Category: Хөлбөмбөг

Криштиану Роналду “FIFA 19” тоглоомны ковер болов

Криштиану Роналду “FIFA 19” тоглоомны ковер болох нь тодорхой боллоо.

Шинэ улиралд Италийн “Ювентус” клубт зүтгэхээр болсон португал довтлогч болон Францын “ПСЖ” клубийн бразил тоглогч Нэймар нар видео тоглоомны зурагт хуудсыг чимэх аж. Гэхдээ Нэймарын хувьд “Аваргууд” хувилбарынх нь ковер болох юм.

К.Роналду өнгөрсөн жил “Реал Мадрид”-ын гишүүн байхдаа “FIFA 18” тоглоомны ковер болж байв.

“Ювентус” клубийн хувьд энэ улиралд 100 сая евро төлж, К.Роналдуг өөрийн болгосон. Энэ нь 30 ба түүнээс дээш насандаа ийм үнэ хүрсэн анхны, бас Италийн лигийн хамгийн үнэтэй наймаа болсон түүхтэй.



“FIFA 19” тоглоом өнөө жил Аваргуудын лиг, Европа лиг болон Супер цомын тэмцээнийг багтаасан юм.

Уг тоглоом ирэх есдүгээр сарын 28-нд худалдаанд гарах аж.

 

“Челси” шинэ дасгалжуулагчийнхаа муу зуршилд тусална

Английн “Челси” клубийг шинэ улиралд удирдаж буй итали мэргэжилтэн Маурицио Сарри архаг тамхичин гэдгээрээ алдартай нэгэн. Учир нь 59 настай М.Сарри Италийн “Наполи” клубийг удирдаж байхдаа талбайн гадна тамхи татаж буй дүр зураг их элбэг бий.

Гэхдээ Их Британид хөлбөмбөгийн цэнгэлдэхэд тамхи татахыг хориглодог журамтай. Англид тамхины эсрэг хуулийг 2006 оноос хойш мөрдөж эхэлсэн бөгөөд олон нийтийн газар, албан тасалгаанд тамхи татахыг хориглосон юм.

Итали эр өдөрт 80 ширхэг тамхи татдаг дуусгадаг талаар Английн хэвлэлүүд онцолжээ.

Тамхи татах эрхээ эдэлж чадаагүй М.Сарри Английн лигийн нээлтийн тоглолтын үеэр тамхины иш зажилж байсан нь олны анхаарлыг татаж, цахим ертөнцөд ч чимээгүй өнгөрөөгүй юм.

“Челси” клуб шинэ мэргэжилтэндээ зориулж, тоглолтын үеэр тамхи татах цэг, тасалгаа гаргаж өгөхөөр шийдсэн бололтой. Одоогоор ямар аргаар энэ асуудлыг шийдвэрлэх гарцаа олоогүй байгаа ч гэртээ хийх тоглолтоос өмнө гарц олно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

 

Кэйсүкэ Хонда Камбожийн дасгалжуулагчаар томилогдов

Камбож улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн, армийн генерал Сао Соха ням гаригт шигшээ багийн шинэ дасгалжуулагчаа томиллоо. Хачирхалтай нь, өдгөө Австралийн “Мельбурн Виктори”-д зүтгэж буй япон довтлогч Кэйсүкэ Хондаг дасгалжуулагчийн албанд томилов.

К.Хонда хэдхэн хоногийн өмнө Мельбурны багт зүтгэхээ зарласан. Гэхдээ шинэ албан тушаал нь түүний мэргэжлийн хөлбөмбөгчний замналд нь саад болохгүй гэдгээ мэдэгдэв. Тодруулбал, К.Хонда Австралийн лигт тоглож, зав гарвал видео дүрсээр шавь нартаа зөвөлгөө өгөх аж. Тэрбээр долоо хоног бүр видео хурал хийж, туслах дасгалжуулагч нартаа чиглэл өгөх юм.

