Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо нь охид эмэгтэйүүдийн дунд хараагүй хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, цаашлаад хараагүй хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ баг бүрдүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд Хараагүй хөл бөмбөгийн спортыг таниулах дөрвөн удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар хараагүй хөл бөмбөгийн спортын талаар ойлголт өгөх онолын мэдлэг олгохоос гадна талбай дээр дасгал хөдөлгөөн хийж, хараагүй хөл бөмбөгийг тоглож үзсэн нь оролцогчидод маш их таалагдсан бөгөөд цаашлаад энэ спортоор хичээллэх урам зориг өгсөн сургалтууд боллоо. Энэхүү төсөл нь Канад улсын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа билээ.
Хараагүй хөл бөмбөг нь паралимпын төрөлд ордог бөгөөд бүрэн хараагүй хүмүүс сонсгол мэдрэмжээ ашиглан тоглодог спорт бөгөөд хаалгач нь хардаг буюу сул хараатай хүмүүс байж болдог.
Category: Хөлбөмбөг
Г.ГАНБАЯР Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ
Монголын шигшээ баг төдийгүй Унгарын “Пушкаш академи”-ийн тоглогч Ганболдын Ганбаяр ОУ-ын хэмжээний мастер цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдэгийг нь гардуулсан юм.
Г.Ганбаяр нь Монгол улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.
2013 оноос Монгол улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож ирсэн Г.Ганбаяр өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байгаа билээ.
Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж, үе тэнгийн залуус болон өсөх ирээдүйтэй дүү нартаа үлгэр жишээ тамирчин болж байгаа Г.Ганбаяртаа амжилт хүсье.
Эх сурвалж: https://www.facebook.com/MongolianFootballFederation/
Uzbeistan2022 J хэсгийн тоглолтууд
AFC U23 ASIAN CUP QUALIFIERS Uzbeistan2022 J хэсгийн тоглолтууд Манай улсад 2021.25-31-ний өдрүүдэд амжилттай сайхан зохион байгуулагдаж дууслаа. Зохион байгуулсан МХБХ-ны удирдлагууд, техникийн хэлтэс, тэмцээн зохион байгуулах хэлтэс, хамгаалалтын алба болон арын албанд ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
Тэмцээндээ өөрийнхөө ур чадвар, хөлс хүчийг гарган сайхан тоглолт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа баярлалаа.
Мөн хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа.
БИД СУРАЛЦАХУЙ ДОР. Бидэнд суралцах зүйл маш их байгааг өнгөрсөн тоглолтууд дээр ажиглагдлаа. Гэхдээ бид хамгийн энгийнээс нь эхлэх ёстойг ойлголоо. Аливаа спорт хамгийн их хэрэглэгддэг энгийн хялбар техникийг хамгийн төгс хийдэг байхыг шаарддаг. Тэгэж хэмээн тамирчид PRO түвшинд тоглодог. Иймд бидэнд хөлбөмбөгийн сургалт дасгалжуулалтыг А үсгээс нь эхлээд заахдаа техник /тогтоолт, эхний хүрэлт/ гэдэг зүйлийг рефлекс болгож зааж сургаж чадаагүйн алдаа их харагдаж байна. Манай тамирчид /эхний бөмбөгөнд хүрэлтийн алдаа, тогтоолтын алдаанаас/ маш их боломжоо алдаад байгаа харагддаг.
Мэдээж бага наснаас нь системтэй сургалт, мэргэжлийн хандлага шаардаад байгааг л хэлээд байх шиг. Бид хөгжил рүү бага багаар өгсөж л байгаа шууд өндөр амжилтанд хүрэх амархан биш л дээ. Үүнийг зааж сургахад нилээдгүй цаг хугацаа, сайн багш дасгалжуулагч хэрэгтэй.
Жишээ татъя. Бид А, Б үсгийг алгасаад суралцаж хичээллэх юм бол мэдээж үг өгүүлбэрийн бүтэцгүй болно шүү дээ мөн үү? Тийм болохоор аливааг жижиг гэлтгүй, алагсалгүй ойлгомжтойгоор чаддагаас чаддагүй руу… мэддэгээс, мэддэггүй руу зааж сургах нь чухал байна.
Онцлоод сайшаагаад хэлэхэд бидний үеийн хөлбөмбөгөөс өөр түвшинд тоглож байгаа шүү өнөөгийн залуус. Тоглолтыг агуулгаар нь харахад дүгнэхэд хэдхэн жилийн өмнө зөвхөн хамгаалж тоглох тактикийг баримталдаг байсан, харин өнөөдөр U-23 насны ангилалд тоглож байгаа 19-22 насны залуус маань гурван тоглолтоо дандаа хожихийн төлөө, эсрэг багаа дарамтанд оруулж тоглож чадаж байгаа нь бага багаар хөгжил рүү алхаж байгаагийн үйлдэл. 1:1, 1:0, 3:2 Монголчууд хөлбөмбөг тоглох чадвартайг харуулж байна. Гурав дөрөвхөн пааслаад алсын дамжуулалт хийдэг хөлбөмбөг хойно хоцорсоныг харуулж байна, багаараа бөмбөг эзэмшиж байна энэ чинь дэвшил бээз? Харин одооноос дээр хэлсэнчилэн А, Б-гээ алагсалгүй төгс сургах хэрэгтэй, суралцах хэрэгтэй.
ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ; Аливаа спортод хөгжөөн дэмжигчид байдаг. За ялангуяа хөлбөмбөгийн спорт хөгжөөн дэмжигч, үнэнч фанат үгүй бол уйтгартай. Хөгжөөн дэмжигчид сайн зохион байгуулалттай байвал талбайд тоглож байгаа тоглогчид хичнээн их урам зоригийг авч тэр их ядралт зовиурыг умартан ялалтын уухайг сэтгэл зүрх, оюун ухаанаараа мэдэрч урамшин урагшилдаг. POWER POWER POWER
Манийн үед тоглож байхад манай фанатууд их дүфф дүфф үзэгчид зөндөө байсаан байсан. Өөөө наад нэг П…дгаа гаргаач ээ боль боль зайл зайл ккк. Талбай дотроос сонсох ямар олигтой байх вэ дээ. Тэгэхээр хөгжөөн дэмжигч гэдэг учиртай. Тэр үеийг бодвол одоо арай л гайгүй л дээ. Гэхдээ л бид бас л суралцах хэрэгтэй юм.
Бидэнд тамирчидаа дэмждэг дуу алга
Бидэнд Монгол Монгол -с өөр үг алга
Бидэнд баясан хөөрөх имиж алга
Бүрэг ичимхий Монгол зан л байна.
