Tag: Барселона

Баян Барсаг балаг тойрохгүй

Удирдлагын буруу ажиллагаа болон корона цар тахлын хамтарсан хүчин зүтгэлээр Барселона клуб санхүүгийн хямралд өртсөн учраас Ла Лигийн журамд нийцүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хэмнэлт хийх шаардлагатай. Барселона клуб нийт 200 сая еврогийн хэмнэлт хийхээс нааш шинэ тоглогч элсүүлэхийг Ла Лига зөвшөөрөхгүй. Эдгээр шинэ тоглогчдын тоонд Сэрхио Агуэро, Эрик Гарсиа, Мэмфис Депаи, Эмэрсон Роял нар ч бас орно. Уг нь ихэнх нь үнэгүй ирж байгаа тоглогчид ч гэсэн наймааг нь эцэслэж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.
Хэдийгээр ирээдүйд клубын “элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх замаар” нөхөн олгоно гэсэн тохироотойгоор эхний жилийн цалинг бараг тал хувиар бууруулах гэхчлэн нэлээн бүтээлч маягийн арга зам сэдсэн ч санхүүгийн энэ асуудал нь Мэссид санал болгоод байгаа 5 жилийн гэрээг нь ч бас төвөгтэй байдалд оруулаад байна. Ла Лигагаас жил бүр клубуудийн зардлыг нэлээн чанга хянадаг бөгөөд энэ хүрээнд үндсэн болон нөөц багийн бүрэлдэхүүн, академи, дасгалжуулагчид, эмч зэрэгт зарцуулах зардлын хэмжээ, цалин болон наймааны мөнгөний хуваарилалт зэргийг хатуу зохицуулдаг.

Цалингийн санг үндсэндээ клубийн орлогоос дараа улирлын үйл ажиллагааны зардал, өглөгийн төлөлтийг хасаад гарсан дүнгээс бага байхаар тооцдог. УЕФА-гийн Санхүүгийн шударга зохицуулалтаас ялгаатай нь Ла Лигийн энэ зохицуулалт улирлын төгсгөлд биш эхэнд буюу өөрөөр хэлбэл мөнгөө зарцуулж эхлэхээс нь өмнө мөрдөгддөг байна. Өнгөрсөн улирлаар (2020/21) Ла Лига Ковид хэмээн ганц удаа харж үзээд клубуудыг баг бүрэлдэхүүний хязгаарлалтыг хэтрүүлсний торгуулийг хүчингүй болгосон юм. Харин энэ улиралд тийм хайр байхгүй шүү хэмээн лигийн ерөнхийлөгч Хавиэр Тебас анхааруулжээ.

Барсагийн цалингийн санг 2019/20 улиралд 671 сая евро байсан ба өнгөрсөн 2020/21 улиралд бараг тал нь хасагдаж 347 сая евро болсон. 324 сая еврогоор буурсан нь лигийн бусад клубуудийн бууралтыг нийлүүлсэн хэмжээтэй бараг дүйцэхүйц байжээ. Сүүлд Реал Мадридын цалингийн сан 473 сая евро болж гүйцэж түрүүлэх хүртэл тэдний цалин лигтээ хамгийн их нь байлаа. Барсагийн цалингийн сан шинэ улиралд (2021/22) үүнээс ч илүү, бүр 160 сая евро хүртэл буурсан хэмээн зарим хэвлэл мэдээллүүдэд мэдээлж байгаа бөгөөд 200 сая евро ч хэмээн өөр эх сурвалжуудад мэдээлж байна. Аль нь ч байлаа гэсэн цалингийн санг маш их хэмжээгээр нимгэлжээ.

Тебас ийнхүү тайлбарлав:

  • Хэрвээ клубүүд цалингийн зардлаа хэтрүүлэхээр бол хэмнэсэн мөнгөний 25 хувиас илүүгүй байлгах ёстой. (Энэ нь клубууд наймааны цэвэр ашгийн 25 хувийг шинэ зардал руу шилжүүлэн ашиглах боломжтой ба үлдсэн 75 хувийг нь төлбөрөө төлөхөд ашиглах ёстой гэсэн үг) Барселона 100 сая еврогоор тоглогч зарлаа гэхэд 25 саяыг нь л ашиглах боломжтой. Тэднийх жилийн цалингийн сан нь 25 сая еврогийн зардалтай тоглогч авчрахыг хүсэж байгаа бол ямар нэгэн байдлаар 100 саяын орлого олох ёстой. Наймаагаар юм уу эсвэл цалингаа бууруулж байгаад ч юм уу. Барсагийнх яг одоогийн байдлаар цалингийн сангаа хэтрүүлчихсэн байгаа. Цалингийн цэсийг бууруулах хүчин чармайлт нь зөв голдрилдоо орсон байгаа хэдий ч зөвхөн Мэссид зориулаад тусгай дүрэм гаргана гэж байхгүй. Мэссигийн цалинг багтаагаасай гэж би найдаж байна, гэхдээ тэгэхийн тулд тэд өөр хэн нэгнийг хасах шаардлагатай.

Барселонагийн хөлбөмбөгийн цалингийн зардал нь 2019/20 улиралд 443 сая евро болж өмнөх 501 сая еврогоос 58 сая буюу 12 хувиар буурсан боловч 2017 оны үзүүлэлттэй харьцуулбал 103 саяар буюу 30 хувь өссөн байна. Бусад спортын салбаруудын цалинг оруулаад тооцвол 487 сая, үүн дээр барааны тэмдэгтийн эрхийн төлбөрүүдийг нэмбэл 513 сая евро болно. 2020/21 улиралд 81 саяар буурч 362 сая евро болохоор төсөвт тусгагдсан. Барсагийн цалингийн сан Испанидаа төдийгүй Европын бусад клубуудээс ч хол тасархай. Ялангуяа 2019 оны 501 сая евро нь хоёрт жагсан байсан Манчестер Юнайтед клубийн 377 сая еврогоос даруй 33 хувь (124 сая евро) илүү байжээ. Цалингийн зардал нь ерөнхийлөгч асан Хосэп Мариа Бартомеугийн үед тэнгэрт гарсан байна. Үлгэр домгийн 501 сая еврогоос буугаад 443 сая евро болоод байсан 2020 ондоо ч гэсэн Барса цалингийн зардлаараа Европт тэргүүлсэн хэвээр байсан ба арын клуб Манчестер Ситигээс 42 сая еврогоор илүү байсан юм. Тебас хэлрүүн: “Барса уг нь дандаа л хязгаар дээрээ байдаг байсан. Гэхдээ цар тахал ирэхэд даанч маневрлах боломжгүй болсон доо”.

