Tag: Аваргуудын лиг

Пеп Гуардиолад хийсэн Африк хараал

Хөлбөмбөгч Яя Турегийн төлөөлөгч Дмитрий Селюк, Пеп Гуардиола нарын харилцаа хагарлаар дууссан билээ.

Хөлбөмбөгч, дасгалжуулагч хоёрын харилцаа муудаж, улмаар Зааны ясан эргийн тоглогч Манчестер Ситиг орхисон. Үүний дараа түүний төлөөлөгч Селюк цочирдом мэдэгдэл хийсэн нь Аваргуудын лигийн финалын дараа ч “хүчинтэй” хэвээр байна.

“Гуардиола Турег явуулсанаар бүх африкийг өөрийн эсрэг эргүүлсэн. Африкийн олон бөө “Пеп Аваргуудын лигт хэзээ ч битгий түрүүлэг” хэмээн хараал хийсэн. Энийг бол би яаж ч чадахгүй. Үйлийн үр эргэж ирдэг. Африк бөө нар ямар чадалтайг хараарай” хэмээн Селюк 2018 онд хэлж байв.

Тэр цагаас хойш Халзан Пеп нар ердөө үзсэнгүй. Энэ улиралд анх удаа финалд гарч ирсэн ч Челсид далаараа нам тавиуллаа. “Африкийн бөө нарын хараал хүчтэй юм, үнэн юм байна” гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр. Пеп Гуардиола хараалыг “хариулах” хэрэгтэй, хариулахаасаа өнгөрсөн хэмээн бичиж байна.

Каталан дасгалжуулагч хэрхэн сэргэж, аль хэр дайчин, нугаршгүй сэтгэл зүйтэй эсэх нь одоо тун сонирхолтой байна. Герман дасгалжуулагч нар Аваргуудын лигийн финалд гарч ирж ялагдчихаад дараа жилийн финалд эргэн гарч ирж түрүүлсэн ойрын гурван ч жишээ байна.

Гуардиола тэгж чадах уу?

Эх сурвалж: Marca

Аваргуудын лигийн шигшээ тоглолт Португалд болно

Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Португалд зохион байгуулах боллоо. Зохион байгуулагчид Английн “Уэмбл” цэнгэлдэхэд хийхээр төлөвлөж байсан ч бодлоо өөрчилжээ.

Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Туркийн Истанбул хотод зохион байгуулахаар анх төлөвлөсөн ч цар тахлын улмаас боломжгүй болсон билээ. Европын хөлбөмбөгийн холбооноос “Уэмбл” цэнгэлдэхэд зохион явуулахаар Английн Засгийн газар болон зохих хууль ёсны байгууллагад хүсэлт гаргасан юм.

Европын хөлбөмбөгийн холбооноос ирэх тавдугаар сарын 29-нд цөөн тооны үзэгчидтэй явуулах хүсэлт гаргасан ч Их Британийн Засгийн газрын шийдвэрээр улаан жагсаалт буюу гадны аялагчид нутагтаа хүлээн авах боломжгүй байгаа аж. Харин Португал улсад одоогоор хориг тавигдаагүй.

“Порто”-гийн “Эстадио до Драгао” цэнгэлдэхэд энэ жилийн аваргуудын лигийн шигшээ тоглолт болно.

Их Британийн Засгийн газрын зүгээс цар тахалтай холбоотойгоор шинэ журам баталсан юм. Цахал цөөн тархсан зарим улс орныг ногоон бүсэд оруулж тэдгээр орнуудад зорчсон иргэд нь заавал хөл хорионд орох шаардлагагүй болжээ. Харин улаан бүсэд орсон орнуудад зорчсон иргэд нь 10 хоног “хоригдох” гэнэ. Энэ сарын 17-ноос дагаж мөрдөх шинэ журмаар Португал нь ногоон бүсэд орсон цөөн орны нэг аж.

    Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал: Челси – Барселона

    УЕФА-гийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан “Челси”, “Барселона”-гийн тоглолт Шведийн Готенбургын “Гамла Уллеви” цэнгэлдэхэд болно.
    Хоёр багийн аль нь ч өмнө нь аваргуудын лигийн цом авч байгаагүй. Гэсэн хэдий ч ялагч болсон баг нь УЕФА-гийн эрэгтэй болон эмэгтэй аваргуудын лигт аварга болсон хамгийн анхны баг болох юм. “Челси” аваргуудын лигийн финалын анхны тоглолтоо хийж буй бол “Барселона” хоёр жилийн өмнө “Лион”-д 4:1-ээр хожигдож байсан юм.

