Category: Хөлбөмбөг

Л.Месси оны шилдэгт нэр дэвшсэнгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос шалгаруулдаг шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд тунаж үлдсэн гурван хөлбөмбөгчнийг тодрууллаа. Гэхдээ уг жагсаалтад сүүлийн 12 жил дараалан нэр дэвшиж, таван удаа шилдгээр нэрлэгдсэн Аргентинийн шигшээ болон Испанийн “Барселона” клубийн тоглогч Леонил Месси багтаагүй нь гол дуулиан болов.

Харин сүүлийн гуравт Криштиану Роналду, Мохамед Сала болон Лука Модрич нар тунаж үлдсэн аж. К.Роналдугийн хувьд сүүлийн хоёр жил дараалан, нийт таван удаа тус шагналыг хүртсэн бол М.Сала, Л.Модрич нар анх удаагаа сүүлийн гуравт үлдсэн нь энэ.

Уг шагналыг олгохдоо хөлбөмбөгийн сэдвээр дагнадаг сэтгүүлч, сурвалжлагч, шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар, хөгжөөн дэмжигч нараас тус бүр 25 хувийг нь бүрдүүлж, санал асуулга явуулдаг уламжлалтай.

Олон улсын хөлбөмбөгийн “FIFA Legends” Английн шигшээгийн төвийн хамгаалагч байсан Сол Кэмпбэлл, Английн эмэгтэй шигшээ багийн тоглогч асан Кэлли Смит, Нигерийн шигшээгийн довтлогч асан Кану, Данийн алдарт хаалгач асан Петр Шмейхель нар нэр дэвшив.

Шилдэг хаалгачид ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээгийн үндсэн хаалгач Уго Ллорис, ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээгийн №1 Тибау Куртуа, Данийн хаалгач Каспер Шмейхель нар өрсөлдөх аж. Эмэгтэй шилдэг тоглогчоор Норвегийн Ада Хегерберг, Германы Женнифер Марожан, Бразилын Марта нар нэр дэвшсэн.

Харин шилдэг дасгалжуулагчаар “Реал Мадрид”-ыг Аваргуудын лигт түрүүлэхэд тус болсон Зинедин Зидан, Хорватын шигшээг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд удирдсан Златко Далич, Францын шигшээг ДАШТ-д түрүүлэхэд ажилласан Дидье Дешам нар өрсөлдөж байна. Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар “Лион” клубийн Рэйналд Педрос, Японы шигшээ багийн Асако Такакүра, Нидерландын Сарина Вегман нар нэр дэвшсэн.

Уг шагналыг ирэх есдүгээр сарын 24-нд Лондон хотод болох гала концертийн үеэр гардуулах юм.

Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчинд нэр дэвшсэн:

  • Криштиану Роналду (Реал Мадрид/Ювентус, Португал)
  • Лука Модрич (Реал Мадрид, Хорват)
  • Мохамед Сала (Ливерпуль, Египет)

Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинд нэр дэвшсэн:

  • Ада Хегерберг (Лион, Норвеги)
  • Женнифер Марожан (Лион, Герман)
  • Марта (Орландо, Бразил)

Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч:

  • Златко Далич (Хорват)
  • Дидье Дешам (Франц)
  • Зинедин Зидан (Франц)

Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч:

  • Рэйналд Педрос (Франц)
  • Асако Такакүра (Япон)
  • Сарина Вегман (Нидерланд)

Шилдэг хаалгач:

  • Тибуа Куртуа (Бельги)
  • Уго Ллорис (Франц)
  • Каспер Шмейхель (Дани)

 

Самуэль Это’о орон гэргүй болсон ахмад хөлбөмбөгчинд туслахаа амлав

Камеруны шигшээ багийн довтлогч асан, цагтаа Английн “Челси”, Испанийн “Барселона”-д зүтгэж явсан Самуэль Это’о 1960-1970-аад оны үед Камеруны хөлбөмбөгийн нүүр царай болж, шигшээ багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсан ахмад хөлбөмбөгчин Норбэрт Овонад шинэ гэртэй болоход нь туслахаар шийджээ.

