Category: Хөлбөмбөг

Рахем Стерлинг гэрээгээ сунгав

Английн шигшээ болон “Манчестер Сити” клубийн довтлогч Рахем Стерлинг одоо байгаа гэрээгээ шинэчилж, дахин гурван жил буюу 2023 он хүртэл багтаа зүтгэхээр боллоо. Энэ хугацаанд тэр долоо хоногт 300 мянган фунтын цалин авах юм.

Өдгөө 23 настай довтлогчийн өмнөх гэрээ ирэх улирлын дараа дуусах байсан ч гэрээгээ сунгахаар болжээ.

Р.Стерлинг 2015 онд “Ливерпуль” клубээс “Манчестер Сити” рүү 49 сая фунтын үнээр очсон. Харин одоо гэрээгээ шинэчилснээр Премьер лигт хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг боллоо. Энэ улирлын өмнөх үзүүлэлтээр долоо хоногт 300 мянган фунтаас илүү цалин авдаг хоёр тоглогч байв. Тэд бол “Манчестер Юнайтед”-ийн хагас хамгаалагч Алекс Санчес долоо хоногт 315 мянган фунт, “Арсенал”-ын хагас хамгаалагч Месүт Өзил долоо хоногт 306 мянган фунтын цалин авч байв. Энэ жагсаалтын гуравдугаарт Р.Стерлинг бичигдэж, Пол Погбаг ардаа орууллаа.

Тэрбээр өмнө нь 150 мянган фунтын цалин авч байсан юм.

 

“Барселона” шөвгийн 16-д шалгарсан эхний баг боллоо

Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөв дэх тоглолтууд өнөөдөр эхэллээ. Испанийн “Барселона” клуб хамгийн түрүүнд шөвгийн 16-д шалгарах эрхээ “халаасалсан” юм. 


ХЭСЭГ А

(Испани) Атлетико 2:0 Дортмунд (Герман)

Германы клуб энэ тоглолтод ялсан бол хэсгээсээ шалгарах, цаашлаад хэсгээ тэргүүлэх боломжтой байв. Гэхдээ Испанийн “Атлетико” клуб амар бууж өгөхийг хүссэнгүй. “Реал”-ын хүүхдийн багийн бүтээгдэхүүн Сауль Ньегис 33 дахь минутад гоолын салхийг хагалсан бол 80 дахь минутад Антоун Гриззман тооны харьцааг холдуулснаар багаа ялалтад хүргэв.

(Франц) Монако 0:4 Брюгге (Бельги) 

Бельгийн даруухан баг Аваргуудын лигийн хэсгийн шатанд ялалт байгуулах гэж 13 жил хүлээжээ. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Ханс Ванакен эхний 17 минутад эхний хоёр гоол оруулж, бразил довтлогч Уэйсли Мораэс 24 дахь минутад тооны харьцааг холдуулав. Улмаар 85 дахь минутад Рууд Вормер сүүлийн цэгийг хатгаж, Терри Анригийн шинэ ажилд үнэлгээ өгсөн юм.


ХЭСЭГ B

(Итали) Интер Милан 1:1 Барселона (Испани)

Тус хоёр багийн тоглолт эвийн гэрээгээр шийдэгдсэн тул “Барселона” хасагдах шатанд өрсөлдөх багаар хамгийн түрүүнд тодорлоо. Энэ тоглолтод аргентин довтлогч Лионель Мессиг гэмтлээсээ эргэн ирж, талбайд гарч магадгүй хэмээн цуурхал тарсан ч гарсангүй. Эхний хагас, тэр бүү хэл 80 дахь минут хүртэл гоол ороогүй ч сэлгээнээс талбайд орж ирсэн Малком 83 дахь минутад гоол оруулаад баярын нулимс унагасан ч дөрвөн минутын дараа Мауро Икарди тоог тэнцүүллээ.

(Англи) Тоттенхэм Хотспур 2:1 ПСВ Эйндховен (Нидерланд)

Эхний 61 секундэд л Швейцарьт төрсөн нидерланд довтлогч Люк де Йонг булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдоод зочин баг тэргүүлж эхэлсэн ч Харри Кэйний хоёр гоолын ачаар Лондоны клуб хэсгээсээ гарах найдвараа хадгалж үлдлээ. Тэд энэ сарын 28-нд “Интер Милан”-ыг хожиж чадвал оноо тэнцэх боломжтой юм.


