Tag: Турк

А.Миранчук Оросыг аварч, Итали хэсгээсээ гарлаа

Финланд 0:1 ОХУ

Хэсгийн шатны хоёр дахь тоглолт үүгээр эхэллээ. Эхний тоглолтдоо тэс өөр үр дүн хүртсэн хоёр баг энэ удаад харилцан адилгүй зорилго тээж талбайд гарсан нь дамжиггүй. Учир нь оросуудад зөвхөн хожил хэрэгтэй бол финландууд оноо авах нь чухал байв. Таамаг ёсоор ч тоглолт эхэллээ. Оросууд санаачлагыг авч, сул орон зайг эрэлхийлж байв. Иймдээ ч эхний хагасын төгсгөлд Италийн “Аталанта” клубын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Алексей Миранчук өөрийн ур чадварыг гайхуулж буй мэт ганган гоолыг орууллаа. Хүссэн үр дүндээ хүрсэн оросууд үлдсэн хугацаанд сайн тоглолтоо хадгалснаар эхний оноогоо авлаа. Тэд хамгийн сүүлд 2012 оны Европын аваргын нээлтийн тоглолтод Чехийг хожсоноос /4:1/ хойш анх удаа ялалт байгуулжээ.

Гоол орж буй мөч

Гоолын эзэн Алексей Миранчук “Тийм ээ. Би гайхалтай гоол оруулсан. Гэхдээ энэ тийм ч чухал зүйл биш. Бид өнөөдөр зайлшгүй хожих шаардлагатай байсан. Иймээс бүгд л маш их хичээж тоглолоо. Гурван оноогоо ч авч чадлаа. Одоо энэ эрчээ алдахгүй байх хэрэгтэй. Учир нь энд зөвхөн шилдгүүд л цугларсан. Тиймээс тоглолт бүрт сайн байх нь чухал.”

Тоглолтын эхэнд финланд залуу Жоель Поханпало хаалганы торыг мялаасан ч тооцогдоогүй билээ. Энэ талаар багийн анд Паулус Арахури “Түүнийг хэр их зайтай отонд орсныг мэдэхгүй л дээ. Гэхдээ л бид тэргүүллийг авахад ойрхон байсан шүү. Ер нь тамирчид гоол ороход асар их эрч хүчийг мэдэрдэг. Харин тооцоогүй бол тэр эрч хүчийг сорох шиг л болдог. Вар өнөөдөр бидний талд байсангүй. Гэхдээ би залуустаа сэтгэл хангалуун байна. Хэдийгээр оросууд сайн байсан ч бидэнд хожих боломж байлаа шүү дээ.”

Тоглолтын тойм

Турк 0:2 Уэльс

Тэмцээн эхлэхээс өмнө хамгийн шилдэг хамгаалалттай багийн нэгээр Турк нэрлэгдэж байлаа. Харин шүгэл дуугарсан цагаас тэд хараахан тийм байсангүй. Өмнөх тоглолтод гурван гоол алдсан тэд өнөөдөр хэрхэн хамгаалах нь сонирхол татаж байлаа. Тоглолтын эхнээс л Уэльсийн сүпер хослол болох Гарэт Бэйл, Аарон Рамси туркын хамгаалагчдыг ядах юмгүй аргалж байлаа. Энэ ч утгаараа 42 дахь минутад Гарэт Бэйлийн дамжуулалтаар Аарон Рамси салхийг хагаллаа. 

Сонирхуулахад, өмнө нь түүнийг гоолдсон тохиолдолд хэн нэгэн алдартан нас бардаг гэсэн статистик үргэлжилж байсан билээ. Гэхдээ энэ шөнө юу ч болсонгүй шүү. 

Хэсгээс гарахын тулд зайлшгүй оноо хэрэгтэй байсан туркууд үлдсэн хугацаанд бөмбөгийг илүүтэй эзэмшиж довтолж байсан ч төдийлөн аюул тарьж чадсангүй. Эсрэгээрээ Уэльсийн сөрөг довтолгоо аюултай болж байв. Иймдээ ч тоглолтын сүүлийн минутад Коннор Робертс эцсийн цэгийг тавьсан юм. Үдшийн шилдгээр багийн ахлагч Г.Бэйл тодорчээ. Гэхдээ тэрбээр энэ тэмцээний анхны 11 метрийн торгуулийн цохилт алдсан эрхэм болсон юм.