Энэ бүгдийг ээ өөрчлөөд энгүй хүчтэй МОНГОЛ фанатууд болно оо.
Монголын Хөлбөмбөг мандан бадартугай.
Эх сурвалж: https://www.facebook.com/muugii.goonjii
“Hisense Үндэсний Дээд Лиг”-ийн шилдэгүүд тодорлоо
“Би Си Эйч Лионс” клубийн довтлогч Мисава Тэцүваки
16 тоглолт, 17 гоол, 5 г/дамжуулалт
“Атлетик 220” клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжин
16 тоглолт, 4 гоол, 10 г/дамжуулалт
шилдэг хамгаалагчаар “Дэрэн” клубийн хамгаалагч О.Мөнх-Оргил
17 тоглолт, 2 гоол, 1 г/дамжуулат
“Улаанбаатар” клубийн хаалгач А.Сайханчулуун
18 тоглолт, 8 тоглолтод хаалгаа хуурай манасан
Гэрэл зургийг: Баярын Наранзул
АХБХ-ны B зэрэглэлийн шүүгчид бэлтгэж эхэллээ
Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлсийн нэг бол чадварлаг дасгалжуулагч гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.
Тиймдээ ч МХБХ-ны зүгээс “Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028” хөтөлбөрийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна. Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан явуулж байна. АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж буйг дуулгах нь зүйтэй.
Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат 9-р сарын 25-нд дуусна. Харин хоёр, гуравдугаар шат 10-р сард явагдаж дуусах болно. АХБХ-ны В ангиллын сургалтад сууж, зэрэглэлээ ахиулахаар хичээнгүйлэн суралцаж байгаа дасгалжуулагчдад МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, Техникийн Захирал Б.Буман-Учрал нар сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, амжилт хүслээ.
Эх сурвалж: МХБМ
“Алтан бөмбөг”-ийн эзэд шагналаа гардан авлаа
Монголын хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа 2020 оны 12-р сарын 12-нд цахим хэлбэрээр явагдаж өнгөрсөн билээ.
Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн олон хүн цуглах боломж олдохгүй байсаар өдийг хүрсэн тул “Алтан бөмбөг”-ийн шилдгүүд лигийн тоглолтуудын үеэр шагналаа авч эхэллээ.
Hisense үндэсний дээд лигийн 6-р тойргийн нэгэн сонирхолтой тулаан болох “Дэрэн” “Атлетик 220” клубүүдийн тоглолтын өмнө А.Дөлгөөн, О.Мөнх-Оргил, А.Тэмүүжин, Э.Мөнх-Эрдэнэ, Н.Наранболд нар “Бэлгэдлийн 11”-т багтсаны шагналаа авав.
“Атлетик 220” клубийг анх удаа үндэсний дээд лигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Гарьдмагнай “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацийн шагналаа хүртлээ.
Мөн “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд “Атлан бөмбөг” ёслолын ажиллагааны гол номинац “Оны шилдэг эрэгтэй тоглогч” болон “Оны шилдэг гоол”-ын шагналаа хамтад нь гардан авсан юм.
Шагнал гардуулах ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар оролцлоо.
Үндэсний үйлдвэрлэгч “TG SPORT” Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг урлана
МХБХ-ны Зөвлөлийн 08-р сарын 04-ний хурлаар Үндэсний шигшээ багийн хувцсыг “TG Sport” спорт хувцасны үйлдвэрээр хийлгэх шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн дагуу МХБХ, ТОД ГЯЛАЛЗ ХХК-тай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.Гэрээ байгуулах ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Тод Гялалз ХХК-ний захирал Б.Энхтөгөлдөр нар оролцож, гарын үсэг зурлаа.
Үндэсний үйлдвэрлэгч Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг бүтээж байгаа нь түүхэн мөч гэдгийг хоёр тал онцолж байлаа.Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Воллейболын дээд лигийн дийлэнх багууд, Олимпын шигшээ багууд хүртэл “TG Sport”-ыг сонгон үйлчлүүлснээр нь манай спорт сонирхогчид андахгүй биз ээ. Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг 9-р сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд уг тэмцээнээс TG Sport-ийн урласан өмсгөлөөр шигшээ багийн тамирчид ижилсэх болно.
ФС Улаанбаатар клуб Супер цомын эзэд боллоо
Цар тахлын нөхцөл байдлын улмаас хэзээ эхлэх эсэх нь тодорхойгүй байсан Монголын хөлбөмбөгийн холбооны 2021 оны улирал эхлэхэд бэлэн боллоо. Лигийг угтаж уламжлал ёсоор Супер цомын төлөө түрүү улирлын аварга Атлетик 220 клуб, мөнгөн медаль хүртсэн ФС Улаанбаатар багууд хоорондоо тоглосон юм.
Энэ жил ФС Улаанбаатар клубтэй нэгдсэн Серб мэргэжилтэн Воислав Бралушич дасгалжуулагч анхны тоглолтынхоо бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ жил багт шинээр нэгдсэн Д.Төрбат, Э.Өнөр-Эрдэнэ, Ц.Бат-Оргил, Т.Мөнхсүлд гэсэн дөрвөн тоглогчийг гараанд илгээв. Мөн өнгөрсөн 2 улиралд зээлээр тоглосон Ц.Мөнх-Эрдэнэ багтайгаа дахин нэгджээ.
Супер цомын төлөөх тулаан тэр чигтээ маш сонирхолтой болсон бөгөөд эхний 20 гаруй минутад Атлетик 220 клуб ялимгүй илүүрхэн тоглосон. Харин ФС-чүүд бага багаар өөрсдийн тоглолтоо олсоор давамгайлж эхэлсэн бөгөөд үндсэн цагт гоол оруулах хэд хэдэн боломжийг үүсгэсэн юм. Тэд тоглолтын турш 55%-тай бөмбөг эзэмшиж, хаалга руу 16 удаа цохисноос 12 нь байгаа оножээ. Үндсэн цаг өндөрлөхөөс яг өмнөхөн Атлетик 220 клубын ахлагч Н.Наранболд хаалгачийн эсрэг гарч, маш аюултай довтолгоо өрнүүлэхэд Улаанбаатарын ахлагч А.Сайханчулуун багаа аварсан. Энэ тоглолтод 2 улаан хуудас өргөгдсөн бөгөөд хоёр багийн зүүн жигүүрийн хамгаалагчид болох Цогт-Очир, Бат-Эрдэнэ нар талбайг орхилоо.