Өдгөө 67 настай Норбэрт Овона дампуурч, орон гэргүй, өөрийн замналынхаа ихэнхийг өнгөрүүлсэн Доуала хотод ядруухан амьдарч явааг сонссон нэрт хөлбөмбөгчин йин тусламжийн гараа сунгасан аж. Түүнчлэн ахмад хөлбөмбөгчин Жосеф Камгагийн мэдээлснээр Н.Овонаг эмнэлэгт хэвтэх үеэр С.Это 500 мянган камерун франк буюу ойролцоогоор 892 ам.доллар хандивласан гэнэ.

Түүнчлэн С.Это’о нэрт хөлбөмбөгчин эрийг шинэ гэртэй болгоход нь туслахаар хичээж байгаа юм.

Ж.Камга 1982 оны ДАШТ-д Камеруны шигшээ багийн гишүүн байсан хөлбөмбөгчин. Тэрбээр одоо бол их спортоо орхиж, хэцүүхэн амьдрал туулж яваа тамирчдын дуу хоолой нь болж, тэдэнд туслахаар зүтгэж яваа ахмад хөлбөмбөгчин юм. Харин Н.Овонагийн хувьд бүх хадгаламжаа хорт хавдартай эхнэрийнхээ эмчилгээнд зориулаад орон гэргүй болсон нэгэн аж.

Харри Кэйний хараал тайлагдав

Английн шигшээ болон “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кэйний наймдугаар сард гоолдож үзээгүй “хараал” тайлагдав. “Спэрс” энэ өдөр “Фүлхэм”-тэй учраа таарч, 3:1-ээр буулган авахад англи довтлогч гурав дахь гоолыг оруулснаар “Тоттенхэм”-ийн төлөө Премьер лигт 109 гоолтой боллоо.

Эхний хагаст бразил хагас хамгаалагч Лукас Моура гоолын салхийг хагалж, Премьер лигт анхны гоолоо гүйцэтгэсэн юм. Гэхдээ “Фүлхэм”-ийн серб довтлогч Александер Митрович хоёрдугаар хагасын 52 дахь минутад мөргөж, тооны харьцааг тэнцүүлэв.

Том биетэй, хүчээр ааглаж тоглодог А.Митровичийг колумб хамгаалагч Дэвинсон Санчес дийлэхгүй байсан тул М.Почетино түүнийг суулгаж, хашир туршлагатай Тоби Алдейвералдыг төвд үлдээгээд бельги хагас хамгаалагч Моусса Дэмбэлэг талбайд гаргалаа. Үр дүнд нь Киран Триппьер чөлөөт цохилтоос гоол оруулсан бол төгсгөлд нь Эрик Дайерийн оронд сэлгээгээр гарч ирсэн аргентин хагас хамгаалагч Эрик Ламелагийн дамжуулалтаар Х.Кэйн эцсийн цэгийг тавив. Харрид үүнээс эрт гоол оруулах боломж гарсан ч хөндлөвч оносон. Тэрбээр 2012 оноос хойш Премьер лигт зүтгэхдээ наймдугаар сард нэг ч гоол оруулж чадаагүй юм. Тэгвэл 1000 гаруй минутын турш гоол оруулаагүй хар дарсан зүүд нь төгсгөл боллоо.

Лионель Мессигийн төрсөн ах ял сонслоо

Аргентинийн нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн төрсөн ах Матиас Месси Аргентинийн шүүхээс ял сонслоо. Тэрбээр удаа дараа зөвшөөрөлгүй галт зэвсэг ашигласан хэргээр 2.1 жил нийтийн үйлчилгээнд туслах ажил хийхээр болсон юм.

Өдгөө 35 настай Матиас өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Парана гол дээр моторт завиар явж байхдаа осолд орсон. Ослын улмаас Матиас эрүүгээ хугалж, гэмтсэн билээ. Цагдаа нар ослын газраас галт зэвсэг олсон тул шүүхэд дуудсан аж. Матиасын өмгөөлөгчид түүний буу биш хэмээн мэлзсэн ч тус болоогүй юм.

Матиас Месси өмнө нь хэд хэдэн удаа галт зэвсэг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутгагдаж байсан билээ. Тодруулбал, 2015 онд түүний машинаас зөвшөөрөлгүй галт зэвсэг олдсон бол одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд олон нийтийн газар цэнэглэсэн буу ашиглахыг завдсан хэргээр баривчлагдсан удаатай.