Барсагийнхан Мэссигийн жишээгээр бусад тоглогч нарыг ч гэсэн цалингаа бууруулах байх хэмээн найдаж байна. Жерар Пикэ, Марк-Андрэ тер Штеген, Френки де Ёнг, Клэмэн Ленгле зэрэг тоглогч нар хэдийн тохиролцоонд хүрсэн бөгөөд бусад тоглогч нартай ч хэлэлцээр явагдаж байгаа гэнэ. Барсагийн цалингийн эргэлтийн харьцаа уг нь бол тийм ч муу биш байсан боловч сүүлийн 52%-иас 62% болж муудсаны дээр 2020/21 улирлын ковидоос болж эрс буурсан орлогын түвшин бүр нэрмээс болох нь дамжиггүй. Аугаа Барселона яагаад ийм нуман тулгуурт орчхов хэмээн зарим улс гайхаж магадгүй. Ялангуяа 2019/20 улирлын Делоиттын мөнгөний лигийг 715 сая еврогийн орлогоор тэргүүлж байсныг нь бодсон ч тэр. Гэхдээ “Revenue is vanity, profit is sanity and cash is king” (“Орлого их бол бардам, ашиг ихтэй бол эрүүл ухаан, харин бэлэн мөнгө бол хаан” гэх маягийн) хэмээх эртний үгийг санацгаая.

Үүнээс гадна Барсагийн орлого 2020 онд 126 сая еврогоор (15%) буурсан нь Европын супер лигийн клубууд дундаа хоёрт орох үзүүлэлт. Дээр нь Манчестер Юнайтедын 131 сая еврогийн бууралт. Харин эдгээр клубууд дундаа Реал Мадридын орлогын бууралт хамгийн бага, 42 сая еврогоор буюу дөнгөж 6%. Ковидоос болж 2020 онд Барселона 203 сая еврогийн (цэнгэлдэхээс 67 сая, телевизийн 35 сая, арилжааны 72 сая, наймааны 29 сая) алдагдал хүлээсэн ба 2021 онд 267 сая еврогийн алдагдал гарах тооцоотой байгаа нь сүүлийн хоёр жилийн алдагдлыг 470 сая евро болгож байна. Үзэгчдийг цэнгэлдэхэд эргэж ирнэ хэмээн тооцоолж байсан болохоор жинхэнэ алдагдал энэ дүнгээс ч илүү гарах магадлалтай.

УЕФА-гаас 2019 онд нэвтрүүлсэн коэффициентын төлбөрийн журмын дагуу Аваргуудын лигиэс нэлээн урамшууллын мөнгө их орж ирж байгаа нь Барселона клубийн хувьд (ерөнхийдөө Испанийн клубуудэд) их давуу тал болж байгаа боловч 2015 оноос хойш их хойш шөвгийн наймаас хэтрэхээ байсан, бас 2021 онд сүүлийн 16-д л шалгарсан гэсэн үзүүлэлт хойш нь татаж байгаа юм. Мөн дээр нь Барселона клубийн арилжааны орлого ч буурч байгааг хэлэх нь зүйтэй. Арилжаа, наймааны ажлуудыг гүйцэт дуусгаж чадахгүй байгаагаас хамаарч байгаа бөгөөд мөн өмсгөлийн ивээн тэтгэгч Ракутены гэрээг 2022 оны 6-р сард сунгах дүн нь 55 саяас 30 сая евро болж буурах төлөвтэй байгаа гэнэ. Барсагийн алдагдал 2020 онд татварын өмнө 128 сая евро байсан бөгөөд харьцуулахад Реал Мадридынх 2 сая еврогийн цэвэр ашигтай байсан. Тебас аанай л өгүүлрүүн: “Реал Мадридынхан алдагдлаараа цом хүртэж буй Барселона шиг байхгүйн тулд магтууштай сайхан ажилласан.” Сүүлийн гурван жилийн дүнгээр бол Барса Мадридаас 203 сая еврогоор муу байна.

Бусдын адил Барса ч гэсэн тоглогчийн борлуулалтаас ихээхэн хамааралтай болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд тоглогчдын наймаанаас 382 сая еврогийн орлого олсон байна (2018 онд Неймарыг ПСЖ рүү өндөр үнээр явуулсан наймааг оруулаад). Гэвч 2020/21 улирлын төсөвт цэвэр ашиг дөнгөж 28 сая евро байжээ. Орлого 59 сая, алдагдал 31 сая евро. Юу гэсэн үг вэ гэвэл, 2020 онд Барселонагийн үйл ажиллагааны алдагдал нь 173 сая (тоглогчийн борлуулалт, хүүг хасаад), сүүлийн гурван жилд 432 сая евро болсон гэсэн үг юм. Супер лигийн гурван клуб (Ютентус, Милан, МанСити) л үүнээс илүү алдагдалтай байсан боловч Барсагаас ялгаатай нь гурвуулаа хувийн эзэмшлийн клубууд.

Барсагийн орлого ихэссэний гол шалтгаан нь Лиценз болон арилжааны үйл ажиллагааг 2019 өөрийн дотоод үйл ажиллагаа болгон оруулж ирснээс болсон боловч өндөр зардлын улмаас үр ашгийг нь гаргаж чадахгүй байгаа нь сүүлийн гурван жилд бусад зардлууд 54 сая еврогоор (32%) өссөнөөс харагдаж байна. Барселонагийн ажилчдын зардал, тоглогчдын амортизаци (тоглогчийн наймааны дүнг гэрээний хугацааны турш төлж барагдуулахыг хэлдэг. Орч.) нь гуравхан жилийн хугацаанд 67 саяас 174 сая евро болон харваж өгсөн бөгөөд Европдоо хамгийн өндөр дүн юм. Ард нь Ювэнтус 167 сая, МанСити 166 сая евро. Тоглогчдыг хямд үнээр явуулах гэвэл энэ асуудал хүндрэл үүсгэх магадлалтай юм. Жишээ нь Миралем Пьяничийн амортизацид л гэхэд 45 сая евро төлөх дутуу байгаа.

Барселона клуб наймаанд маш их мөнгө үрсэн. Сүүлийн гурван жилийн дунджаар 320 сая евро зарцуулж байсан нь түүнээс өмнөх 5 жилийн дунджаас даруй 103 саяар илүү байгаа юм. Тоглогчийн борлуулалтын орлого энэ хугацаанд нэмэгдсэн боловч нийлбэр дүнгээрээ наймаанд 64 саяас бараг хоёр дахин нэмэгдэж 132 сая еврог зарцуулсан байна. Тодорхой хэлбэл Барселона клуб сүүлийн гурван жилийн наймаанд бараг нэг тэрбум шахуу евро (960 сая) зарцуулсан нь арын клубуудээс хол тасархай. Ювэнтус 801 сая, Челси 758 сая, МанСити 678 сая евро. Нийлбэр зарцуулалтаар бол Манчестерын хоёр клубын ард. Гэхдээ тэд ихэнх наймаагаа өр тавьж хийсэн нь наймааны өглөгийн хэмжээ нь 2017 онд 64 сая евро байгаад 2020 онд 323 сая болж өссөнөөс харагдана. Энэ нь мөн л Европдоо тэргүүлэх үзүүлэлт бөгөөд ард нь Атлетико Мадрид 316 сая, Ювэнтус 301 сая, Интер 207 сая, Реал Мадрид 196 сая евро гэсэн дүнгээр жагсаж байна.