Ингээд нэмэлт цагт хоёр баг 10 хүнтэй тоглохоор болсон. Улмаар нэмэлт цагийн 97′ минутад ФС Улаанбаатар клубын авьяаслаг тоглогч Б.Балжинням булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж оруулснаар багтаа тэргүүллийг авчирлаа. Үүнээс ердөө 4 минутын дараа Улаанбаатарын төлөө дэбют тоглолтоо хийж буй төвийн хамгаалагч Д.Төрбат дахин гоолдож, 2:0 болгосон юм. Тэрээр 4 жил хүчин зүтгэсэн хуучин багаа хүндэтгэж, гоол оруулсан ч баяраа тэмдэглээгүй билээ.
97′ – Б.Балжинням 101′ – Д.Төрбат
Шаардлагатай тэргүүллээ нэгэнт олж авсан ФС Улаанбаатарын залуус үлдсэн хугацаад алдаа гаргалгүй тоглож чадсанаар клубынхээ 10 жилийн ойн босгон дээр МХБХ-ны Супер цомыг өөрийн болголоо. Тэд өмнө нь энэ цомыг хүртэж байгаагүй билээ.
Гарааны бүрэлдэхүүн:
Сайханчулуун (С), Өнөр-Эрдэнэ, Төрбат, Өсөхбаяр, Цогт-Очир, Бат-Оргил, Баяржаргал, Мөнхсүлд, Мөнх-Эрдэнэ, Балжинням, Энх-Амгалан
Та фото мэдээллийн булангаас тус тоглолтын эргэн тойрны агшин үзэх боломжтой. (Супер цом 2021 фото мэдээ)
Баян Барсаг балаг тойрохгүй
Удирдлагын буруу ажиллагаа болон корона цар тахлын хамтарсан хүчин зүтгэлээр Барселона клуб санхүүгийн хямралд өртсөн учраас Ла Лигийн журамд нийцүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хэмнэлт хийх шаардлагатай. Барселона клуб нийт 200 сая еврогийн хэмнэлт хийхээс нааш шинэ тоглогч элсүүлэхийг Ла Лига зөвшөөрөхгүй. Эдгээр шинэ тоглогчдын тоонд Сэрхио Агуэро, Эрик Гарсиа, Мэмфис Депаи, Эмэрсон Роял нар ч бас орно. Уг нь ихэнх нь үнэгүй ирж байгаа тоглогчид ч гэсэн наймааг нь эцэслэж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.
Хэдийгээр ирээдүйд клубын “элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх замаар” нөхөн олгоно гэсэн тохироотойгоор эхний жилийн цалинг бараг тал хувиар бууруулах гэхчлэн нэлээн бүтээлч маягийн арга зам сэдсэн ч санхүүгийн энэ асуудал нь Мэссид санал болгоод байгаа 5 жилийн гэрээг нь ч бас төвөгтэй байдалд оруулаад байна. Ла Лигагаас жил бүр клубуудийн зардлыг нэлээн чанга хянадаг бөгөөд энэ хүрээнд үндсэн болон нөөц багийн бүрэлдэхүүн, академи, дасгалжуулагчид, эмч зэрэгт зарцуулах зардлын хэмжээ, цалин болон наймааны мөнгөний хуваарилалт зэргийг хатуу зохицуулдаг.
Цалингийн санг үндсэндээ клубийн орлогоос дараа улирлын үйл ажиллагааны зардал, өглөгийн төлөлтийг хасаад гарсан дүнгээс бага байхаар тооцдог. УЕФА-гийн Санхүүгийн шударга зохицуулалтаас ялгаатай нь Ла Лигийн энэ зохицуулалт улирлын төгсгөлд биш эхэнд буюу өөрөөр хэлбэл мөнгөө зарцуулж эхлэхээс нь өмнө мөрдөгддөг байна. Өнгөрсөн улирлаар (2020/21) Ла Лига Ковид хэмээн ганц удаа харж үзээд клубуудыг баг бүрэлдэхүүний хязгаарлалтыг хэтрүүлсний торгуулийг хүчингүй болгосон юм. Харин энэ улиралд тийм хайр байхгүй шүү хэмээн лигийн ерөнхийлөгч Хавиэр Тебас анхааруулжээ.
Барсагийн цалингийн санг 2019/20 улиралд 671 сая евро байсан ба өнгөрсөн 2020/21 улиралд бараг тал нь хасагдаж 347 сая евро болсон. 324 сая еврогоор буурсан нь лигийн бусад клубуудийн бууралтыг нийлүүлсэн хэмжээтэй бараг дүйцэхүйц байжээ. Сүүлд Реал Мадридын цалингийн сан 473 сая евро болж гүйцэж түрүүлэх хүртэл тэдний цалин лигтээ хамгийн их нь байлаа. Барсагийн цалингийн сан шинэ улиралд (2021/22) үүнээс ч илүү, бүр 160 сая евро хүртэл буурсан хэмээн зарим хэвлэл мэдээллүүдэд мэдээлж байгаа бөгөөд 200 сая евро ч хэмээн өөр эх сурвалжуудад мэдээлж байна. Аль нь ч байлаа гэсэн цалингийн санг маш их хэмжээгээр нимгэлжээ.
Тебас ийнхүү тайлбарлав:
- Хэрвээ клубүүд цалингийн зардлаа хэтрүүлэхээр бол хэмнэсэн мөнгөний 25 хувиас илүүгүй байлгах ёстой. (Энэ нь клубууд наймааны цэвэр ашгийн 25 хувийг шинэ зардал руу шилжүүлэн ашиглах боломжтой ба үлдсэн 75 хувийг нь төлбөрөө төлөхөд ашиглах ёстой гэсэн үг) Барселона 100 сая еврогоор тоглогч зарлаа гэхэд 25 саяыг нь л ашиглах боломжтой. Тэднийх жилийн цалингийн сан нь 25 сая еврогийн зардалтай тоглогч авчрахыг хүсэж байгаа бол ямар нэгэн байдлаар 100 саяын орлого олох ёстой. Наймаагаар юм уу эсвэл цалингаа бууруулж байгаад ч юм уу. Барсагийнх яг одоогийн байдлаар цалингийн сангаа хэтрүүлчихсэн байгаа. Цалингийн цэсийг бууруулах хүчин чармайлт нь зөв голдрилдоо орсон байгаа хэдий ч зөвхөн Мэссид зориулаад тусгай дүрэм гаргана гэж байхгүй. Мэссигийн цалинг багтаагаасай гэж би найдаж байна, гэхдээ тэгэхийн тулд тэд өөр хэн нэгнийг хасах шаардлагатай.