Тэрээр энэ талаар “Бид өнөөдөр хожлын төлөө талбайд гарсан. Ялалт байгуулсандаа баяртай байна. Мэдээж хэрэг би торгуулийн цохилт алсдсандаа бага зэрэг сэтгэл гонсойсон. Гэхдээ би үргэлжлүүлэн сайн тоглохыг хичээсэн. Иймдээ ч хоёр дахь дамжуулалтаа хаяж чадлаа. А.Рамсигийн хувьд тэр хэд хэдэн удаа торгуулийн талбай руу нэвтэрж орж байсан. Үүнийг нь би анзаарсан. Бидний ойлголцол сайн байлаа.”

11 метрийн торгуулийн цохилт

Энэ тоглолт ЕАШТ-ий 300 дахь тоглолт болж түүхэнд үлдлээ.

Туркын шигшээ багийн дасгалжуулагч Шенол Гүнеш “Уэльсчүүд сайн байлаа. Ялангуяа урд талын гурав нь үнэхээр үр дүнтэй байж чадлаа. Тэд хэсгээс гарах сайхан боломжтой боллоо. Харин бид тоглолтыг тааруу эхлүүлсэн. Гэхдээ бага багаар хэмнэлээ олж эхэлсэн. Үүний дараагаар олон ч боломж үүсгэлээ. Гэвч гоол оруулж чадсангүй.”

Тоглолтын тойм

Итали 3:0 Швейцарь

Энэ өдрийн сүүлийн тоглолт италичуудын давамгайллаар өндөрлөлөө. 26 дахь минутад Марко Верратиг орлон тоглож буй Мануэль Локателли Доменико Берардигийн гайхалтай дамжуулалтыг асуудалгүй төгсгөв. Гэхдээ онооны самбар дахь түүний гоол энэ хүрээд дууссангүй. Хоёрдугаар хагас эхлээд удалгүй тэрбээр торгуулийн шугамны гаднаас хаалгачийн зүүн буланд гайхалтай нэгэн цохилтоор бэлэг барьж тоог улам холдууллаа. Үлдсэн хугацаанд төдийлөн онцлох үйл явдал бололгүй тоглолт дуусах шатандаа орж байхад “Лацио” клубын довтлогч Чиро Иммобиле тэмцээний хоёр дахь гоолоо нэр дээрээ бүртгүүлж чадсан юм. Ийнхүү Роберто Манчинигийн залуус хэсгээс гарах эрхээ өвөртөллөө. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Уэльсийн эсрэг хийж хэдээр гарахаа шийдэх юм. 

Гэхдээ сайны хажуугаар саар мэдээ ч тэдэнд байлаа. Тоглолтын эхлэлд туршлагатай төвийн хамгаалагч Жоржио Кьеллинигийн гуянд зовуурь мэдрэгдсэн учир талбайг орхисон юм. Тэрээр маргааш өглөө Флоренцэд эмчийн үзлэгээр орохоор болжээ.

Тоглолтын шилдгээр Мануэль Локателли тодорсон юм. Итали залуу өмнө нь шигшээ багийн төлөө 11 тоглолтод оролцохдоо нэг гоолыг оруулж байсан бол өнөөдөр хоёрыг нэмлээ. 

Тэрбээр тоглолтын дараа “Шилдгээр нэрлэгдсэндээ баяртай байна. Гэхдээ би үүнийг багийхантайгаа хуваалцахыг хүсч байна. Учир нь бид нэг хамт олон шүү дээ. Эхний гоолыг би гэр бүлдээ зориулсан. Берардид бөмбөгөө дамжуулсны дараа би түүнийг юу хийхийг сайн мэдэх учир торгуулийн шугам руу дагаж гүйсэн. Ингээд л гоол орсон. Харин хоёр дахь гоолыг Италийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан юм. Учир нь бид тэднийг баярлуулахыг төлөө л тоглодог шүү дээ.”

