Category: Хөлбөмбөг

“Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөө өнгөрсөн жилийн лигийн аварга “Улаанбаатар Сити”, энэ жилийн аварга “Атлетик 220” багууд өрсөлдлөө.

Ирэх жил 18 дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээнд манай улсаас лигт түрүүлсэн баг урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авдаг. Гэвч өнгөрсөн жил цар тахлын улмаас уг тэмцээн цуцлагдсан юм. Тиймээс Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тус хоёр багийн эхний тоглолт 1:1-ээр өндөрлөсөн бол хоёр дахь тоглолт өнгөрсөн (2020.10.17) Бямба гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд боллоо. Шийдвэрлэх тулаанд шинэхэн аваргууд өрсөлдөгчөө 3:2-оор буулган авч, улсаа төлөөлөн тивдээ өрсөлдөх эрх авлаа.

Сонирхуулахад, “AFC Cup” тэмцээнд түрүүлсэн баг Азийн Аваргуудын лигт оролцох эрх авдаг билээ.

Монголын хөлбөмбөгчид 2017 оноос хойш уг тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Тодруулбал, 2017 оноос хойш “Эрчим” клуб гурван жил дараалан урьдчилсан шатанд оролцсон бол өнгөрсөн жил “Улаанбаатар Сити”, энэ жил “Атлетик 220” тус тус эрх авлаа.

Гэрэл зургийг: Д.Бямбажаргал

Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

Английн хөлбөмбөгийн лигийн шинэ улирал эхэлж буй энэ үед koo.mn вэбсайтын зүгээс Монголд идэвхитэй ажиллаж буй фэн клубууд, тэдгээрийн хөгжөөн дэмжигчдийн бэлтгэсэн нийтлэлүүдийг спорт сонирхогчдод дамжуулан хүргэх болсондоо баяртай байна.

Эхний багаар өнгөрсөн улирлын аварга баг Ливэрпүүл клубийн хөгжөөн дэмжигчдийн шинэ улиралдаа бэлтгэн нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна. Мөн доорх холбогдох хаягуудаар та бүхэн тус клубийн хөгжөөн дэмжигчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Шинэ улирлын мэнд дэвшүүлье,

Саяхан л 30 жил хүсэн хүлээсэн лигийн түрүүгээ хүртэж байсан бол одоо шинэ аяллаа эхлүүлэх цаг нь болжээ! Премьер лигийн түрүү Копууд бидний өдрийн бодол, шөнийн зүүд байх үед тэр хараал идсэн цомыг нь ганцхан удаа өргөчих юмсан, тэгээд цаашдаа хамаа ч алга гэсэн адын бодол хүртэл толгойд орж ирж л байлаа. Гэтэл ингээд аварга болсны дараа тэр бодол ор мөргүй замхран арилж, хүндтэй тэр цомыг дахин өөр багт шилжүүлмээргүй тийм л хармын сэтгэл төрдөг юм байна.

Аваргууд улирлыг хуучин бүрэлдэхүүнээрээ эхлүүлнэ. Зүүн арын байрлалд хүчээ зузаатгаж, Грек хамгаалагч Костас Цимикасыг элсүүлснээс өөр шинэ тоглогч авсангүй. Тиаго Алкантара ирж магадгүй гэж ихэд дуншиж буй ч одоогоор шийдэгдсэн зүйл алга. Солилцооны цонх хаагдах болоогүй байгаа учраас Тиаго ирээд, ганц нэг сэлгээний төвийн хамгаалагч авах болов уу гэсэн таамаглал бий. Харин Ловрэн, Лаллана, Клайн нарын экс гэгээнтнүүд багийг орхисон. Ийм байдалтайгаар л 2020/21 оны улирлаа эхлүүлэх нь дээ.