Япон хоёр жилийн хугацаанд Камбожийн шигшээ багийг удирдахаар болсон бөгөөд энэ хугацаанд цалин авахгүй гэнэ. Түүнчлэн шигшээ багт ирж очих зардлыг шинэ дасгалжуулагч өөрөөсөө гаргахаар болжээ.

Хэдийгээр мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа өндөрлөөгүй ч К.Хонда шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлсан.

Камбожийн шигшээ баг өдгөө олон улсын чансаагаар 166-д бичигдэж буй. Тус улсын шигшээ багийн хамгийн оргил амжилт нь 1972 оны Азийн АШТ-д дөрөвдүгээр байрт орсон юм.

“Улаан чөтгөрүүд”-ийн эхний гурван оноо

“Манчестер Юнайтед” 2:1 “Лестер Сити”

Гоол: Поль Погба (3), Люк Шав (83), Жамье Варди (90+2)

Шигшээ багаа дэлхийн аварга руу хөтөлсөн франц довтлогч Поль Погба шинэ улирлын эхний тоглолтод амарч магадгүй байлаа. Зуны турш өөр баг руу явах, үгүй нь эргэлзээтэй байсан ч “Манчестер Юнайтед” багтаа үлдсэн тэрбээр эхний тоглолтод багийн ахлагчаар талбайд гарч, ердөө гурав дахь минутад торгуулийн цохилтоос гоол оруулснаар энэ улирлын анхны гоолыг оруулав. Улаан чөтгөрүүд “Олд Траффорд” цэнгэлдэхдээ хийсэн сүүлийн 122 премьер лигийн тоглолтод эхэлж гоолдсон бол хожигдоогүй үзүүлэлттэй. Хамгийн сүүлд 2009 оны гуравдугаар сард “Ливерпуль”-д 4:1-ээр ялагдсан юм.

Үүнийг батлах мэт хамгаалагч Люк Шав 83 дахь минутад энэ улирлын хоёр дахь, “Манчестер Юнайтед” багтаа 67 тоглолтын дараа анхны гоолоо орууллаа.

Тоглолтын үндсэн цаг дуусахад “Лестер Сити”-гийн туршлагатай довтлогч Жамье Варди тооны харьцааг ойртуулсан ч Жозе Моуриньюгийн шавь нар гурван оноогоо халааслав.

Сонирхуулахад, Жозе Моуринью лигийн эхний тоглолтод 18 удаа багаа удирдаад нэг ч ялагдаж үзээгүй аж. Тэрбээр нийт 11 ялж, долоо тэнцсэн үзүүлэлттэй. Английн лигт бол 10 тоглолтоос есд нь хожиж, нэг тэнцсэн байна.

Английн премьер лигийн солилцооны тухай бүхнийг эндээс

Английн премьер лигийн солилцооны цонх хаагдаж, багууд шинэ өнгө төрхөө бүрдүүлэв. Энэ жил лигийн багууд нийт наймаанд 1.2 тэрбум фунт зарцуулсан юм.

Энэ тоонд ороогүй ганц баг бол “Тоттенхэм”. Тэд зуны турш шинэ тоглогч багтаа аваагүй аж. Ингэснээр 2003 оноос хойш наймааны цонх үүссэн тэр үеэс бүтэн зуны турш багтаа шинэ хүн аваагүй анхны баг болов. Харин өнгөрсөн лигийн аварга “Манчестер Сити” клуб сүүлийн өдөр наймаа хийсэнгүй.

Хэдийгээр наймааны цонх хаагдсан ч одоогоор баггүй яваа тоглогчидтой гэрээ байгуулах эрх нь энэ сарын сүүл хүртэл хүчинтэй. Наймааны цонх өдийд хаагдсан нь зөвхөн Английн премьер лигт л үйчлэх бөгөөд Испани, Герман, Франц, Шотландын клуб шинэ тоглогчтой болох эрх нь мөн энэ сарын сүүлээр дуусах аж.

Харин Италийн лиг наймдугаар сарын 17-нд Сери А эхлэхээс нэг хоногийн өмнө наймааны цонхоо хаадаг уламжлалтай.

