Category: Хөлбөмбөг

Европын Сүпер Лиг болох уу

Европ тивийн дөрвөн улсын шилдэг 12 клуб нэгдэж Европын Сүпер Лиг хийхээр болсноо зарлалаа.

Тодруулбал, Английн зургаа, Италийн гурав, Испанийн гурван баг шинэ тэмцээнийг дэмжихээ илэрхийлжээ. цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд ороод байгаа тул Аваргуудын лигээс тусдаа тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлав. Тус лигийн ерөнхийлөгчөөр “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез ажиллах ба тэрбээр энэ талаар “Бид бүхий л чадлаараа хичээж, дэлхийн хөлбөмбөгт тусалж, зохих байр сууринд хүргэх болно” гэж мэдэгджээ.

Тэмцээний санхүүжилтыг “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хариуцаж зургаан тэрбум орчим ам.долларыг гаргах бөгөөд лигт оролцох урилгыг хүлээн авсан баг 425 сая ам.долларыг авах гэнэ. (Сонирхолтой нь, энэ мөнгөн дүн нь шилдэг багуудын 2020 оны бүтэн жилийн санхүүгийн тайлантай харьцуулж харахад бүтэн жилийн орлогоо олох боломжтой харагдана. УНШИХ)

Тус лиг нь 20 багаас бүрдэх ба 15 клуб тогтмол оролцох бол үлдсэн таван эрхийн төлөө бусад багууд өрсөлдөнө. Мөн эдгээр клубууд нь хоёр хэсэгт хуваагдаж тоглох төдийгүй амжилтаараа хэсгээ тэргүүлсэн найман клуб хасагдах шатанд өрсөлдөх юм.

Сүпер лигийг 2023/2024 оны улирлаас эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор үндсэн 12 клуб тодроод байна. Үүнд:

  • Англи- “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”,  “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”
  • Испани- “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”
  • Итали- “АС Милан”, “Интер Милан”, “Ювентус”

Гэхдээ уг тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү тэмцээнийг эсэргүүцэж байна. Хэрвээ багууд шинэ тэмцээнд оролцвол дотоодын лиг болон олон улсын тэмцээнээс хасах, тоглогчдыг шигшээ багт дуудахгүй гэх нэн хатуу шаардлага тавив.

Мөн шилдэг клубуудээ алдах аюулд ороод байгаа Англи, Испани, Италийн лигийн холбоо мөн адил энэ тэмцээний эсрэг байгаа аж. Эцэст нь холбоод ялах уу? клубууд ялах уу? гэдгийг харах л үлдлээ.

Харин таны хувьд энэ шинэ тэмцээнийг яаж хүлээж авах вэ?

Испанийн эзэн хааны цомын аварга “Барселона”

Испанийн хамгийн олон жилийн түүхтэй, 1903 оноос уламжлал болон зохиогдож ирсэн “Копа Дел Рей” буюу эзэн хааны цомын аваргаар “Барселона” клуб тодорлоо. Тэдний хувьд өнгөрөгч шөнийн шигшээ тоглолтод Баск үндэстний төлөөлөл “Атлетик Билбао” клубийг 4:0 харьцаатай бут ниргэлээ.

Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол, хоёрдугаар хагас эхлээд удалгүй Франц залуу Антуан Гризманн хаалганы торыг хөдөлгөж чаджээ. Үүний дараа ердөө 12 минутын дотор тэд гурван гоолыг нэмж оруулсанаар тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Тус хоёр клубын хувьд энэ оны эхэнд Испанийн сүпер цомын финалд тоглож Билбаочууд хожоод байсан бол Барса энэ удаад хариугаа авлаа. Ийнхүү тэд тус тэмцээний түүхэнд 31 дэх цомоо өөрсдийн болгосон ба тэдний араас “Атлетик Билбао” 23, “Реал Мадрид” 19 цомтой тус тус жагсаж байна.

Хамгийн сүүлд 2019 онд лигийн аваргыг хүртэснээс хойш ямар нэгэн цом өргөөгүй каталончууд 720 өдрийн дараа ийнхүү цомын бараа харлаа. Тэмцээний шилдгээр финалын тоглолтод хоёр гоол оруулсан Лионель Андрес Месси тодорчээ. Түүний хувьд энэ өдөр бүх тэмцээний хүрээнд 13 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан манай гарагийн цорын ганц хөлбөмбөгчин боллоо.

Эзэн хааны цомоо гардан авч буй мөч

Тоглолтын дараа:

“Энэ бол үнэхээр хүнд өрсөлдөөн байлаа. Цом өргөх үргэлж сайхан байдаг, манай залуус үүнийг хүртэх эрхтэй. Энэ багийн ахлагч байна гэдэг гайхалтай, цом өргөх мэдрэмж үнэхээр онцгой байлаа. Баяраа гэр бүл, хөгжөөн дэмжигчидтэйгээ тэмдэглэж чадахгүйдээ сэтгэл дундуур байна.”

Лионель Месси

“Тоглолтын тухайд бид боломж хайж тэвчээртэйгээр бөмбөгөө тал талруу шилжүүлж тоглосон. Эхний үед байдал хэцүү байсан ч хоёрдугаар хагаст тэд бага зэрэг удааширч эхэлсэн. Иймээс бид давуу талаа ашиглаж чадлаа.”