    Сүүлийн таван жил Аваргуудын лигт түрүүлсэн “Лион”-ы хаанчлалд шөвгийн наймд хүрээд “Парис Сайнт Жермен”-д хожигдсоноор дуусгавар болжээ. Харин аваргуудыг хожсон Францын багийг “Барселона” 3:2-оор буулган авснаар шигшээд тунасан юм. “Челси”-гийн хувьд шөвгийн дөрөвт “Байерн Мюнхен”-ийг хожсон бөгөөд 2007 оноос хойш Франц болон Германы баггүй хамгийн анхны финал болж байгаа юм.

    Челси

    Шөвгийн 32: “Бенфика” 8-0 харьцаатай хожсон
    Шөвгийн 16: “Атлетико” 3-0 харьцаатай хожсон
    Шөвгийн 8: “Вольфсбург” 5-1 харьцаатай хожсон
    Хагас шигшээ: “Байерн Мюнхен” 5-3 харьцаатай хожсон
    Улирлын мэргэн бууч: Фран Кирби (6 гоол)
    Өмнөх гаргасан амжилт: Хагас шигшээ хүртэл тоглосон (2017/18, 2018/19)
    2019/20: Ороогүй
    2007 онд “Арсенал” аварга болсноос хойш финалд гарч ирсэн хоёр дахь англи баг.

    Барселона

    Шөвгийн 32: “ПСВ Эйндховэн” 8-2 харьцаатай хожсон
    Шөвгийн 16: “Фортуна Шоүрин” 9-0 харьцаатай хожсон
    Шөвгийн 8: “Манчестер Сити” 4-2 харьцаатай хожсон
    Хагас шигшээ: “Парис Сайнт Жермен” 3-2 харьцаатай хожсон
    Улирлын мэргэн бууч: Женни Эрмосо (6 гоол)
    Өмнөх гаргасан амжилт: Дэд аврага (2018/19)
    2019/20: Хагас шигшээ
    “Барселона” 2019 онд финалд шалгарсан анхны испани баг болсон билээ. Хэрэв тэд энэ жил аваргуудын лигт түрүүлвэл Герман, Швед, Англи, Францаас гадна буюу тав дахь баг болно.

      Пеп Гуардиола: Mагадгүй тэр Хааландын фен байх

      Өнгөрсөн шөнө Этихад цэнгэлдэхэд “Mанчестер Сити” болон “Боррусиа Дортмунд”-ын ширүүхэн тулаан өрнөлөө. 2:1-ээр талбайн эзэд давуутай дууссан уг тоглолтын дараа талбайн туслах шүүгч “Хар шарууд”-ын залуу од Эрлинг Хааландаас гарын үсгээ өгөхийг хүссэн байна.

      Энэ талаар сэтгүүлчид “Mанчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагаас тодруулахад “Mагадгүй тэр Хааландын дэмжигч байж болох юм. Тэр өөрийн хүүдээ эсвэл охиндоо ч өгөхийн тулд авсан ч байж магадгүй. Өмнө нь шүүгч ямар нэгэн тоглогчоос гарын үсэг авахыг би харж байгаагүй ч хамгийн гол нь тэр талбай дээр ажлаа сайн хийсэн.” гэж ярьжээ.

      https://twitter.com/RobHarris/status/1379549807916748802

      Английн Премьер лигт Хотынхон 74 оноогоор тэргүүлж буй Гуардиолагийн шавь нарт дөрвөн цом авч, түүхэн амжилт тогтоох боломж байгаа ч Аваргуудын лигт түрүүлэх хэцүү даалгавар юм.

      Гуардиола Барселонагийн хамтаар энэ тэмцээнд хоёр удаа түрүүлсэн ч Ситигийн хамтаар шөвгийн наймын шатнаас цааш шалгарч чадаагүй билээ.