Наймааны сүүлийн өдөр хийсэн шилжилтүүд

Хамгийн анх 2003 онд наймааны цонхыг санаачилсан бөгөөд сүүлийн өдөр нь 16 шилжилт хийсэн удаатай. Түүнээс хойш энэ тоо хамгийн багадаа 12-т хүрч, харин хамгийн ихдээ 2011 онд 31-д хүрсэн түүхтэй.

Харин энэ жилийн хувьд 25 шилжилт хийжээ. Зөвхөн “Фүлхэм” клуб гэхэд таван тоглогч авсан юм. Тэд “Марсель”-ийн камерун хагас хамгаалагч Андре-Франк Ангиссаг 22.3 сая фунтаар, “Бристол Сити”-гийн зүүн жигүүрийн хамгаалагч Жое Брайныг 6 саяар, Серхио Рико, Лусиано Вьетто, Тимоти Фосу-Менса нарыг зээлээр эгнээндээ элсүүлэв. Энэ жилээс дээд лигт эргэн ирсэн тус клубийн хувьд эргэж ирээд наймааны цонход 100 саяас илүүг зарцуулсан анхны баг болжээ.

Энэ зуны хамгийн үнэтэй наймаанууд (Топ 10)

Наймааны сүүлийн өдөр зургаан клуб ямар ч хөдөлгөөн хийсэнгүй.

“Тоттенхэм” клуб бүтэн зуны турш нэг ч шилжилт хийгээгүй анхны баг болсон юм. Гэхдээ тус багийн менежер Маурисио Почеттино залуу тоглогчдоо хадгалж үлдсэндээ сэтгэл хангалуун байгаагаа зарлав.

“Манчестер Юнайтед” клуб зуны турш гурван шинэ тоглогчтой боллоо. Эдгээр наймааг долдугаар сарын эхэнд хийсэн юм. Тэд дахин төвийн хамгаалагч нэмэхээр “Тоттенхэм”-ийн Тоби Алдервейрелд, “Лестер”-ийн Харри Магуэрь, “Бавари”-гийн Жэром Боатенг, “Атлетико Мадрид”-ын Диего Годинд хүртэл санал тавиад татгалзсан хариу сонслоо.

Рекорд, содон мэдээлэл

Өнгөрсөн жил премьер лигийн багууд наймааны цонход 1.4 тэрбум фунт зарцуулж, рекорд тогтоосон. Тэгвэл энэ жил үүнээс 200 сая фунтаар дутуу наймаа хийсэн юм. Сүүлийн өдөр 110 сая фунт зарцуулсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад даруй 100 саяар бага тоо.

Гэхдээ премьер лигийн багууд бусад лигээс тоглогч авчрахад 880 сая фунт зарцуулсан нь өнгөрсөн жилийнхээс (770 сая фунт) давж гарсан юм. Өнгөрсөн жил нийт зарцуулсан мөнгөний 54 хувь нь бусад лигээс тоглогч авчирсан бол энэ жил 72 хувь болж өссөн.

Бусад сонирхолтой мэдээллийг товчхон хүргэвэл:

  • Одоогийн байдлаар премьер лигийн араас хамгийн их мөнгө зарцуулсан лиг бол Италийн Сери А. Тэд нийт 910 сая фунт (зөвхөн Криштиану Роналдуг авахад 99 сая) зарцуулсан. Үүний дараа Испанийн Ла Лиг (680 сая), Германы Бундеслиг (400 сая), Францын Лиг 1 (350 сая) зарцуулжээ. Гэхдээ эдгээр лигүүдийн наймааны цонх хаагдаагүй байгаа юм.
  • Өнгөрсөн улирлын лигийн аваргууд 155 сая фунт наймаанд зарцуулав. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад (195 сая) буурсан үзүүлэлт аж.
  • Английн лигүүдээс хамгийн их мөнгийг зарцуулсан баг бол “Ливерпуль” (165 сая), “Челси” (120 сая), “Фүлхэм” (105 сая), “Лестер” (100 сая).