Барселонагийн хөлбөмбөгийн цалингийн зардал нь 2019/20 улиралд 443 сая евро болж өмнөх 501 сая еврогоос 58 сая буюу 12 хувиар буурсан боловч 2017 оны үзүүлэлттэй харьцуулбал 103 саяар буюу 30 хувь өссөн байна. Бусад спортын салбаруудын цалинг оруулаад тооцвол 487 сая, үүн дээр барааны тэмдэгтийн эрхийн төлбөрүүдийг нэмбэл 513 сая евро болно. 2020/21 улиралд 81 саяар буурч 362 сая евро болохоор төсөвт тусгагдсан. Барсагийн цалингийн сан Испанидаа төдийгүй Европын бусад клубуудээс ч хол тасархай. Ялангуяа 2019 оны 501 сая евро нь хоёрт жагсан байсан Манчестер Юнайтед клубийн 377 сая еврогоос даруй 33 хувь (124 сая евро) илүү байжээ. Цалингийн зардал нь ерөнхийлөгч асан Хосэп Мариа Бартомеугийн үед тэнгэрт гарсан байна. Үлгэр домгийн 501 сая еврогоос буугаад 443 сая евро болоод байсан 2020 ондоо ч гэсэн Барса цалингийн зардлаараа Европт тэргүүлсэн хэвээр байсан ба арын клуб Манчестер Ситигээс 42 сая еврогоор илүү байсан юм. Тебас хэлрүүн: “Барса уг нь дандаа л хязгаар дээрээ байдаг байсан. Гэхдээ цар тахал ирэхэд даанч маневрлах боломжгүй болсон доо”.
Барсагийнхан Мэссигийн жишээгээр бусад тоглогч нарыг ч гэсэн цалингаа бууруулах байх хэмээн найдаж байна. Жерар Пикэ, Марк-Андрэ тер Штеген, Френки де Ёнг, Клэмэн Ленгле зэрэг тоглогч нар хэдийн тохиролцоонд хүрсэн бөгөөд бусад тоглогч нартай ч хэлэлцээр явагдаж байгаа гэнэ. Барсагийн цалингийн эргэлтийн харьцаа уг нь бол тийм ч муу биш байсан боловч сүүлийн 52%-иас 62% болж муудсаны дээр 2020/21 улирлын ковидоос болж эрс буурсан орлогын түвшин бүр нэрмээс болох нь дамжиггүй. Аугаа Барселона яагаад ийм нуман тулгуурт орчхов хэмээн зарим улс гайхаж магадгүй. Ялангуяа 2019/20 улирлын Делоиттын мөнгөний лигийг 715 сая еврогийн орлогоор тэргүүлж байсныг нь бодсон ч тэр. Гэхдээ “Revenue is vanity, profit is sanity and cash is king” (“Орлого их бол бардам, ашиг ихтэй бол эрүүл ухаан, харин бэлэн мөнгө бол хаан” гэх маягийн) хэмээх эртний үгийг санацгаая.
Үүнээс гадна Барсагийн орлого 2020 онд 126 сая еврогоор (15%) буурсан нь Европын супер лигийн клубууд дундаа хоёрт орох үзүүлэлт. Дээр нь Манчестер Юнайтедын 131 сая еврогийн бууралт. Харин эдгээр клубууд дундаа Реал Мадридын орлогын бууралт хамгийн бага, 42 сая еврогоор буюу дөнгөж 6%. Ковидоос болж 2020 онд Барселона 203 сая еврогийн (цэнгэлдэхээс 67 сая, телевизийн 35 сая, арилжааны 72 сая, наймааны 29 сая) алдагдал хүлээсэн ба 2021 онд 267 сая еврогийн алдагдал гарах тооцоотой байгаа нь сүүлийн хоёр жилийн алдагдлыг 470 сая евро болгож байна. Үзэгчдийг цэнгэлдэхэд эргэж ирнэ хэмээн тооцоолж байсан болохоор жинхэнэ алдагдал энэ дүнгээс ч илүү гарах магадлалтай.
УЕФА-гаас 2019 онд нэвтрүүлсэн коэффициентын төлбөрийн журмын дагуу Аваргуудын лигиэс нэлээн урамшууллын мөнгө их орж ирж байгаа нь Барселона клубийн хувьд (ерөнхийдөө Испанийн клубуудэд) их давуу тал болж байгаа боловч 2015 оноос хойш их хойш шөвгийн наймаас хэтрэхээ байсан, бас 2021 онд сүүлийн 16-д л шалгарсан гэсэн үзүүлэлт хойш нь татаж байгаа юм. Мөн дээр нь Барселона клубийн арилжааны орлого ч буурч байгааг хэлэх нь зүйтэй. Арилжаа, наймааны ажлуудыг гүйцэт дуусгаж чадахгүй байгаагаас хамаарч байгаа бөгөөд мөн өмсгөлийн ивээн тэтгэгч Ракутены гэрээг 2022 оны 6-р сард сунгах дүн нь 55 саяас 30 сая евро болж буурах төлөвтэй байгаа гэнэ. Барсагийн алдагдал 2020 онд татварын өмнө 128 сая евро байсан бөгөөд харьцуулахад Реал Мадридынх 2 сая еврогийн цэвэр ашигтай байсан. Тебас аанай л өгүүлрүүн: “Реал Мадридынхан алдагдлаараа цом хүртэж буй Барселона шиг байхгүйн тулд магтууштай сайхан ажилласан.” Сүүлийн гурван жилийн дүнгээр бол Барса Мадридаас 203 сая еврогоор муу байна.
Бусдын адил Барса ч гэсэн тоглогчийн борлуулалтаас ихээхэн хамааралтай болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд тоглогчдын наймаанаас 382 сая еврогийн орлого олсон байна (2018 онд Неймарыг ПСЖ рүү өндөр үнээр явуулсан наймааг оруулаад). Гэвч 2020/21 улирлын төсөвт цэвэр ашиг дөнгөж 28 сая евро байжээ. Орлого 59 сая, алдагдал 31 сая евро. Юу гэсэн үг вэ гэвэл, 2020 онд Барселонагийн үйл ажиллагааны алдагдал нь 173 сая (тоглогчийн борлуулалт, хүүг хасаад), сүүлийн гурван жилд 432 сая евро болсон гэсэн үг юм. Супер лигийн гурван клуб (Ютентус, Милан, МанСити) л үүнээс илүү алдагдалтай байсан боловч Барсагаас ялгаатай нь гурвуулаа хувийн эзэмшлийн клубууд.