      Штефан Лихтштайнер бугуйн цагны компанид дадлагажигч ажилтан болжээ

      Швейцарын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Штефан Лихтштайнер нэгэн шинэ зүйлд өөрийгөө сорьж эхэлсэн нь цагчин юм байна. Нутгийнхаа “Грассхоппер” багаас мэргэжлийн замналаа 2001 онд эхлүүлж, улмаар Францын “Лилль”, Италийн “Лацио”, “Ювентус”, Английн “Арсенал”, Германы “Аугсбург” гээд Европын томоохон багт тоглож явсан 37 настай Ш.Лихтштайнер Швейцарын Цюрих хот дахь “Морис де Мауриак” хэмээх цагны үйлдвэрт хагас жилийн хугацаатай дадлагад гарчээ.

      Италийн Сери А-д “Лацио”-гийн төлөө 100, “Ювентус”-т 201 тоглолтод оролцсон баруун жигүүрийн тоглогч тэрбээр өнгөрсөн жил “Евро 2020” тэмцээнд оролцоод замналаа өндөрлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас тус хойшлогдож, улмаар өнгөрсөн наймдугаар сард зодог тайлж байсан юм. Швейцарь эр 36 нас зургаан сартайдаа Бундеслигт тоглосон нь “Аугсбург” клубийн түүхэнд хамгийн ахмад тоглогч болж байлаа. Тэрбээр 2006-2018 оны хооронд Швейцарын шигшээ багийн төлөө 108 тоглолтод оролцжээ. Штефан Лихтштайнер “Өдийг хүртэл би хөл бөмбөг л тоглодог байсан. Одоо маш сайн багийн бүрэлдэхүүнд шинэ туршлага хуримтлуулж байна. Амьдралд шинэ зүйлс хэрэгтэй” гэж ярьжээ.

      Дадлагын хугацаандаа сайн үйлсийн хандивт зориулагдсан цагны үйлдвэрлэлд ажиллах юм байна. Хэдийгээр дадлагаар гарч байгаа ч бүтэн цагаар цагчин болоход бэлэн төдийгүй эргээд спортдоо эргэн ирэх эсэхээ шийдээгүй байгаа аж. Штефан Лихтштайнер “Би зарим нэг хөлбөмбөгтэй ижил зүйл харсан. Хөлбөмбөгт багийнхан бүгд л сайн байхгүй бол ялалт байгуулдаггүй. Цаг ч гэсэн үүнтэй ижил. Бүх зүйл нь төгс биш бол цаг ажиллахгүй” гэсэн юм.

      Компанийн эзэн Леонард Драйфусс ажил хүсэж өргөдөл гаргасан хүмүүсийн дунд нэртэй хөлбөмбөгчин байсанд эргэлзэлгүй сонгож, анхны дадлагажигч ажилтнаа болгосонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Харин шинэ ажилтан нь тус компанид хөрөнгө оруулах эсэхийг сэтгүүлчид лавлахад “Бид алхам алхмаар хөдөлж, урт хугацаанд хамтран ажиллахыг төлөвлөж байгаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Массимо Драйфусс хариулжээ.

      М.Ану

      Левандовскигүй “Байерн”-ы эсрэг Верраттигүй “ПСЖ” үзэлцэнэ

      Ирэх жил Катар улсад зохиогдох ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж буурал тивийн хөлбөмбөг эргэн ирэхэд бэлэн боллоо.  Шигшээ багийн цугларалт зарим клубэд гарз хохирол учруулжээ. Үүний нэг жишээ нь Италийн шигшээ багтаа дуудагдаад байсан “Парис Сен Жермайн”  клубын хагас хамгаалагч Марко Верратти юм. Түүний хувьд коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтооджээ. Иймд тэрбээр лигийг тэргүүлэгч “Лилль” болон аваргуудын лигийн хүрээнд “Байерн”-тэй хийх чухал тоглолтыг өнжинө.

      Дундын шугамын удирдагчынхаа эзгүйд “ПСЖ” клуб ямар амжилт үзүүлэх бол? Неймар Да Силвагийн эзгүйд аваргуудын лигийн шөвгийн 16-г давсан тэд Маркогийн эзгүйд хагас шигшээд шалгарах эхний тоглолтоо хэрхэн хийх вэ гэсэн асуулт гарч ирлээ. Та бүхэн уг асуултын хариуг ирэх лхагва гарагийн шөнийн 04:00 цагаас мэдэх боломжтой.  