ХЭСЭГ С

(Итали) Наполи 1:1 ПСЖ (Франц)

Словакийн Марек Хамшик “Наполи”-гийн төлөө 512 дахь тоглолтод оролцож, тус багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин болсон юм. Тэрбээр энэ хугацаанд 120 гоол оруулсан үзүүлэлтээр багийнхаа бүх үеийг тэргүүлдэг. Испани тоглогч Хуан Бернат эхний хагасын нэмэлт минутад гоолдсон ч “Наполи”-гийн Лоренцо Инсинье 63 дахь минутад торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Ийнхүү “С” хэсгийн хүснэгт тун сонирхолтой боллоо.

(Серб) Црвена Звезда 2:0 Ливерпуль (Англи)

Милан Павковын хоёр гоолын ачаар Сербийн “Црвена Звезда” клуб Аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа. Ингэснээр “С” хэсгийн тэргүүлэгч баг болон хамгийн сүүлд бичигдэж буй багийн хооронд хоёр л онооны зөрүүтэй болсноор энэ хэсгийн аль ч баг хасагдаж мэдэх аюул бий болов.


ХЭСЭГ D

(Португал) Порто 4:1 Локомотив Москва (ОХУ)

“Порто”-гоос дөрвөн тоглогч гоол оруулж, “Локомотив Москва”-г ялснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэд дөрвөн тоглолтоос гурван хожил, нэг тэнцээ авснаар 10 оноотой болов.

(Герман) Шальке 2:0 Галатасарай (Турк)

Германы клуб Аваргуудын лигийн хоёр дахь хожлоо авснаар найман оноотой болж, “Порто”-гийн ард бичигдэж эхэллээ. Гол өрсөлдөгчөөсөө дөрвөн оноогоор холдсон учир дараагийн хоёр тоглолтод алдаа гаргахгүй байхад л хэсгээсээ шалгарна.

Балканы хойгийн орнууд ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй

Болгар, Грек, Серб болон Румын улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2028 оны Европын АШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хар тэнгисийн Варна хотод болж буй Балканы хойгийн орнуудын чуулга уулзалтын үеэр ийм мэдээлэл тархжээ.

Балканы хойгийн орнууд өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан түүх байхгүй ч Югослави улс салахаас өмнө 1976 оны Европын АШТ-ийг зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл Грекийн ерөнхий сайд Алексис Ципрасын мэдээлснээр дээрх дөрвөн улс ойрын 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг нутагтаа зохион байгуулахын төлөө нэгдэхээр болжээ. Түүний энэ бодлыг Болгарын ерөнхий сайд Бойко Борисов дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Уругвай улс 100 жилийн дараа эх орондоо ДАШТ-ийг хүлээн авах хүсэлтэй байгаа билээ

2030 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах сунгаанд өрсөлдөх ганц нэр дэвшигч нь тэд бус. Английн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Америк тивийн зүгээс Аргентин, Уругвай, Парагвай улсууд нэгдэх сонирхолтой байгаа юм. Хэрвээ тэдний хүсэл биелвэл 1930 онд анхны ДАШТ-ийг зохион байгуулснаас хойш 100 жилийн дараа Уругвайд болно гэсэн үг.

Түүнчлэн Хойд Африкийн бүс нутгаас Марокко, Алжир, Тунис улс хамтарч нэр дэвшинэ. Марокко улсын хувьд өмнө нь таван удаа нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй билээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг 2022 онд зарлах юм.

Златан Ибрагимович Итали руу буцах уу

“Лос Анжелес Галакси” багийн довтлогч Златан Ибрагимович Италийн “АС Милан” баг руу буцаж магадгүй бололтой. Хоёр тал хугацааны асуудлаар тохиролцчихвол гэрээ байгуулахад ойртсон гэнэ.

Италийн хэвлэлүүд болон Туринд төв нь байрладаг “Tuttosport” сонины мэдээлснээр “АС Милан” клубийн удирдлагууд өдгөө 37 настай швед довтлогчид зургаан сар гэрээ байгуулах санал тавьсан бол З.Ибрагимович 18 сарын гэрээ байгуулах хүсэлтэй байгаа аж.

Түүнчлэн жилийн 1.5 сая еврогийн цалин амласан гэх мэдээлэл байгаа юм.

Ахмад довтлогчийг ганцхан Итали руу буцах тухай цуу яриа тархаагүй. Английн “Манчестер Юнайтед” клуб ч буцааж авчрахыг хүсч байгаа тухай яриа бий.