Барсагийн орлого ихэссэний гол шалтгаан нь Лиценз болон арилжааны үйл ажиллагааг 2019 өөрийн дотоод үйл ажиллагаа болгон оруулж ирснээс болсон боловч өндөр зардлын улмаас үр ашгийг нь гаргаж чадахгүй байгаа нь сүүлийн гурван жилд бусад зардлууд 54 сая еврогоор (32%) өссөнөөс харагдаж байна. Барселонагийн ажилчдын зардал, тоглогчдын амортизаци (тоглогчийн наймааны дүнг гэрээний хугацааны турш төлж барагдуулахыг хэлдэг. Орч.) нь гуравхан жилийн хугацаанд 67 саяас 174 сая евро болон харваж өгсөн бөгөөд Европдоо хамгийн өндөр дүн юм. Ард нь Ювэнтус 167 сая, МанСити 166 сая евро. Тоглогчдыг хямд үнээр явуулах гэвэл энэ асуудал хүндрэл үүсгэх магадлалтай юм. Жишээ нь Миралем Пьяничийн амортизацид л гэхэд 45 сая евро төлөх дутуу байгаа.
Барселона клуб наймаанд маш их мөнгө үрсэн. Сүүлийн гурван жилийн дунджаар 320 сая евро зарцуулж байсан нь түүнээс өмнөх 5 жилийн дунджаас даруй 103 саяар илүү байгаа юм. Тоглогчийн борлуулалтын орлого энэ хугацаанд нэмэгдсэн боловч нийлбэр дүнгээрээ наймаанд 64 саяас бараг хоёр дахин нэмэгдэж 132 сая еврог зарцуулсан байна. Тодорхой хэлбэл Барселона клуб сүүлийн гурван жилийн наймаанд бараг нэг тэрбум шахуу евро (960 сая) зарцуулсан нь арын клубуудээс хол тасархай. Ювэнтус 801 сая, Челси 758 сая, МанСити 678 сая евро. Нийлбэр зарцуулалтаар бол Манчестерын хоёр клубын ард. Гэхдээ тэд ихэнх наймаагаа өр тавьж хийсэн нь наймааны өглөгийн хэмжээ нь 2017 онд 64 сая евро байгаад 2020 онд 323 сая болж өссөнөөс харагдана. Энэ нь мөн л Европдоо тэргүүлэх үзүүлэлт бөгөөд ард нь Атлетико Мадрид 316 сая, Ювэнтус 301 сая, Интер 207 сая, Реал Мадрид 196 сая евро гэсэн дүнгээр жагсаж байна.
Барселонагийн нийт санхүүгийн өглөг нь хоёрхон жилийн дотор 68 саяас шууд 480 сая евро болж өссөн нь банкны зээл (279 сая) болон бонд (201 сая) хоёроос бүрдэж байна. Бэлэн мөнгө нь харьцангуй тогтвортой 162 сая евро байсан учраас цэвэр өглөг нь 114 саяас 2020 онд 318 сая болж өссөн. Өглөгийн талаарх УЕФА-гийн тодорхойлолтыг ашиглавал, санхүүгийн өглөг (банкны зээл, бонд, эзний зээл) болон наймааны өглөгөөрөө Барселона клуб 803 сая еврогоор хоёрдугаарт жагсаж байна. Урд нь Тоттэнам Хотспур 1.1 тэрбум еврогоор, гэхдээ Давируулууд энэ мөнгийг цэнгэлдэх хүрээлэн барих зорилгоор зээлсэн. Төлөгдөөгүй байгаа цалин, татварын газар, худалдааны зээлдэгч болон бусад зээлдэгчдэд өгөх өглөгийг тооцвол Барселонагийн нийт өглөг 1.2 тэрбум евро болно. Ажилчдад өгөх өглөгийн хэмжээ нь их чухал, учир нь Испанийн клубууд цалингийнхаа ихэнхийг жилд хоёр удаа л олгодог учраас их хэмжээний бэлэн мөнгийг тооцоонд оруулахад учир дутагдалтай.
Барсагийн хувьд өрийн асуудал нэлээн хэцүү байгаагийн учир нь гэвэл ихэнх өглөгийг (731 сая евро, үүний 268 сая нь банкны зээл) их богино хугацаагаар буюу 12 сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй авсан байдаг. Арын хоёр нь Атлэтико 432 сая, Тоттэнам 404 сая евро. Тебас аанай л өгүүлрүүн: “Барса өрийнхөө хугацааг ахин зохицуулах хэрэгтэй. Тэгж чадвал байдал тийм ч ноцтой биш байж болно.” Уг нь Барселона сая 6-р сард Голдман Саксаас 15 жилийн хугацаатай, 3% хүүтэй зээлийн эрх нээлгэсэн. Үүнийгээ 80 саяын зээлийн эргэн төлөлт, 200 саяын бондын ахин хэлэлцээрт ашигласан. Өндөр зээлийн нэг сул тал нь зээлийн өндөр хүү. 2018 онд нэг сая евро хүрдэггүй байсан зээлийн хүү нь 2020 онд 26 сая евро болж өссөн нь Европтоо толгой цохиж байгаа юм. Ард нь Юнайтед 23 саятай. Төсөвт дурдсанаар бол энэ төлбөр 2021 онд 34 сая болж өсөх тооцоотой. Барселонагийн 2020 оны бэлэн мөнгөний эргэлт нь тэдний гол анхаарах зүйлсийг харуулж байна. 173 саяын үйл ажиллагааны алдагдал нь бэлэн бус мөнгийг нэмснээр 25 сая болж сайжирсан боловч, үүний дараа клуб тоглогч нарт 97 саяыг зарцуулж (245 сая худалдан авалт, 148 сая борлуулалт), 58 саяын үндсэн хөрөнгийн зардалд, 24 саяыг хүүгийн төлбөрт. 205 саяын шинэ зээлээр эдгээрийг санхүүжүүлсэн.