Зарим нэг пундит болон зарим нэг хөгжөөн дэмжигчид маань Ливэрпүүл бусад багууд шиг шинэ тоглогч авчраагүй учраас аварга авч чадахгүй гэж үзээд байх шиг. Гэхдээ 19 онд 97 оноотой үзүүрлэж, 20 онд 98 оноотой түрүүлсэн Ливэрпүүл хэвээр байгаа гэдгийг тооцохгүй байх шиг. Миний бодлоор Ливэрпүүл хамгийн хүчтэй контэндэр баг хэвээр л байгаа. 2017 онд Аваргуудын лигийн эрхээ авч, 2018 онд Аваргуудын лигт үзүүрлэж, 2019 онд Аваргуудын лигт түрүүлэнгээ Английн Премьер лигт үзүүрлэж, 2020 онд Премьер лигийн аварга болох хүртлээ Клоппын баг сайжирсаар л ирсэн. Төгс зүйл гэж байдаггүй. Харин төгс рүү тэмүүлж болдог. Манай баг бүрэлдэхүүний хувьд хөгшин баг биш. Гол лидерүүд маань ихэнх нь 30 дөхөж явна. Энэ бол хөлбөмбөгт хамгийн тогтмол тоглож болдог, ид нас гэсэн үг.

Магадгүй ирэх жилээс багийн шинэчлэлт хийгдэх байх. Клопп маань хэлсэн байсан. Бид өөр бодлоготой, өөр клуб. Бид өрсөлдөөнд байхын тулд заавал бусад шиг жил бүр их мөнгө зарлагадах шаардлагагүй гэж тодорхой мэдэгдэл хийсэн. Ливэрпүүлийг дэмждэг л бол бид наймааны бодлого, төлөвлөгөөг ойлгодог байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх албагүй л дээ. Гэхдээ ойлгоод авчихвал илүү дээр байж мэдэх юм. Клопп энэ жилдээ багт шинэ тоглогч авчрахгүй гэж үзсэн. Тэр бол залуусынхаа хүчин чадал, нөөц бололцоог хэнээс ч илүү мэдэх хүн шүү дээ. Түүнд эргэлзэх “тэнэг” эрхбиш одоо үлдээгүй л байлтай. Энэ жилийн хувьд Такүми Минаминод нэлээд найдлага тавьж байна. Дасан зохицол дууссан, мэдэгдэл хийж эхлэх ёстой жил нь. 2 долоо хоногийн өмнөх Коммюнити шилд дээр орж ирээд л бужигнуулсан, гоол ч оруулсан. Ур чадвартай, сахилга бат сайтай, толгой сийрэг, Япон хандлагатай түүн шиг тоглогч фэйлдэх нь ховор. Өөрөө л хичээж, гэмтэл бэртлээс хол байж чадвал Клопп шиг дасгалжуулагчийн дор гангарах цаашаа л болох учиртай.

Түүний хувьд бараг л шинэ наймаа гэсэн үг! Дахиад л Наби Кэйта. Аваргуудын лиг, Английн Премьер лигт түрүүлсэн энэ багийн роль тоглогч нь Наби үнэндээ байгаагүй. Түүний хийсэн зүйлсийг үгүйсгэх гээгүй л дээ, гэхдээ Naby lad маань скуад тоглогчийн хэмжээнд л хоёр улирал тоглолоо. Ливэрпүүлд зүүсэн дугаар, түүнд төлсөн үнэ, өөрийнх нь потенциалыг бодоод үзэхээр жаахан хангалтгүй л байсан нь нууц биш. Харин нэг найдлага төрүүлсэн зүйл нь Пандемикын дараах Наби юм. Завсарлаад ороод ирэхэд талбай дээр хамгийн гялалзсан нь Кэйта л байсан. Гэмтэл бэртлээс хол, тэр л формоороо тогловол энэ залуу сүйдийг нь хийх потенциал дүүрэн л санагдаад байгаам. Хамгийн бодитой “шуумарч” буй Тиаго Алкантара Ливэрпүүлд ирчихвэл гартаа хоёр жанлийг нь даалуу, үүлүүтэй хамт атгачихсан мэт л догь суух гээд байдаг. Үнэхээр дэлхийн түвшний хагас хамгаалагчдын нэг бол Тиаго юм билээ. Нуулгүй хэлэхэд золиосонд нь Жини маань явчихвал гунигтай санагдаж буй ч багаа бодвол Алкантара ирсэн нь хэрэгтэй. Энэ наймаа бүхэлдээ фэйлдвэл тэр л биз, Жини багтаа үлдэнэ.