Матиас бол нэрт хөлбөмбөгчин Мессигийн хоёр дахь ах юм. Түүний хамгийн том ах нь 38 настай Родриго юм.

Андрес Перейра Бразил уу, Бельги үү

“Манчестер Юнайтед”-ийн залуу авьяастан Андрес Перейра тун удахгүй аль шигшээ багт тоглохоо шийдэх бололтой. Бразил гэр бүлээс гаралтай ч Бельгид төрсөн хагас хамгаалагч эр өөрөө Португал хэлээр ярьдаг, Бразилын “Сантос” багийн хөгжөөн дэмжигч аж.

Тэрбээр Бельгийн U15, U16 болон U17 насны шигшээд тоглож байсан ч дараа нь Бразилын U20, U23-т багтсан.

Тэгвэл “UOL” цахим сайтын мэдээлснээр А.Перейра дахин Бельгийн шигшээд дуудагдаж магадгүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт “Манчестер Юнайтед”-“Лестер Сити”-гийн тоглолтыг Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинес үзэж сонирхсон юм.

UOL сайт тоглогчтой ойр байдаг эх сурвалжаас түүнийг Бразилын шигшээд тоглох сонирхолтой байгаа талаар мэдээлэл авсан аж. Гэхдээ Бельгийн шигшээгээс түрүүлж дуудлага ирээд, Улаан чөтгөрүүдийн төлөө тоглохоор шийдчихвэл буцаад Бразилд тоглох боломжгүй болох юм.

Бразилын шигшээ баг “Челси”-д зүтгэж буй Жоржиньог Италид алдсан. Хэдийгээр Өмнөд Америкийн нутагт төрсөн ч өвөө, эмээ нь итали хүн учраас тэр ийм шийдвэр гаргасан гэдэг.

Ромелу Лукаку 2020 онд шигшээ багаасаа зодог тайлна

Бельгийн шигшээ багийн довтлогч, Английн “Манчестер Юнайтед”-ийн Ромелу Лукаку 2020 оны Европын АШТ-ий дараа шигшээ багаа орхих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ үед Р.Лукаку ердөө 27 настай байх юм.

Тэрбээр “Business Insider”-ын сэтгүүлч Скотт Дэвисийн дараагийн ДАШТ-д оролцох эсэх талаарх асуултад хариулахдаа “Миний бодлоор Еврогийн дараа болих байх” гэж хариулжээ.

Бельгийн шигшээ баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд Улаан чөтгөрүүдийн довтлогч эр зургаан тоглолтод гараанд гарч, дөрвөн гоол оруулсан билээ.

Өдгөө 25 настай довтлогч шигшээ багт буй одоогийн байр сууриа удаан хадгалахгүй гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм. Сүүлийн үед Бельгид хөлбөмбөг эрчимтэй хөгжиж, олон залуу тоглогчид гарч ирж байгаа тул дараагийн ДАШТ-д багтах боломжгүй гэж үзэж буй бололтой. Катарт болох 2022 оны дэлхийн аваргад дуудагдвал Р.Лукаку 29 настай байх юм.

Р.Лукаку Английн Премьер Лигт хэдийнэ 100 гоол оруулсан. Тэрбээр 24 нас, 322 хоногтойдоо ийм амжилтад хүрсэн тав дахь залуу тоглогчоор тодорсон билээ.

Түүнчлэн Английн лигт 100 гоол оруулсан 28 дахь, Бельгийн анхны тоглогч болсон юм.

Р.Лукаку “Манчестер Юнайтед”-ийн улирлын эхний тоглолтод сэлгээнээс талбайд гарсан. Гэхдээ Жозе Моуринью түүнийг “Бритон & Хове Албион”-той хийх тоглолтод гараанд гарахаар төлөвлөж байгаа аж.

 

Сери А-гийн хоёр тоглолт хойшлогдлоо

Италийн Женова хотод 50 жилийн настай Моранди гүүр нурж, үүний улмаас 39 хүн нас барсан эмгэнэлт явдал гарсан билээ.

