 гоол оруулжээ.
  • Нидерланд 7 тоглолт дарааллан Австрийг хожлоо. Австричууд 1990 оноос хойш тэднийг барсангүй

Англичууд хариугаа авч, нисдэг голландчууд эргэн ирлээ

Англи 1:0 Хорват

Европын АШТ-ий “D” хэсэгт багтсан Англи, Хорватын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхааралд байв. Гурван жилийн өмнө ДАШТ-ий мөнгөн медаль хүртэхдээ хагас шигшээд “Гурван арслангууд”-ыг хожсон хорватчуудаас хариугаа авах сайхан боломжийг алдсангүй.

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Саутгэйт сонирхолтой нэгэн гарааг энэ тоглолтод сонгосон юм. “Лийдс Юнайтед” клубын хагас хамгаалагч Кэлвин Филлипсийг бусдаас илүүд үзэж талбайд гаргасан нь нүдээ олсон шийдвэр байж, талбайн төв хэсэг түүний өргөн чөлөө мэт л гайхалтай гүйцэтгэлийг толилуулав. Мөн Пеп Гвардиолагийн удирдлага дор гараанд гарахаа больсон Рахим Стерлингийг талбайд гаргасанд олон хүн эргэлзсэн ч хоёрдугаар хагасын 57 дахь минутад орсон цор ганц гоолын эзнээр тодорсон юм. 

Рахим Стерлинг

“Гурван арслангууд” тивийнхээ аваргын нээлтийн тоглолтод 10 удаа гарсан ч нэг ч хожил авч чадаагүй цувралдаа цэг тавилаа. Мөн тоглолтын 82 дахь минутад багийн ахлагч Харри Кэйний оронд 17 нас, 349 хоногтой Жул Беллингхэмийг талбайд гаргаснаар хамгийн залуудаа Еврод тоглосон англи тоглогч болжээ.

Дасгалжуулагч Саутгэйт тоглолтын дараа “Би их сэтгэл хангалуун байна. Эхний ялалт үнэхээр чухал. Хэрвээ бид хожигдсон бол маш их дарамт ирэх байлаа. Гэхдээ энэ бол эхний зорилго. Бүгчим халуун өдөр тоглогчид маань сайн тоглож, тоглолтыг хяналтан дороо байлгаж байлаа. Энэ бол том үйл явдал. Тоглогчид бөмбөгийг хурдан шилжүүлж, бид тоглолтын туршид Хорватыг маш цөөхөн боломжоор хязгаарлаж чадлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

https://www.youtube.com/watch?v=kdtNtmALrGY
Тоглолтын тойм

Тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч үзэгчдийн хэсгээс унасан ба энэ талаар цэнгэлдэхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Түүнд түргэн тусламжийг шуурхай хүргэсэн. Гэхдээ биеийн байдал нь хүнд байна” гэжээ. ЕХХ /УЕФА/ энэ явдлыг баталгаажуулсан боловч нууцлалын үүднээс нэмэлт тайлбар өгөхөөс татгалзажээ.

Австри 3:1 Умард Македон

Энэ тэмцээний нэгэн сонирхолтой баг бол австричууд. Тэдний бүрэлдэхүүн Германы шигшээгээс ч олон Бундеслигийн тоглогчтой гэдгээрээ анхаарал татаж буй. Тоглолтын нэгдүгээр үе эвийн гэрээгээр өндөрлөсөн бол сүүлийн хагаст Дэвид Алабагын гайхалтай дамжуулалт тоглолтыг эргүүлж Майкл Грегорич болон Марко Арнаутович нар хаалганы торыг мялааснаар гурван оноог эх орондоо авчирлаа. Энэ хожил тус тэмцээний түүхэн дэх Австри улсын анхны ялалт байснаараа онцлог байв.

Умард Македоны цор ганц гоолыг багийн ахлагч Горан Пандев оруулсан юм. Энэ нь македончуудын тэмцээний түүхэнд анхны гоол болон бүртгэгдлээ. Пандев шигшээ багийнхаа төлөө 20 жил зүтгэсэн төдийгүй 120 тоглолтын эцэст хамгийн дурсамжтай гоолоо ийнхүү шигтгэжээ.

https://www.youtube.com/watch?v=17AQyEWK7d0
Тоглолтын тойм

Нидерланд 3:2 Украин

Тиймээ нисдэг голландчууд энэ өдрийг долоон жил хүлээжээ. Тэдний хөгжөөн дэмжигчдээс гадна дэлхий нийт ч улбар шаруудыг харахад таатай байсан биз. 