Мөнгө босгохын тулд Барса тоглогч зарах ёстой. Зардаггүй юм гэхэд зээлээр явуулж цалингийн цэсээ суллах ёстой. “Асуудал хэр хүнд вэ гэдэг нь тэдний босгож чадах хөрөнгийн хэмжээнээс хамаарна” хэмээн Тебас хэлсэн. Нөхөд одоогоор Фирпо, Тодибо, Алена, Тринкао нарыг явуулчхаад байгаа. Дээр нь нэмээд Коутиньо, Дэмбэлэ хоёрыг зарах сонирхолтой байгаа боловч нөгөө хоёр нь гэмтэлтэй байгаа учраас олигтой юм болохгүй янзтай. Умтити, Пьянич хоёрыг зүгээр сул явуулчихсан ч яах вэ гэсэн байдалтай. Товчхон хэлбэл, заръя гэсэн хүмүүс нь өөдтэй мөнгө босгохгүй. Санаагаар болдог бол Барсачууд Педри, Ансу Фати, Илайи Мориба зэрэг авъяаслаг залуус дээр нэмээд түлхүүр тоглогчид болох Гризман, де Ёнг, тер Штеген нарыг авч үлдэх сонирхолтой байгаа. Харамсалтай нь чухам эдгээр тоглогч нар нь хамгийн их анхаарал татаад байгаа нөхөд билээ.
Ерөнхийлөгч Хуан Лапорта: “Зах зээл явж л байна, гэхдээ их онцгой нөхцөл байдал үүслээ. Их хэмжээний мөнгө байхгүй, голдуу л тоглогчийг тоглогчоор солих гэсэн саналууд байна” гэж хэлсэн нь бий. Энэ нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд Барселонагийн зүгээс нэлээн хүнд шийдвэрүүдийг хийх хэрэгтэй болохыг харуулж байна. Барселонагийн хувьд мөнгө босгох өөр нэг боломж нь Барса корпорациас (академи, инновацийн төв, лиценз, арилжааны бүтээгдэхүүн, студи) хувьцаа борлуулах арга байж болно. 50 хувийн төлөө 200 сая евро авсан гэх яриа бий ч Лапортад зарах сонирхол төдийлөн байхгүй бололтой.
Барсад тулгараад байгаа санхүүгийн энэхүү сүрдэм хүндрэл нь нөгөө Европын супер лигт нэгдэх гэсэн тэдний хүслийг тайлбарлаж байгаа юм. “Сайн байна уу” гээд 270 сая евро дээр нэмэгдээд эхний хоёр жил 60 сая евро, бас жил бүр найдвартай 234 сая евро хүлээж авах байлаа даа. Барселонагийн энэ асуудал гэхдээ ганц шөнийн дотор ч ирчхээгүй юм. Эдийн засаг эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эдуард Ромеугийн хэлснээр “Ковидыг хамаг юмны буруутнаар нэрлэх аргагүй. Байдал бүр өмнө нь ч эвгүйтсэн байсан.” Лапорта бол эдгээр хориг хязгааруудыг тэд “өвлөж авсан зүйл” хэмээн өмнөх удирдлагыг буруутгасан юм. Шийдэл гарц олоход нэн хэцүү, гэвч Лапорта өөдрөг байгаа. “Манайх авсан тоглогч нараа бүртгүүлж чадах болно. Амархан биш гэхдээ бид маш шаргуу ажиллаж байна. Бид дүрмийн дагуу ажиллах ёстой. Бид цалингийн цэсийг багасгаж чадах болно, эсвэл Ла Лигид зөвшөөрөгдөх шийдлийг олох болно” гэж байна.
Барселона хөлбөмбөгийн клубийн хувьд хүнд үе тохиож байна. Санхүүгийн асуудлаас гадна талбай дээрх тоглолтууд ч гунигийн. Саяын өнгөрсөн улирал нь тэдний 2007/08 улирлаас хойш анх удаа түрүү, үзүүрийн алинд нь ч байгаагүй тохиолдол байлаа. Ямар ч байсан их хэмжээний мөнгө зарцуулж наймаа хийх явдал тэдний хувьд төгсгөл болсон.
Орчуулсан: Д.Цогчулуун
2021.07.26
Эх сурвалж: https://threadreaderapp.com/thread/1419540799440707584.html
Гэрэл зургийг: https://www.theguardian.com/football/2020/jul/02/messis-influence-troubling-finances-and-boardroom-turmoil-why-barcelona-are-a-mess
Станислав Черчесовыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ОХУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесовыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хойд хөршийн баг сүүлийн таван жил түүний удирдлага доор нийт 57 тоглолт хийж 24 ялалт, 13 тэнцээ, 20 ялагдал амссан байна. Оросын шигшээг удирдаж байсан дасгалжуулагчдын дундаас тэрээр оролцсон тоглолтын тоогоор хоёрдугаар байрт байдаг билээ. Харин түүний урд 1994-1996, 1999-2002 онуудад шигшээгийн дасгалжуулагч байсан Олег Романцев бичигддэг юм.
Оросын холбооны улсын шигшээ багийн дасгалжуулагчид
Дасгалжуулагч | Он | Тоглолт | Ялалт | Тэнцээ | Ялагдал | Гоолын харьцаа | Оноо | Хувь |
Олег Романцев | 1994-1996, 1999-2002 | 60 | 36 | 14 | 10 | 120-50 | 122 | 67,78 |
Станислав Черчесов | 2016-2021 | 57 | 24 | 13 | 20 | 99-78 | 85 | 49,71 |
Гус Хиддинк | 2006-2010 | 39 | 22 | 7 | 10 | 66-39 | 73 | 62,39 |
Фабио Капелло | 2012-2015 | 33 | 17 | 11 | 5 | 56-22 | 62 | 62,63 |
Дик Адвокат | 2010-2012 | 24 | 12 | 8 | 4 | 32-13 | 44 | 61,11 |
Павел Садырин | 1992-1994 | 23 | 12 | 6 | 5 | 40-23 | 42 | 60,87 |
Борис Игнатьев | 1996-1998 | 20 | 8 | 8 | 4 | 30-17 | 32 | 53,33 |
Георгий Ярцев | 2003-2005 | 19 | 8 | 6 | 5 | 32-27 | 30 | 52,63 |
Леонид Слуцкий | 2015-2016 | 13 | 6 | 2 | 5 | 23-17 | 20 | 51,28 |
Валерий Газзаев | 2002-2003 | 9 | 4 | 2 | 3 | 18-14 | 14 | 51,85 |
Юрий Семин | 2005 | 7 | 3 | 4 | 0 | 12-4 | 13 | 61,90 |
Анатолий Бышовец | 1998 | 6 | 0 | 0 | 6 | 5-14 | 0 | 0,00 |
Александр Бородюк | 2006 | 2 | 0 | 1 | 1 | 0-1 | 1 | 16,67 |
ОХУ-ын шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчийн албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтад Германы шигшээ багийн экс дасгалжуулагч Иоахим Лёв, Португали мэргэжилтэн Андре Виллаш-Боаш, Германы залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стефан Кунз нар багтжээ. Мөн үүнээс гадна “өөрсдийн” хүмүүс буюу орос дасгалжуулагчид дундаас Казань хотын “Рубин” багийн хуучин дасгалжуулагч Курбан Бердиев болон “Локомотив” багийг гурвантаа аваргын индэрт аваачсан Юрий Сёмин нар яригдаж байна.