Болсон үйл явдалтай холбогдуулан, өдгөө итали даяар гашуудал зарлаад буй. “Сампдориа” багийн ерөнхийлөгч Массимо Ферреро “RMC Sport”-д өгсөн ярилцлагадаа Сери А-гийн нээлтийн тоглолтоо хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тус клуб осол болсон Женова хотын багийн эсрэг тоглох хуваарьтай байсан юм.

Түүнчлэн “Фиорентина” болон “АС Милан”-ы тоглолтыг ч хойшлуулах хүсэлт тавьсан аж.

Тэгвэл Италийн Сери А-гийн удирдлагууд дээрх хоёр тоглолтыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан юм. Харин бусад тоглолт хэвийн үргэлжлэх бөгөөд бүх багийн тоглогчид нэг минут дуугүй зогсож, хүндэтгэлийн тууз зүүх гэнэ.

Морандигийн гүүр нь нэрт инженер Рикардо Морандигийн бүтээл бөгөөд түүний нэрээр нэрлэгдсэн. 1963-1967 оны хооронд барьж дуусгасан гүүр аж. Харин чухам юуны улмаас гүүр ийн нурсан болохыг тогтоохоор ажиллаж буй. Эх сурвалжийн таамаглаж байгаагаар бол гүүрэнд аль хоёр жилийн өмнөөс их засвар хийх шаардлагатай байсан ч тоогоогүй бололтой.

 

Ла лигийн улирлын тоглолт АНУ, Канадад болно

Испанийн Ла лигийн улирлын тоглолт АНУ болон Канадад зохион байгуулахаар боллоо. Энэ талаар Америк хөлбөмбөгийн “Майами Долфинс” багийн эзэн Стивен Росс мэдээлсэн юм.

ESPN-ий сэтгүүлч Жефф Карлислийн мэдээлснээр бол одоогоор яг аль тоглолт хэзээ болох нь тодорхойгүй ч “Майами Долфинс” багийн “Хард Рок” цэнгэлдэхэд Ла лигийн хоёр тоглолт болохоор төлөвлөж байгаа аж.

Испанийн Ла лигийн зүгээс уг мэдээллийг албан ёсоор баталсан байна. Одоогоор аль тоглолтыг АНУ-д болохыг шийдвэрлээгүй байгаа ч энэ улиралд эсвэл ирэх улирлаас америкчууд хайртай багийнхаа тоглолтыг эх орондоо үзэх боломж бүрдэнэ гэж таамаглаж буй.

Хоёр талын хэлэлцээрээр Ла лигийн тоглолт АНУ-д 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Энэ нь Европын хөлбөмбөгийн багуудын хувьд анхдагч болно. Цаашлаад Английн Премьер лиг болон Герман, Итадийн хөлбөмбөгийн дээд лигийн улирлын тоглолт Хойд Америкийн нутагт болохоор хэлэлцээр явагдах төлөвтэй байгаа талаар шинжээчид мэдээлсэн юм.

 

Франц дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор ДАШТ-ий дараах шинэчлэгдсэн чансааг танилцууллаа. Дэлхийн аварга цолыг хүртсэн францчууд 1726 оноогоор уг жагсаалтыг тэргүүлж, хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээ баг 1723 оноогоор удаалж байна.

Энэ жагсаалтын гуравдугаарт Бразилын баг тодорчээ. Дэлхийн таван удаагийн аваргууд 1657 оноогоор жагссан бол өнгөрсөн ДАШТ-д гайхалтай амжилт үзүүлсэн хорватчууд 1643 оноогоор 16 байр ахиж, дөрөвдүгээрт оржээ. Харин айргийн тавд 1627 оноогоор Уругвай бичигдсэн юм.

ТОП 10

  1. Франц 1726
  2. Бельги 1723
  3. Бразил 1657
  4. Хорват 1643
  5. Уругвай 1627
  6. Англи 1615
  7. Португал 1599
  8. Швейцарь 1597
  9. =Испани 1580
  10. =Дани 1580

ДАШТ-ий өмнөх чансааг тэргүүлж байсан германчууд 14 байр ухарч, 15-д бичигдэх болсон юм.