      Тэдний өрсөлдөгч “Байерн Мюнхен” клуб мөн адил мэргэн бууч Роберт Левандовскиг гэмтэлд алдсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ.

      Б.Цогтбаяр

      Дуулиан: Себастьян Колтеску гэж хэн бэ

      Аваргуудын лигийн “ПСЖ”, “Истанбул” багийн тоглолтын үеэр гарсан дуулианаар олны анхаарлын төвд байгаа хүн бол Румыний шүүгч Себастьян Колтеску.

      Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж, Аваргуудын лигийн тоглолт хойшлогдсон билээ.

      Энэ тоглолтын дөрөвдүгээр шүүгчээр ажиллаж байсан Румын улсын иргэн Себастьян Колтеску талбайн шүүгчид хандан “Истанбул”-ын туслах дасгалжуулагч Пьер Вебог улаан хуудас авах ёстойг учирлахдаа “Тэр хар залуу” хэмээн төрөлх хэлээрээ хэлсэн нь маргааны эхлэлийг тавьсан юм.

      Тэгвэл Себастьян Колтеску гэж хэн бэ?

      Румыний Крайова хотод төрсөн Себастьян өдгөө 43 настай. Тэрбээр 2006 онд дөрөвдүгээр зэрэглэлийн шүүгч болсон юм. Гэвч хэд хэдэн тоглолт маргаантай шүүсний улмаас зэрэглэл буурч, Румыний хоёрдугаар дивизионы тоглолтыг шүүх болжээ. Нэг жил орчим доод дивизионд ажилласныхаа дараа чансаа ахиж, 2008 оноос дээд лигийн тоглолтыг дэнслэх болсон юм.

      “Ла Октава Спорт” хэвлэлийн сэтгүүлч Жэйми Сандовалын мэдээлснээр С.Колтеску зэрэглэл буурсан нэг жилийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, хоёр ч удаа амиа хорлох оролдлого гаргаж байсан гэнэ.

      С.Колтеску шүүгчийн замналдаа асуудалд орж буй анхны тохиолдол энэ биш. Одоогоос долоон жилийн өмнө Румыний лигийн “Петролул”, “Газ Метан” багийн тоглолтын үеэр С.Колтеску долоон улаан хуудас, 13 шар карт өргөж байв. Улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн нэгэн тоглогч шүүгчтэй маргалдах үеэр биед нь халдсан гэж гомдол мэдүүлсэн удаатай.

      Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа мөн л Румыний лигийн “Астра”, “Стяуа” багийн тоглолтын үеэр орсон гурван гоолыг хүчингүйд тооцож, бас л бөөн маргаан дэгдээсэн эр.

      С.Колтеску: Би арьс өнгөөр ялгаварлагч биш

      Румын шүүгч талбайн шүүгчид хандан П.Вэбог улаан хуудас авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэхдээ “Negru” хэмээх үг ашигласан аж. Энэ нь румын хэлээр бол “хар” гэсэн утгатай. Тэрбээр “хар залуу” гэх утгаар энэ үгийг ашиглаагүй гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарлажээ. “Ойрын өдрүүдэд хэвлэлээс хол байж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаа. Намайг мэддэг хүмүүс арьс өнгөөр ялгаварлагч биш гэдгийг мэднэ. Ядаж л үүнд найдаж сууна” гэж ойр дотныхоо хүмүүст ярьсан гэнэ.

      Аваргуудын лигийн хойшлогдсон тоглолт өнөө шөнө явагдана. Тоглолт маргаанаар завсарласан 15 дахь минутаас хойш үргэлжлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн холбооноос тус тоглолтыг шүүх багийг өөрчилжээ. Талбайд нидерланд шүүгч Дэнни Маккеле ажиллах бол түүний нутаг нэгт Марио Дикс, Польшийн Марсин Бониек туслах шүүгчээр гарна. Харин дөрөвдүгээр шүүгчээр Польшийн Бартош Фрэнковски, VAR-ын хяналтын шүүгчээр Италийн Марко ди Белло, Маурицио Мариани нар ажиллах аж.

      “Хар залуу” гэснээс болж Аваргуудын лигийн тоглолт хойшлов

      Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж өнгөрсөн шөнө явагдах ёстой байсан Аваргуудын лигийн ПСЖ – Истанбул Башакшехир багуудын тоглолт хойшилжээ. “Парк-де-Пренс” цэнгэлдэхэд шүгэл дуугараад 14 минут өнгөрч байхад Туркийн багийн туслах дасгалжуулагч Пьер Вебо улаан хуудас авжээ.