Барселонагийн нийт санхүүгийн өглөг нь хоёрхон жилийн дотор 68 саяас шууд 480 сая евро болж өссөн нь банкны зээл (279 сая) болон бонд (201 сая) хоёроос бүрдэж байна. Бэлэн мөнгө нь харьцангуй тогтвортой 162 сая евро байсан учраас цэвэр өглөг нь 114 саяас 2020 онд 318 сая болж өссөн. Өглөгийн талаарх УЕФА-гийн тодорхойлолтыг ашиглавал, санхүүгийн өглөг (банкны зээл, бонд, эзний зээл) болон наймааны өглөгөөрөө Барселона клуб 803 сая еврогоор хоёрдугаарт жагсаж байна. Урд нь Тоттэнам Хотспур 1.1 тэрбум еврогоор, гэхдээ Давируулууд энэ мөнгийг цэнгэлдэх хүрээлэн барих зорилгоор зээлсэн. Төлөгдөөгүй байгаа цалин, татварын газар, худалдааны зээлдэгч болон бусад зээлдэгчдэд өгөх өглөгийг тооцвол Барселонагийн нийт өглөг 1.2 тэрбум евро болно. Ажилчдад өгөх өглөгийн хэмжээ нь их чухал, учир нь Испанийн клубууд цалингийнхаа ихэнхийг жилд хоёр удаа л олгодог учраас их хэмжээний бэлэн мөнгийг тооцоонд оруулахад учир дутагдалтай.

Барсагийн хувьд өрийн асуудал нэлээн хэцүү байгаагийн учир нь гэвэл ихэнх өглөгийг (731 сая евро, үүний 268 сая нь банкны зээл) их богино хугацаагаар буюу 12 сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй авсан байдаг. Арын хоёр нь Атлэтико 432 сая, Тоттэнам 404 сая евро. Тебас аанай л өгүүлрүүн: “Барса өрийнхөө хугацааг ахин зохицуулах хэрэгтэй. Тэгж чадвал байдал тийм ч ноцтой биш байж болно.” Уг нь Барселона сая 6-р сард Голдман Саксаас 15 жилийн хугацаатай, 3% хүүтэй зээлийн эрх нээлгэсэн. Үүнийгээ 80 саяын зээлийн эргэн төлөлт, 200 саяын бондын ахин хэлэлцээрт ашигласан. Өндөр зээлийн нэг сул тал нь зээлийн өндөр хүү. 2018 онд нэг сая евро хүрдэггүй байсан зээлийн хүү нь 2020 онд 26 сая евро болж өссөн нь Европтоо толгой цохиж байгаа юм. Ард нь Юнайтед 23 саятай. Төсөвт дурдсанаар бол энэ төлбөр 2021 онд 34 сая болж өсөх тооцоотой. Барселонагийн 2020 оны бэлэн мөнгөний эргэлт нь тэдний гол анхаарах зүйлсийг харуулж байна. 173 саяын үйл ажиллагааны алдагдал нь бэлэн бус мөнгийг нэмснээр 25 сая болж сайжирсан боловч, үүний дараа клуб тоглогч нарт 97 саяыг зарцуулж (245 сая худалдан авалт, 148 сая борлуулалт), 58 саяын үндсэн хөрөнгийн зардалд, 24 саяыг хүүгийн төлбөрт. 205 саяын шинэ зээлээр эдгээрийг санхүүжүүлсэн.

Мөнгө босгохын тулд Барса тоглогч зарах ёстой. Зардаггүй юм гэхэд зээлээр явуулж цалингийн цэсээ суллах ёстой. “Асуудал хэр хүнд вэ гэдэг нь тэдний босгож чадах хөрөнгийн хэмжээнээс хамаарна” хэмээн Тебас хэлсэн. Нөхөд одоогоор Фирпо, Тодибо, Алена, Тринкао нарыг явуулчхаад байгаа. Дээр нь нэмээд Коутиньо, Дэмбэлэ хоёрыг зарах сонирхолтой байгаа боловч нөгөө хоёр нь гэмтэлтэй байгаа учраас олигтой юм болохгүй янзтай. Умтити, Пьянич хоёрыг зүгээр сул явуулчихсан ч яах вэ гэсэн байдалтай. Товчхон хэлбэл, заръя гэсэн хүмүүс нь өөдтэй мөнгө босгохгүй. Санаагаар болдог бол Барсачууд Педри, Ансу Фати, Илайи Мориба зэрэг авъяаслаг залуус дээр нэмээд түлхүүр тоглогчид болох Гризман, де Ёнг, тер Штеген нарыг авч үлдэх сонирхолтой байгаа. Харамсалтай нь чухам эдгээр тоглогч нар нь хамгийн их анхаарал татаад байгаа нөхөд билээ.

Ерөнхийлөгч Хуан Лапорта: “Зах зээл явж л байна, гэхдээ их онцгой нөхцөл байдал үүслээ. Их хэмжээний мөнгө байхгүй, голдуу л тоглогчийг тоглогчоор солих гэсэн саналууд байна” гэж хэлсэн нь бий. Энэ нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд Барселонагийн зүгээс нэлээн хүнд шийдвэрүүдийг хийх хэрэгтэй болохыг харуулж байна. Барселонагийн хувьд мөнгө босгох өөр нэг боломж нь Барса корпорациас (академи, инновацийн төв, лиценз, арилжааны бүтээгдэхүүн, студи) хувьцаа борлуулах арга байж болно. 50 хувийн төлөө 200 сая евро авсан гэх яриа бий ч Лапортад зарах сонирхол төдийлөн байхгүй бололтой.

Барсад тулгараад байгаа санхүүгийн энэхүү сүрдэм хүндрэл нь нөгөө Европын супер лигт нэгдэх гэсэн тэдний хүслийг тайлбарлаж байгаа юм. “Сайн байна уу” гээд 270 сая евро дээр нэмэгдээд эхний хоёр жил 60 сая евро, бас жил бүр найдвартай 234 сая евро хүлээж авах байлаа даа. Барселонагийн энэ асуудал гэхдээ ганц шөнийн дотор ч ирчхээгүй юм. Эдийн засаг эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эдуард Ромеугийн хэлснээр “Ковидыг хамаг юмны буруутнаар нэрлэх аргагүй. Байдал бүр өмнө нь ч эвгүйтсэн байсан.” Лапорта бол эдгээр хориг хязгааруудыг тэд “өвлөж авсан зүйл” хэмээн өмнөх удирдлагыг буруутгасан юм. Шийдэл гарц олоход нэн хэцүү, гэвч Лапорта өөдрөг байгаа. “Манайх авсан тоглогч нараа бүртгүүлж чадах болно. Амархан биш гэхдээ бид маш шаргуу ажиллаж байна. Бид дүрмийн дагуу ажиллах ёстой. Бид цалингийн цэсийг багасгаж чадах болно, эсвэл Ла Лигид зөвшөөрөгдөх шийдлийг олох болно” гэж байна.
Барселона хөлбөмбөгийн клубийн хувьд хүнд үе тохиож байна. Санхүүгийн асуудлаас гадна талбай дээрх тоглолтууд ч гунигийн. Саяын өнгөрсөн улирал нь тэдний 2007/08 улирлаас хойш анх удаа түрүү, үзүүрийн алинд нь ч байгаагүй тохиолдол байлаа. Ямар ч байсан их хэмжээний мөнгө зарцуулж наймаа хийх явдал тэдний хувьд төгсгөл болсон.