“Бусад улирлаас ялгаатай нь энэ жил олон зүйл өөрчлөгдсөн. Бүрэлдэхүүнд олон залуу тоглогч орж ирсэн. Улирлын эхлэл тааруу байсан ч бид бага багаар хүчирхэгжсэн. Эцэстээ “Атлетико Мадрид”-тай хоорондын оноогоо ойртуулж чадсан ч харамсалтай нь Эл Классикод хожигдсон. Гэхдээ лиг дуусахад олон тоглолт дутуу байгаа. Бид илүү хүчтэй баг нь. Иймээс эцсээ хүртэл тэмцэх болно.”

Энэ зун гэрээ нь дуусч, клубээ орхих магадлалтай байгаа Аргентин эрийн шийдвэрт энэ цом нөлөөлөх болов уу?

    Кэвин Де Брейне төлөөлөгчөөс илүү датанд итгэжээ

    Өдгөө 29 настай, бельги тоглогч КДБ буюу Кэвин Де Брейне хугацаанаасаа өмнө гэрээгээ дахин сунгаж, 2025 он хүртэл Этихадад үлдэхээр болсон. Сонирхолтой нь, гэрээ шинэчлэх ажилд ямар нэг төлөөлөгчийн туслалцаа аваагүй байна

    2015 онд анх Сити клубт нэгдсэнээс хойш 2018 онд байгуулсан таван жилийн гэрээ 2023 онд дуусах байсан ч ийнхүү багтайгаа тохиролцоонд хүрч дахин дөрвөн жил хүчин зүтгэхээр болсон байна.

    Гэрээгээ сунгаж чадсандаа бахархаж байна. Миний хувьд замналдаа хамгийн удаан тоглож буй клуб Манчестер Сити бөгөөд гэр шиг миг санагддаг болсон. Нас маань ч хөлбөмбөгчний хувьд оргил үе дээрээ байна. Надад итгэж гэрээгээ сунгасанд баяртай байна бас манай гэр бүл их бахархаж байгаа. Энэ шийдвэрийг гаргахад надад хүндрэлтэй байгаагүй ээ…

    Кевин Де Брейнегийн ярилцлагаас

    Тэгвэл энэ гэрээний дараа Сити клубийн ойрын ирээдүйг дараах тоглогчид тодорхойлохоор болж байна.

    Манчестер Ситигийн гол тоглогчдын гэрээний хугацаа

    ГЭРЭЭНИЙ АРД ЮУ БОЛОВ?

    Өмнө дурдсанаар гэрээ байгуулах явцад мэргэжлийн төлөөлөгч оролцоогүй. КДБ болон түүний аав, өөрийн хуульч нар голлосон ба Рок Нэшн хэмээх реппэр Жэй Зигийн байгуулсан урлаг, спортын оддыг дэмждэг агентлагийн зөвлөгөөг алсаас авчээ.

    Харин үнэлгээний тухайд хөлбөмбөгчдийн дата шинжилгээний Аналитикс ФС компанитай хамтарч өөрийнхөө Манчестер Сити клубт үзүүлж буй нөлөөг хэмжиж, тооцоолсоноор гэрээний үнийн дүнг багцаалжээ.

    Тодруулбал: Аналитикс ФС системд багтах ТрансфэрЛаб хэсэг нь тоглогчдын үзүүлж буй статистик мэдээллүүдийг шинжилж, зах зээлийн үнэлгээ тогтоох, аль баг тухайн тоглогчид илүү тохирох гэх мэт шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үр дүнг таамаглан гаргадаг байна. Яг л хөрөнгийн зах зээл, крипто болон форэксийн платформууд шиг.

    Үүгээр тооцоолж үзэхэд КДБ-гийн Ситид үзүүлж буй нөлөө 30 хүртэл хувь өсөх боломжтой гэж гарчээ. Энэ нь түүнд гэрээний дүнгээ 30 хувь хүртэл өсгөх боломж буйг илтгэсэн бололтой. Илүү сонирхолтой нь түүнд хамгийн сайн тохирох клубээр Ситиг нэрлэсэн нь шийдвэрээ эцэслэхэд шууд нөлөөлсөн гэж болохоор байна.

    Analytics FC системийн тухай товчхон

    Үүнтэй төстэй өөр нэгэн жишээ гэвэл Мэмфис Дэпай 2016 онд СкиСпортс хэмээх бас нэг дата тооцооллын компанитай ажилласны үр дүнд Манчестер Юнайтедаас Францын Лион клуб рүү шилжиж байжээ. Системээс түүнд таван клуб санал болгосон байна. Харин Дэпай лавшруулан илүү чөлөөтэй довтолж, бүтээлч тоглох боломжийг нь харахад Лион клуб үлджээ. Ийнхүү Францад ирсэнээсээ хойш 70 гаран гоол оруулаад байгаа ажээ.

    Тэгэхээр цаашид өндөр төлбөртэй төлөөлөгчийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, компаниудаас тоглогчид татгалзаж, дата тооцооллын системтэй нөхөрлөх болов уу, яах бол?

      ЕАШТ-2020 арван хоёр өөр улсад болно

      Хөлбөмбөгийн ЕАШТ цар тахлын улмаас бүтэн жил хойшилсоны эцэст энэ оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ны хооронд буурал тивийн 12 улсын 12 цэнгэлдэхэд зохион байгуулагдах болсон билээ.