      Тоглолтын үеэр зохисгүй авир гаргасан учир туслах шүүгч түүнд улаан хуудас өгөхийг талбайн шүүгчид хэлсэн аж. Тэгэхдээ “Тэр хар залуу” гэсэн нь асуудлын эх үүсвэр болсон байна. Румын дөрөвдүгээр шүүгчийн ийнхүү хэлснийг Пьер Вебо “Намайг негро гэлээ” гэж маргалдан улмаар аль аль багийнхан тоглолтыг цааш үргэлжлүүлэхээс татгалзсан байна. Сэлгээнд сууж байсан экс-Челсигийн довтлогч Демба Ба мөн маргаанд оролцон улаан хуудас авжээ.

      Туслах шүүгч Себастиан Колтескугийн оронд VAR хариуцсан шүүгч ирж тоглолт цааш үргэлжлэх ёстой байсан ч хөлбөмбөгчид цааш тоглохоос татгалзсан. Уг тоглолт лхагва гарагт явагдана.

      https://twitter.com/DerAugustus/status/1336408177525616642

      Аваргуудын лигийн H буюу энэ хэсэгт Лейпциг Манчестер Юнайтедийг 3:2-оор хожсоноор 12 оноотой тэргүүн байраар плей-офф шатанд шалгарлаа. Харин Юнайтед ПСЖ-Истанбулын тоглолтын үр дүнгээс үл хамааран тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тэд Европа лиг руу шилжиж байгаа юм.

      “Ред Булл Арена”-д явагдсан тус тоглолтонд Анхелиньо, Амаду Айдара, Жастин Клюйверт нар Лейпцигээс дараалан гоол хийсэн. Бруну Фернандеш, Поль Погба нар 80, 82 дахь минутанд гоолдсон ч Юнайтедийн эргэн ирэлтийг гүйцээх тоглогч байсангүй.

      АВАРГУУДЫН ЛИГИЙН H ХЭСЭГ
       
      #БагТХТХжГзО
      1  Лейпциг640210-1112
      2  ПСЖ53028-59
      3  Манчестер Юнайтед630315-109
      4 Истанбул Б51046-133

      Барселона 0:3 Ювентус: Роналду Камп Ноуд ноёрхов

      Криштиану Роналдугийн хоёр пенальти, Уэстон Маккеннигийн акробат гуядалт “Камп Ноу”-д явагдсан Барселона – Ювентусын тоглолтын үр дүнг шийдлээ. Ювентус 3:0-ээр ийнхүү хожиж G хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарч байгаа бол Барселона хоёроор цааш шалгарч хүнд сугалаа татахаар болов.

      Роналду – Мессигийн хоёр жилийн дараах “уулзалт” гэдгээрээ энэ тоглолт олны анхаарлын төвд байлаа. Хоёр клубээс аль талд нь жинхэнэ “GOAT” байгаа тухай твиттерт өрнүүлсэн ёж дайралтууд ч тоглолтын хүлээлтийг ихэсгэсэн.
      10 сарын 28-нд Барсаг Туринд зочлоход Роналду Ковид 19-н улмаас талбайд гараагүй юм. Тус учраанд Дембеле, Месси гоол хийн Барса 2:0-ээр хожиж байв. Хожлынхоо дараа Барса твиттертээ “GOAT-г та нар өөрийн талбайдаа харсандаа баяртай байгаа байх” гэж жиргэсэн.

      Харин энэ удаа Ювентус “Та нар буруу толь бичиг ашигласан бололтой. Жинхэнэ GOAT-ыг өнөөдөр Камп Ноуд та нар харлаа” гэж хариугаа авсан.

      Барсагаас Пике, Дембеле, Ансу Фати, Сержи Роберто нар бэртэлтэй байсан учир дасгалжуулагч Куман – Сержиньо Дест, Рональд Араухо, Тринкан гэсэн залуу тоглогчдод боломж олгон талбайд гаргасан. Харин зочин багаас Кьеллини, Мерих Демирал нар байсангүй.