Үндсэн хагас хамгаалалтынхаа мотороор л дайрч таарна. Гэхдээ энэ нь муудсан гэсэн зүйл биш шүү. Энэ жил өөрсдийгөө илүү харуулах боломжтой тоглогчид бол Куртис Жоунс, Харви Эллиот, Риан Брюстер, Нэко Уиллиамс нар. Тэд Чэмпионс лиг, Премьер лигт тогтмол гараанд гараад байх боломж хомс хэдий ч тоглох минут өнгөрсөн жилтэй харьцуулахад хангалттай олдох болно. Өмнө нь бидний найдлага тавин хүлээдэг байсан Харри Уилсон, Бэн Вүүдбөрн нарын Уэльс залуусын карьер хүндхэн болчихлоо. Түрүү жил Лалланад олдсон минутыг Куртист олгох байх, Харви хүү магадгүй Шакиригийн өмнөх сонголт ч болчих юм билүү. Хөлбөмбөгт ийм зүйл зөндөө л тохиолддог.

Манай бүрэлдэхүүн бол нимгэн биш! Бид 4 фронтод зэрэг тулалдахад зузаан бүрэлдэхүүн хэрэгтэй гээд л зарим нь онолдох юм. 4 тэмцээнд бэлдэнэ гээд 4 өөр гарааны XI бэлтгэнэ гэж боломжгүй. Санаж байвал 2019 онд Аваргуудын лигт түрүүлэхдээ Английн Премьер лигээ хаяагүй шүү дээ. Эцсийн мөч хүртэл аймаар үзэлцэж, улирлын төгсгөлд тасралтгүй дараалан хожиж, 97 оноотой үзүүрлэж л байсан. Лигийн цом, ФА цомыг Клопп хаялаа гэж ярьдаг. Залуу тоглогчдоо түлхүү ашиглаж, өмнөх долоо хоногт нь гараанд гараагүй хэдийгээ холиод л тоглуулдаг. Бусад хэддээ боломж олгох нь шударга хэрэг.

Хэрвээ дотоодын цомын хагас шигшээд хүрчихвэл чухал тоглогчдоо ашиглаж л таарна. Судлаад үзээрэй, бүх л багууд ингэдэг. Хамгийн гол асуудал бол ерөөсөө бэртэл гэмтэл. Бэртэл гэмтлийн бараан сүүдэр багаас минь хазгай тусаасай л гэж залбирч сууцгаая. Өнгөрсөн улирлын аваргуудын маань сэтгэл зүй ханачихна гэж арай байхгүй биз. Том цомуудыг өргөөд үзсэн тэд маань улам л шунан дайрна гэж найдаж байна. Клоппо өөрөө мундаг сэтгэл зүйч учраас багийнхаа өлсгөлөн чанарыг яаж хадгалах уу гэдэг дээр илүүтэй ажиллаж магадгүй байх. Өлсгөлөн баг л амжилтад хүрдэг.

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой. Гэхдээ түрүү булаалдахын төлөөх өрсөлдөөнд Ливэрпүүл, Ман сититэй тулахын тулд тэдэнд хугацаа хэрэгтэй. Хоорондоо дээр дороо үзэлдэж, тамираа барах хооронд нөгөө хоёр нь тасраад алга болчихно.

Энэ жил Пэп Гуардиола шартай орж ирэх нь тодорхой. Тэр хоёр жил дараалж Клоппын дор орохыг хүсэхгүй. Өнгөрсөн жил тэдэнд асуудал их байсан, ялангуяа хамгаалалтын шугам.

Энэ жил Акэг багтаа авч, араа зузаалсан, асуудалгүй алалцана гэж тооцож суугаа биз. Ливэрпүүл, Ман ютд бишээ Ман ситигийн өрсөлдөөн ч энэ цаг үедээ ривал хэмжээнд бараг хүрлээ! Дахин нэг сэтгэл догдлуулсан хөлбөмбөгийн шинэ улирал ийнхүү эхэллээ.

