Category: Видео

Үндэсний шигшээ баг ирэх тоглолтуудад бэлэн

“Катар – 2022” ДАШТ болон 2023 онд зохиогдох ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг Тажикстан болон Японы шигшээ багтай тоглох хуваарьтай учир, богино хугацаанд, чанартай бэлтгэл хийхээр 2 сарын 28-нд Турк улсыг зорьсон. Манай шигшээ баг ийнхүү 3 долоо хоногийн турш Турк улсын Анталъя хотноо бэлтгэлд гарч, өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хийлээ. Энэ хугацаанд шигшээ баг Украйн, Турк болон ОХУ-ын багуудтай нийт 5 удаагийн нөхөрсөг тоглолтод орсон. Энэ нь ч 2 жилийн турш ОУ-ын тоглолтод оролцоогүй, өнгөрсөн оны 10 сараас хойш албан ёсны тоглолт хийгээгүй манай багийн хувьд тун чухал байлаа.

https://youtu.be/jEGaKHXgYgE

Растилав Бозик хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Турк улсаас мэндчилж байна.

Бид дөнгөж сая байрласан бэлтгэлээ дуусгалаа. Харин маргааш өглөө гэхэд бид Душанбе уруу явна. Тоглогчдын хувьд ерөнхийдөө бэлэн болсон. Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ачаар бид Турк улсад нөхцөл байдал сайтай, өндөр зэргийн 3 долоо хоногийн бэлтгэл хийлээ. Удаан хугацаанд тоглоогүй учраас энд удаан бэлтгэл хиймээр байлаа. Гэхдээ бид тоглолтдоо бэлэн болсон. Тиймээс шигшээ багаа дэмжээрэй. Тажикстаны Душанбе болон Японы Чиба хотод болох тоглолтуудыг үзээрэй.

Үндэсний шигшээ баг 3 сарын 25-ны өдөр Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо Тажикстаны шигшээ багтай тоглох бол 3 сарын 30-ны өдөр Японы шигшээ багтай тоглолтоо хийж 4 сарын 1-нд эх нутагтаа газардана.

Н.Цэдэнбал хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч
Үндэсний шигшээ багтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно. Мөн үзэгч та бүхэн цахимаар Монголын Хөл Бөмбөгийн Холбооны албан ёсны хуудсаас мэдээллүүдийг авах боломжтой. ХОЖЛЫН ТӨЛӨӨ БАГАА ДЭМЖЬЕ.

“Үндэсний шигшээ багийн өдөр”

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АНХНЫ ОНООГОО АВСАН 20-Н ЖИЛИЙН ОЙН ӨДӨР

Монголын шигшээ баг 2001 оны 2-р сарын 19-нд ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа оролцон Бангладешийн багтай 2:2-оор тэнцэж ДАШТ-ээс анхны оноогоо авч байсан билээ. Монгол улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцсон И.Отгонбаяр дасгалжуулагчаар удирдуулсан шигшээ багтай холбоотой 10-н баримтыг хүргэж байна.

  1. Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн анхны ДАШТ оролцох эрхийн төлөөх тэмцээн
  2. Саудын Араб, Вьетнам, Бангладер улсуудтай нэг хэсэгт таарсан
  3. Хэсгийн сүүлийн тоглолтонд Бангладешийн шигшээтэй 2:2 тэнцсэнээр ДАШТ шалгаруулалтаас анхны оноогоо авч байсан
  4. ОУХМ Д.Батзориг, МУГТ Б.Буман-Учрал нар гоол оруулсан
  5. 2018 оноос уг тоглолт болсон өдөр буюу хоёрдугаар сарын 19-нийг “Үндэсний шигшээ багийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх болсон
  6. Шигшээ багийн дасгалжуулагчаа И.Отгонбаяр, багийн ахлагчаар Б.Буман-Учрал нар байсан
  7. Шигшээ багийн дундаж нас 27.1 байсан
  8. 2000 оны Азийн цомын урьдчилсан шатны тэмцээний үеэр нэгэн Солонгос байгууллага бэлэглэсэн өмсгөлийг өмсөж байжээ. Уг өмсгөлтэйгээр Монгол улсын шигшээ баг хоёр жил тэмцээнд оролцсон аж
  9. Нийт 20 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс гээд 25 хүний бүрэлдэхүүнтэй очиж байсан
  10. Шигшээ баг галт тэрэг, усан онгоц, агаарын онгоц, автобусаар гэгчлэн таван хоногт таван улсыг дамнан зорисон газраа очиж байжээ.

Эх сурвалж: МХХ

Украин залуус дэлхийн аварга боллоо (видео)

u20 буюу 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д украинчууд түрүүллээ.

Польш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын финалд өмнө нь медаль хүртэж байгаагүй Украин болон БНСУ-ын залуус тунаж үлдсэн билээ.

Тоглолт эхлээд ердөө тав дахь минутад торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон өмнөд солонгосчууд боломжийг алдалгүй ашиглаж, И Кан Ин эхний гоолыг оруулсан. Гэхдээ украинчууд бууж өгсөнгүй. “Динамо Киев”-ийн довтлогч Владислав Супряга дараалан хоёр гоол оруулснаар тэргүүлэгчийн байр өөрчлөгдсөн. Улмаар тоглолтын 89 дахь минутад Георгий Цитаишвили тооны харьцааг холдуулснаар энэ жилийн аварга баг тодорсон юм.

Украин 3:1 БНСУ

Украин залуус өмнө нь тус тэмцээнд шөвгийн 16-гаас хэтэрч үзээгүй аж. Түүнчлэн хуучнаар ЗХУ-аас салсанаас хойш Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан томоохон тэмцээнд анх удаа түрүүлж байна.