Баяртай Франц, баяр хүргэе Швейцарь
Хорват 3:5 Испани
Хэсгийн шатны сүүлийн тоглолтоос эрхээ өвөртөлсөн хоёр баг энэ үдэш туллаа. Өнгөрөгч ДАШТ-ий дэд аварга Хорват болон ялагдашгүй армада. Тоглолт Копенхаген хотын “Паркен” цэнгэлдэхэд явагдаж, цаг агаар нарлаг сайхан байсан хэдий ч талбай дээр гоолын бороо асгарлаа.
Эхний гоолыг Испанийн залуу авьяастан Педри өөрийн хаалганд оруулсан юм. Гэхдээ энэ түүний алдаа гэхээсээ илүү хаалгач Унай Симоны хариуцлагагүй үйлдэл байв. Тэрбээр Педригийн дамжуулсан сул бөмбөгийг тогтоож чадалгүй эх орныхоо хилийн зураас мэт шугамаар давуулчихав. Гэхдээ Луйс Энрикегийн залуус түүний алдааг засч эхлэв. Эхний хагасын төгсгөлд Пабло Сарабиа тоог тэнцүүлсэн бол завсарлагааны дараа Цезар Азпиликуэта, Ферран Торрес нар давамгайллыг авчирлаа. Ийнхүү тэргүүллийг авсан испаничууд хэт их тайвширсан уу гэмээр тоглолтыг энэ үеэс үзүүлж эхлэв. Гарааны хоёр ч хамгаалагчаа тоглолтын дундуур сольсон тэдний хамгаалалтын зохион байгуулалт эрс муудлаа. Эсэргээрээ Златко Даличийн солилцоонууд үр дүнгээ өгч 85 дахь минутад Мислав Оршич, сунгасан цагт Марио Пасалич нар гоолдож ямартай ч бүтэн амьсгаа авахтай болов.
Гэхдээ өөр нэг эрхэм энэ тоглолтын шийдсэн гэхэд буруудахгүй. Тэр бол Испанийн шигшээ багийн довтлогч Алваро Мората. Испани эр энэ тоглолт төдийгүй тэмцээний турш тааруу формтой байж олон сайхан боломжийг салхинд хийсгэж байсан бол чухал мөчид баатар нь байж чадлаа. Тэрбээр 100 дахь минутад Дани Олмогийн дамжуулалтыг солгой хөлөөрөө солиотой төгсгөж давуу байдлыг авчирсан юм. Гэхдээ гоолын самбарт нэрээ гаргах тамирчин дуусаагүй л байлаа. Моратагийн гоолоос гуравхан минутын дараа “Реал Сосьедад” клубын довтлогч Микел Ояарзабал эцсийн цэгийг тавьж армадачууд аялалаа үргэлжлүүлэхээр боллоо.
Тоглолтын дараа
Тоглолтын шилдгээр шалгарсан Испанийн шигшээ багийн ахлагч Серхио Бускетс: “Шөвгийн наймд шалгарна гэдэг бол бид сайн баг болсны илрэл. Өнөөдөр маш сайн байж хүнд өрсөлдөгчийг яллаа. Бидний бэлтгэлжилт үнэхээр сайн байгаа бөгөөд тэмцээний турш сайжирсаар байна. “
Энэ тэмцээн сүүлийн евро нь байсан байх магадлалтай Лука Модрич “Бид азтай байдлаар тэргүүллийг авчихсан. Үүний дараа тэд илүү сайн байлаа. Бид зоондоо орж тэднийг довтлох боломж олгосон нь буруу байсан. Харин бид довтолж эхлэхэд нөхцөл байдал тэс өөр болсон. Нэмэлт цагийн эхлэлд бид тэднийг олсон дээр алхаж буй мэт л хүнд байдалд оруулсан. Хоёр ч сайхан боломжийг үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Дараа нь тоглолт эргэсэн. Бидэнд дахиж эргэж ирэх хүч байсангүй.”
Франц 3:3 Швейцарь
4:5 Чөлөөт цохилт
Өдөр бүр өөр нэгэн сенсаци. Өчигдөрхөн нисдэг голландчууд гэртээ харьсан бол энэ удаад дэлхийн аваргууд үзэгч болно гэж хэн таамаглахав. Гарааны бүрэлдэхүүнээс харахад л Дидье Дешам гурван хамгаалагчтай хувилбар сонгож, Клемент Ленгле-ийг гаргасан нь түүнийг швейцарчуудаас жийрхсэн гэлтэй. Гэхдээ түүний сонгосон хамгаалагч хий ихтэй гэдгээрээ танигдсан залуу байлаа. 15 дахь минутад довтлогч Харис Сеферович түүний дээрээс салхийг хагаллаа.
Хэцүүхэн эхлэлтэй тулгарсан францчууд энэ үеэс уулгалан довтлох болов уу гэтэл тэгсэнгүй. Аюул тарихуйц довтолгоог ердөө зохион байгуулж чадахгүй байсан учир завсарлагаанаар Кингсли Команг сонгов. Энэ солилцоо ерөнхийдөө үр дүнгээ өгсөн гэхэд зөрөхгүй. Гэхдээ түүнээс өмнө багийн ахлагч Уго Ллорис 11 метрийн торгуулийн цохилтыг хаагаагүй бол тоглолт аль эрт шийдэгдэж магадгүй байв. Уг үйл явдлаас ердөө 4 минут 3 секундын дараа тооны харьцаа 2:1 болсон байлаа. Үүний дараа Пол Погба Португалын эсрэг хийх гээд чадаагүй гоолоо Янн Соммерын хаалганд хийж францчууд шөвгийн наймын тавцанд нэг хөлөө гаргачихав.
Гэхдээ бүх зүйл энэ үеэс өөрчлөгдлөө. 81 дахь минутад эхний гоолын эзэн Харис Сеферович тоог ойртуулсан бол сүүлийн минутад Марио Гавранович гоолдсоноор бид нэмэлт цаг үзэхээр боллоо. Гэхдээ 30 минутад нэмж хаалганы тор хөдлөлгүй байсаар торгуулийн цохилттой нүүр тулав. Чухал мөчид шилдэг тоглогчид алддаг ёсоор Килиан Мбаппе эцсийн цохилтыг алдаж том зорилго тээн ирсэн дэлхийн аваргууд хоосон хоцорлоо.