Орчуулсан: Д.Цогчулуун
2021.07.26

Эх сурвалж: https://threadreaderapp.com/thread/1419540799440707584.html
Гэрэл зургийг: https://www.theguardian.com/football/2020/jul/02/messis-influence-troubling-finances-and-boardroom-turmoil-why-barcelona-are-a-mess

Пеп Гуардиола, Жоан Лапортагийн номер нэг сонголт

Барсагийн Ерөнхийлөгч Жоан Лапорта ирэх улиралд Пеп Гуардиолаг авчрах хүсэлтэй байна. Куманыг орлох хамгийн шилдэг хувилбар бол Пеп хэмээн Лапорта үзэж байгаа юм.

Тэрээр Барсад шинэ үе, мөчлөг эхэлж байна хэмээн зарласан билээ. Энэ нь эрс шинэчлэл хийнэ гэсэн үг. Энэ шинэчлэлийг манлайлах хамгийн зохистой хүн нь Барсагийн унаган бүтээгдэхүүн Пеп хэмээн үзэж, түүнийг авчрахыг урьтал болгоно гэжээ.

Шинэ дасгалжуулагч хайж байгаа гэдгээ Куманд аль хэдийнэ дуулгасан хэмээн Испанийн хөлбөмбөгийн хэвлэлүүд мэдээлж байна. Манчестер Сититэй гэрээтэй байгаа Пеп Аваргуудын лигт түрүүлчихвэл Англиас явна хэмээн тоймчид итгэлтэй байгаа аж. Европт аваргалж чадахгүй ч Ситигээс явна гэж үзэх хүмүүс их байгаа. Харин Пеп Барсад буцаж ирэх үү гэдэг том асуулт үлдэж байна. Кун Агуэро Барсад ирж байгаа бол Пеп Барсад ирэхгүй. Агуэрог үеэ өнгөрөөсөн гэж үзэн явуулсан Пеп түүнтэй дахин хамтран ажиллана гэж байхгүй.

Каталан дасгалжуулагч Сититэй 2023 он хүртэл гэрээтэй. Гэвч тэр Ситигийн дараа хаана очихыг хэн ч таашгүй. Барсагаас явсны дараа нэг жил амарчихаад Байерн Мюнхенд ирнэ гэдгийг хэн ч таамаглаагүй. Гэтэл тэрээр нэг жил амарч байхдаа герман хэлийг гэрээр тууштай үзэж Байернтэй гэрээ үзэглэхдээ шууд германаар чөлөөтэй ярьж байсан гэдэг.

Барселона аваргуудын лигийн анхны цомоо өргөлөө

“Барселона” клубийн бүсгүйчүүд эхний үед “Челси”-гийн хаалганд 4 гоол оруулж, улмаар ялалт байгуулснаар эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн анхны цомоо өргөв. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй тус тусын аваргуудын лигт түрүүлсэн хамгийн анхны клуб болж байгаа юм.

“Барселона” энэ улирал Испаний лигт төгс амжилтыг үзүүлэн хүснэгтийн нэгдүгээр байранд бичигдэж байгаа билээ. Тэд аварга болох хүсэл эрмэлзэл ихтэй гэдгээ аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод Монза хотод “Манчестер Сити”-тэй тоглохдоо харуулсан юм. Шигшээ тоглолтын үр дүнг хүмүүс урьдчилан таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй болов уу.


“Барселона” багийн дасгалжуулагч Ллюис Кортез: “Би эдгээр охидыг юунд хүрч чадахыг л та нарт харуулахыг хүссэн юм. Би багийнханаараа маш их бахархаж байна. Тоглолт эхлэхийн өмнө Алексиа надаас –Чи надад итгэж байна уу? гэхэд нь би –Тийм ээ, би итгэж байна гэж хэлээд түүнийг талбайд гаргасан.”

Тоглолтын шилдэг тоглогч болсон Айтана Хайес: “Би яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Би багаараа үнэхээр бахархаж байна. Бид энэ цомыг хүртэх эрхтэй учир нь 2019 оны Будапештэд болсон финалаас хойш бид үргэлж хичээж, шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн. Бид өөрсөддөө шигшээд шалгарч цаашлаад аварга болно гэсэн том шалгуур тавьсан. Харин одоо бид зорьсондоо хүрчихлээ шүү дээ.”

“Челси” багийн дасгалжуулагч Эмма Хайес: “Бидний хувьд үнэхээр гайхалтай сайхан улирал боллоо. Өнөөдрийн тоглолт бидэнд хэцүү байлаа учир нь энэ тоглолт бараг эхлэхээсээ ч өмнө дуусчихсан гэж хэлж болно. Тэднийг торгуулийн цохилт хийхээс өмнө бидэнд хоёр ч боломж гарсан. Тоглолтын хоёрдугаар хагаст тоглогчид бүхнээ дайчлан тоглож байгааг хараад би тэд нараараа үнэхээр их бахарсан. “Барселона”-д баяр хүргэе, та нар энэ цомыг авах эрхтэй баг шүү.”

“Челси”-гийн хамгаалагч Миллие Брайт: “Бид хүсч байсан шигээ тоглолтоо эхлүүлж чадсангүй. “Барселона”багийн хамт олонд баяр хүргэе, та нар энэ цомыг авах эрхтэй. Бид илүү сайн болоод эргээд ирнэ гэдгээ амлаж байна.”

Онцлох статистик

  • “Барселона” шигшээ тоглолтод 4:0-ээр хожсон нь 2009/10 оноос эхэлсэн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоолын зөрүүтэйгээр хожиж, аварга болсон тохиолдол болов.
  • “Барселона” эрэгтэй болон эмэгтэй тус тусын аваргуудын лигт аварга болсон анхны баг боллоо.
  • Челси клубийн тоглогч Леоползын өөрийн хаалганд оруулсан авто гоол нь энэ улиралын эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хамгийн хурдан гоол байв.
  • Грем Хансен нь Ада Хегербергийн дараа финалд гоол оруулсан хоёрдах норвеги тоглогч болов.
  • Аситат Ошоала Африк тивээс энэ тэмцээнд түрүүлсэн хамгийн анхны эмэгтэй тоглогч болов.
  • “Барселона” эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн сүүлийн есөн тоглолтын зургаад нь эхний 15 минутад гоол оруулсан.

    Зуны солилцоо наймааны цонх

    Спортыг тэр дундаа хөлбөмбөгийг шимтэн үздэг хүмүүсийн дунд хамгийн эрэлт ихтэй, шуумаар тасардаггүй сэдэв бол яах аргагүй солилцоо наймааны цонх билээ.

    Зарим тоглогчид эрэлт ихтэй байдаг учраас хэлэлцээр сунжирч заримдаа хугацаа дуусахаас өмнө үнэ нь өсөх тэр ч бүү хэл багаа солино гэсэн яриа зүгээр нэг цуу яриа төдийхөн болоод өнгөрөх нь олонтаа.
    2020/21 улирал дуусч 2021/22 шинэ улирал эхлэх гэж буйтай холбогдуулан энэ зуны наймааны талаарх сонирхууштай мэдээллийг бэлтгэв.