      Энэ удаагийн ЕАШТ-ий нээлтийн тоглолт Италийн Ром хотын “Стадио Олимпико” цэнгэлдэхэд болно. Зургадугаар сарын 11-нд болох тус тоглолтод цэнгэлдэх 25 хувийн дүүргэлттэй явагдах болсоныг зарласан юм. Тасалбар авсан үзэгчид Италийн засгийн газраас гаргасан цар тахлын үед баримтлах дүрэм журмыг мөрдөх хэрэгтэйг анхааруулжээ.

      Энэ удаагийн тэмцээний хагас шигшээ болон шигшээ тоглолт Английн алдарт “Вэмбли” цэнгэлдэхэд болох аж. Эдгээр тоглолтууд цэнгэлдэх дүүрэн үзэгчидтэй болох магадлал өндөр байгаа юм. Учир нь Британид тахлын эсрэг вакцинжуулалтад зорилтот хүн амын талаас илүү хувь нь хамрагдсан бөгөөд засгийн газраас гаргасан төлөвлөгөө тодорхой, иргэд нь ч дуулгавартай дагаж байгаа гэнэ.

      Европын шилдэг 24 баг бүтэн сарын хугацаанд 51 тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэхүүд

      ХотЦэнгэлдэхБагтаамж
      АмстердамJohan Cruyff Arena54,990
      БакуOlympic Stadium68,700
      БухарестArena Națională55,600
      БудапештPuskás Aréna67,215
      КопенхагенParken Stadium38,065
      ГласговHampden Park51,866
      ЛондонWembley Stadium90,000
      РомStadio Olimpico70,634
      Сант ПетерсбургKrestovsky Stadium68,134
      МюнхенAllianz Arena75,000
      ДублинAviva Stadium51,700
      БилбаоSan Mamés52,332

      Бэлтгэсэн: Г.Дарханбаяр

        Ширэнгэн ойд зориулагдсан нэгэн

        АНУ-ын их сургуулийн цуцлагдсан тэтгэлэг, “ВфБ Штутгарт”-д зээлээр тоглосон нэг жил, бэртэл гэмтлийн асуудлыг ашиглаж өөрийгөө таниулсан цаг хугацаа гээд л Натаниэл Филлипсийн “Ливерпүүл”-ийн гараанд гарах зам тийм ч дардан байгаагүй.

        “Ливерпүүл” клубын туслах дасгалжуулагч Эрик Линдерс саяхан клубын албан ёсны вэбсайт дээр өгсөн ярилцлагадаа “Хэрэв би ширэнгэн ойд амьд үлдэх ёстой байсан бол хамт явах эхний хоёр хүн нь Натаниэль, Майлли байх болно. Жеймс Милнер бол 35 настай, туршлагатай, замналдаа ихийг үзсэн дайчин эр. Натаниэл Филлипс үү? Түүнд арслангийн зүрх байдаг” гэж хэлжээ.

        Залуу хамгаалагчид


        Английн “Ливерпүүл”-д Виржил ван Дайк, Жо Гомес, Жоэл Матип нарын шилдэг хамгаалагч бий. Гурвуулаа хэдэн долоо хоног, зарим нь бүтэн улирал дуустал тоглохгүйгээр хүнд бэртэж багтаа тусалж чадахгүй болсон билээ. Тус багийн дасгалжуулагч Юрген Клопп хамгаалалтын байрлалд 20 гаруй хослол гарган туршиж үзсэн ч амжилттай болоогүй. Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө уналтад орсон “Шалке 04” клубээс залуу хамгаалагч Озан Кабакыг зээлээр авч , сэлгээнд банз халааж байсан Натаниэл Филлипсд итгэл хүлээлгэн шинэ хамгаалалтын хослол гаргаснаар тэдний хамгаалалт тогтворжсон билээ.

        Тэтгэлгийн оронд “Ливерпүүл”-ийг сонгов

        Ливерпүүлээс зүүн тийш 45 минутын зайд орших Болтон хотод төрсөн Н.Филлипс “Болтон Уондерерс” багийн залуучуудын багт хэсэг тоглож байсан. Харамсалтай нь, клубын удирдлага түүнийг мэргэжлийн хөлбөмбөгчин болох ирээдүйгүй гэж үзсэнээр 19 настай залуу хүү 2016 онд АНУ-ын Шарлотт хотын Хойд Каролинагийн их сургуульд тэтгэлэгээр суралцах шийдвэр гаргажээ.

        АНУ руу явахаар төлөвлөсөнөөс хоёр хоногийн өмнө “Ливерпүүл” түүнтэй холбогдож нөөц багт тоглох гэрээ санал болгов. Н.Филлипс ч шууд зөвшөөрч тив алгасан нисэх өдрөө гэрээнд гарын үсэг зурснаар Англидаа үлджээ. “Ливерпүүл”-ийн нөөц багт гурван жил тоглоод 2019 онд “Штутгарт” руу зээлээр очлоо.