      Араухо 13 дахь минутанд эсрэг талдаа пенальти өгч Роналду амжилттай гүйцэтгэн багтаа тэргүүлэл авчирсан. 7 минутын дараа Ювентусын багийн ажиллагаа үр дүнд хүрч Маккенни Куадрадогийн дамжуулалтаар үзүүштэй гоолыг бүртгүүлсэн юм. Аваргуудын лигт Барса талбайдаа эхний 20 минутанд хоёр гоол алдаж байгаа анхны тохиолдол энэ юм байна. 22 настай дээрх Америк залууг Юве өнгөрсөн зун Шалькегээс зээлээр авчирсан юм.

      Месси үүний дараа хариуг нь барихаар хэд хэд оролдсон ч Буффон туршлага заан хаалгаа хуурай байлгасан.

      Маккенни Мессиг 16 дотор унагасныг торгуулийн цохилт гэж талбайн эзэд маргасан ч шүүгч тэдний талд шийдвэр гаргасангүй. Улмаар 52 дахь минутанд Лангле бөмбөгөнд гар хүрснийг шүүгч VAR ашиглан хянаад Ювентуст энэ өдрийн хоёр дахь пенальтийг өгөв. Харин шүүгч Ланглед хоёр дахь шарыг нь өгөлгүй “харж үзсэн” (31 дэх минутанд шар хуудас аваад байсан). Роналду дубль хийх боломжоо алдаагүй юм.
      Барса 2016 оны 11 сараас хойш Аваргуудын лигийн хэсгийн шатанд хожигдоогүй байсан нь ийнхүү төгсгөл болов. (25 тоглолт) Мөн Ювентус Камп Ноуд гурван гоол хийсэн анхны италийн баг боллоо.

      Энэ хооронд Динамо Киев Унгарын Ференцварошийг 1:0-ээр хожиж хэсгийн гуравт бичигдэв. Тэд европын аяллаа цааш Европа лигээр үргэлжлүүлнэ. Киевийн “Олимпийский” цэнгэлдэхэд явагдсан тоглолтын цорын ганц гоолыг Денис Попов оруулсан.

      РОНАЛЬД КУМАН (Барселонагийн дасгалжуулагч):
      “Бид тоглолтыг эхний 30 минутанд алдчихлаа. Манай хамгаалалт тааруу байснаас гадна дундын шугам хангалттай шийдэмгий байж чадсангүй. Харин Ювентус эсрэг талд бүхнийг зөвөөр хийсэн. Ялалт авах бүрэн эрхтэй тоглолоо”

      “Эхний торгуулийн цохилтыг би маргаантай гэж үзэж байна. Тийм зүйлд пенальти зааж байгаа бол Месси дээр гаргасан зөрчилд ч пенальти өгөх ёстой байсан юм”

      “Бид Ювентустай хоёр тоглосныг мартаж болохгүй. Туринд манайх 2-0-ээр хожсон. Манай гаргасан бүрэлдэхүүнд залуус олон байсан учир сайн хичээл болсон байх. Тэд хойшид өөрсдөдөө итгэлтэй, зоригтой тоглох хэрэгтэй”

      АНДРЕА ПИРЛО (Ювентусын дасгалжуулагч):
      “Дербигийн ялалтын эрчимээ (12 сарын 5-нд Ториног 2:1-ээр хожсон) алдалгүй ээлжит нэгэн хожлоо бид авлаа. Төвлөрөл, тууштай, шийдэмгий чанар байхад үр дүн үргэлж гардаг”

      “Маккенниг урагш сайн явуулж, дундын шугаманд тэдний хоёр хагасыг өөрсдийн гурваар ноёрхох төлөвлөгөөг бид боловсруулаад байсан. Энэ маань ч үр дүнгээ өгч олдсон гоолын боломжоо залуус маань сайн ашиглалаа”

      “Мөнхийн өрсөлдөгчийнхөө эсрэг Роналду энгийнээс илүү хичээх нь ойлгомжтой байсан. Түүнийг ийм сэтгэл зүйтэй байхад зогсооно гэдэг хэцүү. Энэ хожил чимээ дуулиантай ч гэсэн улиралд олон тоглолт байгаа. Сери А гэсэн гол байгаа бид нар умартаж болохгүй. Түүндээ төвлөрч, тогтвортой формыг үүсгэх нь чухал”

      Барселона (Испани) 0 : 3 Ювентус (Итали)

      Роналду, 13-пен, 52-пен, Маккенни, 20

      “БАРСЕЛОНА” (Испани): тер Штеген, Араухо, Лангле, Дест, Альба, Пьянич, де Йонг, Тринкау, Месси, Педри, Гризманн.