Харин БНСУ-ын хөлбөмбөгчид шар тивээс үзүүрлэсэн хоёр дахь баг боллоо. Өмнө нь Японы шигшээ баг 1999 онд Испанитай аваргын цомын төлөө хүч сориод, 4:0-ээр хожигдсон билээ. Гуулин улсын хөлбөмбөгчид 1983 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа шинэчилсэн.

И Кан Ин

Тус тэмцээний шилдэг тоглогчоор БНСУ-ын болон Испанийн “Валенсиа” клубийн И Кан Ин шалгарлаа. Шилдэг хаалгачаар Укрианы шигшээ болон Испанийн “Леганес” клубийн Андрей Лунин тодорсон юм. Мэргэн буучаар Норвегийн шигшээ болон Австрийн Эрлинг Холанд 9 гоолоор тодров. Э.Холанд Хондурасын эсрэг тоглолтод бүх гоолоо оруулсан билээ.

Арабын Нэгдсэн Эмиратын хөгжөөн дэмжигчид “орк зан” гаргав (видео)

Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Түүхэндээ анх удаа энэ шатанд өрсөлдсөн Катар, талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмират багийн тоглолт 4:0-ээр өндөрлөв.

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах даалгавартай катарчууд түүхэн амжилтаа бичиж байна. Тэд талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмиратыг 4:0-ээр бут ниргэж, анх удаа Азийн аваргын шигшээд шалгарлаа. Гэхдээ энэ тоглолтын үр дүнгээс илүү анхаарал татсан үйл явдал нь катарчуудын хоёр дахь гоолын дараа Арабын Нэгдсэн Эмиратын бухимдсан хөгжөөн дэмжигчид талбай руу гутал, усны сав “нүүлгэж” уураа гаргасан юм.

Ойрхи Дорнодод гутал шиднэ гэдэг хамгийн хатуу доромжлол гэсэн үг. Гутал бол хүний өмсдөг хамгийн бохир зүйл гэж тэд үздэг юм. Харин Катарын шигшээ багийн дасгалжуулагч, испани мэргэжилтэн Феликс Санчес шавь нар нь сэтгэл хөдлөлөө дарж, ямар нэг зүйл хийгээгүйд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ази тивийн АШТ-ий финалд Япон, Катар өрсөлдөх болсон юм. Энэ тоглолт хоёрдугаар сарын 1-нд, 22:00 цагаас эхэлнэ.

“Лусаил” цэнгэлдэх хүрээлэнг танилцууллаа

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тэмцээн зохиогдох гол цэнгэлдэхийн загварыг танилцууллаа. Уг ДАШТ-д ашиглах цэнгэлдэхүүдээс хамгийн том буюу 80 мянган хүний суудалтай “Лусаил” цэнгэлдэх хүрээлэн юм.

Нийслэл Дохагаас 15 км зайд орших уг цэнгэлдэх хүрээлэн шинээр баригдаж буй дагуул хот болох Лусаилд сүндэрлэх юм. Уг дагуул хотыг орчин үеийн Катарыг үндэслэгч Шейх Жассим бин Мохаммед Эл Танигийн дурсгалд зориулж барьж байгаа аж. Энэ эрхэм 1913 онд Лусаил хотод амьсгал хураасан юм.

Тус цэнгэлдэхийн загварыг Английн загвар зохион бүтээгчид болох “Foster + Partners” компани хариуцаж буй.

Энэ цэнгэлдэхэд ДАШТ-ий нээлт болон хаалтын тоглолтыг зохион байгуулна. Энэ цэнгэлдэхийн талаар Катарын дээд хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Эл Тавади “2022 оны ДАШТ-ий эрхийг аваад найман жил өнгөрчээ. Бид гайхамшигтай тэмцээнийг зохион байгуулна гэж амлалт өгсөн. Шинэ цэнгэлдэх маань энэ амлалтыг биелүүлэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна. Энэ цэнгэлдэх бидний өнгөрсөн үе ба ирээдүйн бэлгэ тэмдэг байх болно” гэж ярьжээ.

Мессигийн 100 дахь гоол

Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан “Барселона”, “Челси” клубийн тоглолт Леонел Мессигийн үдэшлэг болов. Тоглолтын дөнгөж гурав дахь минутад аргентин эр гоолдож, багаа салхинд гаргасан бол  үүнээс 17 минутын дараа Осман Дембеле тооны харьцааг холдуулсан. Улмаар 63 дахь минутад Месси 100 дахь гоолоо оруулсан хоёр дахь тоглогч болов. Түүнчлэн “Барселона” клуб 11 жил дараалан Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Л.Месси Аваргуудын лигт анхны гоолоо 2005 онд Грекийн “Панатинайкос” багийн эсрэг оруулсан бол 50 дахь гоолоо 2012 онд Италийн “Милан” багийн эсрэг шигтгэж байв.



Түүнээс өмнө ийм амжилтад хүрсэн тоглогч Криштиану Роналдугаас өөр үгүй. Испанийн “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн довтлогч Роналду 144 тоглолтод 100 дахь гоолоо оруулсан бол Месси 123 тоглолтод амжуулжээ.

Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч: 

117: Криштиану Роналду (Португал, Реал Мадрид)

100: Леонел Месси (Аргентин, Барселона)

71: Рауль Гонзалес (Испани, Реал Мадрид, Шальке)

56: Руд Ван Нистелрой (Нидерланд, ПСВ Эйндховен, Манчестер Юнайтед, Реал Мадрид)

53: Карим Бензема (Франц, Лион, Реал Мадрид)

50: Тери Анри (Франц, Монако, Арсенал, Барселона)