        “Штутгарт”-аас “Ливерпүүл”-ийн гараанд


        Н.Филлипс “Штутгарт”-ын төвийн хамгаалалтад тогтмол тоглож байсан боловч өнгөрсөн оны нэгдүгээр сард үндсэн багтаа түр хугацаагаар дуудагдлаа. “Ливерпүүл”-ийн тоглогчид ээлж дараалан бэртсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

        Н.Филлипс ч “Ливерпүүл”-ийн төлөөх дебютээ Английн цомын тэмцээнд заналт өрсөлдөгч “Эвертон”-ы эсрэг хийж баг нь 1:0-ээр хожсон юм. Гэхдээ үндсэн багтаа удсангүй улирал дуустал “Штутгарт”-д үлдэхээр болжээ.

        “Баг маань аварга авах нь нэгэнт тодорхой болсны дараа би “Штутгарт”-ын бэлтгэлдээ явж байхдаа “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй ” дууг дуулж явсан. Би залууст цагаахнаар атаархаж, хэзээ нэгэн цагт тэр сайхан мэдрэмжийг авахыг хүсэж байлаа” гэж Натаньел дурссан байдаг.

        Зээллэгээс эргэн ирсэн ч Филлипс үндсэн багаасаа явах талаар эргэцүүлж байхад Английн зарим багууд сонирхож байв. Эцэст нь багтаа үлдсэн боловч бэлтгэлийн үеэр ноцтой бэртэл авчээ. Үүний уршгаар улирлын эхний хагаст сэлгээнээс цөөн хэдэн тоглолт хийж багтаа улам бүр ууссан бол оны шинэ оны эхнээс л гараанд гарах болжээ.

        Түүний сайн тоглолтыг хөгжөөн дэмжигчид ч анзаарч өнгөрсөн гуравдугаар сарын клубын шилдэг тоглогчоор тодруулсан билээ.


        “Түүний өдрөөс өдөрт үзүүлж байгаа тоглолт итгэмээргүй сайн байгаа. Яг зөв зүйлийг зөв цагт нь хийж чаддаг, агаарын тулаанд яг мангас шиг л гэсэн үг. Магадгүй Н.Филлипс хуучны Англи хэв маягаар ирсэн бөмбөгийг хол цөлж явуулахыг илүүд үздэг. Үүнийг хамтрагч Кабакаас илүү олон удаа хийсэн байх. Техникийн хувьд хамгийн сайн нь биш ч гэлээ анхаарал төвлөрүүлж байгаагаар хэнээс ч илүү. Энэ улирлын турш ноцтой алдаа олон гаргаагүй” багийн менежер Ю.Клопп ярилцлагадаа хэлсэн юм.

        Филлипс энэ улиралд аль хэдийн 111 удаа агаарын тулаанд ялалт байгуулж хамтрагчаасаа хоёр дахин илүү байгаагаа батлан харуулсан билээ. “Тэр бусад тоглогчид хөлөө ч явуулахгүй газарт толгойгоороо тоглодог” гэж туслах дасгалжуулагч Пепин Лийндерс хошигнож байв.

        Түүний гэрээ 2023 он хүртэл үргэлжлэх боловч одоогоор бэртэлтэй байгаа гурван төвийн хамгаалагч нь эргэн ирвэл тоглох магадлал эрс буурах магадлалтай. Үүнээс гадна “Ливерпүүл” клуб “Лейпциг”-ийн Ибрахима Конате авах талаар шуум сонсогдож буй. Залуухан, авьяаслаг франц хамгаалагчийг багтаа авчирвал Н.Филлипсийн Улаанууд дахь ирээдүй бүрхэг болох юм. Тогтвортой тоглолтоороо шагшигдаж буй түүнийг багтаа авчрах хүсэлтэй олон менежер бий болов уу.

        Аваргуудын лигийн эрхийн төлөөх тулаан үргэлжилсээр

        Английн “Челси” клуб өнгөрсөн долоо хоногт Сэм Алардайсын “Вэст Бромвич Албион”-д 2:5 харьцаатайгаар бут ниргүүлсэн билээ.

        Харин энэ удаад Томас Тухелийн залуус заавал хожих даалгавартай гарч ирсэн юм. Германы Бундеслигээс ирсэн немц тоглогч Кай Хавертц, америк залуу Кристиан Пулишич нар онцгойрлоо. Хаверц найм дахь минутад гоолын салхийг хагалсан бол, ердөө хоёр минутын дараа түүний дамжуулалтаар Пулишич тооны харьцааг холдуулав. Улмаар эхний хагасын 30 дахь минутад хамгаалалтын ноён нуруу Курт Зума гоолдсон юм. Харин Рой Хожсоны “Болор орд”-ны залуусаас бельги довтлогч Кристиан Бендекэ 63 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулжээ. Харин 78 дахь минутад өнөөх Пулишич гоолдож “Болор орд”-ны залуусын эргэн ирэх хүсэл зоригийг бүрмөсөн үгүй хийв. Ийнхүү угсаатнууд маш чухал хожил байгуулж, гэзэг даран нэхэж байгаа Юргэн Клоппын залуусаас хоёр онооны дээр бичигдэж байна.

        Тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Кай Хаверц өнгөрсөн оны аравдугаар сараас хойш лигт анхны гоолоо хийжээ. Сүүлд хэвлэл мэдээллээр олон удаа  шүүмжлүүлсэн тэрбээр тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний байрлалд олон гоол оруулах боломж бий. Харин өнгөрсөн хугацаанд тийм боломж ч надад хангалттай олдоогүй .Харин энэ тоглолтод боломж их гарлаа. Бүр хоёр ч гоол нэмж оруулах боломж гарсан ч ашиглаж чадаагүй. Гэхдээ үр дүнд сэтгэл хангалуун байна” гэж ярьжээ.