Эх орондоо болсон тэмцээнд амжилттай оролцсон оросууд 21 байр ахиж, 49-д бичигдэх болсон нь энэ удаагийн чансааны хамгийн том үсрэлт болжээ. Тэгвэл Египетийн шигшээ баг 20 байр ухарч, 65-д жагссан нь хамгийн тааруу үзүүлэлт болов.

Монголын шигшээ багийн хувьд урьдын адил дэлхийн 206 орноос 186-д бичигдсэн хэвээр байна.

Европын супер цомын аварга – “Атлетико Мадрид”

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга “Реал Мадрид”, Европа лигт өнгөлсөн “Атлетико Мадрид” клуб энэ жилийн Европын супер цомын төлөө өрсөлдлөө. Эстонийн нийслэл Таллин хотын А.Ле Кок цэнгэлдэхэд цугларсан 13 мянган хүний өмнө Испанийн хоёр хэн нь Европын шилдгийн шилдэг баг болохоо үзэв.

Энэ тоглолт олон талаар үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. “Реал” том өөрчлөлт хийсэн. Криштиану Роналду Итали руу явж, Зинедин Зидан “Эзэн хаан”-ы багийг орхисон. Франц менежерийн оронд энэ багийг Испанийн шигшээ багийн дасгалжуулагч асан Юлен Лопетеги удирдахаар болсон юм. Түүнчлэн хаалгач Тибо Куртуа шинэ багтайгаа хэр тоглохыг харахыг хүссэн хүн олон байсан ч Ю.Лопетеги Кэйлор Наваст найдвар тавьсан юм.

Тоглолт эхлээд л ердөө 50 дахь секундэд Диего Кошта гоолын салхийг хагалав. Бразил гаралтай испани довтлогч тус тэмцээний 43 жилийн түүхэнд хамгийн хурдан гоолыг оруулсан юм.

Гэхдээ тоглолтын 27 дахь минутад франц довтлогч Карим Бензема тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар хагасын 63 дахь минутад “Реал”-ийн ахлагч Серхио Рамос торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр баг нь тэргүүлж эхэлсэн.

Гэвч 79 дэх минутад эхний гоолын эзэн Д.Кошта тоог тэнцүүлж, улмаар хоёр баг нэмэлт цаг сунгалаа. Үндсэн цагт хоёр баг эн тэнцүү өрсөлдсөн ч нэмэлт цагт “Атлетико Мадрид” илт давуу тоглолт үзүүлэв. “Реал”-ийн хамгаалагчдын гаргасан ноцтой алдааг ашиглан, Сауль Нигес багаа тэргүүнд гаргасан бол зургаан минутын дараа Коке тооны харьцааг холдуулснаар энэ тулаанд хэн хожих нь тодорхой болсон юм.

Ийнхүү “Атлетико Мадрид” Супер цомд гурван удаа өрсөлдөхдөө бүгдэд нь ялсан үзүүлэлттэй боллоо. Тэдний урд таван удаа түрүүлсэн “АС Милан”, “Барселона”, дөрвөн удаа түрүүлсэн “Реал Мадрид” бичигдэж буй.  Тус багийн ахлах дасгалжуулагч Диего Симон 2012 онд энэ цомыг авч байсан юм. “Реал”-ын хувьд зургаан удаа финалдсан ч тав дахиа түрүүлж чадсангүй. Түүнчлэн сүүлийн дөрөвт нь өрсөлдөгчөө хожсон амжилт нь тасрав.

Диего Симоны дөрвөн тоглолтын торгууль дуусаагүй байгаа тул үзэгчдийн суудлаас тоглолтыг сонирхсон юм.

  • Диего Коштагийн 50 дахь секундэд орсон гоол тус тэмцээний түүхэнд хамгийн хурдан гоол болжээ.
  • Карим Бензема “Реал Мадрид”-ын төлөө 193 гоол оруулсан. Тэрбээр энэ тэмцээнд гоолдсоноор зургаан өөр тэмцээнд гоол оруулсан тоглогч болов.
  • Диего Симон “Атлетико Мадрид”-ын хамт долоо дахь цомоо авлаа. Энэ нь клубийн түүхэнд хамгийн олон цомтой менежерээр тэмдэглэгдэв.
  • “Атлетико Мадрид” заналт “Реал”-тай таарсан шигшээ тоглолтод хэзээ ч дөрвөн гоол оруулж үзээгүй.
  • Д.Симоны хувьд “Реал”-ийг гурван өөр тэмцээнд ялж чадсан цор ганц дасгалжуулагч.
  • Юлен Лопетегигийн хувьд 1948 онд Майкл Кеепингээс хойш анх удаа нээлтийн тоглолтод дөрвөн гоол алджээ.