Дэлхий нийтийг хамарсан аймшигт Коронавирусээс болж 30 жил хүлээсэн лигийн түрүүгээ хоосон цэнгэлдэхдээ өргөсөн. Харин ирэх улирлын төгсгөлд бид галзуу улаан Копуудынхаа өмнө Премьер лигийн мөнгөн цомыг дахиад нэг удаа өргөнө гэх итгэл бүгдийн сэтгэлд асаж буй нь лавтай биз ээ.

Ирэх улирлын төгсгөлд хос цом, магадгүй бүр трибл хийчихсэн зогсож байх ч юм билүү? Клоппын Ливэрпүүлд тийм потенциал бүрэн дүүрэн бий. Урт холын аялалд нь амжилт хүсээд, Премьер лигийн түрүүгээ 20 болгоорой гэсэн ерөөлөөр дөрөөг нь мялааж мордуулъя даа!

Чүүүүүү!!! Ливэрпүүл минь #Redman

Монголд дах Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клубийн хаягууд:
Facebook page: Mongolian Liverpool Fan Club
Website: http://liverpoolfc.mn/
Forum: http://liverpoolfc.mn/forum/
Twitter: https://twitter.com/LFCMongolia

МХХ: Цахим спортын тэмцээн болно

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд МХХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МЭСХ-ны Ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нар оролцов.

“Монголын Электрон Спортын Холбоо” болон “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” хамтран өөрсдийн спортын онцлог, давуу тал зэргийг хоёр талаас уялдуулан Монголын спортын салбарт шинэ тэмцээний формат нэвтрүүлэх, дижитал дээр суурилсан арга барилуудыг нэвтрүүлэх, нөгөө талаар электрон спортоор дамжуулан хөлбөмбөгийн спортыг залуучуудад сурталчилах, хөлбөмбөгийн спортоор дамжуулан электрон спортыг олон нийтэд зөв таниулах зэргээр хамтран ажиллахад шаардлагатай тогтолцоогоор хангах юм.

Цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санан дурссан олон фанатууд цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг гурван үе шаттай зохиогдох цахим тэмцээн олгоно. Эхний шатанд МХХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА сонирхогчдын дунд нээлттэйгээр зохион байгуулах аж. Эцэст нь эдгээр тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч нь цаашлаад цахим хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх эрхийн эзэн болно.

Хөлбөмбөг: Рональдино шоронгоос суллагдлаа

Хуурамч бичиг баримтын асуудалд орооцолдсон нэрт хөлбөмбөгчин Рональдино 32 хоног шоронд хоригдсоныхоо дараа суллагдлаа.

Нэрт хөлбөмбөгчинг гэрийн хорионд байлгах нөхцөлөөр түр сулласан юм. Үүний тулд 1.6 сая ам.долларын барьцаа төлсөн юм.

Рональдино болон түүний ах Робертог энэ Парагвай улсад хууль бус бичиг баримтаар нэвтэрсэн хэргээр саатуулж буй. Түүнчлэн сэжигтнүүдийг буруутай гэж үзвэл зургаан сар баривчлах ял оноохоор төлөвлөж байгаа билээ.

Парагвай улсын хууль сахиулагчид Рональдино болон түүний ах Робертог мөнгө угаасан хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзэн, барьцаагаар суллах саналыг хойшлуулж байлаа. Үр дүнд нь Рональдино 40 насныхаа төрсөн өдрийг шоронд өнгөрүүлсэн юм.

Covid 19: К.Роналду цалингаа хасуулсан ч…

Италийн “Ювентус” клуб тоглогч болон дасгалжуулагчдынхаа цалинг танах тохиролцоонд хүрсэн анхны хөлбөмбөгийн баг болсон билээ.

Энэ багт дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Криштиану Роналду тоглодог. Италийн клуб 3-7 сар хүртэл тоглогчдынхоо цалинг танах тохиролцоогоор 100 сая орчим “ногоон” хэмнэж, энэ хугацаанд ажилгүй суух нийт клубын арын ажилтнуудын цалинг өгөх чадвартай үлдэх юм.