    Зуны солилцоо наймааны цонх хэзээ нээгдэх вэ?

    Премьер лигийн хувьд 2021 оны 06 сарын 09-ний Мягмар гарагт нээгдэнэ. Нийт 12 долоо хоног үргэлжлэх бөгөөд 08 сарын 31-ний Лхагва гарагт 23:00 цагт дуусах юм.
    Багууд “Евро-2020” эхлэхээс өмнө буюу 06 сарын 11-ны өдрөөс өмнө шилжүүлэгийн гэрээгээ хийж болно.

    ЛигУлсСолилцооны
    цонх нээгдэх өдөр
    Солилцооны
    цонх хаагдах өдөр
    Премьер ЛигАнгли09/06/202131/08/2021
    БундеслигГерман01/07/202131/08/2021
    Лиг 1Франц01/07/202131/08/2021
    Ла ЛигИспани01/07/202131/08/2021
    Сери АИтали01/07/202131/08/2021
    Европын ТОП таван лигийн солилцооны цонх

    Аль тоглогч багаа орхиж магадгүй вэ?

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан Супер Лигийн төлөвлөгөөнөөс үүдэн “Реал Мадрид”-ын Ерөнхийлөгч Флорентино Перез энэ зун наймаа хийхгүй байхыг уриалсан юм. Түүний энэ үйлдэл ньзуны солилцоо наймааны талаарх шуум, цуу ярианы эрчийг дарж чадсангүй.

    Эрлинг Хааланд – Боруссия Дортмунд

    erling haaland borussia dortmund


    “Реал Мадрид”, “Манчестер Сити” , “Парис Сайнт Жермен” баг түүнийг сонихож буй хэмээн яригдаж байгаа буй боловч “Боруссия Дортмунд” шилдэг тоглогчоо багтаа үлдээхийг хүсч байна.
    Э.Хааландын агент Мино Райола энэ сард аль нэг багтай тохиролцоо хийж магадгүй гэсэн цуурхал тархсан. Энэ талаар М.Райола AS агентлагт өгсөн ярилцлагадаа “Германы багийн хувьд тоглогчоо авч үлдэх сонирхолтой байгаа. Харин би бол арай өөр өнцөгөөс харж байна. Хэрэв сайхан боломж гараад ирэх юм бол бид бүгд баяртай байх болно шүү дээ” хэмээн ярьсан юм.
    Хааландыг ирээдүйд “Барселона”,”Байерн Мюнхен”,”Ювентус”-ын аль нэгэнд очно гэж агент нь онцолсон юм.

    Лионель Месси – Барселона

    Өнгөрсөн онд үнэнчээр зүтгэж явсан баг болох “Барселона”-гаас явна гэдгээ сүр дуулиантайгаар мэдэгдээд байсан Лионель Месси харин энэ жил хэрхэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр л байсаар байгаа юм.
    Клубын шинэ ерөнхийлөгч Жоан Лапорта “Аргентин тоглогч маань багтаа үлдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.” гэсэн бол Депортес Куатро “Би түүнийг үлдээхийн тулд клубын зүгээс бүхнийг хийнэ” гэсэн аж.
    Клубээ орхино гэдгээ өнгөрсөн жил зарласан ч одоо хүртэл клубдээ хайртай байгаа нь нэг их нууц биш юм. Гэсэн хэдий ч тэрбээр Пеп Гвардиолатай дахин нэгдэн “Манчестер Сити” рүү явахыг эртнээс бодсоор ирсэн хэмээсэн билээ.
    “Манчестер Сити”-гээс гадна “Парис Сайнт Жермен” Мессиг багтаа оруулахыг хүсдэг бөгөөд хэрэв наймаа амжилттай болвол Месси Неймартай дахин хамтрана гэсэн үг юм.

    Килиан Мбаппе – Парис Сайнт Жермен

    MOSCOW, RUSSIA – JULY 15: Kylian Mbappe of France celebrates with his Best Young Player Award following the 2018 FIFA World Cup Final between France and Croatia at Luzhniki Stadium on July 15, 2018 in Moscow, Russia. (Photo by Matthias Hangst/Getty Images)

    Бодит байдал дээр Мбаппег авах чадалтай баг “Манчестэр Сити” “Реал Мадрид” хоёроос өөр байхгүй.
    “Мадрид”-ын ерөнхийлөгч Ф. Перезийн хэлсэн анхааруулгыг авч үзвэл тэр Испаний нийслэлд очих магадлал тун бага байгаа юм.

    Жек Грилиш – Астон Вилла

    Football Writers Association for selecting him as the Midland’s Player of the Year

    “Астон Вилла”-гийн тууштай зүтгэлтэн Жек Грилиш 2020/21 улиралын төгсгөлд бэртэл авсан боловч энэ нь түүнийг сонирхож байгаа багуудад тийм ч сүртэй зүйл биш бололтой.
    Олон улсын агент Жонаттан Барнет түүнтэй холбоотой хэд хэдэн наймааг өнгөрсөн 3 сард урьдчилан таамагласан бөгөөд хэрэв түүнийг “Атлетико” руу явбал олон амжилтыг эвдэж магадгүй гэсэн байна.

    Жэдон Санчо – Боруссия Дортмунд

    “Дортмунд”-ийн захирал Майкл Зорк өнгөрсөн жил Жэдон Санчотой клубыг тодорхой нөхцөлийн дор орхиж болох “эрхэм хүний тохиролцоо” хийсэн гэж германы өргөн дэлгэцийн ARD нэвтрүүлэгт хэлсэн.
    Ж. Санчотой хамгийн их холбогдож байгаа клуб бол “Манчестэр Юнайтед”. Хэрэв тэр улаан чөтгөрүүдийн эгнээнд нэгдвэл, “Манчестер Сити” өөрийн бэлтгэсэн залуу бүтээгдэхүүнээ өрсөлдөгч багтай нь хамт байгааг харахыг тийм ч их хүсэхгүй л болов уу. Гэсэн хэдий ч Олд Траффорд түүний эцсийн зогсоол биш бөгөөд Ж. Санчогын төлөөх өөрсөлдөөнд “Челси” мөн “Ливерпүүл” байгаа юм.

      Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал: Челси – Барселона

      УЕФА-гийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан “Челси”, “Барселона”-гийн тоглолт Шведийн Готенбургын “Гамла Уллеви” цэнгэлдэхэд болно.
      Хоёр багийн аль нь ч өмнө нь аваргуудын лигийн цом авч байгаагүй. Гэсэн хэдий ч ялагч болсон баг нь УЕФА-гийн эрэгтэй болон эмэгтэй аваргуудын лигт аварга болсон хамгийн анхны баг болох юм. “Челси” аваргуудын лигийн финалын анхны тоглолтоо хийж буй бол “Барселона” хоёр жилийн өмнө “Лион”-д 4:1-ээр хожигдож байсан юм.