 

Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 хаалгач – Кепа, Алиссон Бекер, Куртуа, Эдерсон

Италийн залуухан хаалгач Жианлужи Буффон одоогоос 17 жилийн өмнө 23 насандаа “Парма”-гаас “Ювентус” руу 32.6 сая еврогоор очиж, дээд амжилт тогтоож байлаа. Үүнээс хойш 16 жилийн турш түүн шиг өндөр үнэ хүрсэн хаалгач тодроогүй. Харин энэ өнгөрсөн жил Эдерсон Мораес түүний энэ дээд амжилтыг давж гарсан түүхтэй. Ингээд хөлбөмбөгийн наймааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн 10 тоглогчийг танилцуулья.

  • 1. Кепа Аррисабалага, “Атлетик Билбао”-гаас “Челси”, 2018, 71 сая фунт

Кепа Аррисабалага Испанийн “Атлетик Билбао” клубийн үндсэн багт ердөө хоёр улирал багтаж, Ла Лигийн 53 тоглолтод оролцсон төдийгүй шигшээ багтаа нэг тоглолтод оролцсон. Гэхдээ Английн “Челси” клуб богино хугацаан бельги хаалгач Тибо Куртуагийн орон зайг нөхөх шаардлагатай болсон тул испани эрийн 80 сая еврогийн гэрээг худалдаж авсан юм. Энэ нь олонд төдий л танигдаагүй Кепаг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болгожээ.

  • 2. Алиссон Бекер, “АС Рома”-гаас “Ливерпуль”, 2018, 65 сая фунт

Бразилын шигшээ багийн №1 хаалгач Алиссон Бекер богино хугацаанд дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач байв. Италийн “АС Рома”-гийн үндсэн багт хоёр жил тоглосон түүний ур чадварыг Английн “Ливерпуль” клуб 65 сая фунтаар үнэлсэн. Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн шигшээд тус багийн хаалгач Лорис Кариусын “тархи хөдөлсөн нь” рекорд үнээр хаалгач авчрахад түлхэц болсон билээ. Гэхдээ Алиссоны дэлхийн хамгийн үнэтэй хаалгач хэмээх цол сар хүрэхгүй хугацааны настай байв.

  • 3. Тибо Куртуа, “Челси”-гээс “Реал Мадрид”, 2018, 35 сая фунт

 

Бельгийн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д гайхалтай оролцож, хүрэл медаль, алтан бээлий шагналыг хүртсэн Тибо Куртуа Англид эргэн ирээд бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр “Реал” руу хандарч эхэлсэн юм. Хэрвээ түүний наймаа өнгөрсөн зургадугаар сард явагдсан бол гарцаагүй дээд үнэ болох байлаа. “Челси”-тэй байгуулсан гэрээ нь дуусахад нэг жил үлдсэн ч “Реал” хүлээж тэвчилгүй 35 сая фунт зарцуулжээ.

  • 4. Эдерсон Мораес, “Бенфика”-гаас “Манчестер Сити”, 2017, 34.7 сая фунт

Бразилын шигшээ багийн хаалгач Эдерсон Мораес өнгөрсөн жил Английн Премьер лигт очихдоо дэлхийн хамгийн үнэтэй хаалгач болсон түүхтэй. Эдерсон өнгөрсөн жил “Манчестер Сити” клубийн хамт Английн дээд лигт түрүүлж, бас гиннесийн номд бүртгүүлээд амжсан. Тэр бол бөмбөгөө хамгийн хол цөлдөг хаалгач аж. Бразил эр гурав дахь оролдлогоороо 75.35 метр “нисгэж” дэлхийн дээд амжилтад нэрээ мөнхөлсөн юм.