Зөвхөн К.Роналдугийн цалингаас гэхэд 4.24 сая ам.доллар хасагдах тооцоог хэвлэлийнхэн хийчихсэн.

Португал довтлогч өнгөрсөн жил гэхэд 109 сая “ногоон”-ы ашиг олсон. Үүнээс 65 сая нь цалин болон гэрээний дагуу олгох урамшуулал.

Энэ улиралд цалин нь хасагдаж, ойролцоогоор 91 сая ам.долларын “халааслах” болсон ч К.Роналду хөлбөмбөгөөс нийт 1 тэрбум ам.долларын цалин авсан анхны тоглогч болох боломжтой.

Түүхийн хуудас сөхвөл нэрт гольфчин Тайгер Вудс 2009 онд 1 тэрбум ам.долларын босго давсан анхны мэргэжлийн тамирчин болж байв. Түүний араас мэргэжлийн боксын ертөнцөд 13 жил ноёлсон Флойд Мэйвэйдер 2017 онд дээрх тоог давсан билээ.

Хөлбөмбөг: Хамгийн өндөр орлоготой 10 хөлбөмбөгчин

“France Football” сэтгүүлээс 2020 оны хамгийн өндөр орлоготой 10 хөлбөмбөгчинг зарлав.

Уг жагсаалтад хөлбөмбөгчдийн цалингаас гадна зар сурталчилгаа, нэмэлт орлогыг багтаажээ.

Жич: 1 еврогийн ханшийг 2,984 төгрөгөөр бодов.


10. Кильян Мбаппе – 27 сая евро (80,571,701 тэрбум төгрөг)

Дөнгөж 21 настай К.Мбаппе уг жагсаалтад багтсан хамгийн залуу хөлбөмбөгчин.

9. Роберт Левандовски – 29 сая евро (86,570,280 тэрбум төгрөг)

Польш довтлогч уг жагсаалтад орсон Бундес лигийн цор ганц тоглогч юм.

Роберт Левандовски

8. Рахем Стерлинг – 33 сая евро ( 98,521,255 тэрбум төгрөг)

Английн Премьер лигээс хамгийн өндөр орлого олсон хүн бол Р.Стерлинг.

7. Андрес Иньеста – 34 сая евро (101,503,942 тэрбум төгрөг)

Өдгөө 35 настай, Японы лигт зүтгэж буй А.Иньеста жагсаалтын долдугаарт бичигдэв.

Андрес Иньеста

6. Эден Азер – 38 сая евро (113,478,464 тэрбум төгрөг)

Өнгөрсөн зун “Реал Мадрид” руу шилжсэн бельги довтлогч ТОП 10-т анх удаа багтсан аж.

5. Антоин Гриззман – 38 сая евро (113,478,464 тэрбум төгрөг)

Өнгөрсөн жил “Атлетико Мадрид”-аас “Барселона”-д очсон франц довтлогчийн жилийн орлого эрс нэмэгджээ.

Антоин Гриззман

4. Гарет Бэйл – 38 сая евро (113,478,464 тэрбум төгрөг)

Г.Бэйл энэ улиралд ердөө 18 тоглолтод оролцож, 3 гоол оруулсан ч хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтад дөрөвдүгээрт жагслаа. Түүний инстаграм хуудсан дахь нэг постны үнэ 185 мянган ам.доллар хүрдэг.

3. Нэймар – 95 сая евро (283,664,161 тэрбум төгрөг)

Уг жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн Г.Бэйлээс Нэймарын жилийн орлого 57 сая евро буюу ойролцоогоор 170 тэрбум төгрөгийн зөрүүтэй гарчээ.

Нэймар

2. Криштиану Роналду – 118 сая евро (350,655,760 тэрбум төгрөг)

35 настай К.Роналду дахиад л 100+ сая еврогийн орлоготой. Түүний энэ орлогын багагүй хувийг хувийн музей болон зочид буудлаас нь бүрдүүлдэг.

1. Лионел Месси – 131 сая евро (391,019,259 тэрбум төгрөг)

Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин бол Л.Месси. Түүний жилийн орлого К.Роналдугаас 13 сая еврогоор илүү аж.