        Харин энэ улиралд гол хамгаалагчдаа бэртэлд алдсанаас хойш алдарт “Энфилд” цэнгэлдэхдээ найман тоглолт хожил аваагүй Юрген Клоппын “Ливерпүүл” клуб “Астон Вилла”-г 2-1 харьцаагаар хожиж “Челси”-г гэзэг даран нэхэж байна.

        Тоглолт эхлэхэд Улаануудаас ахлагч Жордан Хендерсон, Жоел Матип, Виржил Ван Дайк, Жо Гомес, Келлехар, Дивок Ориги нар гэмтэлтэй байсан бол “Астон Вилла”-гийн гол тоглогч Жек Грелиш, Уэсли нар гэмтэлтэй өнжсөн. Тоглолтын эхнээс л бөмбөг эзэмшин эсрэг багийнхаа эсрэг нэлээд боломж үүсгэж байлаа. Харин зочин баг сөрөг довтолгоо хийж гоолын боломж хайж байв. Тоглолтын эхэнд Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарретт Саутгетийн анхааралд өртсөн Тайрон Мингс бүдүүлэг алдаа гаргаж бөмбөгнөөсөө зөрсөн ч египет довтлогч Мохаммед Салах сайхан боломжийг ашиглаж чадаагүй. Үүнээс нэг их удалгүй Роберто Фирминогийн оруулсан гоолыг шүүгч бичлэг үзсэний эцэст тооцоогүй. “Бирмингхэм”-ээс ирсэн зочид бөмбөг таслан сөрөг довтолгоогоо хийж, тэр нь ч амжилттай болж тоглолтын 43 дахь минутад Олли Уоткинсийн оруулсан бөмбөгөөр хошуучилж эхлэв. Харин Улаанууд эсрэг багийнхаа нягт хамгаалалтыг эвдэхээр олон довтолгоо зохион байгуулсаны эцэст жигүүрийн хамгаалагч Робертсоны алсын хүчтэй цохилтыг Мартинэс дутуу зайлуулахад Салах зөв газраа зөв цагтаа мөргөж тоог тэнцүүлэв. Түүний дараа Салахын нутгийн довтлогч Трезегет Олли Уоткинсын дамжуулалтыг хүлээн авч, хөлийн гадар хэсгээр хүчтэй цохиж хаалганы шонг онож нэлээн сандаргасан. Улаанууд сэлгээгээр Шакириг оруулж ирэн довтолгоог улам эрчимжүүлсний үр дүнд тоглолтын 90+1 минутад Трент Александр Арнолдын хожлын гоолоор маш чухал гурван оноогоо халааслав.

        Луис Суарез “Ливерпүүл”-д буцаж ирэх үү

        Луис Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Атлетико Мадрид”-ыг орхиж хуучин баг болох “Ливерпүүл”-дээ эргэн очих хүсэлтэй байгаа талаараа Испанийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
        Уругвай довтлогч “Атлетико Мадрид”-д очсон эхний улиралдаа 19 гоол оруулж баг нь лигээ тэргүүлж байсан боловч аргентин дасгалжуулагч Диего Симеонетай таарамжгүй харилцаатай байгаа нь багаа орхиж явахад хүргэж магадгүй гэнэ. Энэ талаар Л.Суарез “Д.Симеонегийн хөлбөмбөгийн арга барил маш их дарамт, өндөр энерги шаарддаг учраас бие махбодийн хувьд туйлдаж байна” гэж ярьжээ.
        Испанийн багтай хийсэн гэрээнд энэ зун ямар нэгэн торгууль төлөхгүйгээр түүнийг явахыг зөвшөөрч тэр ч бүү хэл MLS-ийн “Интер Майами’-д тоглох боломжтой гэж заасан хэмээн Испанийн “Тодофичажез” хэвлэлийн агентлаг мэдээлэв.

        Үүний үр дүнд Лиус Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Ливерпүүл” эсвэл “Интер Майами” клубтэй тохиролцоо хийх боломжтой гэнэ.
        Уругвай эр 2011 онд “Аяакс”-аас “Ливерпүүл”-д 22.8 саяар ирсэн бөгөөд 2014 онд “Барселона” клубтэй нэгдэх хүртлээ багийнхаа төлөө нийт 133 тоглолтод оролцож 82 гоол оруулсан юм.

        “Барселона” болон “Реал Мадрид” энэ бол дэлхийн III дайн

        Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн заналт өрсөлдөгч нарын тулаан өнөөдөр болно. Энэ бол алдарт Эл Классико, Гранд Дерби. “Барса” болон “Реал”. Уг тоглолт зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбайгаас давсан тэмцэл юм. Энэ бол спорт, улс төрийн нэгдмэл тулаан юм.

        Тэдний тэмцэл хаанаас эхэлсэн бэ?