Италичууд сүүлийн 10 тоглолтдоо гоол алдсангүй. Тэд энэ хугацаанд нэг тоглолтод хоёроос дээш гоол дунджилж нийт 31-ийг оруулжээ. Мөн 2018 оны 9 сард Португалд хожигдсоноос хойш 29 тоглолт дарааллан ялагдлын амтыг мэдрээгүй байна.

https://www.youtube.com/watch?v=3P41NnCrjiY
Тоглолтын тойм

Туркийн шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шигшээ багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад бид Евро-2020 тэмцээний “А” хэсэгт багтсан Туркийн шигшээ багийн танилцуулга мэдээллийг хүргэж байна. 

Ерөнхий мэдээлэл

ЕАШТ-нд оролцсон тоо: 4

Амжилт: 2008 оны ЕАШТ-ний хагас шигшээ

Еврод: 15 тоглолт, 4 хожил, 2 тэнцээ, 9 хожигдол

Нийт: 13 гоол оруулж, 22 гоол хаалгандаа алдсан

            Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгач: Мерт Гунок (Истанбул Басакшекир), Угурчан Чакир (Трабзонспор), Алтай Баяндир (Фэнэрбахчэ)

Хамгаалагч: Каан Аяхан (Сассуоло), Чаглар Союунчи (Лэйстэр сити), Мерих Дэмирал (Ювентус), Зеки Челик (Лилль), Умут Мерас (Ла Хаврэ), Озан Кабак (Ливэрпүүл), Ридван Елмаз (Бешикташ), Мэрт Мулдур (Сассуоло)

Хагас хамгаалагч: Абдулкадир Омур (Трабзонспор), Ченгиз Ундер (Лэйстэр сити), Хакан Чалханоглу (АС Милан), Окай Ёкуслу (Вэст Бромвич), Юсуф Язичи (Лилль), Ирфан Кавечь (Фэнэрбахче), Дорухан Токоз (Бешикташ), Оркун Кокчу (Фэйэноорд), Таялан Анталяли (Галатасарай)

Довтлогч: Бурак Елмаз (Лилль), Халил Ибрахим Дэрвишоглу (Галатасарай), Кенан Караман (Фортуна Дюсселдорф), Энэс Унал (Хетафе), Кэрэм Актуркоглу (Галатасарай)

Дасгалжуулагч: Сенол Гунес

Хэсгийн тоглолтын хуваарь

ТУРК – Итали
6 сарын 12-нд, Ром хот

ТУРК – Уэльс
6 сарын 17-нд, Баку хот

Швейцар – ТУРК
6 сарын 21-нд, Баку хот

            Онцлох тоглогч – Бурак Елмаз

Мэргэжлийн хөлбөмбөгт гялалзаж яваа 36 настай тоглогч дан ганц Криштиану Роналду гэвэл эндүүрэл болно. Өнгөрсөн улиралд Европын Топ 5 лигт Роналдугаас дутуугүй гангарсан нэгэн тоглогч бол Туркийн алдарт довтлогч Бурак Елмаз юм.

Нас хэвийсэн үедээ Францын “Лилль” клубт ирж, улмаар 10 жилийн дараа лигтээ дахин түрүүлсэн багийнхаа амжилтад Буракын гавьяа чамгүй бий. Тэрбээр лигийн 28 тоглолтод 16 гоол оруулсан нь багаа аваргын замд хөтлөхөд их нөлөө үзүүлсэн юм. Бурак Елмаз шигшээ багийнхаа төлөө 67 тоглолтод 29 гоол оруулсан амжилттай.

            Багийн талаар

ЕАШТ-д тав дахь удаагаа оролцох гэж буй Туркийн шигшээ баг энэ удаагийн тэмцээний нээлтийн тоглолтыг Италийн эсрэг хийсэн билээ. Тэд “А” хэсэгт Италиас гадна Швейцар, Уэльсийн багтай учраа таарсан. 2008 онд “галзуурсан” ах нарынхаа түүхийг давтахыг хэн байг гэхэв. Талбайд гарсан үедээ бүхнээ дайчилдаг турк залуусын тоглолт энэ Еврог чимэх нь гарцаагүй.