Ямартай ч АНУ-ын хөлбөмбөгийн улирал дуусч байгаатай холбогдуулан З.Ибрагимович Европ тив руу буцах бололтой. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Лос Анжелес Галакси” багт ирж, MLS-т 27 тоглолтод оролцоод 22 гоол оруулсан. Харамсалтай нь, “Лос Анжелес Галакси” клуб хасагдах шатанд шалгарч чадаагүй юм. Гэхдээ түүний нэр Уэйн Рунигийн хамтаар MVP буюу улирлын үнэ цэнэтэй тамирчны шагналд нэрлэгдэж байгаа билээ.

Хөлбөмбөг: Уэйн Руни шигшээдээ сүүлийн тоглолтоо хийнэ

Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руни ирэх сард АНУ-ын эсрэг хийх тоглолтод оролцож, шигшээдээ сүүлийн тоглолтоо хийхээр боллоо.

Өдгөө 33 настай У.Руни 2016 оны арваннэгдүгээр сард Шотландын эсрэг тоглолтоос хойш шигшээдээ дахин дуудагдаагүй. Өдгөө “ДС Юнайтед” багт зүтгэж буй англи довтлогч энэ сарын 15-нд АНУ-ын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод оролцохоор боллоо. Ингэснээр У.Руни Английн шигшээгийн төлөөх 120 дахь тоглолтод оролцох юм.

Гэхдээ энэ тоглолтоос олох орлогыг сайн үйлсэд зориулах гэнэ.

Нөхөрсөг тоглолт алдарт “Уэймбл” цэнгэлдэхэд болно. Энэ үеэр тус цэнгэлдэхийн нуман багана У.Рунид зориулж, алтлаг өнгөтэй байх бололтой.

Нөхөрсөг тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 16-нд 4:00 цагт эхэлнэ.

Английн шигшээ багт хамгийн олон тоглолт хийсэн:

  1. Петер Шилтон (хаалгач) – 125
  2. Уэйн Руни (довтлогч) – 119*
  3. Дэвид Бекхэм (хагас хамгаалагч) – 115
  4. Стивен Жерард (хагас хамгаалагч) – 114
  5. Бобби Мур (хамгаалагч) – 108

Тайлбар: Английн шигшээд 100-гаас олон тоглолт хийсэн 9 тоглогч бий.

Английн шигшээ багт хамгийн олон гоол оруулсан:

  1. Уэйн Руни (довтлогч) – 53
  2. Бобби Чарлтон (довтлоч) – 49
  3. Гари Линекер (довтлогч) – 48
  4. Жимми Гривес (довтлогч) – 44
  5. Майкл Оуэн (довтлогч) – 40

Хөлбөмбөг: Рональдино пасспортоо хураалгав

Бразилын домогт хөлбөмбөгчин Рональдиног 8.5 сая бразил реал буюу ойролцоогоор хоёр сая еврогийн өрөө төлөөгүй хэмээн пасспортыг нь хүчингүй болгосноо Бразилын Засгийн газар мэдэгдэв. Нэрт хөлбөмбөгчнийг болон түүний ах Роберто Ассис нарыг орон нутгийн “Гуаиаба Ривер” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир ийм арга хэмжээ авчээ. Банкны зүгээс мэдээлснээр бол Рональдино ба түүний ах Роберто Ассис нар загасны бизнес эрхлэх зорилгоор зээл авсан аж.

Энэ оны эхээр хөлбөмбөгөө орхиж буйгаа зарласан Рональдиногийн төрсөн ах Роберто Ассис дүүгийнхээ менежерээр ажилладаг.

Хэдийгээр тамирчин байхаа больсон ч “Барселона” клубийн элчээр томилогдсон юм. Энэ сард тэр Кени улсад зочлох хуваарьтай. Одоогоор хэрэг явдлаас шалтгаалан түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлах эсэх талаар клубийн зүгээс ямар нэг тайлбар хэлсэнгүй.

Бразил дахь пасспортоо хураалгасан ч Рональдино 2007 оноос хойш Испанийн иргэн болж, тэр үеэс хос иргэншилтэй болсон юм.

Хөлбөмбөг: Никлас Бентнер 50 хоног хоригдох ял авчээ

Норвегийн “Русенборг” багийн довтлогч Никлас Бентнер таксины жолоочид халдсан хэргээр шүүхээс 50 хоног саатуулагдах ял авчээ. Энэ талаар анх Данийн “B.T.” сонинд хэвлэгдсэн байна.