  • Жианлужи Буффон, “Парма”-гаас “Ювентус”, 2001, 32.6 сая фунт

Италийн “Ювентус” клуб нидерланд хаалгач Эдвин ван дер Саарын оронд 23 настай залуу хаалгач Жианлужи Буффонд итгэл хүлээлгэв. Дараагийн 16 жил Ж.Буффон “Хөгшин хатагтай” нарын бахархал болсон юм. Түүний цаг үед Икер Касильяс, Петр Чех гээд олон шилдэг хаалгач төрсөн ч Ж.Буффон бүх цаг үеийн хамгийн гайхалтай тоглогч гэдэг нь маргаангүй үнэн. Одоогоос 12 жилийн өмнө 2006 онд Италийн багууд тоглолт тохиролцсон хэргээр шийтгэл хүлээхэд багтаа үнэнч үлдсэн цөөн тоглогчийн нэг нь Ж.Буффон байлаа.

  • 6. Жордан Пикфорд, “Сандерланд”-аас “Эвертон”, 2017, 25 сая фунт

Английн “Сандерланд” клубийн хүүхдийн академид хүмүүжсэн Ж.Пикфорд 17 настайгаасаа л “Сандерланд”-ын болон хоёрдугаар дивизионы олон багийн хаалгыг манасан. Таван жилийн хугацаанд зургаан багт зээлээр тоглосон англи эр 2016 онд үндсэн багтаа эргэн ирсэн. Эхний тоглолтоо “Тоттенхэм”-ийн эсрэг хийснээр 21 нас хүрсэн ч Английн таван лигт мөрөө гаргасан тоглогч болжээ. Энэ жилийн ДАШТ-д гялалзахаас өмнө “Эвертон” түүний авьяасыг үнэлэн, өнгөрсөн жил 25 сая фунтаар худалдаж авсан. Ингэснээр тухайн цаг үед дэлхийн гурав дахь, Английн хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач болсон юм.

  • 7. Франческо Тольдо, “Фиорентина”-гаас “Интер Милан”, 2001, 23.85 сая фунт

Италийн “АС Милан” клубийн академид “номын дуу” сонсч, мэргэжлийн хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн ч үндсэн багт тоглож чадаагүй. Зээлээр гурван багт очсоны дараа 1993 онд “Фиорентино”-той гэрээ байгуулжээ. Энд найман улирал тоглохдоо Италийн цомд хоёр, Италийн супер цомд түрүүлж, Аваргуудын лигт тоглоод амжсан. 2000 онд Сери А-гийн шилдэг хаалгач болсон юм. Дараа жил нь “Фиорентина” клуб санхүүгийн асуудалд орсон тул Ф.Тольдог зарахаас өөр аргагүй байдалд оржээ. Түүнийг “Парма” руу зарсан ч өөрөө тоглохоос татгалзсан тул “Интер Милан” худалдаж авсан юм.

  • 8. Бернд Лено, “Байер Леверкузен”-ээс “Арсенал”, 2018, 19.3 сая фунт

Бернд Лено Бундес лигт 230 тоглолтод оролцсон ч Германы шигшээ багт ердөө зургаан удаа дуудагдсан. Тэр ч бүү хэл ДАШТ-ий бүрэлдэхүүнд ч багтаагүй юм. Гэхдээ түүний үнэ өөрт нь шигшээд боломж олгоогүй Мануэль Нойероос давж гарсан аж.

  • 9. Мануэль Нойер, “Шальке”-гаас “Бавари Мюнхен”, 2011, 19 сая фунт

Өдгөө 31 настай Мануэль Нойер 2011 онд хамгийн өндөр үнэ хүрсэн герман хаалгач болсон билээ. Одоо тэр Бундес лигийн аваргаар зургаан жил дараалан шалгарч, Аваргуудын лигт түрүүлээд зогсохгүй дэлхийн аварга болоод амжсан.

  • 10. Дэвид Де Хеа, “Атлетико Мадрид”-аас “Манчестер Юнайтед”, 2011, 18.9 сая фунт

Эдвин ван дер Саарын орыг залгахаар 20 настай испани хаалгач Дэвид Де Хеаг чамлахааргүй үнээр “Улаан чөтгөрүүд” эгнээндээ нэгтгэж байв. Харин одоо тэр Английн дээд лигийн аварга, Холбооны цомын эзэн, Лигийн цом, Европа лигт түрүүлээд зогсохгүй, Испанийн шигшээ багийн үндсэн хаалгач болжээ.