      Сүүлийн таван жил Аваргуудын лигт түрүүлсэн “Лион”-ы хаанчлалд шөвгийн наймд хүрээд “Парис Сайнт Жермен”-д хожигдсоноор дуусгавар болжээ. Харин аваргуудыг хожсон Францын багийг “Барселона” 3:2-оор буулган авснаар шигшээд тунасан юм. “Челси”-гийн хувьд шөвгийн дөрөвт “Байерн Мюнхен”-ийг хожсон бөгөөд 2007 оноос хойш Франц болон Германы баггүй хамгийн анхны финал болж байгаа юм.

      Челси

      Шөвгийн 32: “Бенфика” 8-0 харьцаатай хожсон
      Шөвгийн 16: “Атлетико” 3-0 харьцаатай хожсон
      Шөвгийн 8: “Вольфсбург” 5-1 харьцаатай хожсон
      Хагас шигшээ: “Байерн Мюнхен” 5-3 харьцаатай хожсон
      Улирлын мэргэн бууч: Фран Кирби (6 гоол)
      Өмнөх гаргасан амжилт: Хагас шигшээ хүртэл тоглосон (2017/18, 2018/19)
      2019/20: Ороогүй
      2007 онд “Арсенал” аварга болсноос хойш финалд гарч ирсэн хоёр дахь англи баг.

      Барселона

      Шөвгийн 32: “ПСВ Эйндховэн” 8-2 харьцаатай хожсон
      Шөвгийн 16: “Фортуна Шоүрин” 9-0 харьцаатай хожсон
      Шөвгийн 8: “Манчестер Сити” 4-2 харьцаатай хожсон
      Хагас шигшээ: “Парис Сайнт Жермен” 3-2 харьцаатай хожсон
      Улирлын мэргэн бууч: Женни Эрмосо (6 гоол)
      Өмнөх гаргасан амжилт: Дэд аврага (2018/19)
      2019/20: Хагас шигшээ
      “Барселона” 2019 онд финалд шалгарсан анхны испани баг болсон билээ. Хэрэв тэд энэ жил аваргуудын лигт түрүүлвэл Герман, Швед, Англи, Францаас гадна буюу тав дахь баг болно.

        Европын Сүпер Лиг болох уу

        Европ тивийн дөрвөн улсын шилдэг 12 клуб нэгдэж Европын Сүпер Лиг хийхээр болсноо зарлалаа.

        Тодруулбал, Английн зургаа, Италийн гурав, Испанийн гурван баг шинэ тэмцээнийг дэмжихээ илэрхийлжээ. цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд ороод байгаа тул Аваргуудын лигээс тусдаа тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлав. Тус лигийн ерөнхийлөгчөөр “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез ажиллах ба тэрбээр энэ талаар “Бид бүхий л чадлаараа хичээж, дэлхийн хөлбөмбөгт тусалж, зохих байр сууринд хүргэх болно” гэж мэдэгджээ.

        Тэмцээний санхүүжилтыг “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хариуцаж зургаан тэрбум орчим ам.долларыг гаргах бөгөөд лигт оролцох урилгыг хүлээн авсан баг 425 сая ам.долларыг авах гэнэ. (Сонирхолтой нь, энэ мөнгөн дүн нь шилдэг багуудын 2020 оны бүтэн жилийн санхүүгийн тайлантай харьцуулж харахад бүтэн жилийн орлогоо олох боломжтой харагдана. УНШИХ)

        Тус лиг нь 20 багаас бүрдэх ба 15 клуб тогтмол оролцох бол үлдсэн таван эрхийн төлөө бусад багууд өрсөлдөнө. Мөн эдгээр клубууд нь хоёр хэсэгт хуваагдаж тоглох төдийгүй амжилтаараа хэсгээ тэргүүлсэн найман клуб хасагдах шатанд өрсөлдөх юм.

        Сүпер лигийг 2023/2024 оны улирлаас эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор үндсэн 12 клуб тодроод байна. Үүнд:

        • Англи- “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”,  “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”
        • Испани- “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”
        • Итали- “АС Милан”, “Интер Милан”, “Ювентус”

        Гэхдээ уг тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү тэмцээнийг эсэргүүцэж байна. Хэрвээ багууд шинэ тэмцээнд оролцвол дотоодын лиг болон олон улсын тэмцээнээс хасах, тоглогчдыг шигшээ багт дуудахгүй гэх нэн хатуу шаардлага тавив.

        Мөн шилдэг клубуудээ алдах аюулд ороод байгаа Англи, Испани, Италийн лигийн холбоо мөн адил энэ тэмцээний эсрэг байгаа аж. Эцэст нь холбоод ялах уу? клубууд ялах уу? гэдгийг харах л үлдлээ.

        Харин таны хувьд энэ шинэ тэмцээнийг яаж хүлээж авах вэ?

        Испанийн эзэн хааны цомын аварга “Барселона”

        Испанийн хамгийн олон жилийн түүхтэй, 1903 оноос уламжлал болон зохиогдож ирсэн “Копа Дел Рей” буюу эзэн хааны цомын аваргаар “Барселона” клуб тодорлоо. Тэдний хувьд өнгөрөгч шөнийн шигшээ тоглолтод Баск үндэстний төлөөлөл “Атлетик Билбао” клубийг 4:0 харьцаатай бут ниргэлээ.

        Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол, хоёрдугаар хагас эхлээд удалгүй Франц залуу Антуан Гризманн хаалганы торыг хөдөлгөж чаджээ. Үүний дараа ердөө 12 минутын дотор тэд гурван гоолыг нэмж оруулсанаар тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Тус хоёр клубын хувьд энэ оны эхэнд Испанийн сүпер цомын финалд тоглож Билбаочууд хожоод байсан бол Барса энэ удаад хариугаа авлаа. Ийнхүү тэд тус тэмцээний түүхэнд 31 дэх цомоо өөрсдийн болгосон ба тэдний араас “Атлетик Билбао” 23, “Реал Мадрид” 19 цомтой тус тус жагсаж байна.

        Хамгийн сүүлд 2019 онд лигийн аваргыг хүртэснээс хойш ямар нэгэн цом өргөөгүй каталончууд 720 өдрийн дараа ийнхүү цомын бараа харлаа. Тэмцээний шилдгээр финалын тоглолтод хоёр гоол оруулсан Лионель Андрес Месси тодорчээ. Түүний хувьд энэ өдөр бүх тэмцээний хүрээнд 13 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан манай гарагийн цорын ганц хөлбөмбөгчин боллоо.

        Эзэн хааны цомоо гардан авч буй мөч

        Тоглолтын дараа:

        “Энэ бол үнэхээр хүнд өрсөлдөөн байлаа. Цом өргөх үргэлж сайхан байдаг, манай залуус үүнийг хүртэх эрхтэй. Энэ багийн ахлагч байна гэдэг гайхалтай, цом өргөх мэдрэмж үнэхээр онцгой байлаа. Баяраа гэр бүл, хөгжөөн дэмжигчидтэйгээ тэмдэглэж чадахгүйдээ сэтгэл дундуур байна.”

        Лионель Месси

        “Тоглолтын тухайд бид боломж хайж тэвчээртэйгээр бөмбөгөө тал талруу шилжүүлж тоглосон. Эхний үед байдал хэцүү байсан ч хоёрдугаар хагаст тэд бага зэрэг удааширч эхэлсэн. Иймээс бид давуу талаа ашиглаж чадлаа.”