            Таамагласан гарааны XI

Б.Бадруул

Дуулиан: Себастьян Колтеску гэж хэн бэ

Аваргуудын лигийн “ПСЖ”, “Истанбул” багийн тоглолтын үеэр гарсан дуулианаар олны анхаарлын төвд байгаа хүн бол Румыний шүүгч Себастьян Колтеску.

Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж, Аваргуудын лигийн тоглолт хойшлогдсон билээ.

Энэ тоглолтын дөрөвдүгээр шүүгчээр ажиллаж байсан Румын улсын иргэн Себастьян Колтеску талбайн шүүгчид хандан “Истанбул”-ын туслах дасгалжуулагч Пьер Вебог улаан хуудас авах ёстойг учирлахдаа “Тэр хар залуу” хэмээн төрөлх хэлээрээ хэлсэн нь маргааны эхлэлийг тавьсан юм.

Тэгвэл Себастьян Колтеску гэж хэн бэ?

Румыний Крайова хотод төрсөн Себастьян өдгөө 43 настай. Тэрбээр 2006 онд дөрөвдүгээр зэрэглэлийн шүүгч болсон юм. Гэвч хэд хэдэн тоглолт маргаантай шүүсний улмаас зэрэглэл буурч, Румыний хоёрдугаар дивизионы тоглолтыг шүүх болжээ. Нэг жил орчим доод дивизионд ажилласныхаа дараа чансаа ахиж, 2008 оноос дээд лигийн тоглолтыг дэнслэх болсон юм.

“Ла Октава Спорт” хэвлэлийн сэтгүүлч Жэйми Сандовалын мэдээлснээр С.Колтеску зэрэглэл буурсан нэг жилийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, хоёр ч удаа амиа хорлох оролдлого гаргаж байсан гэнэ.

С.Колтеску шүүгчийн замналдаа асуудалд орж буй анхны тохиолдол энэ биш. Одоогоос долоон жилийн өмнө Румыний лигийн “Петролул”, “Газ Метан” багийн тоглолтын үеэр С.Колтеску долоон улаан хуудас, 13 шар карт өргөж байв. Улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн нэгэн тоглогч шүүгчтэй маргалдах үеэр биед нь халдсан гэж гомдол мэдүүлсэн удаатай.

Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа мөн л Румыний лигийн “Астра”, “Стяуа” багийн тоглолтын үеэр орсон гурван гоолыг хүчингүйд тооцож, бас л бөөн маргаан дэгдээсэн эр.

С.Колтеску: Би арьс өнгөөр ялгаварлагч биш

Румын шүүгч талбайн шүүгчид хандан П.Вэбог улаан хуудас авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэхдээ “Negru” хэмээх үг ашигласан аж. Энэ нь румын хэлээр бол “хар” гэсэн утгатай. Тэрбээр “хар залуу” гэх утгаар энэ үгийг ашиглаагүй гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарлажээ. “Ойрын өдрүүдэд хэвлэлээс хол байж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаа. Намайг мэддэг хүмүүс арьс өнгөөр ялгаварлагч биш гэдгийг мэднэ. Ядаж л үүнд найдаж сууна” гэж ойр дотныхоо хүмүүст ярьсан гэнэ.

Аваргуудын лигийн хойшлогдсон тоглолт өнөө шөнө явагдана. Тоглолт маргаанаар завсарласан 15 дахь минутаас хойш үргэлжлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн холбооноос тус тоглолтыг шүүх багийг өөрчилжээ. Талбайд нидерланд шүүгч Дэнни Маккеле ажиллах бол түүний нутаг нэгт Марио Дикс, Польшийн Марсин Бониек туслах шүүгчээр гарна. Харин дөрөвдүгээр шүүгчээр Польшийн Бартош Фрэнковски, VAR-ын хяналтын шүүгчээр Италийн Марко ди Белло, Маурицио Мариани нар ажиллах аж.