Лионел Месси

“France Football” сэтгүүлээс дэлхийн хамгийн өндөр орлоготой дасгалжуулагчдыг танилцуулсан бөгөөд уг жагсаалтыг “Атлетико Мадрид”-ын Диего Симонэ тэргүүлжээ.

1. Диего Симонэ – 40.5 сая евро (120,866,333 тэрбум төгрөг)

2. Антонио Контэ – 30 сая евро (89,530,617 тэрбум төгрөг)

3. Пэп Гуардиола – 27.5 сая евро (82,069,655 тэрбум төгрөг)

Диего Симонэ

Сонирхуулахад, эмэгтэй хөлбөмбөгчдийг 480 мянган еврогийн орлоготой Карли Ллойд тэргүүлж, түүний араас Меган Рапино (415 мянга), Ада Хегерберг (400 мянга) удаалсан юм.

Covid 19: Паоло Дыбала халдвар авчээ

Аргентинийн шигшээ болон Италийн “Ювентус” клубын довтлогч Паоло Дыбала болон түүний найз бүсгүй халдвар авчээ.

Италийн “Ювентус” клубээс корона вирусын халдвар авсан гурав дахь тоглогч нь Паоло Дыбала боллоо. Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудсандаа өнөөдөр зарласан юм. Өдгөө 26 настай аргентин довтлогч халдвар авснаа зарласнаар төвийн хамгаалагч Даниел Ругани, франц тоглогч Блаис Матуиди нарын хамт “Ювентус”-ын гурав дахь тоглогч нь болсон юм.

П.Дыбала болон түүний найз бүсгүй Ориана Сабатини нарын биеийн байдал сайн байгаа талаар хөлбөмбөгчин эр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

П.Дыбалагийн найз бүсгүй О.Сабатини

Сонирхуулахад, П.Дыбалагийн найз бүсгүй О.Сабатини дуучин, жүжигчин мэргэжилтэй нэгэн. Түүнчлэн алдарт теннисчин, 1990 онд Америкийн Их Дуулгад түрүүлж байсан Габреала Сабатинигийн үеэл дүү аж.

Covid 19: Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөнд Сербийн ерөнхий сайд бухимдав

Испанийн “Реал Мадрид” клубын серб довтлогч Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөн байна.

Өдгөө 22 настай Л.Йович Сербийн Белград хотод найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж, 28 хоногийн хорио цээрийг үл тоожээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Испаниас төрөлх нутагтаа ирсэн юм.

Улмаар найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэсэн нь Сербийн ерөнхий сайд Ана Брнабичийн уурыг хүргэжээ.

“Бидэнд олон сая ам.доллар олдог ч хууль дүрмийг үл тоомсорлодог хөлбөмбөгчинтэй гэдгээ харлаа” гэж Ана Брнабич бухимдлаа илэрхийлжээ.

Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич

Тэр ч бүү хэл, залуу хөлбөмбөгчин эрд хуулийн хариуцлага хүлээж магадгүй гэнэ. Тус улсын Дотоод хэргийн сайд Небоиса Стефановичийн мэдээлснээр тус улсад өөрийгөө тусгаарлах, хорио цээрийн дэглэмийг зөрчсөн бол 1-12 жил хүртэлх хорих ялтайг сануулжээ.

“Хөлбөмбөгчин, эсвэл баян байхаас үл хамаарч, хууль эрх тэгш үйлчлэх ёстой” гэж Н.Стефанович хэвлэлд ярьжээ.

Испанид корона вирусын халдвар авсан 17 мянган тохиолдол илэрч, одоогийн байдлаар 803 нас барсан. Харин Сербид 103 халдварын тохиолдол илэрч, одоогоор нас барсан хүн гараагүй юм.

“Реал Мадрид”-ын сагсан бөмбөгийн багийн америк тоглогч Трэй Томпскиноос корона вирусын халдвар илэрсэн тул нэг бэлтгэлийн бааз ашигладаг Эзэн хааны багийнхан бүх тоглогчдоо тусгаарласан. Харин Л.Йович өнгөрсөн долоо хоногт Сербид буцаж ирсэн юм.