Цагтаа Английн “Арсенал” клубийн шилдэг довтлогч байсан Н.Бентнер давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр түүнд зодуулсан гэх азгүй жолооч эр эрүүний хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ. Хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 9-нд болсон бөгөөд Н.Бентнер найз охиныхоо хамт таксигаар хүргүүлж ирээд маргаан болсон бололтой.

Н.Бентнер таксины жолоочид гар хүрсэн гэдгээ өөрөө үгүйсгээгүй. Гэхдээ биеэ хамгаалахын тулд ийм үйлдэл гаргасан гэж шүүгчид өчсөн юм. Нэртэй хүнийг хүргэж өгсөн таксины жолооч их үнэ хэлснээс тэдний хооронд маргаан үүсч, улмаар Н.Бентнер найз охиныхоо хамтаар төлбөрөө төлөлгүй машинаас буусан гэнэ. Үүний дараа таксины жолооч тэдэн рүү усны сав чулуудсан тул Н.Бентнер хариуг нь өгсөн бололтой.

“Русенборг” клубийн зүгээс Н.Бентнерийн хэрэг яаж ч шийдэгдсэн тус багийн тоглогч хэвээр байна гэж зарласан билээ.

Хулен Лопетеги халагдлаа

Испанийн “Реал Мадрид” клубийн удирдлага дасгалжуулагч Хулен Лопетегиг албан ёсоор халж байгаагаа зарлав. Өнгөрсөн зургадугаар сард Зинедин Зиданы оронд дасгалжуулагчийн албанд томилогдсон Хулен улирал эхлээд 14 тоглолтын дараа албан үүргээ хүлээлгэн өгөв.

Өнгөрсөн ням гаригт Эл Классикод гол өрсөлдөгч “Барселона”-гийн талбайд 5:1-ээр ялагдсан юм. Тус тоглолтод эсрэг багийн лидер Лионел Месси тоглоогүй. Луис Суарес хет трик хийж, багаа ялалтад хөтөлсөн билээ.

Энэ тоглолтын дараа Эзэн хааны баг Ла Лигийн хүснэгтэд есдүгээр байрт бичигдэж, Каталаны клубээс долоон онооны зөрүүтэй нэхэж явна.

Өдгөө 52 настай Хулен Лопетеги 2016-18 оны хооронд Испанийн шигшээ багийг дасгалжуулж байгаад ДАШТ эхлэхээс гурав хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Испанийн шигшээгийн 17 хүртэлх насны залуучуудын багт туслахаар ажилласнаас эхлээд бүх насны шигшээг удирдаж байв.

Түүний оронд түр хугацаанд Сантиаго Солари “Реал”-ыг дасгалжуулна. Аргентин эр 2013 оноос “Реал”-ын залуучуудын багийг, 2016 оноос “Реал Мадрид Б” багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан юм.

Дуулиан: “Лестер Сити” клубийн эзэн Вишай Шривадданапрабхагийн хувийн онгоц осолджээ

Английн “Лестер Сити” клубийн тайланд эзэн Вишай Шривадданапрабхагийн хувийн онгоц тус клубийн “King Power” цэнгэлдэхийн ойролцоо осолджээ. Премьер лигийн хүрээнд “Уэйст Хэм Юнайтед”, “Лестер Сити” багууд 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан тоглолтын дараа нэг их удалгүй хөөрсөн онгоц ойролцоох машины зогсоолын гадна осолдсон байна. Нүдээр харсан гэрч нарын мэдүүлгээр онгоцны мотор гэнэт ажиллахаа больж, доошоо шидэгдсэн гэнэ. 

2010 оноос хойш “Лестер Сити”-гийн эзэн болсон В.Шривадданапрабха өдгөө 60 настай. Тэрбээр 4.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Дөрвөн хүүхэдтэй, хөрөнгийнхээ хэмжээгээр улсдаа тавдугаарт жагсдаг. Осол болох үеэр тэрбээр онгоцонд суусан ч одоогоор амь насаа алдсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн хичнээн хүн уг онгоцонд байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн гэрчийн мэдүүлснээр осол болсны дараахан багийн зарим тоглогчид цэнгэлдэхээс гарч явсан. Багийн хаалгач Каспер Шмэйхель хамгийн түрүүнд осол болсон газар ирж, уйлж байсныг харсан аж. “Лестер Сити”-гийн эзэн тай эр гэртээ хийсэн тоглолт бүрийн дараа талбайн дундаас нисдэг тэргээр хөөрдөг гэнэ.