        1936 онд Франциско Франко ардчилсан Испанийн Бүгд Найрамдах Улсын эсрэг төрийн эргэлт хийж энэ үеэр Мадридад улс төрийн асуудлаар ирээд байсан “Барселона”-гийн Ерөнхийлөгч, Каталоны Бүгд найрамдах намын гишүүн Хосеп Сунёлыг түүний цэргүүд баривчилж цаазаар авчээ. Франкогийн дарангуйллын үед каталончууд фашист маягийн дэглэмийг хүчтэй эсэргүүцсэн учир нь тэрбээр Испанийн бүх бүс нутгийн хэл, таних тэмдгийг үзэн яддаг байснаас үүдэн каталан хэлээр ярихыг хуулиар хориглосон юм. Энэ үед Каталон үндэстний эрх чөлөө, үзэл санааны илэрхийлэл нь “Барселона” клуб байжээ. Иймээс тэд “Més que un club” буюу “клубээс ч эрхэм” гэх уриатай болсон байдаг. Харин энэ үед Мадрид хотын баг Кастиль үндэстэн болон Франкогийн фашист дэглэмийн үзэл санааны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болж байлаа.

        1943 оны Испанийн цомын тэмцээний хагас шигшээд тэд хоорондоо таарч эхний тоглолт Каталон дахь “Барселона”-гийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэнд болоход тэд 3:0-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Гэхдээ хариу тоглолтын үр дүн итгэмээргүй байсан ба Реал 11:1-ийн харьцаатайгаар илүүрхжээ. Уг тоглолтын өмнө “Барса”-г хожигдохыг Франко тушааж, сүрдүүлсэн мөн шүүгч хэт Реалын талд шүүж тэдний бохир тоглолтыг дэмжсэн гэх олон таамаг байдаг. Гэхдээ эдгээр мэдээллийн аль нь ч нотлогдоогүй тул ОУХХ (FIFA) болон ЕХХ (UEFA) уг үр дүнг хууль ёсны гэж үздэг байна.

        Үүний дараа тухайн үеийн сүпер од Альфредо Ди Стефано “Барселона” клубтэй гэрээ байгуулсан ч Засгийн газрын оролцоотойгоор гэрээг цуцалж Эзэн хааны клубтэй гэрээ байгуулсан нь тэмцлийг улам хурц болгосон түүхтэй.

        Хоёр багийн түүхэн статистик

         БарселонаРеал МадридТэнцээ
        Бүх цаг үе/тоглолт/11510162
        Албан ёсны/тоглолт/969752
        Лигийн хүрээнд727435
        Цомын тоо9695 
        Хамгийн их гоол оруулсан тамирчинЛионел Месси/26/Альфредо Ди Стефано, Кристиано Роналдо /18/ 

        Дэлхийн хамгийн арвин түүхтэй хоёр багийн гал гарсан, ганган нэгэн тулаан эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Энэ тоглолтод “Реал”-ын зүгээс багийн ахлагч Серхио Рамос, Рафаель Варане, Эден Азар зэрэг гол тоглогчид нь оролцохгүй бол “Барса”-гаас Ансу Фати болон Филиппе Коутиньо нар тоглох боломжгүй.

        Каталоны клуб он гарсаар дотоодын лигийн хүрээнд хожигдоогүй бол Эзэн хааны баг бүх тэмцээний хүрээнд 12 тоглолтод ялагдал амсаагүй мөн Аваргуудын лигийн гайхалтай гүйцэтгэлийн дараагаар энэ тоглолтод тулж ирлээ. Уг тоглолтыг SPS National суваг шөнийн 3:00 цагаас Монгол орон даяар албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаагаа шууд дамжуулан хүргэнэ.

        Бүх цаг үеийн  279 дэх, албан ёсны 246 дахь ногоон талбайн сонгодог тулаан . Чи цом алдаж болно. Гэхдээ тэднийг л хожих ёстой.  Эл Классико бол энгийн нэг тулаан биш. Энэ бол Дэлхийн III-р дайн. Шүгэл дуугархад дэлхий зогсож, хүн төрөлхтөн хоёр хуваагдана. “Барса” юу? “Реал” уу? “Альфредо Де Стефано”-д тавтай морил!!!

        Б.Цогтбаяр

        Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Шүйчи Масэ томилогдлоо

        Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Японы Шүйчи Масэ томилогдлоо. Өдгөө 47 настай довтлогч асан Ш.Масэ 2023 оны нэгдүгээр сарын 31-нд хүртэл Монголын насанд хүрэгчдийн шигшээ болон 23 хүртэлх насны залуучуудын багийг удирдах аж.

        Японы хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ш.Масэ манай улсад дасгалжуулагчаар ажиллах болжээ.

        Энэ талаар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Японы хөлбөмбөгийн холбооны захирлуудын зөвлөлийн цахим хурлаар зарласан юм.

        Ш.Масэ 2006 оноос “Жэфф Юнайтед Чиба” багийн дасгалжуулагч Ивица Ошимын хэлмэрч, дасгалжуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улмаар “Фагиано Окияама”, “Токио Верди” багт туслах дасгалжуулагчаар ажиллаад “Акита Блаублиц”, “Эхимэ ФС”-д ахлах дасгалжуулагчаар томилогдож байв. Хамгийн сүүлд “Акита Блаублиц” багийн спорт хариуцсан тэргүүнээр ажилласан аж.

        Тэрбээр Ниппон Спортын шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд 1997-2000 оны хооронд Хойд Америкийн лигт довтлогчоор тоглосон. Зодог тайлаад багагүй хугацаанд Хорватад амьдарсан нь хожим Ивица Ошимын хэлмэрч хийхэд тус болжээ. Англи, Испани, Хорват, Португал хэлээр ярьдаг аж.