Шуурхай: “Евро 2020” хойшлогдлоо

Корона вирусын уршгаар дэлхий даяар хөл хорио тогтоосон учир “Евро 2020”-ыг дараа жил хийхээр боллоо.

Норвегийн хөлбөмбөгийн холбооноос “Евро 2020” тэмцээнийг албан ёсоор нэг жилээр хойшлуулж, 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд зохион байгуулахаар боллоо.

Хэрвээ хойшлогдоогүй бол хөгшин тивийнхэн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл Европын 12 улс зохион байгуулах байв.

Европын АШТ-ийг хойшлуулснаар одоогоор түр цуцлагдаад буй Европын топ лигүүд улирлаа дуусгах боломжтой болох аж.

  • Европын АШТ: 2021 оны VI сарын 11 – VII сарын 11
  • Эмэгтэй Европын АШТ: 2021 оны VII сарын 7 – VIII сарын 1
  • Үндэстний лиг: – 2021 оны VI сарын 2-6-нд
  • 21 хүртэлх насны Европын АШТ: 2021 оны VI сарын 9-26-нд
  • Клубуудын ДАШТ: 2021 оны VI сард (одоогоор өдөр нь тодорхойгүй)

Дуулиан: Рональдиног мөнгө угаасан хэрэгт шалгаж байна

Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдиног Парагвай улсад хуурамч бичиг баримт ашиглаж нэвтэрсэн хэргээр саатуулсан. Тэгвэл албаныхан мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаагаа зарлав.

Энэ жил 39 настай Рональдино болон түүний төрсөн ахыг Парагвайд саатуулаад долоо хоног өнгөрсөн. Тэгвэл ESPN-ий мэдээлснээр Рональдинод зөвхөн бичиг баримт зөрчсөн гэх асуудлаас гадна мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Нэрт хөлбөмбөгчин эр нутгийн бизнес эрхэлдэг эмэгтэй Далиа Лопезийн урилгаар Парагвайд зочилсон. Хууль, хүчний байгууллагынхан Рональдиног саатуулсан ч эхний шүүх хурлын дараагаар батлан даалтаар суллахыг зөвшөөрөөгүй юм.

Парагвайн прокурор Осмар Легал “Хатагтай Д.Лопез болон бусад хүмүүсийг бүлэглэн мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа тул Рональдиног гадуур чөлөөтэй явуулах нь эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс шүүх үргэлжлүүлэн саатуулах шийдвэр гаргасан юм” гэж тайлбарласан байна.

Цуурхал: Криштиану Роналдугийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглахгүй

Португалын нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдутай холбоотой нэгэн цуурхал тархсан. Тодруулбал, гадны хэд хэдэн мэдээллийн сайтуудаар К.Роналду өөрийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглаж, эмч нарын цалинг нь өгнө гэсэн цуурхал дэгдсэн юм.

Хөлбөмбөгийн талаар дагнаж бичдэг итали сэтгүүлч Адриано Дел Монте өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд өөрийн твиттер хуудсандаа К.Роналдуг зочид буудлаа корона вирусын эсрэг эмнэлэг болгон ашиглуулж, эмч нарын цалинг хувийн зүгээс гаргах боллоо гэж мэдээлсэн юм.

К.Роналду Португалын Лисбон болон өөрийн төрөлх хот болох Фунчалд “Pestana Hotel Group”-тай хамтарч, “Pestana CR7 Hotels”-ийг эзэмшдэг билээ.

Энэ мэдээг дэлхийн олон орны хэвлэл мэдээлэл түгээсэн юм. Гэвч өчигдөр AFP-гийн сэтгүүлчид зочид буудлын албаны хүмүүсээс утсаар авсан тодруулгаар цуурхал болохыг нь баталжээ.

К.Роналду өдгөө Португалын Мадейра хотод хөл хорионд орж өөрийгөө тусгаарласан байгаа билээ. Учир нь түүний багийн хамтрагч Даниел Руганигаас корона вирус илэрсэн юм.