 

Паола Дибала багтаа хожил авчрав

Гурван долоо хоногийн турш түр завсарласны эцэст Аваргуудын лигийн хэсгийн шатны гурав дахь тойргийн тоглолт эхэллээ. Сүүлийн үед тун тааруу байсан Испанийн “Реал Мадрид” хоёр дахь ялалтаа авсан бол Италийн “Ювентус” гол өрсөлдөгчөө ялснаар хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.


ХЭСЭГ Е

АЕК Афинс 0:2 Бавари Мюнхен

Германы аваргууд Грекийн багуудад хожигдож үзээгүй цувралаа үргэлжлүүлэв. Эхний гоолыг Хавьер Мартинес, удаах гоолыг Роберт Левандовски оруулж, багаа ялалтад хүргэв.

Аякс 1:0 Бенфика

Марокко гаралтай нидерланд тоглогч Нуссаир Мазрауи 92 дэх минутад энэ тоглолтын эхний бас эцсийн гоолыг оруулснаар багаа ялалтад хөтлөв. Түүний ачаар “Аякс” Германы аваргуудтай бүх үзүүлэлтээр ижилхэн болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр байна.


ХЭСЭГ F

Хоффенхейм 3:3 Лион 

Германы багаас Андре Крамарич хоёр гоол оруулснаар баг нь хожиж явсан ч Францын “Лион” амар дийлдэх баг биү гэдгээ харуулсан. Хоёрдугаар үед найман минутын зайтай хоёр гоол оруулснаар тэргүүлж эхэлсэн ч Жоэлинтин тэнцээний гоолыг оруулж, багаа аварлаа.

Шахтёр 0:3 Манчестер Сити

Английн аваргууд зовлон багатай хэсгээ тэргүүлж байна. Украины клубийн хувьд гэртээ хийсэн тоглолтод анх удаа Английн багуудад хожигдлоо.


ХЭСЭГ G

Рома 3:0 ЦСКА Москва

Э.Жеко хоёр, Чингиз Ундер нэг гоол оруулснаар “Рома” хэсгээ тэргүүлж эхэллээ.

Реал Мадрид 2:1 Виктория Пльзень

К.Бензема, Марсело нарын гоолын ачаар “Реал Мадрид” сүүлийн зургаан тоглолтод эхний хожлоо авлаа. Тэд “Рома”-тай оноо тэнцүү ч оруулсан гоолынхоо зөрүүгээр ард нь жагсаж яваа юм.


Янг Бойс 1 : 1 Валенсиа

Швейцарийн клуб талбай дээрээ Испанийн “Валенсиа”-тай оноо хувааснаар аваргуудын лигт анхны оноогоо авлаа.

Манчестер Юнайтед 0:1 Ювентус

К.Роналду Олд Траффорд цэнгэлдэхэд “Ювентус”-ын өмсгөлтэй эргэн ирсэн ч гоол оруулж чадсангүй. Энэ тоглолтын цор ганц гоолыг 17 дахь минутад Паола Дибала оруулсан юм.

 

Баяртай, Жон Терри!

Английн “Челси” клубийн хамгаалагч асан Жон Терри хөлбөмбөгийн замналаа өндөрлөхөөр шийдэв. 1998 оны аравдугаар сард залуухан хүү Жон Терри “Челси”-гийн өмсгөлтэй анх удаа талбайд гарч байв. Түүнээс хойш 20 жил өнгөрч, албан ёсны сүүлийн тоглолтод оролцсоноос хойш таван сарын дараа өдгөө 37 настай Жон Терри хөлбөмбөгөө орхих цаг болсныг зарлав.

Ж.Терри Английн хоёрдугаар дивизионы баг болох “Астон Вилья” дахь гэрээ нь дууссанаас хойш дахин өөр багтай гэрээ хийгээгүй юм.

Тэр бол Английн шигшээд 78 тоглолт хийж, 2017 онд “Челси”-г орхих хүртлээ энэ багтаа үнэнчээр зүтгэсэн ахлагч.

20 жил “Челси”-д данстай явахдаа Английн Премьер лигийн аваргаар таван удаа, холбооны цомд тав, лигийн цомыг таван удаа хүртэж, Аваргуудын лиг, Европа лигт хүртэл түрүүлээд үзчихсэн. “Челси”-д 700 гаруй тоглолтод оролцсон түүхтэй.