Тус тоглолт одоогийн байдлаар тэмцээний хамгийн их гоол орсон тоглолт болсон төдийгүй хамгийн сонирхолтой нь байсан гэхэд хилсдэхгүй. Тоглолтын эхнээс л нидерландчууд уулга алдуулсан олон довтолгоог гүйцэтгэж байсан ч хараахан амжилт олж чадсангүй. Гэхдээ хоёрдугаар хагас эхлээд удалгүй Жоржинио Вижнальдум долоон жилийн хүлээлтийг тайтгаруулсан мэт гоолыг оруулсан юм. Удалгүй Ваут Вегхорст тоог холдуулсан ч Андрей Шевченкогоор удирдуулсан украинчууд бууж өгөлгүй тэмцэж, ердөө дөрвөн минутын дотор тоог тэнцүүллээ. Гэхдээ энэ өдрийн гол баатар баруун жигүүрийн хагас хамгаалагч Дензел Дамфрис байлаа. Үндсэн цуг дуусахаас таван минутын өмнө Натан Акегийн хөндлөн дамжуулалтыг гайхалтай төгсгөж багтаа гурван оноо авчирлаа. 

Тоглолтын дараа гайхалтай нэгэн гоол оруулсан Андрий Ярмоленко “Хэцүү тоглолт байлаа. Эхний үед бидэнд хэд хэдэн боломж гарсан ч ашиглаж чадаагүй. Бид хүчтэй өрсөлдөгчийн эсрэг тоглож байгаагаа ойлгосон. 2:0-ээр ялагдаж байсан ч тоог тэнцүүлж дөнгөсөн. Гэхдээ эцсийн мөчид ялагдлаа. Үүнд сэтгэл дундуур байгаа ч бидэнд хоёр тоглолт бий. Өнөөдрийх шигээ хичээх болно. Хэрвээ бид хасагдах шатанд шалгарвал гайхалтай байх болно” гэлээ.

https://www.youtube.com/watch?v=JI0VqFn2xM0
Тоглолтын тойм

Украин залуус дэлхийн аварга боллоо (видео)

u20 буюу 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д украинчууд түрүүллээ.

Польш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын финалд өмнө нь медаль хүртэж байгаагүй Украин болон БНСУ-ын залуус тунаж үлдсэн билээ.

Тоглолт эхлээд ердөө тав дахь минутад торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон өмнөд солонгосчууд боломжийг алдалгүй ашиглаж, И Кан Ин эхний гоолыг оруулсан. Гэхдээ украинчууд бууж өгсөнгүй. “Динамо Киев”-ийн довтлогч Владислав Супряга дараалан хоёр гоол оруулснаар тэргүүлэгчийн байр өөрчлөгдсөн. Улмаар тоглолтын 89 дахь минутад Георгий Цитаишвили тооны харьцааг холдуулснаар энэ жилийн аварга баг тодорсон юм.

Украин 3:1 БНСУ

Украин залуус өмнө нь тус тэмцээнд шөвгийн 16-гаас хэтэрч үзээгүй аж. Түүнчлэн хуучнаар ЗХУ-аас салсанаас хойш Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан томоохон тэмцээнд анх удаа түрүүлж байна.

Харин БНСУ-ын хөлбөмбөгчид шар тивээс үзүүрлэсэн хоёр дахь баг боллоо. Өмнө нь Японы шигшээ баг 1999 онд Испанитай аваргын цомын төлөө хүч сориод, 4:0-ээр хожигдсон билээ. Гуулин улсын хөлбөмбөгчид 1983 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа шинэчилсэн.

И Кан Ин

Тус тэмцээний шилдэг тоглогчоор БНСУ-ын болон Испанийн “Валенсиа” клубийн И Кан Ин шалгарлаа. Шилдэг хаалгачаар Укрианы шигшээ болон Испанийн “Леганес” клубийн Андрей Лунин тодорсон юм. Мэргэн буучаар Норвегийн шигшээ болон Австрийн Эрлинг Холанд 9 гоолоор тодров. Э.Холанд Хондурасын эсрэг тоглолтод бүх гоолоо оруулсан билээ.