Өмнөд Азийн найман оронд Ла лиг үнэгүй цацагдана

“Facebook” компани Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутагт ноёрхлоо тогтоохын тулд Испанийн Ла лигийг тус бүс нутагт үнэгүй цацах эрхийг худалдан авлаа. Тус компани Леонил Месси тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг гурван жил эзэмших юм. Үүгээр ч зогсохгүй ирэх баасан гаригт нээлтээ хийх шинэ улирлаас эхлээд бүх 380 тоглолтыг дамжуулна. Ийм эрх эдлэх найман улсаар Энэтхэг, Афганистан, Бангладеш, Бутан, Балба, Малдивийн арал болон Шри Ланка, Пакистан улс байх аж.

Энэтхэг улсад Ла лигийн тоглолт шууд дамжуулах эрхийг өмнө нь “Sony Pictures Network” эзэмшиж байсан юм. Тэд 2014 онд дөрвөн жилийн хугацаанд 32 сая ам.доллароор уг эрхийг худалдаж авсан. Харин өдгөө “Facebook” ямар үнээр дээрх эрхийг авсан нь тодорхой бус байгаа ч ойролцоогоор 90 сая “ногоон” гэж таамаглаж буй. Энэ нь “Facebook”-ийн шууд дамжуулж буй анхны спорт контент биш. Тус компани MLB (мэргэжлийн бэйсболын лиг)-гийн улирлын 25 тоглолтыг шууд дамжуулах эрхийг 1 сая ам.доллароор худалдаж авсан. Ингэхдээ уг спортыг сурталчлах зорилгоор дэлхий дахинд үнэгүй үзүүлдэг. Сонирхуулахад, ирэх улирлаас “Amazon” Английн дээд лигийн 20 тоглолтыг өөрсдийн төхөөрөмжөөр шууд дамжуулах эрх авсан юм.

“Facebook”-ийн Олон улсын тэмцээн уралдааныг шууд дамжуулах салбарын захирал Петер Хаттоны мэдээлснээр тус компани цаашид ч спортын шууд дамжуулах цар хүрээгээ улам бүр тэлэхээр төлөвлөсөн аж.

Испанийн Ла лигийг үздэг хүмүүс Энэтхэгт олон бий. Үүний баталгаа нь 2016 онд Шинэ Дэли хотод Ла лигийн салбар байгуулагдсан явдал. Тус салбарын менежер Хосе Антонио Качаса “Энэ бол эхний алхам юм. Бид цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаа” гэж ярьсан байна.

Зөвхөн Энэтхэгт “Facebook” хэрэглэдэг 241 сая хэрэглэгч бий. Энэ нь АНУ-ын нийт хэрэглэгчидтэй тэнцүү тоо аж. Гэхдээ цаашид энэ тоо өсөх магадлалтай.

Өнгөрсөн жилийн байдлаар Энэтхэгийн хүн ам 1.3 тэрбумд хүрсэн. Энэ тоо 2030 онд 1.5 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Энэ жил 500 сая хүн шинээр интэрнэт холбогдсон мэдээлэл ч байгаа юм.

Гэхдээ энэ шийдвэр Энэтхэг болон тус бүс нутагт амьдардаг ихэнх иргэдэд таалагдаагүй бололтой. Тэд интэрнэтээр бус зурагтаар үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, багагүй бухимдаад амжсан.

“Facebook”-ийн ерөнхий захирал Марк Цукерберг дэлхий даяар амьдарч буй таван тэрбум хүнийг холбох хүсэлтэй байгаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ талаар Испанийн Барселона хотод болсон “Mobile World Congress”-ийн үеэр мэдэгдэл хийж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Тиймээс Энэтхэг болон Өмнөд Азийн энэ бүс нутгийн хэрэглэгчдийг татах арга зам хайж байсан юм. Өнгөрсөн жил түүний удирддаг компани Энэтхэгийн крикетийн лигийн шууд дамжуулах эрхийг 610 саяар худалдаж авахаар санал тавьсан ч цаадуул нь татгалзсан хариу өгсөн гэдэг.