“Челси” клубийн албан ёсны цахим хуудас Ж.Террид хүндэтгэл үзүүлэв

Ж.Террид баг олдоогүйдээ их спортоо орхиогүй. “Астон Вилья” дахь гэрээ нь дуусаад ОХУ-ын “Спартак Москва” баг түүнд санал тавьсан ч гэр бүлийнхээ хүнтэйгээ ярилцаад татгалзахаар шийдсэн юм.

Ж.Терри 17 настайдаа буюу 1998 оны аравдугаар сард Лигийн цомын тэмцээний үеэр “Астон Вилья”-гийн эсрэг талбайд гарсан. Клубийнхээ төлөө анхны гоолоо 2000 онд Холбооны цомын тоглолтод “Гильингхэм”-ийн эсрэг оруулж байв.

2009-10 оны улиралд Английн Премьер лигийн аварга, Холбооны цомын аварга болж, багийнхаа төлөө 50-аас дээш тоглолтод оролцсон “Челси” клубийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн долоо дахь тоглогч болсон билээ.

Ж.Терригийн онцгой амжилтууд

  • 40 – Английн Премьер лигийн түүхэнд тэр хамгийн олон гоол оруулсан хамгаалагч юм.
  • 307 – Райан Гигз (407), Фрэнк Лампард (349), Пол Скоулз (321) нар л Премьер лигт Ж.Терригээс илүү олон ялалт байгуулж байв.
  • 109 – Түүний Аваргуудын лигт тоглосон тоо. Англи тоглогчдоос П.Скоулз л түүнээс их буюу 124 тоглолтод оролцсон юм.
  • 38 – “Челси” клуб 2014-15 оны улиралд лигийн аварга болоход Ж.Терри бүх 38 тоглолтод оролцож байлаа. Түүний тоглосон бүх тоглолтод баг нь 26 ялалт байгуулж, ердөө гуравхан удаа дийлджээ.
  • 6 – Замналынхаа турш Премьер лигт зургаан удаа улаан хуудас авч хөөгдсөн. Аваргуудын лигийн нэг тоглолтыг улаан жавтий хүртэж, орхисон удаатай.
  • 69 – Шар хуудасны тоо. 2011-12 оны улиралд найман шар хуудас авсан билээ.
  • 1 – Хамгаалагч хүн оны шилдэг тоглогч болно гэдэг амаргүй. Боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг хамгаалагч эр харуулж, оны шилдгээр тодорсон юм.
  • 3 – Европын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хамгаалагчаар гурван удаа түүнийг нэрлэсэн.

Нэймарын амжилт буюу бразилчуудын үзүүлэлт

Францын “ПСЖ”-д зүтгэдэг бразил довтлогч Нэймар Сербийн “Рэд Стар Белград” багийн эсрэг гурван гоол оруулж, Аваргуудын лигт 30 гоолтой болсноор нутаг нэгт Какатай эн зэрэгцэж, бразилчуудаа тэргүүлж эхэллээ. Ингээд Аваргуудын лиг болон Европа лигт оролцсон бразилчуудын сонирхолтой үзүүлэлтийг сонирхуулья.


Аваргуудын лиг/Европа лигт хамгийн олон тоглолтод оролцсон:

  • 128: Роберто Карлос (Реал Мадрид, Фенербахчэ)
  • 111: Дани Алвеш (Севилья, Барселона, Ювентус, ПСЖ)
  • 97: Максуэлл (Аякс, Интер, Милан, Барселона, ПСЖ)
  • 90: Марсело (Реал Мадрид)
  • 88: Кака (Реал Мадрид, АС Милан)
  • 87: Фернандино (Шахтёр Донецк, Манчестер Сити)
  • 85: Лусио (Байер Леверкузен, Бавари Мюнхен, Интер, Ювентус)
  • 78: Ривалдо (Барселона, АС Милан, Олимпиакос)
  • 76: Дида (АС Милан)
  • 73: Жиован Элбер (Бавари Мюнхен, Лион)
Роберто Карлос

Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан бразил тоглогч:

  • 30: Нэймар (Барселона, ПСЖ)
  • 30: Кака (Реал Мадрид, АС Милан)
  • 27: Ривалдо (Барселона, АС Милан, Олимпиакос, АЕК Афинс)
  • 25: Жиован Элбер (Бавари Мюнхен, Лион)
  • 25: Марио Жардел (Порто, Галатасарай)
  • 21: Луис Адриано (Шахтёр Донецк, Спартак Москва)
  • 18: Жунино (Лион)
  • 18: Рональдино (Барселона, АС Милан)
  • 17: Халк (Порто, Зенит)
  • 17: Уильян (Шахтёр Донецк, Челси)