Та дээрх зурагнаас энэ зун өндөр үнэ хүрсэн тоглогчид өмнө нь ямар үнээр хуучин багтаа нэгдэж байсныг харж болно.

Тибо Куртуа “Реал Мадрид”-ын тоглогч боллоо

Бельгийн шигшээ багийн хаалгач, ДАШТ-ий алтан бээлий шагналт Тибо Куртуа Английн “Челси”-г албан ёсоор орхиж, Испанийн “Реал Мадрид” багт очлоо.

“Челси” клуб од тоглогчоо “Реал Мадрид” руу зарах шийдвэр гаргасныхаа үр дүнд хорват хагас хамгаалагч Матео Ковачичийг бүтэн улирал зээлээр тоглуулах боломжтой болсон юм. Түүнчлэн “Реал” гэрээ нь дуусахад нэг жил дутуу буй бельги хаалгачийг эгнээндээ оруулахын тулд хуучин багт нь 35 сая фунт төлөх аж.

Өдгөө 26 настай хаалгач ДАШТ-ий алтан бээлий шагнал хүртсэн. Түүнчлэн “Челси”-гийн хамт Премьер лигийн аваргаар хоёр удаа тодорч, лигийн цом болон холбооны цомын эзэн болсон билээ. Тэрбээр 2011-2014 оны хооронд “Атлетико Мадрид” клубт зээлээр тоглож, Европа лигийн аварга, Европын супер цомын аварга, Аваргуудын лигийн мөнгөн медаль, Хааны цом хүртэж, Ла лигт түрүүлж байсан туршлагатай.

“Реал” шинэ тоглогчтойгоо зургаан жилийн урт гэрээ байгуулсан талаар албан ёсны твиттер хуудсандаа мэдээлсэн юм. Т.Куртуаг авснаар “Реал”-ын олон жил яригдсан “Манчестер Юнайтед”-ийн Дэвид Де Хеаг авна гэсэн цуурхал төгсгөл боллоо.

Түүнчлэн “Челси” клуб албан ёсоор Матео Ковачичийг зээлээр авч буйгаа зарласан. Тэд бельги хаалгачаа зарж, оронд нь багаасаа явах хүсэлтэй байгаа М.Ковачичийг зээлэх талаар ярилцсан нь амжилтад хүрсэн бололтой.

Өдгөө 24 настай М.Ковачич 2015 оны наймдугаар сард Италийн “Интер”-ээс 32 сая еврогоор “Реал”-д очсон юм.

Харамсалтай нь, гурван улирлын турш Ла лигийн 37 тоглолтод гараанд гарч, Аваргуудын лигт гурван удаа түрүүлэхэд нь нэг ч минут талбайд тоглоогүй.

Энэ нь “Сантиаго Бернабеу” цэнгэлдэхэд өнөө цагийн хамгийн шилдэг хагас хамгаалалтын хослол болох Тони Кроос, Лука Модрич нар байсантай холбоотой юм.

Талбайд тоглох боломж олдоогүйд М.Ковачич сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Харин “Челси”-д шинэ дасгалжуулагч Маурицио Сарригийн удирдлага дор Н’Голо Канте болон шинээр ирсэн Жоржиньо нарын хамт гараанд гарна гэж шинжээчид таамаглаж байна.

 

 

Усайн Болт Австралийн клубт бэлтгэл хийнэ

Ямайкийн нэрт гүйгч Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдлөө орхиогүй явна. Их спортоо орхисноос хойш Германы “Борусси Дортмунд”, Өмнөд Африкийн “Мамелоди Сандоунс”, Норвегийн “Стрёмсгодсет” багуудад бэлтгэл хийгээд амжсан 31 настай эр ногоон тивийн “Сентрал Коаст Маринерс” багийн бэлтгэлд хамрагдах болжээ.