        Растислав Бозик

        Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны есдүгээр сараас хойш ажилласан словак мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээний хугацаа хэдхэн хоногийн өмнө дуусаж ажлаа өгсөн билээ. Тэрбээр Японоос шууд нутагтаа буцсан юм.

        Ирэх зун тэсрэх залуус

        Цар тахалтай холбоотойгоор нэг жил хойшилсон XVI удаагийн хөлбөмбөгийн ЕАШТ хаяанд ирлээ. Өмнөх тэмцээнээс ялгаатай нь нэг улсад бус буурал тивийн 12 оронд тоглолтууд болох юм. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа ордог тус тэмцээнд энэ жил шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Энэхүү тэмцээнд олон залуучууд өөрсдийгөө хэн бэ гэдгийг дэлхий дахинд харуулахыг хүсч буй.

        Лерое Сане (25 нас, Герман)

        Германы шигшээ багийн ирээдүй гэгдэх Л.Сане дөрвөн жилийн өмнө ЕАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан ч залуу тоглогчийг талбайд нэг их ашиглаагүй. Үүний дараа 2018 оны ДАШТ-ий урьдчилсан бүрэлдэхүүнд дуудагдсан боловч үндсэн багтаа багтаж чадалгүй гэрийн зүг буцаж байлаа. Харин энэ удаад 25 настай герман залууд боломж олгох болов уу.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб35811210470 сая евро
        Шигшээ 28641738 
        Энэ улирлын үзүүлэлт

        Ферран Торрес (21 нас, Испани)

        Энэ улирлаас Английн “Манчестер Сити”-д Пеп Гуардиалогийн удирдлага дор тоглох болсон Ф.Торрес ур чадвар нь өдрөөс өдөрт өсөж байгаа юм. Шигшээ багийн дасгалжуулагч Луис Энрикэгийн баруун жигүүрийн эхний сонголт болсон тэрбээр урьдчилсан шатанд сайн тоглож Германы эсрэг хет трик хийсэн юм.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб2983167550 сая евро
        Шигшээ1060670 
        Энэ улирлын үзүүлэлт

        Федерико Киеса (23 нас, Итали)

        Энэ улирлын нээлт болсон залуу бол Федерико Киеса. Түүний хувьд “Ювентус” клубын гол тоглогчдын нэг болж Андре Пирлогоос итгэл хүлээж чадсан билээ. Шигшээ багтаа ч клубын сайн формоо үзүүлж чадах эсэхэд эргэлзэх хэрэггүй болов уу.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб381310259360 сая евро
        Шигшээ24151366 
        Энэ улирлын үзүүлэлт

        Фил Фоден (20 нас,Англи)

        “Манчестер Сити” клуб энэ улиралд үнэхээр супер тоглолт үзүүлж буй. Энэ амжилтын гол түлхүүр нь Фил Фоден юм. Өдгөө 20 настай англи залуугийн зах зээлийн үнэлгээ нь 70 сая евро болж өссөн ба мэргэжилтнүүд түүнийг хөлбөмбөгийн дараагийн арван жилийг тодорхойлох залуу хэмээн үнэлж байна.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб39129261570 сая евро
        Шигшээ622398 
        Энэ улирлын үзүүлэлт

        Деян Кулушевски (20 нас,Швед)

        Андре Пирлогийн удирдлага дор энэ улиралд “Ювентус”-ыг тааруухан тоглож байгаа ч нэг бус залуу авьяастныг тодруулсан. Тэдний нэг бол Деян Кулушевски. “Хөгшин хадагтай” нарын ирээдүй гэгдэх тэрбээр довтолгооны олон байрлалд тоглох чадвартай ба хурд, биеийн хүч нь давуу тал болдог аж.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб3754221445 сая евро
        Шигшээ1110616 
        Энэ улирлын үзүүлэлт

        Озан Кабак (21 нас, Турк)

        Өвлийн наймааны цонхоор “Ливерпуль”-д ирсэн 21 настай турк хамгаалагч яах аргагүй энэ жагсаалтад багтах тоглогчийн нэг. Юрген Клоппын удирдлага дор очиж, тус клубын гарааны тоглогчид бэртэлтэй хугацаанд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан түүнийг тивийнхээ аваргаар гялалзах оддын нэгээр нэрлэж байна.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб2300204025 сая евро
        Шигшээ 1000675 
        Энэ улирлын үзүүлэлт

        Доминик Собослай (20 нас, Унгар)

        Унгарын шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсон түүний зах зээлийн үнэ 25 сая евро. Гэхдээ энэ үнэ тивийн аваргын дараа өсөх боломжтой. Бэртэл гэмтлийн улмаас олон тоглолтод оролцож чадаагүй ч тоглох бүртээ эсрэг багтаа аюул тарьдаг нэгэн.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб22911165725 сая евро
        Шигшээ1230905 
        Энэ улирлын үзүүлэлт

        Александер Исак (21 нас, Швед)

        Испанийн “Реал Сосьедад” клубт данстай А.Исакийг Шведийн шигшээ багийн гарааны довтлогчоор тоглоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь Маркус Берг болон Златан Ибрахимович нарын нас ахиж бүтэн 90 минутын турш талбайд гарах нь эргэлзээтэй. Исак ч энэ боломжийг ашиглаж чадна гэдгээ урьдчилсан шат болон клубдээ хийсэн сайн тоглолтоор харуулж буй.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб34122 223530 сая евро
        Шигшээ2060937 
        Энэ улирлын үзүүлэлт