Тоглолтын дараа
Францын шигшээ багийн төвийн хамгаалагч Рафаел Варане “Үнэхээр сэтгэл дундуур байна. Эхний үед тэд биднийг бүтэн илүүрхсэн. Харин хоёрдугаар хагаст бид эргэж ирсэн ч мөн адил тэдэнд эргэж ирэх болом олгочихлоо. Торгуулын цохилтын тухайд энэ бол азны тоглоом шүү дээ. Бид нэмэлт цагт л гоол оруулж тоглолтын шийдэх ёстой байлаа.”
Килиан Мбаппегийн цохилтыг хаасан Янн Соммер “Ямар гээч тоглолт вэ, ямар янзын хөлбөмбөг вэ? Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Бид өнөөдөр зүрх сэтгэлээрээ тоглолоо. Торгуулын цохилт алдсаны дараа үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн. Гэхдээ залуус маань эргэн ирж чадсан. Тэднээр бахархаж байна. Бид үргэлж бие биедээ итгэдэг. ”
Цомыг хамгаалагч Португал болон нисдэг голландчууд тэмцээнийг орхилоо
Нидерланд 0:2 Чех
Хөлбөмбөгийн арвин их түүхийн эзэд болох нисдэг голландчуудын аялал энэ хүрээд өндөрлөлөө. Тэд энэ тоглолтод эсрэг багаасаа бүхий л зүйлээрээ дутмаг байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ төвийн хамгаалагч Матиас Де Лигт талбайг орхих хүртэл нөхцөл байдал тийм ч муу байсангүй. Тэрбээр 55 дахь минутад хаалгачийн эсрэг гарч болзошгүй довтолгоог гараараа зогсоосны улмаас улаан хуудас хүртэж талбайг орхисон юм. Энэ үеэс л чехүүд тоглолтыг бүтэн хяналтандаа байлгаж эхлэв. Ийнхүү 68 дахь минутад хагас хамгаалагч Томаш Холеш салхийг хагалсан бол 80 дахь минутад Патрик Шик эцсийн цэгийг тависнаар тэд шөвгийн наймд шалгарлаа. Чехүүд хамгийн сүүлд 2012 онд энэ шатанд хүрч байсан юм. Тэдний дараагийн учраа Данийн шигшээ баг. Харин улбар шарууд 2008 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарсан ч эхний тоглолтдоо бүдэрлээ.
Тоглолтын дараа Матиас Де Лигт “Мэдээжийн хэрэг сэтгэл гонсойж байна. Бид үндсэндээ миний алдаанаас болж хожигдлоо. Одоо бодоход би бөмбөгийг ойлгох ёсгүй байж. Ерөнхийдөө бид тоглолтыг хяналтандаа авсан байсан. Ялангуяа эхний хагаст хэд хэдэн боломжийг үүсгэсэн. Харин чехүүд олон боломж үүсгэсэн гэж би бодохгүй байна. Гэхдээ улаан хуудас бүхнийг өөрчилчихлөө.”
Тоглолтын шилдгээр эхний гоолын эзэн Томаш Холеш шалгарсан юм. Тэрбээр энэ талаар “Би ихэвчлэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эсрэг багийн хамгаалагчид намайг довтолно гэж тооцоолдоггүй бөгөөд үүнийг зарим үед давуу тал болгон ашигладаг. Өнөөдөр сайн тоглосондоо баяртай байна.”
Бельги 1:0 Португал
Евро 2020 тэмцээний сонгодог нэгэн тулаан энэ үдэш явагдлаа. Цомыг хамгаалагч Португалын шигшээ багийн эсрэг улаан чөтгөрүүд. Талбайд гарсан 22 хөлбөмбөгч төдийгүй сэлгээний сандал дулаацуулж буй тоглогчид нь хүртэл дэлхийн шилдгүүдээс бүрдсэн хоёр багийн тоглолтыг дэлхий нийт таалан чих даран хүлээж байлаа.
Нүдээ цавчих завгүй 90 минутын хөлбөмбөгийн ялагчаар Бельгийн шигшээ баг тодорлоо. Цорын ганц гоолыг 42 дахь минутад зүүн жигүүрийн хамгаалагч Торган Азар торгуулийн шугамны гаднаас цөм цохиж оруулсан юм. Энэ цагаас хойш португалчуудын довтолгоо улам ширүүсч тоглолтын турш хаалгаруу 23 удаа цохисон ч тусыг эс оллоо. Ийнхүү Кристиано Роналдогоор ахлуулсан европын бразилчууд гэртээ харихаар боллоо.
Бельгийн шигшээ баг дараагийн шатанд шалгарсандаа баярлаж болох ч тэд хоёр сүпер одоо бэртэлд алдлаа. Тэд бол ах Азар болон Кевин Де Брюйне. Тэдний бэртлийн талаар дасгалжуулагч Роберто Мартинез “Тэднийг яаж байгааг хэлэхэд эрт байна. Кевиний хувьд түүний шагай бэртсэн. Тэр хоёрдугаар үед тоглохыг оролдсон боловч бүтээгүй. Харин Эдений хувьд булчин зовиурласан. Ямартай ч бид тэдний оношлогооны хариуг хүлээх хэрэгтэй.”
Тоглолтын шилдгээр шалгарсан Торган Азар “Иймэрдүү тоглолтуудад гарсан боломжоо дээд зэргээр ашиглах хэрэгтэй. Бид чадлаа. Хаалгач намайг нөгөө буланд нь цохино гэж бодсон тул бөмбөг орлоо. Эх орныхоо төлөө гоол оруулсандаа баяртай байна.”
Португалийн дасгалжуулагч Фернандо Сантуш “Бид гунигтай байна. Зарим тоглогчид маань хувцас солих өрөөнд уйлж байна. Тэд бүх зүйлээ зориулсан шүү дээ. Бельги хаалгаруу 6 удаа цохиод л гоол оруулсан. Бид 29 цохилт хийж, хоёр ч удаа шон онолоо. Ялагдал бол ялагдал. Надад яг одоо хэлэх олон үг алга байна. Бид бүгд ялахыг хүсч байсан. Финалд шалгарч чадна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Үр дүнд ямар ч шударга бус зүйл байхгүй ээ. Тэд гоол оруулсан. Харин бид чадсангүй.”