      “ЮВЕНТУС” (Итали): Буффон, Де Лигт, Бонуччи, Данило, Артур, Маккенни, Алекс Сандро, Куадрадо, Рэмси, Роналду, Мората.

      Хөлбөмбөг: Месси ба Роналдугийн 36 дахь тулаан

      Аваргуудын лигийн хэсгийн шатанд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” клуб өнөөдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд өрсөлдөнө. Л.Мессигийн эсрэг К.Роналду. Тус хоёр багийн эхний тоглолтод “Барселона” өрсөлдөгчөө 2:0-ээр илүүрхсэн ч эсрэг багийн лидер К.Роналду цар тахлын халдвар авч, өнжсөн билээ.

      Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд олны анхаарлыг татах нь гарцаагүй. Тэр тусмаа Л.Месси, К.Роналдугийн тулааныг бүр ч олон хүн үзэх биз. Тоглолт Улаанбаатарын цагаар арванхоёрдугаар сарын 9-нд үүрийн 04:00 цагаас эхэлнэ.


      G хэсэг

      • Барселона – 15
      • Ювентус – 12
      • Динамо Киев – 1
      • Ференцварош – 1

      “Барселона” талбайдаа тэнцэхэд л хэсгээ тэргүүлэх боломжтой. Эсвэл уг тоглолтод нэг гоолын зөрүүгээр хожигдсон ч байраа хадгалж үлдэх юм. Харин К.Роналдугийн баг өмнөх хариугаа аваад зогсохгүй өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүгээр хожих шаардлагатай. Турины баг 2:0-ээр хожвол нэмэлт цаг сунгах бол 3:0-ээр илүүрхвэл хэсгээ тэргүүлэх юм.


      Хоорондоо хэрхэн тоглож байв?

      Тэд өмнө нь 35 удаа учраа таарч байв. К.Роналдуг “Реал Мадрид” багт байхад Испанийн Ла Лигт 18 удаа, Аваргуудын лиг, Испанийн Копа дэл Рэй болон Супер цомд тус бүр таван удаа, Аргентин, Португалын нөхөрсөг тоглолтод хоёр удаа учраа таарч байв.

      Эдгээр 35 тоглолтод:

      • Л.Месси 16 удаа хожиж
      • К.Роналду 10 удаа хожсон
      • 9 удаа тэнцэж байв.

      Энэ 35 тоглолтод Л.Месси 22 гоол оруулсан бол португал эр 19-ийг шигтгэжээ.

      Аваргуудын лигт учраа таарсан таван тоглолтын хоёрт нь Л.Мессигийн баг ялсан бол К.Роналду “Манчестер Юнайтед”-д байхдаа л нэг хожсон үзүүлэлттэй. Аргентин залуу энэ таван тоглолтод гурван гоол оруулсан бол өрсөлдөгч нь одоогоор гоол хийж амжаагүй байна.


      Шөвгийн 16-гийн сугалаа гарлаа

      Өнөөдөр буюу энэ сарын 17-нд Монголын цагаар 19:00-д Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа боллоо. 

      Шөвгийн 16-гийн эхний тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 12-13 болон 19-20-нд харин хариу тоглолт гуравдугаар сарын 5-6 болон 12-13-нд болох юм.


      Сугалаа

      • Шальке (Герман) ——————- Манчестер Сити (Англи)
      • Атлетико Мадрид (Испани) —————- Ювентус (Итали)
      • Манчестер Юнайтед (Англи) ————— ПСЖ (Франц)
      • Тоттенхэм (Англи) ——————– Борусси Дортмунд (Герман)
      • Лион (Франц) ——————– Барселона (Испани)
      • Рома (Итали) ——————— Порто (Португал)
      • Аякс (Нидерланд) ————- Реал Мадрид (Испани)
      • Ливерпуль (Англи) ———– Бавари Мюнхен (Герман)

      Азтай “Тоттенхэм” & азгүй “Интер”

      Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд энэ долоо хоногт болж буй. Өнөөдөр дөрвөн хэсгийн найман тоглолт боллоо. 