        “Бусад улирлаас ялгаатай нь энэ жил олон зүйл өөрчлөгдсөн. Бүрэлдэхүүнд олон залуу тоглогч орж ирсэн. Улирлын эхлэл тааруу байсан ч бид бага багаар хүчирхэгжсэн. Эцэстээ “Атлетико Мадрид”-тай хоорондын оноогоо ойртуулж чадсан ч харамсалтай нь Эл Классикод хожигдсон. Гэхдээ лиг дуусахад олон тоглолт дутуу байгаа. Бид илүү хүчтэй баг нь. Иймээс эцсээ хүртэл тэмцэх болно.”

        Энэ зун гэрээ нь дуусч, клубээ орхих магадлалтай байгаа Аргентин эрийн шийдвэрт энэ цом нөлөөлөх болов уу?

          Суарез Барсагаас хөөгдсөн ч

          Өдгөө 33 настай Уругвай довтлогч Барсагаас хөөгдсөн ч Атлетикотой аваргын төлөө.

          Өнгөрсөн зун Каталоны нэр төр Барселонагаас зохисгүй байдлаар явуулсанд сэтгэл дундуур байсан Уругвай довтлогч өнгөрсөн долоо хоногт нэг ярилцлага өгөхдөө “Энэ бол үнэхээр жигшмээр зүйл” байсан тухай хэлсэн.

          Барселонагаас явах болсон нь түүнийг илүү хурцалсан гэлтэй Атлетикогийн өмсгөлтэйгөөр тоглолтоос тоглолтонд гоол оруулж Испаний хоёр гигантаас даруй найман оноогоор илүү хүснэгтийг тасархай тэргүүлж явна.

          Өнгөрсөн даваа гаригт тэрээр Селта Виго багийн эсрэг улирлын 15, 16 дахь гоолуудаа хийсэн ч тоглолт 2-2 оор дууссан юм. Суарезийн тоглолтын сүрдмээр нэг статистик байгаа нь эхний 17 тоглолтонд 16-н гоол оруулахдаа 79 минутанд 1 гоол гэсэн дундаж үзүүлэлт юм.

          Энэ амжилтанд ид үедээ байсан Криштиану Роналду ч хүрч чадаагүй. Луис Суарез багтайгаа тоглолтоос тоглолтонд оноо цуглуулж байх энэ үед гол өрсөлдөгчид тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байна. Ялангуяа хуучин клуб Барселонагийн удирдлагууд үүнд нилээд эмзэг хандаж байна.

          “Түүн шиг шилдэг довтлогчийг явуулдаг маш буруу зүйл байсан бөгөөд явуулахдаа бүр өрсөлдөгч багруугаа явуулсан нь бүр тэнэг зүйл”

          Хуучин хамтрагч Лионел Месси:

          Ургувай довтлогч сүүлийн жилүүдэд илт тайван болсон нь энэ улиралд дөнгөж гурван шар карт хүртсэнээс харагдаж байна. Тэрээр 2014 оноос хойш Испаний Ла Лигт тоглосон замналынхаа туршид хамгийн бага карт хүртэж байгаа улирал нь энэ юм.

          Орчуулсан: С.Жамсранжав

          Хоан Лапорта “Мессиг ямар ч үнээр хамаагүй үлдээнэ”

          Ирэх нэг сарын 24-нд явагдах Барселонагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй нэр дэвшигчдийн нэг Хоан Лапорта Месси болон клубийн санхүүгийн талаарх амлалтаа ESPN-д өгсөн ярилцлагадаа онцоллоо. 58 настай Испани улс төрч 2003-аас 2010 оны хооронд Барселонаг удирдаж байсан юм.

          “Месси Барсад үлдэхийг хүсэж байгаад би эргэлзэхгүй байна. Шинэ ерөнхийлөгчийн тавих саналаас их зүйл шалтгаална. Европ, дэлхийн хөлбөмбөгт ноёлж байсан Барсаг буцаан авчрахыг тэр хүсэж байгаа”

          “Клуб түүнд удаа дараалан худал хэлж, хүндлэлгүй хандсан. Мессид ахиад ч цом шагнал хүртэж, амжилт ялалтыг дагуулах хугацаа, хүсэл амбиц байгаа”

          “Бусад багуудад Аваргуудын лигийн цомоо алдахыг тэр удаан харж тэвчихгүй. Бүх цаг үеийн агуу тоглогч Мессиг байгаа цагт бид эргээд хүчирхэг болох бүрэн боломж бий. Харамсалтай нь яг одоо тийм баг бүрэлдээгүй байна”

          “Мессиг би Барсагаас өөр багийн өмсгөлтэй төсөөлж чадахгүй нь. Месси – Барселонагийн түүх бол гайхалтай хүндлэл, хайрын түүх. Санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна Мессиг үлдээх нь шинэ ерөнхийлөгчийн эрхэм зорилго байх ёстой. Месси надад итгэдэг. Намайг амласандаа хүрч, өөрийг нь бусад шиг хуурахгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Би түүнийг ямар ч үнээр хамаагүй үлдээхийг мэрийнэ”

          Лапортаг өмнө нь ерөнхийлөгч байх хугацаанд Месси Ла Масиагаас үндсэн багт дэвшиж, Пеп Гуардиола дасгалжуулагчаар ирэн Барсагийн түүхэн амжилтын эрин үе эхэлсэн юм. Месси, Шави, Иньеста, Гуардиола зэрэг тэр багийн цөм болсон эрхмүүдтэй ойр харилцаатай, итгэлийг хүлээсэн нь өөрийг нь бусад найман нэр дэвшигчдээс ялгаруулах онцлог гэж Лапорта ярив.

          Клубт тулгараад буй 500 сая еврогийн өрийн асуудлыг тэрээр мөн хөндсөн. Өмнөх удирдлагын буруу шийдвэр, коронавирусийн хоригоос болоод Барсагийн өр энэ жил огцом өссөн юм.

          “Клуб дампуурлын ирмэгт тулж ирээд байна. 2003 онд намайг ерөнхийлөгч болох үед ч гэсэн баг үүнтэй төстэй хямралд ороод байсан. Тэр үеийнх ийм ноцтой байгаагүй ч өмнөхтэй ижил байдлаар шийдэл олж болно. Манайх чинь орлогоороо нэгт жагсдаг хөлбөмбөгийн баг шүү дээ.

          Нөлөө бүхий, чинээлэг socios (клубийн гишүүд)-ийнхээ тусламжтай орлогоо нэмэгдүүлж болно. Зарлагаа танаж, орлогоо нэмж, наймааны жаахан сийрэг бодлого баримтлахад л хямралаас гарах боломжтой. Гол нь ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг байх нь л чухал. Өрнөөс гарч, санхүүг тогтворжуулах төлөвлөгөөг би эртнээс бодож, боловсруулж байгаа”

          2003 онд Лапортаг сонгогдоход Дэвид Бекхэмийг авчрах амлалт нь үлэмж нөлөөлсөн. Гэвч Бекхэм эцэст нь Реалыг сонгож оронд нь Барса 23 настай ПСЖ-гийн залуу авьяастан Рональдинотой гэрээ байгуулсан юм. Харин энэ удаа Лапорта ийм амлалт өгөхгүйгээ мэдэгдэв. Харин багийг хүчирхэгжүүлэх авьяаслаг залуусыг төлөөлдөг агентуудтай холбоотой байдгаа хэлсэн.