Хэрвээ ямайк гүйгч багийн дасгалжуулагч нарт таалагдвал Австралийн дээд лиг болох А лигээс хөлбөмбөгчний гараагаа эхлүүлэхэд ойрхон байх аж.

“Би үргэлж л өөртөө боломжгүй зүйл гэж үгүй. Өөртөө битгий хязгаар тавьж бай гэж хэлдэг. Тиймээс цаашид ч мөрөөдлөө орхихгүй” гэж олимпийн найман удаагийн аварга, эрэгтэйчүүдийн 100, 200 метрийн дэлхийн рекорд эзэмшигч эр хэвлэлд ярьжээ.

У.Болт хөлбөмбөгийн улаан хорхойтон. Өнгөрсөн зургадугаар сард “Манчестер Юнайтед”-ийн алдарт “Олд Траффорд” цэнгэлдэхэд “Soccer Aid” буяны тоглолтод оролцож, торгуулийн цохилтоос гоол оруулснаар тус тоглолтын шилдгээр шалгарч байсан билээ.

У.Болт Английн “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сарын 15-нд ОХУ-ын Москва хотод болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж сонирхсон удаатай.

Австралийн хөлбөмбөгийн лиг ирэх аравдугаар сард нээлтээ хийх аж.

Артем Дзюба мэргэжлээ солив

ОХУ-ын шигшээ багийн довтлогч Артем Дзюба мэргэжлээ сольжээ. Өдгөө 29 настай довтлогч эр ДАШТ-д гурван гоол оруулж, багийнхаа амжилтад их үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл Оросын зам заагч төхөөрөмж (GPS) үйлдвэрлэдэг нэгэн компанийн шинэхэн бүтээгдэхүүний дуу оруулагчаар А.Дзюбаг сонгожээ.

Оросуудын түгээмэл хэрэглэдэг “Yandex Navigator GPS” төхөөрөмжийн дуу оруулагчаар “Зенит” багийн 195 см өндөртэй довтлогч сонгогдсон аж.

Уг төхөөрөмжийг та утсандаа суулгаж ашиглах боломжтой гэнэ. Хэрэглэгчдэд А.Дзюбаг сонсох эсэхээ өөрсдий шийдэх боломжтой бөгөөд тэр таньд хурд хэмжигч камер ойртож байгааг, мөн явах замыг тань чиглүүлэхэд туслах аж.

 

Кепа Аррисабалага дэлхийн хамгийн үнэтэй хаалгач

Английн “Челси” клуб Испанийн “Атлетик Билбао”-гийн залуу хаалгач Кепа Аррисабалагагийн төлөө 80 сая евро төлөхөөр боллоо. Ердөө хагас жилийн өмнө 17.9 сая фунтын үнээр “Реал Мадрид” руу очих тун дөхсөн залуу эр зургаан сарын дараа 71.6 сая фунтын үнэ хүрч, дэлхийн хамгийн үнэтэй хаалгачаар тодорсон юм.

Энэ зун дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгачийн үнэ хоёр удаа шинэчлэгдэв. Өмнө нь бразил эр Алиссоны төлөө “Ливерпуль” клуб 67 сая фунт төлж, рекорд тогтоосон. Энэ дээд амжилт бүтэн зуныг ч өнгөрүүлсэнгүй.

Гэхдээ энэ үнэ 24 цаг хүрэхгүй хугацааны дараа дахин шинэчлэгдэхийг үгүйсгэхгүй. Испани залууг эгнээндээ нэгтгэснээр “Челси” клуб бельги хаалгач Тибуа Куртуаг “Реал Мадрид” руу явуулах нь тодорхой болсон. Учир нь бельги хаалгач “Реал”-д очихыг хүсч буй юм. Т.Куртуа бэлтгэлдээ оролцохгүй байгаа учир түүнийг наймааны цонх хаагдахаас өмнө Испанийн баг руу явуулах шаардлагатай.