        Ансу Фати (18 нас, Испани)

        Испанийн алдарт “Барселона” клубын “Ла Масиа” академиас гарч ирсэн залуу авьяастаны Лионел Мессигийн дараа багийн лидер тоглогч болно гэж итгэл хүлээлгэж буй. Харамсалтай нь, гэмтлийн улмаас санаанд хүртлээ тоглож чадахгүй яваа. Гэхдээ Давид Вилла, Фернандо Торрес нараас хойш довтлогчийн асуудалтай байгаа Испанийн шигшээ багт тэр тун хэрэгтэй нэгэн юм.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб105459680 сая евро
        Шигшээ411249 
        Энэ улирлын үзүүлэлт

        Деклан Райс (22 нас, Англи)

        Английн шигшээд Стивен Жеррард, Фрэнк Лампард нараас хойш дунд шугамд онцгой авьяастан тодроогүй удсан. Олон том багийн хараанд өртөөд буй Д.Райсыг ирэх Европийн аваргаар хэрхэн тоглох бол гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд өндөр байна. Ямартай ч Английн шигшээд дараагийн 10 жилд дундын шугам дээр төлөөлөх хамгийн боломжтой залуу гэвэл түүнийг хэлнэ.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Клуб3211291060 сая евро
        Шигшээ 15111286 
        Энэ улирлын үзүүлэлт

        Мэйсон Маунт (22 нас, Англи)

        Өнгөрсөн улиралд өөрийгөө таниулж чадсан Мэйсон Маунт шигшээ багтаа дарийн утаа үнэрлэх юм. Фрэнк Лампардын итгэлийг алдаагүй тэрбээр Гарет Соутгэйтийн удирдлага дор хэрхэн тоглох нь олны анхаарлыг татаж байна. Залуухан бүрэлдэхүүнтэй Английн шигшээгийн бас нэгэн нууц хөзөр нь тэр байх болно.

         ТоглолтГоолДамжуулалтМинутЗах зээлийн үнэ
        Энэ улирал клубын түвшинд4076304160 сая евро
        Шигшээ багийн төлөө1642863 
        Энэ улирлын үзүүлэлт

        Б.Цогтбаяр

        Пеп Гуардиола: Mагадгүй тэр Хааландын фен байх

        Өнгөрсөн шөнө Этихад цэнгэлдэхэд “Mанчестер Сити” болон “Боррусиа Дортмунд”-ын ширүүхэн тулаан өрнөлөө. 2:1-ээр талбайн эзэд давуутай дууссан уг тоглолтын дараа талбайн туслах шүүгч “Хар шарууд”-ын залуу од Эрлинг Хааландаас гарын үсгээ өгөхийг хүссэн байна.

        Энэ талаар сэтгүүлчид “Mанчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагаас тодруулахад “Mагадгүй тэр Хааландын дэмжигч байж болох юм. Тэр өөрийн хүүдээ эсвэл охиндоо ч өгөхийн тулд авсан ч байж магадгүй. Өмнө нь шүүгч ямар нэгэн тоглогчоос гарын үсэг авахыг би харж байгаагүй ч хамгийн гол нь тэр талбай дээр ажлаа сайн хийсэн.” гэж ярьжээ.

        https://twitter.com/RobHarris/status/1379549807916748802

        Английн Премьер лигт Хотынхон 74 оноогоор тэргүүлж буй Гуардиолагийн шавь нарт дөрвөн цом авч, түүхэн амжилт тогтоох боломж байгаа ч Аваргуудын лигт түрүүлэх хэцүү даалгавар юм.

        Гуардиола Барселонагийн хамтаар энэ тэмцээнд хоёр удаа түрүүлсэн ч Ситигийн хамтаар шөвгийн наймын шатнаас цааш шалгарч чадаагүй билээ.

        “Боруссиа Дортмунд” Санчо дээр санал сонсоно

        “Боруссиа Дортмунд” клубын гүйцэтгэх захирал Ханс Йохан Ватцке багийн хоёр гол тоглогчоо хамтад нь авч үлдэхэд төвөгтэй байгаа талаар хэвлэлд ярьжээ.

        “Боруссиа Дортмунд” ирэх улиралд норвеги довтлогч Эрлинг Хааландийг авч үлдэх төлөвлөгөөтэй байгаа ч Жейдон Санчогийн төлөө онцгой санал сонсох болно Ватцке онцолсон юм.

        Энэ улиралд “Вестфаленстадион” цэнгэлдэхэд гайхалтай тоглолт үзүүлж байгаа Э.Хааландыг Европын олон шилдэг клуб сонирхож байна.

        Ватцке “Манай клуб норвеги хүүг зарах талаар огт бодож үзээгүй, харин Санчо дээр санал сонсохоос татгалзахгүй” гэж ярилаа.

        Тодруулбал, Английн “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, “Челси”, “Ливерпүүл” клуб Эрлингийг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Францын “ПСЖ”, Италийн “Ювентус” зэрэг томчууд 20 настай залуу одыг ирэх зун багтаа авахаар өрсөлдөж байна.