          Клубийн 40 дэх ерөнхийлөгч Хосеп Бартомеу өнгөрсөн 10 сард албан тушаалаасаа буусан. Тэр 2014 онд өөр нэгэн маргаантай ерөнхийлөгч Сандро Розелийн халааг залган сонгогдсон юм.

          Месси саяхан Пелегийн нэг клубийн төлөө оруулсан 643 гоолын рекордтой эн зэрэгцсэн. Аргентин эрийн гэрээ 2021 оны зургаан сарын 30-нд дуусахаар байгаа. Тиймээс ирэх нэг сарын нэгнээс тэр бусад багуудтай урьдчилсан хэлэлцээр хийж эхлэх боломжтой болно.

          Барса өвлийн цонхоор Коутиньог зарна

          Коутиньог явуулах нь клубт хэд хэдэн талын ашигтай. Нэгт багийн цалингийн ачаалал хөнгөрөх, хоёрт түүнийг зарсан мөнгөөр нүүрлээд буй санхүүгийн хямралыг давах боломжтой болно.

          Тиймээс клубийн удирдлагын зөвлөлийн ерөнхийлөгч Карлес Тускетс Бразил тоглогчийг явуулахаар зорьж байгааг ARA болон Diario Sport мэдээлэв.
          Коутиньо Барсагийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг боловч талбай дээр тэр үнэ цэнээ харуулж чадахгүй байгаа. Улирлын эхэнд тэр дунд болон довтолгооны шугамыг боломжийн холбож байсан ч 10 сарын сүүлээр бэртэл аван эргэж ирснээсээ хойш сайнгүй байна.
          Куман түүнийг зүүн жигүүрт байрлуулсан нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй байгаа.

          Коутиньог өнгөрсөн зун Байернаас чөлөөлөгдөхөд Премьер лигийн багууд авахаар сонирхож байсан. Арсенал, Ньюкэсл гэсэн нэрс тэдний дунд явж байв. Тиймээс Премьер лиг Бразил эрийн дараагийн зогсоол байж магадгүйг Испанийн хэвлэлүүд бичжээ. Одоо 28 настай хагас хамгаалагч 2013–2018 оны хооронд Ливэрпүүлд хүчин зүтгэж байсан юм.

          Тэр хугацаандаа Улаануудын оны шилдэг тоглогчоор хоёр ч удаа тодорч, Премьер лигийн оны шилдэг багт багтаж байв. Улмаар Барселонад өндөр үнээр 2018 оны өвөл ирээд хүлээлтэнд хүрсэн амжилт гаргаж чадаагүй.

          Ливэрпүүл Эрик Гарсиагийн төлөөх өрсөлдөөнд нэгдэв

          Каталон хамгаалагчийн Сититэй байгуулсан гэрээ энэ улирлын төгсгөлөөр дуусна. Тиймээс тэр 2021 оны нэг сарын нэгнээс эхлэн англиас бусад орны багтай урьдчилсан гэрээ байгуулах боломжтой болно. Харин премьер лиг дотроо шилжилт хийх бол зун хүртэл хүлээх шаардлагатай. Гарсиа өнгөрсөн найман сард Манчестерийн багтай байгуулсан гэрээгээ сунгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

          Виржил Ван Дейк, Жозеф Гомес аль аль нь хүнд бэртэл авсан учир Ливэрпүүл найдвартай, итгэл даах төвийн хамгаалагчийн эрэлд гараад байгаа. Ван Дейк өвдөгний чагтан холбоос, Гомес шөрмөсний бэртэл тус тус авч удаан хугацаагаар талбайд гарах боломжгүй болоод байгаа.

          Испаний хэвлэлүүдэд бичсэнээр (AS, Marca) Ла Масиагийн суралцагч Эрик Гарсиа төрөлх багтаа буцах хүсэл их байгаа аж. Тиймээс Ман Ситигийн санал болгосон өндөр цалинтай саналыг хүлээж аваагүй юм байна. Блауграна өнгөрсөн зунаас эхлэн Гарсиаг идэвхтэй сонирхож эхлэн Сититэй тохиролцоонд хүрэхээр яриа хэлэлцээр хийж байгаа юм.
          19 настай Гарсиа Барселон хотод төрж Ла Масиад суралцаж байгаад 2017 онд 16 настайдаа Английг зорьсон. 2019–20 оны улиралд тэр лигийн 13 тоглолтонд оролцсон бол энэ улиралд 3 удаа талбайд гараад байгаа.

          Неймар – “Нөхцөл байдал үүнээс дор байж болох байсан…”

          Францын лигийн 14-р тойрогт Лионы эсрэг тоглохдоо бэртсэн Неймар Инстаграмдаа бэртлийнхээ тухай ам нээлээ. 12 сарын 13-нд “Парк-де-Пренс”-тээ ПСЖ 0:1-ээр хожигдоход Бразил довтлогч (Тьяго Мендес зүүн шагай руу нь жийсэн) бэртэж тоглолтын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн.

          “Өвдөлт, айдас, шаналал, зовнил, хагалгаа, суга таяг болон зүрх зүсэм дурсамжууд нүдэнд минь харагдан би орилсон”

          “Үүнээс илүү дор байж болох байсан. Гэхдээ бурхан намайг ахин харж үзлээ”

          “Эдгэж, эргэн ирэх өдрөө хүлээж байна” гэж тэр Инстаграмдаа зургийн хамт бичжээ.

          ПСЖ-гийн эхний шинжилгээгээр Неймарын зүүн хөлийн шагай хугарч эсвэл цуураагүй гарсан. Гэхдээ 48 цагийн дотор хийлгэх дараагийн шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно.
          Лионд хожигдсоноор ПСЖ хүснэгтийн 3-р байранд 28 оноотой бичигдэж байна. Тэдний урд Лилль, Лион тус бүр 29 оноотой явж байгаа.
          Аваргуудын Лигийн хасагдах шатанд ПСЖ Барселонатай оноолт таарсан. Хэрвээ Неймарын бэртэл ноцтой биш бол хуучин багийн хамтрагчид, Месси – Неймар, хоёр сарын 16-нд Камп Ноуд эргэн уулзана.
          2013–2017 оны хооронд энэ цэнгэлдэхэд Неймар хүчирхэг МСН довтолгооны гурвалын нэг хэсэг болж Европын хөлбөмбөгийг ноёрхсон. Месси, Суарес, Неймарын гурвал Ла лиг, Аваргуудын лиг, Копа дель Рей, Супер цом, Клубын ДАШТ гээд бүх цомыг хамтдаа өргөсөн юм.
          Улмаар Бразил эр 222 сая еврогоор ПСЖ рүү шилжиж бүх цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон билээ.