Т.Куртуа хүүхэд байхдаа Мадрид хотод амьдарч байсан тул Испанид очихыг хүсдэг нь нууц биш. Харин “Челси”-гийн хувьд Английн лигт дассан Жордан Пикфорд, Жэк Батлэнд, Каспер Шмейхель нараас илүү испани залууд итгэл хүлээлгэсэн юм. Ирэх аравдугаар сард 24 нас хүрэх Кепаг лигийн эхний тоглолтод гараанд гаргахаар төлөвлөж байгаа талаар Английн хэвлэлд онцлоод эхэлжээ. Тэрбээр Лондоны клубтэй таван жилийн гэрээ байгуулсан бололтой.

 

Матео Ковачич “Челси”-д очих болов

Испанийн “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч, хорват залуу Матео Ковачич Английн “Челси” клуб рүү зээлээр тоглохоор тохиролцоонд хүрчээ. Хэрвээ энэ шийдвэр богино хугацаанд өөрчлөгдөхгүй бол хоёр тал тун удахгүй гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

М.Ковачичийн хувьд “Реал”-аас явах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд удсан. Тэрбээр шигшээ багийн хамтаар ДАШТ-д мөнгөн медаль зүүснийхээ дараа багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар амралтаасаа эргэн ирээд бусад тоглогчидтой бус ганцаарчилсан бэлтгэл хийж, “Реал”-ийн нэг ч дасгалжуулагчтай холбоогүй байсан аж.

М.Ковачич “Реал”-д тоглох цаг бага байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Реал Мадрид” Лондоны клубийн хаалгач Тибо Куртуаг багтаа авахын тулд хагас хамгаалагчаа зээлээр явуулахаар тохиролцсон гэж мэдээлсэн. Гэхдээ одоогоор энэ нь баттай мэдээ биш гэнэ.

“Реал Мадрид”-ын шинэ өмсгөлийг далайн хог хаягдлаар хийжээ

Испанийн Эзэн хааны клуб, “Реал Мадрид”-ын шинэ улирлын гуравдугаар өмсгөлийг “Adidas” компани далайн хог хаягдлаар урлажээ.

Гуравдугаар өмсгөлийг АНУ-ын Нью-Йорк хотод танилцуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд Марсело, Гарет Бэйл, Карим Бензема болон бусад “Реал”-ийн тоглогчид оролцсон юм.

Шинэ өмсгөлийг дэлхий дахинд борлуулж эхэлсэн аж.

“Реал Мадрид” клуб шинэ өмсгөлөө АНУ-ын Нью Жэрси хотод Италийн “Рома” багтай хийх нөхөрсөг тоглолтод анх удаа өмсөхөөр болсон юм.

Үүний дараа “Реал” гол өрсөлдөгч “Атлетико Мадрид” багтай Испанийн Супер цомд өрсөлдөнө. Харин Ла лигийн улирлын эхний тоглолтоо “Гетафе”-гийн эсрэг гэртээ хийх юм.

Аваргуудын лигийн шинэ бөмбөгийг танилцууллаа

“Adidas” компани 2018-19 оны улиралд Аваргуудын лигт ашиглах шинэ бөмбөгөө танилцууллаа. Уг бөмбөгийг энэ сараас олон нийтэд худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Дээрх бөмбөг бол Аваргуудын лигийн хэсгийн шатанд ашиглах албан ёсны бөмбөг аж. Шинээр танилцуулсан бөмбөгийг 150 еврогоор худалдах аж.

Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ашиглах бөмбөгийг мөн танилцуулав. Ирэх улирлын шигшээ тоглолт Испанийн Мадрид хотод болно. Тиймээс өнгийг нь Испанийн төрийн далбаатай ижил сонгожээ. Уг хоёр төрлийн бөмбөгний материал нь өнгөрсөн ДАШТ-ий үеэр ашигласан бөмбөгтэй төстэй аж.

Шинээр гаргасан уг бөмбөг мөн л 150 еврогоор зарагдах бөгөөд 2019 оны хоёрдугаар сараас худалдаанд гарч эхэлнэ.