      Хэсэг А

      Брюгге 0:0 Атлетико Мадрид

      “Атлетико Мадрид” ялвал хэсгээ тэргүүлэх байсан ч гоол оруулж чадалгүй хуурай тэнцлээ. 

      Монако 0:2 Борусси Дортмунд

      Португал хамгаалагч Рафаэль Гуеррейро хоёр гоол оруулсан юм

      Германы клуб өрсөлдөгчөө ялснаар хоорондын тоглолтын зөрүүгээр “Атлетико Мадрид”-аас илүү гарч, хэсгээ тэргүүллээ. Францын “Монако” клуб Аваргуудын лигт 14 тоглолт дараалан ялалт байгуулж чадсангүй. 

      1. Дортмунд – 13
      2. Атлетико Мадрид – 13
      3. Брюгге – 6
      4. Монако – 1

      Хэсэг B

      Барселона 1:1 Тоттенхэм

      Нэгэнт хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон “Барселона” энэ тоглолтод Л.Месси, Л.Суарес нарыг амраасан юм. Гэхдээ нутаг дээрээ хожигдохыг хүссэнгүй. Осман Дембеле долоо дахь минутад гоолын салхийг хагалсан. Тэрбээр Аваргуудын лигт хийсэн сүүлийн гурван тоглолтод бүгдэд нь гоол оруулжээ.  Харин Английн клуб 85 дахь минутад Харри Кэйний дамжуулалтаар Лукас Моура хариуг нь барьж, 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан. Ийнхүү “Тоттенхэм” клуб хэсгийн шатны эхний хоёр тоглолтод хожигдсон ч хэсгээсээ шалгарсан Английн гурав дахь баг болжээ. (Ньюкастл 2002/03, Арсенал 2015/16)

      Интер Милан 1:1 ПСВ Эйндховен

      Икардигийн 200 дахь тоглолт

      Эхэлж хаалгандаа гоол алдсан ч 73 дахь минутад Икарди тоог тэнцүүлсэн боловч Европа лигийг зорилоо. Икарди “Интер”-ийн төлөөх 200 дахь тоглолтод оролцож, Аваргуудын лигийн гэртээ хийсэн гурван тоглолтод бүгдэд нь гоолдсон тус багийн анхны тоглогч болоод ч багаа хасагдах шатанд шалгаруулж чадсангүй.

      1. Барселона – 14
      2. Тоттенхэм – 8 
      3. Интер Милан – 8
      4. ПСВ Эйндховен – 2

      Хэсэг С

      Ливерпуль 1:0 Наполи

      Мохамед Салах цор ганц гоолыг оруулсан юм

      34 дэх минутад Мохамед Салах энэ тоглолтын эхний бас эцсийн гоолыг оруулж, баг нь өрсөлдөгчөө хожоод зогсохгүй хоорондын тоглолтын гоолын зөрүүгээр хасагдах шатанд шалгарав. Ийнхүү Английн клуб Европын түвшинд дасгалжуулагч Юрген Клоппын удирдлага дор гэртээ хийсэн сүүлийн 19 тоглолтод ялагдаж үзсэнгүй.

      Ред Стар 1:4 ПСЖ

      Парисын багийн довтолгооны гурвал бүгд гоолдлоо. Залуу од Клиан Мбаппе Аваргуудын лигийн хэсгийн шатанд хийсэн 12 тоглолтод 12 гоолд (6 гоол 6 оновчтой дамжуулалт) оролцжээ.

      1. ПСЖ – 11
      2. Ливерпуль – 9
      3. Наполи – 9
      4. Ред Стар – 4

      Хэсэг D

      Галатасарай 2:3 Порто

      “Порто” энэ улиралд Аваргуудын лигт хожигдолгүй хэсгээсээ шалгарлаа. Икер Касильяс Аваргуудын лигт 100 дахь хожилтой хоёр дахь тоглогч (эхнийх нь Криштиану Роналду) болов. 

      Шальке 1:0 Локомотив Москва

      Оросын баг ялж чадаагүй учир Туркийн “Галатасарай” хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, Европа лигт өрсөлдөх эрхтэй боллоо.

      1. Порто – 16
      2. Шальке – 11
      3. Галатасарай – 4
      4. Локомотив Москва – 3